Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01359

 

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01359

 

МАГАДЛАЛ

2021.09.

П.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/01637 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч МОХНН УБЗд холбогдох МОХНН УБЗын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Н.Баттуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч П.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие МОХНН УБЗд хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад УБТЗ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б-I-328 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 689 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001 /ХТ2020/00199 дүгээр тогтоолоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, одоогоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр УБТЗ-ын хүний нөөцийн албаны ажилтан Н.Баттуяа ... таны тушаал гарсан тул ирж ажлаа хүлээж ав ... мэдэгдсэн. УБТЗ-ын Удирдах газарт ирж хүний нөөцийн ажилтан Н.Баттуяатай уулзахад Улаанбаатар төмөр зам-ын даргын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-56 дугаар П.А-г ажилд авах тухай гэсэн тушаалын хуулбарыг гардуулж өгөөд өөр бусад баримт бичиг танилцуулаагүй. Энэхүү Б-I-56 дугаар тушаалтай танилцахад илт хууль бус байсан тул зөвшөөрөхгүй талаар тушаал танилцуулах дэвтэрт бичсэн. Иймд МОХНН УБЗын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-56 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 689 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00568 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, П.А-г Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоож, олговорт 15 081 269 төгрөг олгохоор шийдвэрлэсэнд хариуцагч хяналтын гомдол гаргаж Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00199 дугаар тогтоолоор давах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, П.А-г УБТЗ ХНН-ийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговроос хасалт хийж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Ажил олгогчоос Замын даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-84 дугаар тушаалаар Хууль зүйн албаны Мэргэжпийн эрх зүйн харилцааны хэлтэст 3 хуульчийн орон тоо нэмсэн. Үүнийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-56 дугаар тушаалаар П.А-г Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар ажиллуулахаар томилсон. П.А-гийн өмнө нь ажиллаж байсан Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэс нь Замын даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаар тушаалаар татан буугдсан. Замын даргын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А-251 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан. Бүтэц байгуулалтын өөрчлөлтөөр Хууль зүйн албаны дарга-1, орлогч дарга-1, Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэс /5 хуульч/, Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэс /5/, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс 131, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн-1 нийт 16 ажилтантай байхаар шийдвэрлэсэн. Уг тушаалаар өмнө нь хуулийн зөвлөх гэсэн нэршлийг хуульч гэж өөрчилсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсэг болон Хуульчийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.1-д хуульч гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг ойлгоно гэсэн заалтуудтай нийцэж байна. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 18/51 тоот, 02 дугаар сарын 02-ны өдрийн 18/90 тоот албан бичгээр Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст хуульчаар ажиллуулахаар томилсон, уг тушаалыг гардан авсан тул ажилдаа хүндэтгэлтэй хандаж, мэргэжлийн ерөнхий үүрэг болон нийтлэг үүргээ биелүүлэх, зарчимч ёс зүйтэй байх, ажил таслахгүй байхыг удаа дараа мэдэгдсэн. Нэхэмжлэгч хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоох ёстой байсан. Шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлж, илт хууль бус тушаал гаргасан, дүр үзүүлсэн, хууль бус тушаал гэж үзэж байгаа үндэслэл нь ойлгомжгүй байна. Улсын Дээд шүүхийн тогтоолын огноо, дугаарыг бичээгүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь уг тушаал нь ажил олгогчийн зүгээс шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл юм. Харин П.А-г хуулийн зөвлөхөөр ажилд авах ёстой гэсэн шаардлагын үндэслэл нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын Үндэсний ажил мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилал, тодорхойлолт /ҮАМАТ-08/-Д эрх зүйч /хуульч/, эрх зүйн мэргэжилтэн гэснээр үгүйсгэгдэж байх бөгөөд мөн түүнчлэн ажил олгогч нь өөрийн ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж мөрдөх эрхийг тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд хуулийн зөвлөх гэдэг нь хуульчийн буюу эрх зүйн мэргэжилтний ажил, мэргэжлийн ангилалд хамаарагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан МОХНН УБЗын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-56 дугаар тушаалыг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар улсын орлогоос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.А-д буцаан олгож, хариуцагч МОХНН УБЗаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрт ...хариуцагч нь Хууль зүйн албыг татан буулгаж, хуулийн зөвлөхийн орон тоог хассан гэсэн атлаа тухайн албыг 3 хэлтэстэй болгож, хуулийн зөвлөхийн ажлын байрны нэрийг хуульч гэж өөрчлөн 6 хуульчийн ажлын байрыг тодорхой салбар, чиглэл хариуцсан 7 хуульчтай байхаар зохион байгуулсан гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн үндэслэл нь тогтоогдоогүйгээс урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байхад шинээр бий болгосон ажил, албан тушаалд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үүргийг ажил олгогч биелүүлээгүй гэж дүгнээд УБТЗ-ын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-56 дугаар тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.5-д ... зохигч нь гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргаж өгөх үүрэг хүлээхийн зэрэгцээ хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх-ээр заасныг зөрчсөн. Нэхэмжпэгч болон түүний өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргаагүй.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 689 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоож, олговорт 15 081 269 төгрөг олгохоор шийдвэрлэсэнд хариуцагчаас хяналтын гомдол гаргаж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00199 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах өөрчлөлтийг оруулж, нэхэмжпэгчийг УБТЗ" ХНН-ийн Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажилд гэснийг өөрчилж, Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож гэсэн өөрчлөлт оруулаад мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговроос хасалт хийж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. УБТЗ-ын даргын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А-251 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийсэн. Ийнхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад буюу Улсын Дээд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж үүний үндсэн дээр Хууль зүйн албаны дүрэм шинэчлэгдэн батлагдсаныг ч анхаараагүй. Анхан шатны шүүхээс Хууль зүйн албыг татан буулгаж гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хууль зүйн албыг татан буулгаагүй, харин зөвхөн түүний бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсныг шүүх буруу дүгнэж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Ажил олгогчоос Замын даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-84 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст 3 хуульчийн орон тоо нэмснийг үндэслэн мөн даргын 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-56 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан П.А-г Хууль зүйн албаны мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчийн ажилд томилсон. Нэхэмжлэгчийн урьд өмнө нь ажиллаж байсан Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэс нь Замын даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаар тушаалаар татан буугдсан. Түүний өмнө нь ажиллаж байсан хэлтэс татан буугдсан тул түүнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулах талаар тухайн зүйл заалтыг баримталсан нь хууль зөрчөөгүй.

Ажил олгогчоос байгууллагын бүтэц зохион байгуулалтад нийцүүлэн тухайн хуульчдыг мэргэжлийн ажлын байрыг бий болгож, ажилд авсныг үгүйсгэж байгаа нь нэхэмжпэгч ажил хийх сонирхол байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, шимтгэл хураамжийг төлж, бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгосон. Уг заалт нь мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ байгуулахтай холбоотой зүйл заалттай уялдаа холбоотой зохицуулалт юм. Тухайн өөрчлөлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь заалт болон Хуульчийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.1-д хуульч гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг ойлгоно гэсэн заалт, мөн хуулийн 9, 11,24, 26 дугаар зүйлд заасан заалтуудтай нийцнэ. Одоогийн байдлаар тус Хууль зүйн албаны Мэргэжлийн үйл ажиллагааны хэлтэс, Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэст зөвхөн /хэлтсийн дарга 2, хуульч 7/ 9 хуульч ажиллаж байна.

Нэхэмжлэгч нь Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоох ёстой байсан. Шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлж, илт хууль бус тушаал гаргасан гэж маргасан. Нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүйн албанд хуульчаар ажилд авсан ажил олгогчоос гаргасан тушаалд Улсын Дээд шүүхийн тогтоолын огноо, дугаарыг бичээгүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэл болохгүй. Харин нэхэмжлэгчийн хуулийн зөвлөх-өөр ажилд авах ёстой гэсэн шаардлагын үндэслэл нь дээр дурдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалаар баталсан Монгол Улсын Үндэсний ажил мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилал, тодорхойлолт /ҮАМАТ-08/-Д эрх зүйч /хуульч/, эрх зүйн мэргэжилтэн гэснээр үгүйсгэгддэг. Уг тушаалд ажил олгогч нь өөрийн ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж мөрдөх эрхтэйг тодорхой тусгасан байна. Үүнээс үзэхэд хуулийн зөвлөх гэдэг нь хуульчийн буюу эрх зүйн мэргэжилтний ажил, мэргэжлийн ангилалд хамаарна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Хуульчийн мэргэжлийн дадлага гэсэн хэсгийн 11.1-д: Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт дараах ажил, албан тушаал хамаарна гээд 11.3-т төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан гэж зааснаас үзэхэд хуулийн зөвлөх нь хуульчийн мэргэжлийн дадлагын ажилтанд хамаарахаар байна. Эрх зүйч буюу хуульч, хуулийн зөвлөх буюу эрх зүйн мэргэжилтний гүйцэтгэх ажил, чиг үүрэг эрс ялгаатай бус байна. Хөдөлмөрийн гэрээнд П.А-гийн цалин хөлсний хэмжээг тодорхой заасан байна. Ажилд авч байгаа тушаалд ажилтны цалин хөлснийг хэмжээг заавал тусгах талаар хуульд заалт байхгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээнд гол нөхцөл болох ажлын байр, албан тушаал, үндсэн цалин буюу албан тушаалын цалин, хөдөлмөрийн нөхцөлийг тодорхой тусгасан. УБТЗ ХНН-ийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай А-464 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны /албаны дарга, орлогч дарга, гэрээ эрх зүйн хуулийн зөвлөх, дотоод ажлын хуулийн зөвлөх гэсэн/ бүтцийг өөрчилж, мөн оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн Хууль зүйн албаны дарга, орлогч дарга, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга-1, инженер 3, Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтэс дарга-1, хөдөлмөрийн харилцаа хариуцсан хуулийн зөвлөх 2, Гэрээ, хэлцлийн эрх зүйн хэлтэс дарга-1, гэрээ, хэлцэл хариуцсан хуулийн зөвлөх 2, Соён гэгээрүүлэх хэлтэс дарга-1, тус хэлтсийн хуулийн зөвлөх 2 гэсэн нийт 15 орон тоотой ажиллуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Замын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б-1-538 дугаар тушаалаар мөн сарын 25-ны өдрөөс эхлэн Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхөөр П.