Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01460

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01460

 

Т.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/01241 дугаар шийдвэртэй

Т.Нийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ад холбогдох

Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Чингэлтэй 00-000 тоот хашааны газрын 355 м.кв газраас баруун хойд булангаас зүүн тийш 13.3 м, баруун хойд булангаас баруун урд булан хүртэл 17,08 м, баруун урд булангаас зүүн тийш 14.56 м цэгүүдийн хооронд 17.21 м талбай бүхий 235 м.кв гурван тал хашаатай газрыг 5000 000 төгрөгөөр худалдан авсан тул хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2010 оны 8 дугаар сард өөрийн танилын хүнээс Д.А Чингэлтэй дүүрэг 00 дугаар хороо, Чингэлтэй 00-000 тоот 4 талт хашаатай газрын 355 м.кв газраас 235 м.кв газрыг хувааж зарна гэсний дагуу Д.Атай уулзаж, 235 м.кв 3 талт хашаатай газрыг худалдаж авахаар харилцан тохиролцсон бөгөөд мөн оны 8 дугаар сард бэлнээр 3 500 000 төгрөгийг Д.Ад төлсөн. Үүний үндсэн дээр түүний эзэмшлийн Чингэлтэй дүүрэг 00 дугаар хороо, Чингэлтэй 00-000 тоот хашаанд нүүж очин өдийг хүртэл 8 жил амьдарч байна. Үүнээс хойш Д.А нь газрын эзэмших эрхийг шилжүүлэхгүй гэрчилгээгээ хайгаад олохгүй байна гэх мэт шалтаг шалтгаан хэлсээр хойшлуулаад байсан тул шахаж шаардсаар байгаад 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулан нотариатаар батлуулан 3 500 000 төгрөгөөр дээрх газрыг худалдан авсан болохыг баталгаажуулсан. Үүнээс хойш худалдагч тал үүргээ биелүүлэхгүй байсан тул арга буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.А нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхээс нэхэмжлэлээ татаж аваач дахин нэмж 1 500 000 төгрөг өгчихвөл 235 м.кв газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгье гэж удаа дараа гуйгаад байхаар нь 1 500 000 төгрөгийг нэмж төлөн урьд төлсөн 3 500 000 төгрөг дээр нийлээд нийт 5 000 000 төгрөгөөр 235 м.кв газрыг худалдан авсан. Хариуцагч Д.А худалдан авсан газрыг дээрх газрыг миний эзэмшилд шилжүүлж өгөхгүй миний газар эзэмших эрх эрхийг зөрчиж, Чингэлтэй 00-000 тоот хашааны газрын 355 м.кв газыг бүхэлд нь Бармун гэрээ хороолол төлөвлөлт-ийн компанитай 2017 оны 1 улиралд барилга барихад газар чөлөөлөх 3 талт гэрээг байгуулан, миний 235 м.кв газрыг энэ компанид зарахаар болсныг 2017 оны 05 дугаар сард мэдсэн билээ. Иймд Чингэлтэй дүүрэг 00 дугаар хороо, Чингэлтэй 00-000 тоот хашааны газрын 355 м.кв газраас 235 м.кв газрыг нийт 5 сая төгрөгөер худалдан авсан бөгөөд газрын үнийг 100 хувь төлсөн байхад хариуцагч Д.А миний эзэмшлийн 235 м.кв газрыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхгүй байгаа тул Чингэлтэй дүүрэг 00 дугаар хороо, Чингэлтэй 00-000 тоот 355 м.кв газрын баруун талын хэсэг буюу баруун хойд булангаас зүүн тийш 13.Зм, баруун хойд булангаас баруун урд булан хүртэл 17.08м, баруун урд булангаас зүүн тийш 14.56м, баруун хойд булангаас зүүн тийш 13.Зм ба баруун урд булангаас зүүн тийш 14.56м цэгүүдийн хооронд 17.21м талбай бүхий нийг 235 м.кв /нотлох баримтаар хэрэгт нэхэмжлэгчээс өгсөн 235м.кв газрын кадастрын зурагт хашааны координат тодорхой байгаа болно/ гурван тал хашаатай газрын хууль ёсны эзэмшигчээр нэхэмжлэгч Т.Нийг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Чингэлтэй 00-000 тоот хаягт байрлах 355 м газрыг 2008 онд хууль ёсоор өөрийн эзэмшилдээ авсан. Газрын хуульд зааснаар эзэмшигч Д.