Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 552

 

 О.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Мөнгөншагай,

            иргэний хариуцагч Ц.Баясгалан,

            шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцоож, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн, иргэний хариуцагч Ц.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Мд холбогдох эрүүгийн 1803009540009 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            ................., 1974 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, D ангилалын мэргэшсэн жолооч, “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10-175 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................/,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            О.М нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн өргөн чөлөө, Ханын материалын эцсийн буудлын замд “Daewoo Buss-506” маркийн 2316 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчин явган зорчигч Д.Цэндсүрэнг мөргөсний улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: О.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ..........................ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар О.Мы В, С, D ангиллын 145631 дугаартай жолоочийн үнэмлэхийг холбогдох байгууллагад хүргүүлж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий нэг ширхэг Сиди-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас 5.493.302 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцоожид олгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцоожийн нэхэмжлэлээс 366.050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн тэтгэврийн зээл гэх 3.853.118 төгрөгийг өв залгамжлагч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн буруутай үйлдэл болох зам тээврийн дүрэм зөрчсөнөөс болж бусдын ар гэр, өөрийн ар гэрээ хүнд нөхцөл байдалд оруулсандаа чин санаанаасаа гэмшиж харамсаж байна. Мөн ямар хүнд хариуцлага хүлээж, зовж шаналдгийг ойлгон ухамсарлаж байна. Миний бие ажил хөдөлмөр эрхэлж, өөрийн эхнэр болон 5 хүүхдээ асран хамгаалж тэжээдэг бөгөөд өөрсдийн настай буурлууддаа тус дэм болон амьдардаг. Иймд миний ар гэрийн хүнд нөхцөл байдал болох 5 хүүхдийн минь ирээдүйг бодож өөрт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах ял болгон өөрчилж өгнө үү. Шүүгдэгч би дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй амьдарч, 5 хүүхэддээ үлгэр жишээ болж амьдрахаа амлаж байна.” гэв.

            Шүүгдэгч О.Мы өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан байдлыг харгалзан шийдвэрлэв” гэжээ. Шүүх дүгнэлтдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн атлаа дээр дурдсанаар хүндрүүлж хорих ял оногдуулсан явдал нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалтыг зөрчиж, урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан байдлыг харгалзаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчмыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, 2015 оны Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэдгээр бусдыг өмнө хүлээсэн эрүүгийн хариуцлага дээр нэмж 2 удаа шийтгэж буй явдлыг өөрчилсний улмаас хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн О.Мы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-136/ үгүй гэсэн байгаа нь ялтай байдал арилсантай холбоотой байхад ийнхүү дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн мөн хэсэгт шүүхээс “...шүүгдэгч О.Мы гэмт хэрэг үйлдсэний дараа учирсан гэм хорын зардлын зарим хэсгийг сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэжээ. Энэхүү дүгнэлтээр хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хөнгөрүүлэх нөхцөлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль зүйн шаардлагыг мөн хангасан байхад дурдаагүй явдал нь дээрх 1 дэх хэсэгт заасныг харгалзан шийдвэрлэсэнтэй холбоотой болжээ. Хувийн байдлын хувьд О.М нь их дөлгөөн тайван, дуугүй, томоотой, ажилдаа сайн, байгууллагын сайн жолооч нарын нэг төдийгүй эхнэр болон 1-19 насны 5 хүүхдээ тэжээж, ахуй амьдралаа залгуулдаг юм. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “миний ээж босоод ирэхгүйгээс хойш 5 хүүхдийг нь бодоод хорьж цагдаад яах вэ” гэж, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг “...уг гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгддэг, хохирол төлбөрөө төлөх тал дээр шүүгдэгч санаачлага гаргаж байсан, оршуулгын зардлыг төлж барагдуулж байгаа, ар гэрийн нөхцөл байдлыг шүүх харгалзан үзнэ үү” гэсэн санал, дүгнэлт тус тус гаргасан байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаардаг төдийгүй гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