А-, А.Цэндзаяа, тус хэлтсийн даргаар О.Баясгалан нар томилогдон ажиллажээ. Замын даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А-137 дугаар тушаалаар Хууль зүйн албаны дүрмийг өөрчлөн уг дүрэмд хэлтэс тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхой тусгасан. П.А-гийн ажиллаж байсан Соён гэгээрүүлэх хэлтсийг УБТЗ-ын даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А-378 дугаар тушаалаар татан буулгаснаар үлдэх 3 хэлтсээс хуульчид ажилладаг 2 хэлтэс нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэс, Гэрээ хэлцлийн эрх зүйн хэлтэс хэвээр үлдсэн. УБТЗ ХНН-ийн Зүтгүүрийн аж ахуйн албаны Улаанбаатар татах хэсэг нь нийгэмлэгийн хамгийн олон ажилчидтай/ 1224 ажилтан/, 120 гаруй зүтгүүрийн их болон дунд засварын ажпыг хариуцан ажилладаг тул засварын багаж хэрэгсэл, бараа материалыг худалдан авалтыг зохион байгуулах болон УБ-Зүүнхараа, Чойр, Багануур чиглэлд ачаа тээвэр зорчигч тээврээс гадна УБ, Толгойт, Амгалан, Рашаант, Багануур, Багахангай өртөөдөд сэлгээний хөдөлгөөнийг хариуцан ажилладаг ачаалал ихтэй нэгж тул тухайн нэгжийг хариуцсан хуульч ажиллуулах зайлшгүй шаардлага бий болсон учраас орон тоог нэмж, хуульч ажиллуулахаар ажил олгогчоос шийдвэрлэсэн. Салбар нэгжийн дарга нар байгууллагаа төлөөлөн худалдан авалт хийх болон гэрээ хэлцэл байгуулах эрхийг ажил олгогчоос итгэмжлэл олгон эдлүүлдэг.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлж, ажил олгогчоос 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А-84 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст 3 хуульчийн орон тоо шинээр нэмж, баталсаны дагуу нэхэмжлэгчийг тухайн хэлтэст хуульчаар томилсныг шүүхээс хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоосоныг зөрчиж, хууль зөрчсөн үйлдэл мэтээр нэхэмжлэгч тал үзэж байгаа нь өөрөө хуулийг гуйвуулж, хууль бус дүгнэлт хийж байна гэж үзэхээр байна. П.А-г тус байгууллагын Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчийн албан тушаалд томилсон нь Хөдөлмөрийн тухайн хуулийн 36 дугаар зүйлийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т нийцнэ. Ийнүү түүний өмнө нь эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажлаас өөр, үүний улмаас түүний эрх зүйн байдал дордсон, ажил олгогчоос шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцаны хэлтсийн хуульчдын ажлын байрны тодорхойлолт бүгд адилхан. Мөн Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтсийн хуульчдын ажлын байрны тодорхойлолт ч гэсэн адил чиг үүрэгтэй. Иймд Улаанбаатар төмөр замын даргын 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-56 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн нь хуульд нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.А- хариуцагч МОХНН УБЗд холбогдуулан тус замын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 689 дугаар магадлалаар П.А-г МОХНН УБЗын Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн хуулийн зөвлөхийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00199 дугаар тогтоолоор тус нийгэмлэгийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, магадлалд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна./хх-6-2/

МОХНН УБЗын даргын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-56 дугаар тушаалаар П.А-г Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар томилжээ. /хх-42/

Нэхэмжлэгч П.А- шүүхийн шийдвэрийн дагуу томилогдох хуулийн зөвлөхийн албан тушаал бол удирдах түвшний дарга, орлогч даргатай шууд харьцах, УБТЗамын хэмжээнд мөрдөгдөх дүрэм журмын хууль зүйн үндэслэлэийг хянадаг байхад зөвхөн Улаанбаатар татах хэсгийн хуульчаар ажилд томилсон дээрхи тушаалыг хууль бус гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагчийн төлөөлөгч нь МОХНН УБЗын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А-906 дугаар орон тоо, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/84 дугаар орон нэмэх тухай тушаалаар Улаанбаатар татах хэсгийн үйл ажиллагаа хариуцсан хууль 1 байсныг 3 гэж нэмсний дагуу П.А-г Улаанбаатар татах хэсгийн хуульчийн ажилд эгүүлэн тогтоосон. Улаанбаатар татах хэсэг нь Улаанбаатар-Зүүнхараа, Чойр, Багануур чиглэлд ачаа тээвэрлэлт, Улаанбаатар өртөө, Толгойт, Амгалан, Рашаант Багануур, Багахангай өртөөнд сэлгээний хөдөлгөөнийг зохион байгуулдаг, салбар нэгжийн засварын үйл ажиллагааг хангах зорилгоор их хэмжээний худалдан авалт хийдэг тул хууль ажиллах шаардлагатай. П.А-г Улаанбаатар татах хэсгийн хуульчаар томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж тайлбарлан маргасан байна.

Талуудын дээрх маргаанаас үзэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлж П.А-г томилсон ажлын байр нь шүүхийн шийдвэрт тусгасан хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажлын байр-тай дүйцэх эсэх нь маргааны зүйл болжээ.

Гэвч Улаанбаатар татах хэсэг нь МОХНН УБЗын бүтэц зохион байгуулалтын аль түвшинд хамааран, ямар бүтэц орон тоотой, үйл ажиллагаа нь ямар чиглэл, хүрээг хамрах талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс маргааны үйл баримт тогтоогдоогүй, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/01637 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.БАЙГАЛМАА