А өнөөдрийг хүртэл газрын төлбөрөө төлөөд энэ хаягтаа амьдарч байна. Нэхэмжлэгч Т.Нтэй 2013 онд эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, түүнийг маргаж буй газар дээр амьдарч байсан гэдэгт маргах зүйлгүй. Харин Иргэний хуульд зааснаар худалдах худалдан авах гэрээний нэг тал эрхээ шилжүүлэх, нөгөө тал үнийг төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан хэлцлээр тохирсон газрын үнэ болох 3 500 000 төгрөгийг төлөх үүргээ Т.Н биелүүлээгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Т.Н 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргачихаад хариуцагчийн зөвшөөрөлгүй өөрөө татан авсан байдаг, энэ хэргээс харахад Д.А хариу тайлбар өгөөгүй байхад татан авсан нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал гэж үзэж байна. 1 500 000 төгрөг хүлээн авсан гэх хэрэгт авагдсан хуулбарласан баримтыг үнэлэх үндэслэлгүй, энэ баримтад шинжээч томилох гэтэл эх хувь байхгүй тул шинжлэх боломжгүй болсон.Т.Н нь иргэний үнэмлэх дээрх Чингэлтэй 10 хороо Чингэлтэй 00-000б гэсэн хаягийг өөрөө олж бүртгүүлсэн байдаг. 2016 онд уг газар хотын төлөвлөгөөнд орсон сургаар энэ нөхцөл байдал үүссэн. Д.А эрх шилжүүлэх гэрээгээр төлбөр огт аваагүй тул энэ талаар нотлох шаардлагагүй. Мөн гэрээний үүрэгтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Аы эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Чингэлтэй 00-000 хаягт орших 355 м.кв газраас 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр нэхэмжлэгч Т.Нийг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, илүү төлөгдсөн 94,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Ааас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Нт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана... гэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг тодорхойлсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Шүүх хэрэгт авагдсан үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлээгүй, дутуу үнэлж шүүхийн шийдвэр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилсон боловч 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/6043 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.4.1, 16.1.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч тал мөнгө хүлээж авсан гэх нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтыг шинжилгээ хийхээс татгалзсан. Ийнхүү татгалзсан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд тус баримт бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Эрх шилжүүлэх гэрээ нь хоёр талын гэрээ бөгөөд нэг талаас төлбөр, нөгөө талаас эрхээ шилжүүлсэн байхыг шаардаж байхад анхан шатны шүүхээс нэг тал нь төлбөрөө төлсөн гэж үзэж байгаа үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн. 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулахдаа нэхэмжлэгч Т.Н нь нотариат ороод гэрээ байгуулсны дараа төлбөрөө төлөхөө илэрхийлсэн боловч тохиролцсон төлбөрөө төлөөгүйн улмаас газрын эрхийг шилжүүлээгүй. Мөн 2010 оноос 2015 он хүртэлх хугацаанд маргаан бүхий газар нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Д.