            Иргэний хариуцагч Ц.Баясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Амь хохирогч Д.Цэндсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлгүй үед эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй гэж Тээврийн Цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 12 сарын 14-ний 853 дугаар дүгнэлтэд дурджээ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т хохирогч өөрөө илтэд болгоомжгүй хандсанаас өөрт нь гэм хор учирсан бол байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болохоор зохицуулсан. Шүүгдэгч О.М нь хохирол болон хор уршигт тооцож 7.300.000 төгрөгийг даатгалын байгууллагаас, үлдэх 3.000.000 төгрөгийг өөрөө гаргаж нийт 10.300.000 төгрөгийг хохирогчид төлөхөөр талууд харилцан тохиролцож гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдалд нийцэх бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байна. Шүүх хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэснээр хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсны зэрэгцээ гэрээ заавал биелэгдэх шинжийг үгүйсгэжээ. Хохирогч болон шүүгдэгч нар бодит хохирол, хор уршгийг нийт 21.000.000 төгрөгөөр тооцон харилцан тохиролцсоны дагуу төлөгдөөгүй үлдэгдэл 10.300.000 төгрөгийг шүүгдэгч О.М төлж барагдуулахаар талууд хүсэл зорилгоо илэрхийлэн гэрээ байгуулсан байхад “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас 5.493.302   төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь иргэний нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох нь иргэний эрх зүйн диспозитив зарчимд нийцсэнгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад 2019 оны 1 дүгээр сарын 5-наас 31-ний өдөр хүртэлх шатахууны 12 ширхэг баримт буюу 160.650 төгрөг, 2019 оны 2 дугаар сард шатахуун авсан гэх 4 ширхэг баримт 66.500 төгрөг, юнителийн төлбөр төлсөн баримт 25.000 төгрөг, махан царцаамаг авсан буцаалтын баримтан дээр гараар засвар хийгээд 43.330 төгрөг буюу нийт 2.031.980 төгрөгийн үнийн дүнтэй баримтууд байсан. Шийтгэх тогтоолд дурдсан 5.493.302 төгрөгөөс 2.031.980 төгрөгийг хасч, үлдсэн мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй.” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолд дурдсан хохирлын тооцооны хувьд эмнэлгийн болон шатахууны зардлууд багтсан. Иргэний хариуцагч талыг хариуцлагатай байгаасай гэж хүсч байна. Бүх хэргийг О.М руу чиглүүлж байгаад харамсаж байна. Хэргийг хариуцсан хошууч Ууганбаяр нь удаа дараа худлаа мэдээлэл өгсөн.” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцоожийн өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хохирол төлбөртэй холбоотой асуудлыг шүүх нарийн нягталж үзээд 21.000.000 төгрөг нэхэмжилснээс 16.193.302 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэхээс өмнө талууд харилцан тохиролцоонд хүрч гэрээ хийсэн. Гэрээг талуудын хүсэл зоригийн дагуу хийсэн боловч автобус компани даатгалын компанитай гэрээ хийсэн эсэх талаар нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Тэгэхээр уг гэрээ цаашид биелэгдэх эсэх нь эргэлзээтэй байгаа тул талуудыг эвлэрсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

            Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. О.Мы холбогдсон хэргийг түүний хувийн байдалд холбогдуулж шүүх дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн урьд ял шийтгэл эдэлж байсан талаар анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан шийдсэн нь шийтгэх тогтоолд тодорхой тусгагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

О.М нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн өргөн чөлөө, Ханын материалын эцсийн буудлын замд “Daewoo Buss-506” маркийн 2316 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчин явган зорчигч Д.Цэндсүрэнг мөргөсний улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцоожийн “...хэрэг гарсан тухай манай бага дүү Итгэлт залгаад гэмтэл дээр ээж аймаар болчихсон байна гэхээр нь очтол ээж минь ухаан байхгүй, амьсгалын төхөөрөмж залгачихсан сэхээнд байсан. Ингээд маргааш нь 17 цаг 55  минутад нас барсан. ...” /1хх 20-21/,

гэрч Ц.Батчимэгийн “...гэрээс 15 цаг 50 минутын үед гарсан юм. Тэгээд сургуульд нь хүргэж өгөөд буцаад харих гэж яваад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрчиний эвлэлийн өргөн чөлөө, Ханын материалын эцсийн замд автобусанд мөргүүлж осолд ороод эмнэлэгт нэг хоног эмчлүүлээд нас барсан. ...” /1хх 34/ гэх мэдүүлгүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 3-4/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-6, 13-14/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 12/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2545 дугаартай дүгнэлт /1хх 70-72/, техникийн шинжээчийн 853 дугаартай дүгнэлт /1хх 75/ хохирлын баримтууд /1хх 155-225, 2хх 29-43/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх 24-25/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.Мыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

          Шүүгдэгч О.Мыг “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Цэндсүрэнг мөргөж амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч О.М нь 2005, 2017 онуудад тус тус гэмт хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгүүлж байсан байх бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахдаа урд ял шийтгүүлсэн байдлыг харгалзан үзсэн нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн байна гэж үзэв.

Иргэний хариуцагч Ц.Баясгалан “...“Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас 5.493.302   төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь иргэний нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох нь иргэний эрх зүйн диспозитив зарчимд нийцсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заажээ.

            Шүүгдэгч О.М хохирлын 10.700.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцоожид төлсөн байх бөгөөд /2хх 44/ үлдэх 5.493.302 төгрөгийг дээрх хуулийн зохицуулалтын дагуу ажил олгогч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул иргэний хариуцагч Ц.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн, иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн, иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