Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 486

 

М.А, Г Ф Э

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамц, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 496 дугаар магадлалтай, М.А, Г Ф Э нарт холбогдох 18020030800147 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.А, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамц нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Б овогт М-ын А,

2. Румын Улсын иргэн, 1978 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Монгол Улсад ял шийтгэлгүй, Г Ф Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах”, 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.А, Г Ф Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-д 6 сар хорих ял, Г Ф Э-д 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-д 2 жил хорих ял, Г Ф Э-д 2 жил хорих ял тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн М.Аранжамбыг 2  жил 6 сар,  Г Ф Э-д 3 жилийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх М.А, Г Ф Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн шүүгдэгч М.А, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамц нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.А гаргасан гомдолдоо “...Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Эгч нар гадаад амьдардаг тул эцэг, эхээ харж хандах, халамжлах үүргийг би гүйцэтгэдэг юм. Эцэг маань 2015 оноос хойш бага тархины мэс засалд 3 удаа орж биеийн байдал нь хүнд, одоо хэвтрийн дэглэмд байдаг. Эцэг, эхээ харж хандах байтал гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэнд өөрийгөө буруутгаж байна. Алдсан алдаагаа дахин давтахгүй, хүний ёсоор, шударгаар амьдрах хүсэл итгэл надад дүүрэн байна. Цаашид эцэг, эхийгээ асарч, сайн хүү нь байхаас гадна шударгаар хөдөлмөрлөх болно. Анхан болон давж заалдах шатны шүүх миний үйлдсэн гэмт хэргийг 2 өөр төрлийн гэмт хэрэг болгон хүндрүүлэн зүйлчилж миний эрх зүйн байдлыг дордуулсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэм бурууг хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байтал хорих ял оногдуулсан. Миний холбогдсон гэмт хэрэгт залилах гэмт хэргийн шинж огт байхгүй болно. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамц гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Улсын яллагч Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх уг зүйл ангиудыг зөв зүйлчилсэн хэмээн үзэж ял шийтгэл оногдуулсан. Миний үйлчлүүлэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу залилан мэхлэх гэж гэмт хэргээр зүйлчилж нэмэлт өөрчлөлт оруулсан. Румын улсын иргэн Г Ф Э гэм буруугаа хүлээж хэргээ хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлүүлэх талаар удаа дараа мэдүүлгээ өгч байсан. Улсын яллагч анхнаасаа зүйл ангиудыг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилсэн бол хоёр үйлчлүүлэгч маань гэм буруу дээр огт маргахгүй Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын оруулсан хэргийн зүйлчлэлийн талаар саналтай танилцах байсан боловч энэхүү эрх зөрчигдсөн бөгөөд хэрэг буруу зүйлчлэгдсэнээс тэдний эрх зүйн байдал дордсон. Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь торгох ялын санкцтай байгаа юм. Иймд шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ш.Одонсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч М.А- нь гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж тайлбарладаг. Румын улсын иргэн манай улсад аялалын шугамаар М.А-тай Малайз улсад танилцаж, хамт ирсэн. М.А-ын гэрт хамтран амьдарч байхдаа М.А-ын гэрийн хаягаар шуудангаар хуурамч карт, төхөөрөмж авч, түүнийгээ ашиглан Голомт банкны АТМ-нд 204 удаагийн хандалт хийж, 78 удаагийн хандалтаар 6,000,000 төгрөгийг гарган авсан байдаг. Румын улсын иргэн нь өмнө нь Румын улсад энэ маягаар хуурамч карт ашиглан бусдын данснаас мөнгө авч, ял шийтгүүлж байсан байдаг. Энэ бүх үйл явдалд М.А хамт оролцсон тул бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тохирсон. Учир нь Эрүүгийн хуулийн энэ зүйл заалт нь хууль бусаар, нууцаар бусдын эд хөрөнгийг авахыг шаарддаг. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын энэ үйлдлийг залилан мэхлэх гэмт хэрэг байна гэж дүгнэхдээ бодит байдлыг нуух замаар гэж дурдсан байдаг. Голомт банкнаас тухайн үед хандалт хийсэн үед шууд мэдэх боломжгүй. Хуурамч картыг ашиглаж, мөнгө авснаас хойш мэдэх боломжтой гэж хэлдэг. Анх Румын хэл дээр орчуулга явж байгаад, Итали хэл дээр мөрдөн байцаах ажиллагааг явуулъя гэсний дагуу орчуулагч Мөнгөнцэцэгийг шүүх хуралдаанд Итали хэлний орчуулагчаар оролцсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.А, өмгөөлөгч С.Санжаажамц нарын гаргасан гомдлыг үндэслэн М.А, Г Ф Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч М.А, Г Ф Э нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Шинэ толгойт хорооллын 102 дугаар байрны 83 тоотод 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд цахим карт хуурамчаар үйлдэгдсэнийг мэдсээр байж, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр 321 ширхэгийг хадгалж, 76 ширхэгийг Худалдаа хөгжил, ХААН, Хас, Голомт зэрэг банкны автомат тооцооны машинд уншуулж ашигласан,

Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны автомат тооцооны машинд 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 19-ний өдрийн хооронд нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр 10 ширхэг хуурамч карт ашиглан 78 удаагийн үйлдлээр халдан хохирогчид 6,250,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.А, Г Ф Э нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.А, Г Ф Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч М.А, Г Ф Э нар нь 10 ширхэг хуурамч цахим карт ашиглан Голомт банкны автомат тооцооны машинаас 78 удаагийн үйлдлээр 6,250,000 төгрөгийг нууц, далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэрэгт тооцогдох талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Учир нь залилах гэмт хэрэг нь хохирогчийг төөрөгдөлд оруулсан, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, хохирогч итгэж үнэмшин өөрөө өмчөө шилжүүлэн өгөх зэрэг шинжүүд нь энэхүү гэмт хэрэгт тогтоогдохгүй байхад давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн гэж үзэв.

Залилах гэмт хэргийн хохирогч нь хийсвэрлэн бодох оюун ухаан бүхий амьд бие организм байх бөгөөд гэмт этгээдээс хуурамч баримт бичиг хэрэглэх, өөрийгөө хөрөнгө мөнгөтэй хүн болгон итгүүлэх, тусгай албаны үнэмлэх буюу хувцас хэрэглэх, түүнийгээ үзүүлэх гэх мэт янз бүрийн хийсвэр арга хэрэглэхэд түүнд дүн шинжилгээ хийж хариу үйлдэл үзүүлэх чадвартай хүн байна. Энэ явцдаа төөрөлдөх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болно.

Харин автомат тооцооны машины хувьд гэмт этгээдээс гаргаж буй дээрх үйлдэлд хариу арга хэмжээ авах, тухайн картын жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг шалгах үүрэг хүлээгээгүй, өөрөөр хэлбэл хэрэглэгчийн зүгээс цахим картаа хийж, улмаар нэвтрэх кодыг оруулсан тохиолдолд гүйлгээ хийгдэхээр системчлэгдсэн автомат тоног төхөөрөмж юм. Залилах гэмт хэргийн дээрх шинжүүд үгүйсгэгдсэн байтал давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, шүүгдэгч М.А, өмгөөлөгч С.Санжаажамц нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолыг үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 496 дугаар магадлалыг хүчингүй болгон, шүүгдэгч М.А, өмгөөлөгч С.Санжаажамц нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

      

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН