Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01295

 

 

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01295

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/01195 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч И.Г-д холбогдох хохиролд 574 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 1 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д , хариуцагч И.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б И.Гтэй аман хэлцэл хийж, өөрийн хашаанд 2х3 хэмжээтэй ТҮЦ-ийг 3 хоногийн хугацаанд бариулах, ажлын хөлс, материалын зардалд нийт 1 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр И.Ггийн Хаан банк дах 5017189139 тоот данс руу 1 000 000 төгрөг шилжүүлсэн. И.Г нь ТҮЦ барих ажлыг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хийж дуусгах байсан боловч хугацаа 10 хоногоор хэтэрсэн.

ТҮЦ барьж өгөхийг удаа дараа шаардахад И.Г завгүй, ажилтай байна гэх хариу өгдөг бөгөөд тэрээр ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгаагүй, ажлаа дутуу орхиод явсан. Туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.Р , н.Б гэх хүмүүст мөнгө өгч, ТҮЦ-ийг бариулж, дуусгасан.

Б.Б нь И.Ггээс ажлын хөлсөө авахаар Нарантуул-2 дээр очин, уулзахад нь үгийн зөрөөгүй цохисон. Б.Б нь цагдаагийн газарт гомдол гаргаж, улмаар эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөхөд 120 000 төгрөгийн зардал гарсан. Үүнийг гэрээнээс учирсан хохирол гэж үзэж байна.

И.Г нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүн дагуулж ирээд Б.Б-ийн эхнэрийг нь хэл амаар доромжилж, ТҮЦ-ийн зургийг авах зэрэг зохисгүй үйлдэл гаргаснаас гадна 2 уут цементийг зөвшөөрөлгүйгээр авч явсан. Цагдаад Э.Р нь гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Э.Р мэдүүлэхдээ хуучин барилгын материалыг 400 000 төгрөг гэж мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь хуучин барилгын материалуудыг үнийг нотлох гэж оролдсон боловч мэргэжлийн хүн биш болохоор нотолж чадаагүй.

И.Г-д гэрээний дагуу шилжүүлсэн 1 000 000 төгрөгөөс Э.Р ийн мэдүүлснээр хуучин барилгын материалыг 400 000 төгрөгөөр тооцож, туслан гүйцэтгэгч нарын ажлын хөлсөнд төлсөн 180 000 төгрөг зэргийг хасахад, 420 000 төгрөг үлдэж байгаа. Үүнд томографикийн төлбөр болох 120 000 төгрөг, хоёр шуудай цементийн үнэ 34 000 төгрөг нийт 574 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд И.Ггээс 574 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

И.Г нь сөрөг нэхэмжлэлд 2х3 хэмжээтэй ТҮЦ барихад нэг удаа ашиглагдсан материалыг дахин ашиглаж барьсан гэж дурдсан байж, дэлгүүрээс худалдаж авсан барилгын материалын зах зээлийн үнэлгээ 2 890 000 төгрөг гэсэн нь үндэслэлгүй юм. И.Г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хэн алинд нь хохирол учирахгүй байх байсан. Иймд сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.Б-ийн гэрийг нүүлгэсэн. Өөрт байгаа нэг удаа ашиглагдсан барилгын материалуудыг Б.Б д үзүүлж, ТҮЦ барьж өгөхөөр болж, нийт 1 200 000 төгрөгөөр тохиролцсон.

Ингээд Б.Б-ийн данс руу 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Бид 10 хоногийн хугацаанд хийхээр тохиролцоод туслан гүйцэтгэгчээр С.О, Э.Р нарыг дуудан ажиллуулсан. 10 хоногийн хугацаанд ТҮЦ-ийг барихад 2 куб метр банз, 38 метр дээврийн төмөр, 40 м.кв паркетан шал бүхий барилгын материалыг ашигласан. Бид гурав манай хашаанд ТҮЦ-ийн ерөнхий рам, деталь хэсгүүдийг хийж, Б.Б-ийн хашаанд зөөж буулган угсарсан.

Энэ үед Б.Б нь анх захиалсан өндөрийн хэмжээг 20 см-ээр хасаад өг, арай өндөр байна гэхээр нь хамт ажиллаж байсан С.О, Э.Р нарт энэ тухай хэлээд хөдөө яваад маргааш нь ирэхэд Э.Р ТҮЦ-ний өндөрийн хэмжээг хасаад дахин барьж өгсөн байсан. Би үлдсэн ажлыг хийж дуусгаад үлдэх 200 000 төгрөгийг авъя, цонх захиалахад 85 000 төгрөг болсон гэхэд Б.Б мөнгө өгөхгүй, ажлаа гүйцээ гэсэн учраас маргаан үүссэн.

Би цонхноос бусад ажлыг хийж өгсөн. Б.Б нь миний хажууд байнга хяналт тавьж байсан ба хуучин барилгын материал ашиглаж байгаа гэдгээ хэлж өөрт нь үзүүлж, байсан. Миний хувьд Б.Б ийг цохьсон зүйл байхгүй байхад намайг цагдаад өгсөн. Бидний маргалдсан шалтгаан нь ТҮЦ-ний өндөрийн хэмжээ зөрснөөс болсон. Би гэрээнд заасан хугацаанд ТҮЦ-ийг барьж дуусгасан.

Э.Р ТҮЦ-ний өндөрийн хэмжээнээс хасаад дахин барьж өгсөн. Маргааш нь би ирээд ТҮЦ-ний шалан доор нь хатуу хөөс тавьж, цементээр шаллаж дуусгасан. Үлдэгдэл 200 000 төгрөгийг авъя гэхэд өгөхгүй гэснээс бидний хооронд маргаан үүссэн.

