Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 524

 

О.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 552 дугаар магадлалтай, О.М-д холбогдох 1803009540009 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан М овогт О-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.М-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.М гаргасан гомдолдоо “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулсан. Миний хувьд эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ганцаараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг юм. Иймд эдгээр байдлыг харгалзан хорих ялын хугацааг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан байдлыг харгалзан...шийдвэрлэв” гэжээ. Шүүх дүгнэлтдээ “...уг ялын хугацаа дуусгавар болсон байна”, “ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэсэн атлаа дээр дурдсанаар хүндрүүлж хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно”, 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина" гэсэн заалтыг зөрчиж урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан байдлыг харгалзаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчмыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хасч, бусдыг өмнө хүлээсэн эрүүгийн хариуцлага дээр нэмж 2 удаа шийтгэж буй явдлыг өөрчилсөн учир ялтай байдлын талаарх ойлголт хамаарахгүй болсон нь О.М-ы 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар “Үгүй” гэсэн байхад ийнхүү хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна. Түүнчлэн шүүхээс “...шүүгдэгч О.М-ы гэмт хэрэг үйлдсэний дараа учирсан гэм хорын зардлын зарим хэсгийг сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэжээ. Энэхүү дүгнэлтээр хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхад дурдаагүй явдал нь дээрх 1 дэх хэсэгт заасныг харгалзан шийдвэрлэсэнтэй холбоотой болжээ. Хувийн байдлын хувьд О.М нь их дөлгөөн тайван, дуугүй, томоотой, ажилдаа сайн, байгууллагын сайн жолооч нарын нэг төдийгүй эхнэр болон 1-19 насны 5 хүүхдээ тэжээж, ахуй амьдралаа залгуулдаг юм. Түүнчлэн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “миний ээж босоод ирэхгүйгээс хойш 5 хүүхдийг нь бодоод хорьж цагдаад яах вэ? түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг “...уг гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгддэг, хохирол төлбөрөө төлөх тал дээр шүүгдэгч санаачлага гаргаж байсан, оршуулгын зардлыг төлж барагдуулж байгаа, ар гэрийн нөхцөл байдлыг шүүх харгалзан үзнэ үү” гэсэн санал, дүгнэлт тус тус гаргасан байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэгт хамаардаг төдийгүй гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн дээр дурдсан хууль зөрчсөн үйлдлийг “...урд ял шийтгүүлсэн байдлыг харгалзан үзсэн нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн байна гэж үзэв” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг хууль зүйн үүднээс няцаасан дүгнэлт болохгүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн юм. Тодруулбал 2015 оны Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх...” агуулгатай боловч энэ нь хуулиар тогтоосон хугацаа хамаарахгүйгээр бусдыг цээрлүүлж, ял халдаах гэсэн агуулгагүй бөгөөд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсгийг зөрчсөн дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Шүүх хуралдааны явцад илтгэгч шүүгчээс шүүгдэгч О.М-аас “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг өөрийн хүсэл зоригийн дагуу хийсэн уу, мөн гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд бэлэн байгаа талаар болон уг гэрээний эрх зүйн үр дагаврын талаар тодруулж асуусан. Мөн түүний өмгөөлөгчөөс тус гэрээг хүлээн зөвшөөрөх эсэх талаар асууж, хохирогчид гэрээний дагуу хохирлыг төлж барагдуулах талаар тодорхой тайлбар өгсөн болно. Гэтэл шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэл зориг болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн “миний ээж босоод ирэхгүйгээс хойш 5 хүүхдийг нь бодоод хорьж цагдаад яах вэ” гэсэн мэдүүлэг, давж заалдах шатны шүүх хуралдаанд “Иргэний хариуцагч талыг хариуцлагатай байгаасай гэж хүсч байна. Бүх хэргийг О.М руу чиглүүлж байгаад харамсаж байна” гэж иргэний хариуцагч байгууллагад гомдолтой болохоо илэрхийлсэн байдал зэргийг тодруулж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсанд гомдолтой байна. Иймд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүсье” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг хэлсэн саналдаа “Шүүгдэгч О.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо чадах чинээгээрээ төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс шүүгдэгчийг заавал хорих ялаар шийтгүүлэхийг хүсэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхэд татгалзах зүйлгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн О.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч О.М нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн үед орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын эзэмшилд бүртгэлтэй “Daewoo buss-506” загварын 23-16 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон “ХМК-Офицеруудын ордон” чиглэлд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн өргөн чөлөө, Ханын материалын эцсийн буудлын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж явган зорчигч Д.Ц-г мөргөж, улмаар амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.М-ы гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нар Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөхийг хүссэн агуулгатай гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдэд хариуцан арилгахыг үүрэг болгожээ.

Мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан ба хүний амь нас, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломж хязгаарлагдмал юм. Энэ тохиолдолд шүүх хохирол төлөгдсөн эсэх талаар дүгнэлт хийхдээ амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн санал, шаардлагыг харгалзан үзэх нь чухал ач холбогдолтой.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “хүний амь нас хохирсон хэргийн хохирол, хор уршиг арилсан” гэх тайлбарыг үндэслэн шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч болон өмгөөлөгчийн гаргасан ялыг хөнгөрүүлэх тухай гомдлыг хангаж, шүүгдэгч О.М-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнссэн өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 552 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай” гэсэн нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч О.М-д хорих ял оногдуулсан болон хорих ял эдлэх дэглэмийг тогтоосон, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2, 3, 10 дахь заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН