Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 215/МА2021/00002

 

Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2020/00863 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Алтай сумын 4 дүгээр баг, Баян-Овоо 1, офицер гудамж, 3 дугаар байр 41 тоотод оршин суух, Б овогтой Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн “.................” ХХК-д холбогдох

 

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Уулын баяжуулах Таян нуурын Хүдэр тээвэрлэлтийг хариуцсан “.................” ХХК-ний менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2020 оны 1-6 сарын цалинд 9.000.000 /есөн сая/ төгрөг, 7 дугаар сараас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2019 оны 7 дугаар сараас эхэлж Говь-Алтай аймгийн “...........” ХХК-ийн Цээл сумын нутагт орших Уулын баяжуулах Таян нуурын Хүдэр тээвэрлэлтийг хариуцсан менежерээр ажилд орсон юм. Тухайн үед захирал Б.Г нь цалинг сарын 1.500.000 төгрөгөөр өгнө гэж ажилд оруулсан юм. Тухайн үедээ цалинг чинь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийнэ гар дээр чинь 1.500.000 өгнө гэж тохирсон юм. 2019 ондоо тохирсон ёсоороо цалингаа өгч байсан. 2020 оны 01 дүгээр сараас эхлээд ковид-19 гээд цалингаа өгч чадаагүй өдий хүрсэн юм. Ингээд Д.Б нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймагт ажлаасаа бууж ирсэн юм. Ингээд Алтайн-Хүдэр ХХК-иас мөнгө орж ирэхээр цалинг чинь өгнө гэж явсаар өдий хүрсэн. Одоо ажлаас чинь чөлөөлсөн, өөр хүн авна гээд ажил хийлгэхгүй байгаа юм. Ажлаас чөлөөлсөн тушаалаа авъя гэхээр чи тэр тушаалаар яах гэсэн юм гээд өгөхгүй байгаа юм. Иймд Д.Б-ыг Говь-Алтай аймгийн “.............” ХХК-ий Цээл сумын нутагт орших Уулын баяжуулах Таян нуурын Хүдэр тээвэрлэлтийг хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудад ажилласан хугацааны цалин 9.000.000 төгрөг гаргуулж, 7 дугаар сараас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-ыг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Говь-Алтай аймгийн “.............” ХХК-ний Цээл сумын нутагт орших Уулын баяжуулах Таян нуурын Хүдэр тээвэрлэлтийг хариуцсан менежерээр ажилд томилсон. Ингэж ажиллуулахдаа цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тохирч тухайн үед ажилласан байдлаар нэмэгдэл олгоё гэж тохирсон. Д.Б ажиллаж байх хугацаандаа надад гэр бүлийн хүн маань тухайн Хүдэр тээвэрлэлт дээр гуанз гаргая. Би тооцоог нь тооцъё гэж байна гэхээр нь гэр бүлийн хүн Б-тэй нь хамт “Алтайн-Хүдэр” дээр ажил хийлгэхээр явуулсан. Тэгээд ажиллуулсан цагаас нь эхлэн гуанз ажиллуулсны цахилгаан, ус, нүүрс, түлээг нь төлсөн. Сар бүр Д.Б машинд 150 л түлш хийдэг. Мөн машины эд анги эвдэрлээ гэж сар бүр 200.000-300.000 төгрөг авдаг. Би үнэхээр Д.Б-д итгэл найдвар өгсөн. Би Д.Б-д хамгийн гол нь нэг жолооч 880.000 км хийж байх ёстой. Сар болгон 11 ирис хийдэг. Бид нар цаанаас Алтайн хүдэртэй гэрээтэй учраас ингэж явдаг. Ковид-19-тэй холбоотой цалин мөнгөний асуудал гарсан. Д.Б удаа дараа ирж хоол унааны мөнгө авмаар байна гэдэг. Би хүсэлтийн дагуу ус ундаа, урьдчилгаа боломжийн мөнгө, гурил будаа Говь-Алтай аймгаас авч өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний жолооч нар болон Д.Б-ыг эхнэртэй хамт бууж ирэхээр нь шинэ жилийн арга хэмжээнд хүлээж авч манайх хүдэрт 4.3 тэрбум төгрөг тавьсан. Д.Б болон 20 жолоочдоо итгэл найдвар хүлээлгэж байгаа шүү. Та нар сар бүр 880.000 км яваад сэлбэг бага аваад яваарай гэсэн. 2020 оны 01 сард бол нийтээрээ ажил зогссон. 02 дугаар сард 6-наас 19 хүртэл ажилласан. 03 дугаар сард манайхаас 4 жолооч ажилласан. Энд Д.Б очоогүй. Шалтгаан нь машинаа янзална гэсэн. 4 дүгээр сард Д.Б 27 хоног ажилласан. 5 дугаар сард бүтэн ажиллаагүй. 01 дүгээр сараас 6 дугаар сар хүртэлх тооцоог би аваад ирсэн. Ингээд одоо хэдэн жолооч хэдэн км явсан байна. Хэдэн төгрөгийн зардал гаргасан нь бүгд харагддаг. Харин 6 дугаар сард 12-19 хүртэл 8 хоног ажилласан. “Алтайн-Хүдэр”-ийн захирал манай ХХК-ийг танай ХХК гэрээтэй тул ажилла гэхэд манай жолооч нар цалингаа өгөөгүй тул явахгүй байна гэсэн гэтэл менежертээ хэлээд жолооч нараа явуул гэсэн. 6 дугаар сарын 19-нд жолооч нараа явуул манай ХХК руу мөнгийг хийнэ гэж байна гээд гуйсан. Гэвч миний шаардлагыг хүлээж аваагүй. Тэгээд 6 дугаар сарын 21-ны өглөө Д.Б архи уугаагүй зарим жолооч архи уусан бүгд ирсэн. “Алтайн- Хүдэр”-ээс тээврийн хөлсийг хийсэн байна гэхэд бид нар тээвэр хийхгүй гэсэн. Ингээд тараад ирсэн. Цогт сумын аав, хүү хоёр ажилладаг. Тэр хоёр ирээд цалин нэхэж эхэлсэн. Та нар олон дугуй, сэлбэг авсан, ирис хийгээгүй байна гээд анх маргаан гарч эхэлсэн. Би тэгэхээр нь Д.Б руу залгаад чи хүрээд ирээч С гээд хүн ирээд маргаан үүсээд байна гэтэл би Улаанбаатар явах гэж байна гэсэн. Би 3, 4 хоног утсаар залгаж байж Д.Б ирсэн. Харин С гэдэг хүн менежерийн машин барьж байгаа тул цалингаа авна гэсэн. Би тэгэхээр нь Д.Б-ыг чи миний итгэл алдсан. Чи 7 дугуй авсан байна. Нэг дугуй хэрэглэсэн гэж байна. Бусад нь хаачихсан бэ гэсэн. Би орж ирсэн мөнгөнөөс нь хоол унааны мөнгө болон бусад зүйлийг өгсөн. Мөн цалингаас нь С-т 1.700.000 төгрөгийг өгсөн. Энэ жолооч хэл ам хийгээд байна би өглөө гээд өгсөн. Тэгээд Д.Б ажлаа өгнө би гарна гэсэн. Манай жолооч нар сард 3-4 ирис хийдэг. Мөн 1.500.000-2.500.000 төгрөгийн сэлбэг бичүүлж авдаг. Тэр авсан сэлбэгээ 400.000 төгрөгөөр гадагш худалдаалдаг. Д.Б-д ийм асуудал болоод байна гэтэл жолооч нар тэгсэн юм байгаа биз та нар цалингаа өгөхгүй байгаа юм чинь зарахгүй яадаг юм гэсэн. Түүнээс болж бид хоёр таарамжгүй харилцаатай болсон. Би цагдаагийн байгууллагад 10.000.000 гаруй төгрөгийн гомдол гаргасан байгаа. Өнөөдрөөс эхлээд мэдүүлэг авч байх шиг байна. Тэгээд Д.Б-д жолооч нарт өгсөн юм аа гаргаж ир яагаад чи миний итгэл алдаж байгаа вэ гэхэд надад тийм зүйл байхгүй жолооч нар тэгсэн байлгүй гэсэн. Д.Б манай 20 жолоочийн 10 жолоочтой нийлж маш их хэмжээний сэлбэг авсан. Энд баримт нь байна. Бид үүнд дугуй болон апартурын сэлбэгийг түүж гаргасан. Бусад сэлбэгийг түүж гаргаагүй. 9 дүгээр сард ирээд би тушаалаа авъя гэхээр нь чи сэлбэгийнхээ учир олж компанийг алдагдалгүй болго гэсэн. Тэгсэн чинь би ерөөсөө ажлаас гарна Улаанбаатар явна гэсэн. Д.Б тушаал бол гаргаагүй. Одоог хүртэл нийгмийн даатгал төлж байсан тул зогсоосон. Б гэдэг хүний машиныг манай 4 жолооч унаж яваад замын хажуу руу унагаасан байсан. Тэгээд унагаасан төлбөрөө машины сэлбэгээр бичүүлж тухайн Б гэдэг жолоочид нь төлсөн байдаг. Тийм үйл явдал болсон болохоор би Д.Б-ыг чи бичиж сэлбэг өгдөг нь яаж байгаа вэ гэхэд цалингаа өгөхгүй байгаа юм чинь тэгэлгүй яах юм гэсэн. Д.Б-ыг би ажлаас халаагүй. Өөрөө сайн дураар явсан. Мөн тухайн “Алтайн-Хүдэр”-т байсан машинаас Н, Д.Б, Б нар буцаж очоод 1.4 тн түлш авсан байгаа юм. Зөвшөөрч байгаа 5 жолооч авсан гэж ярьдаг. Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Би цаашид хуулийн байгууллагаар явж хохирлоо нөхөн төлүүлнэ гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “............” ХХК-иас 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны цалинд 2.580.000 /хоёр сая таван зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б овогтой Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны цалинд 6.420.000 /зургаан сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б 2020 оны 8 дугаар сараас хойшхи хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “...........” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн “...............” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ 2.580.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 56.230 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