Атай хамт нэг хашаанд амьдарч байсан талаар маргадаггүй бөгөөд тус эрх шилжүүлэх гэрээ байгуулснаас хойш 2 жил өнгөрөөд байхад нэг хашаанд амьдарсан атлаа яагаад нэхээгүй, нэхэх боломж бүрэн байсан боловч үйлдэл гаргаагүй байх нь тохирсон төлбөрөө хариуцагчид төлөөгүй гэж үзэх үндэслэл байна. Хэргийн 11 дүгээр талд авагдсан /нотлох баримтын шаардлага хангаагүй/ баримтаас хэрэв үзвэл 11-29 гэсэн тоо байгаа болохоос бус огноо байхгүй зэрэг нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзэлгүй таамаг төдийхнөөр хэргийг шийдвэрлэсэн нь үйлдэл нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчсөн байна. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж шийдвэрлэсэн. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчдын эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч аль аль тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхад анхан шатны шүүхээс гагцхүү хариуцагч тал үүрэгтэй харин нэхэмжлэгч тал үүрэггүй гэж тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь эрх тэгш байх зарчмыг зөрчсөн. Мөн хариуцагч тал ямар нэгэн байдлаар төлбөр аваагүй байгаа үйлдлээ хэрхэн нотлох вэ?, нэхэмжлэгч тал харин тус 3 500 000 төгрөг төлсөн гэдгээ харин нотлох үүргээ биелүүлээгүй байхад нотолсон мэтээр зөгнөж шийдвэрлэсэн. Мөн 2010 оны 08 дугаар сард 3 500 000 төгрөгийг хэрхэн яаж өгсөн гэдгийг нотолсон ямар ч баримт авагдаагүй, нэхэмжлэгч талын амаар л хэлсэн зүйлээр далдыг хардаг далай лам шиг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй тус хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэвч талууд эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/1056 дугаартай албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байхад тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь ямар ч хуулийн хүрээнд биш байна. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 35433 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан. Тус захирамжийн агуулгаас үзвэл Газар эзэмшигч болохыг тогтоож, нэр шилжүүлэхийг даалгах тухай гэж ерөнхий агуулгатай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагчид хандаж, ямар гэрээний харилцаанд үндэслэн ямар зүйлийг шаардаж байгаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд тусгасан худалдаж авсан гэх эд хөрөнгийн эрхийн талаар заасан агуулгагүй байгааг одоогийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэгдсэн асуудал гэж шууд дүгнэхэд эргэлзээтэй байгааг анхан шатны шүүх дүгнэж үзээгүй нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн хуулийн дагуу шаардлага гаргах эрхээ алдсан гэдгийг анхаарч үзсэнгүй. Мөн тухай нэхэмжлэл гаргасан үеэс өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Т.Нийн Монгол гэр цахилгаангүй байгааг шүүх хуралдаанд өөрийн биеэр хүлээн зөвшөөрдөг. Цахилгаангүй байгаа шалтгаан бол шүүхэд мөнгөө өгөөгүй атлаа худлаа нэхэмжлэл гаргасан учраас цахилгааныг нь тасалж өөрийн хашаанаас хөөсөн боловч Монгол гэрээ аваагүй өнөөдрийг хүрсэн, тухайн гэртээ амьдардаггүй гэдгээ хүртэл 4 шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн гэх үйл баримтууд байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож хууль ёсны эзэмшигчийн эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Д.Ад холбогдуулан Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Чингэлтэй 00-000 тоот хашааны газрын 355 м.кв газраас баруун хойд булангаас зүүн тийш 13.3 м, баруун хойд булангаас баруун урд булан хүртэл 17,08 м, баруун урд булангаас зүүн тийш 14.56 м цэгүүдийн хооронд 17.21 м талбай бүхий 235 м.кв гурван тал хашаатай газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 28, 90/