Би хувийн портер автомашинаар ачаа тээвэрлэж, өдөрт 80 000 төгрөгийн орлого олдог. 10 хоногийн хугацаанд ТҮЦ барьж, олох байсан орлого 800 000 төгрөгөөр хохирсон. Иймд Б.Бгээс ажлын хөлсний үлдэгдэл 200 000 төгрөг, олох байсан орлого 800 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч И.Ггээс 102 000 /нэг зуун хоёр мянган/ төгрөгийг гаргуулан Б.Б д олгож, нэхэмжлэлээс 472 000 төгрөг гаргуулах тухай шаардлага болон Б.Б гээс 1 000 000 төгрөг гаргуулах тухай И.Ггийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 28 950 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэг тогтоогдож байна эсвэл тогтоогдохгүй байна гэж нэг зүйлийн талаар хоорондоо зөрчилдөөнтэй дүгнэлт хийсэн. Гэтэл Э.Р гэдэг хүнийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хоёр дах удаагаа шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг авахад хариуцагч И.Г нь гэрчээс асуулт асууж эхлээд-дуусах хүртлээ хөтөлж тулгаж, албадах, өөрөөр хэлбэл загнаж зандарч асуулт асуусаар дуусгасан. Энэ талаар шүүхээс анхааруулж хэлсэн ч үл тоож хөтөлж тулгаж албадаж асуултаа асуусан. Үүнээс болж гэрч Э.Р нь өмнө нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд тус мэдүүлгүүд өөрчлөгдсөн тул Э.Р ийн гэрчийн мэдүүлэг нь нотлох чадвараа алдсан, нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Ийм хөтөлж тулгаж авсан гэрчийн мэдүүлэгт үндэслэж шүүх нэг бол тогтоогдож байна эсвэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүхээс хариуцагч И.Гг ТҮЦ барих ажлаас цонхноос бусад ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Ажил гүйцэтгэгч тал нь захиалагч талд эд хөрөнгө, эрүүл мэнд болон бусад зүйлд хохирол учруулахаас хамгаалах үүрэгтэй байтал эсрэгээрээ эрүүл мэндэд нь хохирол учруулсан тул 120 000 төгрөгийг зардал Б.Б гээс гарсан. Энэ зардлаа ажил гүйцэтгэгч тал болох И.Ггээс гаргуулахаар холбогдох баримт болох 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн прокурорын тогтоол, томографикийн зардлын баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч үнэлээгүй.

Мөн Э.Р нь уг ТҮЦ-ийг бүрэн барьж дуусгаж өгөөгүй гэдгээ ч шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн. Гэтэл шүүх И.Гг цонхноос бусад ажлыг хийсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримт болох И.Ггийн 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд тэрээр худал мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлгээр 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр уг ТҮЦ огт баригдаагүй байсан, мөн Б.Б 1 000 000 төгрөгөө 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн, уг хэлцэл нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болсон зэрэг нөхцөл байдал нь нотлох баримтаар нотлогдоно. Зохигч болох хариуцагч нь хууль шүүхийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн, шүүхэд өгсөн тайлбар нь зөрүүтэй үүнийгээ шүүхээс тодруулаагүй байгааг шүүх анхаараагүй. Тус баримтад үндэслэж цонхноос бусад ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд анх 1 200 000 төгрөгийг хариуцагч И.Ггээс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 200 000 төгрөгөөр багасгаж дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөхдөө 819 600 төгрөг болгож багасгасан. Учир нь шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргахад хүлээж аваагүй, уг ТҮЦ-ийг барилгын хуучин материалуудаар барьсан ба түүний зах зээлийн үнэ ханшийг тооцож гаргах зорилготой байсан.

Нэхэмжлэгч барилгын зах болон дэлгүүрээр явж уг ТҮЦ-нд орсон барилгын материалын үнэ ханшийг (шинэ) судлаж үзээд хариуцагч И.Ггээс түүний хийсэн ажил болон хуучин барилгын материалд нь тохирсон хөлсийг нь өгч үлдэгдэл, илүү шилжүүлсэн төлбөр болох 574 000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагаас цонх 85 000 төгрөг гэж тогтоогдсон зүйл байхгүй, хариуцагч цонхноос бусад ажлыг хийсэн талаар ямарч нотлох баримт байхгүй. Шуудай цемент 17 000 төгрөг, нийт 102 000 төгрөгийг нотлох

баримтгүйгээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хувьд илтэд хохиролтой шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч шилжүүлсэн 1 000 000 төгрөгөөс хуучин барилгын материал 400 000 төгрөг, ажлын хөлс 180 000 гэж хасч үлдэх 420 000 төгрөг, нэмэлтээр
Б.Б-ийн нүүр лүү цохьсноос болж томографикийн зураг авахуулсан зардал 120 000 төгрөг, 2 шуудай цемент хулгайлж авсан 34 000 төгрөг, нийт 574 000 төгрөгийг И.Ггээс гаргуулахаар анхан шатны шүүхэд хандсан боловч дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гараагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч И.Г-д холбогдуулан хуучин барилгын материалын үнэ 454 000 төгрөг, томографикийн шинжилгээний зардал буюу эрүүл мэндэд учирсан хохирол 120 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсаныг хариуцагч эс зөвшөөрч ажлын хөлс 200 000 төгрөг, олох байсан орлого 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эрүүл мэндэд учирсан хохирол гэж тодорхойлж хариуцагчаас гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлохгүйгээр уг хэргийг шүүгч дангаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар шүүгч дангаар шийдвэрлэхээс бусад тохиолдолд хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ гэснийг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар анхан шатны шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/01195 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 221 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