                                                          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2020/00863 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч тал нь нэхэмжлэгч Д.Б-ыг 2020 оны 7 сард ажлаас чөлөөлсөн гээд өдий хүртэл хугацаанд ажлыг нь хийлгэхгүй байгаа. Одоо өөр менежер ажиллаж байгаа юм. Хариуцагч тал нь энэ хүнийг ажлаас чөлөөлөөгүй гэж худлаа хэлж, Д.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж өгөхгүй байгаа юм. Энэ байдал нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байдлаас харагдаж байгаа. 7 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа. Анх ажилд авахдаа цалинг 1.500.000 төгрөгөөр тохирсон. Энэ байдал нь Д.Б дансны хуулгаас тодорхой харагдаж байгаа. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2020/00863 дугаар шийдвэр нь үнэн зөв үндэслэл бүхий гарч чадаагүй гэж үзээд гомдол гаргаж байна. Уг шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М хариуцагч “...........” ХХК-д холбогдуулан Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт орших Уулын баяжуулах Таян нуурын Хүдэр тээвэрлэлтийг хариуцсан “..........” ХХК-ний менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 01 дүгээр сараас 6 дугаар сарыг дуустал хугацааны цалинд 9.000.000 төгрөг, 7 дугаар сараас хойш ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б-ыг Уулын баяжуулах Таян нуурын уурхайн хүдэр тээвэрлэлтийг хариуцсан “..........” ХХК-ний менежерийн ажлаас чөлөөлсөн бөгөөд түүнтэй хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал гаргаагүй байх тул түүнийг хууль зүйн хувьд ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байгаа учир нэхэмжлэлийн энэ талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2020 оны 01 дүгээр сараас 6 дугаар сарыг дуустал хугацааны цалинд нэхэмжилсэн 9.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сарын цалин болох 430.000 төгрөгөөр тооцож нийт 2.580.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сараас 6 дугаар сарын цалин гаргуулж энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж Д.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, өөрөө сайн дураараа ажлаа орхин явж Улаанбаатар хотод ажил хийж байгаа, цалин хөлс өгөөгүй гэх маргаан нь “Ковид-19”-тэй холбоотойгоор сул зогсолт гарсан, мөн Д.Б дур мэдэн их хэмжээний сэлбэг, шатахууны зардал гаргаснаас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас цалин хөлс өгөх боломжгүй гэж маргаж байна.

 

2020 оны 01 дүгээр сараас 6 дугаар сарын цалин нь ажлаас буруу халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэх ойлголтод хамаарахгүй байхад анхан шатны шүүх энэ байдлыг анхаарч үзээгүй, энэ талаарх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийн шаардлагыг  тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Мөн ажил олгогч нь ажилтныг ажил хийх боломжоор хангахгүй, цалин хөлс олгохгүй байгаа бол ажлаас чөлөөлсөнтэй адилтган үзэх үндэслэлтэй бөгөөд ажил олгогч нь ажилтныг ажил хийх боломжоор хангаагүй, цалин хөлс олгоогүй юу? эсхүл ажилтан өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн үү? гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй үзнэ.

 

              Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг ойлгомжтой тодорхойлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийн үйл баримт тогтоогдоогүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн нотлогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны урьдчилсан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл   байхад маргааныг шийдвэрлэсэн нь буруу байна.  

 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2020/00863 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.Б

 

          ШҮҮГЧИД                              Ч.Э

 

                                                                       Т.Ж