Нэхэмжлэгч Т.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчтай худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан, эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө 2010 оны 8 дугаар сард 3 500 000 төгрөгийг, шүүгчийн захирамж гарсны дараа 1 500 000 төгрөг нийт 5 000 000 төгрөгийг төлсөн гэж, хариуцагч ...нэхэмжлэгч гэрээнд заасан 3 500 000 төгрөгийг надад өгөөгүй, шүүгчийн захирамжид дурдсан 1 500 000 төгрөгийг аваагүй гэж тус тус тайлбар гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд эрх шилжүүлэгч буюу хариуцагч Д.А, эрх шилжүүлэн авагч буюу нэхэмжлэгч Т.Н нар 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Чингэлтэй 00-000 хаягт байрлах 235 м.кв талбай бүхий газрыг эрх шилжүүлэн авагчид шилжүүлж, нийт 355 м.кв газраа хуваан 235 м.кв газрыг шилжүүлж өгөх, үлдэх 120 м.кв газар нь эрх шилжүүлэгчийн эзэмшилд үлдэнэ гэж тохиролцжээ. /хх.12 ар тал/

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талууд бодит үйлдлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн.

Мөн нэхэмжлэгч Т.Нийн Чингэлтэй дүүргийн Газрын өмч харилцааны газарт 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан өргөдөл гэсэн бичгийн баримт авагджээ. /хх.10/

Нэхэмжлэгч Т.Н нь Чингэлтэй 00-000 хаягт орших 355 м.кв газрын 235 м.кв талбай бүхий 3 тал хашааны газарт 2010 оны 8 дугаар сараас 2016 он хүртэл хугацаанд оршин сууж байсан, маргааны зүйл болж буй газар нь анхнаасаа 3 тал хашаа байсан үйл баримт тогтоогдсон байна. /хх.207-211/

Талууд хариуцагч Д.А Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Чингэлтэй 00-000 хаягт орших 355 м.кв газрын эзэмшигч мөн болох, нэхэмжлэгч Т.Н 2011 оноос маргааны зүйл болж буй газарт оршин сууж байгаа талаар хэн аль нь маргаагүй байх бөгөөд уг байдал нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн газрын албаны газрын хувийн хэргээс ирүүлсэн 355 м.кв газрын кадастрын зураг, Г ХХК-ийн 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тоо бүртгэлийн хуудсаар баталгаажуулан Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Чингэлтэй 00-000 хаягт орших 355 м.кв газрын 235 м.кв газарт хийсэн кадастрын зураг, 2012 оны 9, 10 сар, 2013 оны 01, 11 сарын цахилгааны төлбөрийг төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хорооны засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1181 тоот тодорхойлолт, гэрч Т.Баттөрийн мэдүүлэг, тухайн хаягт шилжсэн иргэний үнэмлэхийн бүртгэлд бүртгүүлсэн байдал зэрэг баримтуудаар тогтоогджээ. /1хх.12-13, 218-229, /

Нэхэмжлэгч маргааны зүйл болж буй газрын хэмжээг 355 м.кв газраас баруун хойд булангаас зүүн тийш 13.3 м, баруун хойд булангаас баруун урд булан хүртэл 17.08 м, баруун урд булангаас зүүн тийш 14.56 м цэгүүдийн хооронд 17.21 м талбай бүхий 235 м.кв газар гэж, Г ХХК-ийн 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн кадастрын зургийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь буруу биш байна.

Дээрх баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Т.Нийг Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Чингэлтэй 14 гудамж, 474 тоот хаягт байршилтай 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ...эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгчийг төлбөрөө төлсөн гэж үзэж байгаа нь хэт нэг талыг барьсан гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 35433 дугаар шүүгчийн захирамж хэрэгт нотлох баримтаар авагдсан, уг захирамжаар Д.Нийн нэхэмжлэлтэй Д.Ад холбогдох газрын эзэмшигч болохыг тогтоож, нэр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэгч Д.Н нэхэмжлэлийг татан авах хүсэлтийн үндэслэлээ ...миний бие Д.Ааас Г-0252759 дугаартай газрын тал хэсгийг 5 000 000 төгрөгөөр тохиролцож, 3 500 000 төгрөгийг Д.Ад өгсөн, үлдэгдэл 1 500 000 төгрөгийг 2015 оны 11 сарын 20-ны дотор өгөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагаа буцаан авах хүсэлтэй гэж тайлбарласан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр захирамжаар тогтоогдсон дээрх үйл баримтыг дахин нотлохгүй юм.

Хэргийн 11 дүгээр талд ...Д овогтой А би Төмөр овогтой Т.Нээс 2015 оны 11 сарын 29-ний өдөр 1500 000 төгрөг хүлээн бэлнээр авсан нь үнэн болно гэх хуулбарласан баримт авагдсан анхан шатны шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул тухайн баримтыг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...шүүх нэхэмжлэгчийг шүүхэд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснийг алдсаныг анхаарч үзсэнгүй гэсэн байна.

Хэргийн баримтаас үзэхэд зохигчид 2010 оны 8 дугаар сард худалдах-худалдан авах хэлцлийг амаар байгуулсан, уг аман хэлцлийг үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжаар нэхэмжлэгч газар эзэмшигч болохыг тогт оолгох нэхэмжлэлээ татан авсныг баталсан, шүүхэд дахин 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч нь эрх зөрчигдсөн үеэсээ эхлэн шаардах эрхээ хэрэгжүүлсэн, улмаар энэ эрхээ тасралтгүй үргэлжлүүлж байсан гэж үзэх тул хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Аы эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Чингэлтэй 00-000 хаягт орших 355 м.кв газраас 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр нэхэмжлэгч Т.Нийг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/01241 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО