Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 551

 

 

Ч.П-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор  Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батболд, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар магадлалтай, Ч.П-т холбогдох 1823000080019 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.П- болон өмгөөлөгч С.Батболд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Х овогт Ч-ийн П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирох” гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.П-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 9 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.П-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.П гаргасан гомдолдоо “Миний бие нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Би энэхүү хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж эрдэнэт хүний амь нас хохирсонд маш их харамсаж байгаагаа дахин дахин илэрхийлмээр байна. Энэхүү хэргийг санаатай үйлдээгүй бөгөөд нас барагчийн оршуулгатай холбоотой баримтаар гарсан зардлын бүгдийг нь төлсөн, цаашид үүнтэй холбоотой хуульд заасан зардлыг төлөхөд бэлэн гэдгээ шат шатны шүүх хуралд илэрхийлсэн болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хохирогч талаас гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь давж заалдах шатны шүүх ямар үндэслэл, шалтгаанаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлээ тайлбарлаагүй атлаа магадлалдаа хурал дээр огт яриагдаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг зөрчсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтуудыг бүгдийг нь үнэлж хохирол гаргуулж шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийсэн байсан. Хурал дээр ч, хууль мэдэхгүй хүнд ч ойлгогдохоор тайлбарлаж өгсөн. Давж заалдах шатны шүүх нотлох баримтуудыг нарийвчлан судлалгүйгээр хохирол төлсөн гэж үзсэн мөртлөө магадлалдаа дүгнэж тайлбарлаагүй нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Миний бие давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг хохирогчийн талын нөлөөнд орсон байж магадгүй гэж үзэж байна. Хохирогчийн нагац эгч Завхан аймгийн Засаг даргын орлогч даргаар ажилладаг юм. Мөн нэг нагац эгч нь Цагдаагийн офицероор ажилладаг байсан. Уг нь анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалаа буруутгаад байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар намайг гэм буруутайд тооцсон, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, нотлох баримтаар гарсан хохирлыг бүрэн төлсөн учраас надад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн гэж ойлгосон. Би талийгаачийн өмнө сурч байсан 4 жилийн сургалтын төлбөр, эцэг эхийнх нь хашаа худалдан авсан төлбөр, эцэг, эхийн ажлаасаа чөлөө авсан 4 сарын цалин зэргийг анхан шатны шүүх надтай холбоотой зардлууд биш гэж үзэж гаргаагүй үндэслэлээ ч сайтар тайлбарлаж өгснийг ойлгосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэт нэг талыг барьсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэхүү магадлалын тодорхойлох хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн баримтуудаас аль баримтыг ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангасан, эсхүл хангаагүй тодорхой дүгнэлт хийгээгүй, ...Ч.П нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тодорхой хэмжээний хохирлыг нөхөн төлсөн байгаа хэдий ч түүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан бодитой дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд ахан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэж дурджээ. Гэтэл анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирогч талаас гаргаж өгсөн хохирлын баримтуудыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан зайлшгүй зардлын баримт гэж үзэн шүүгдэгчээс нийт 21,130,389 гаргуулж шийдвэрлэсэн юм. Мөн хохирогчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжилсэн 66,450,465 төгрөгийн сэтгэл санааны болон олох ёстой байсан орлого гэх шаардлагыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Дээрх хохирлын үнийн дүн бүхий зардлыг шүүгдэгч өөрийн зүгээс сайн дураар хүлээн зөвшөөрч, шүүхийн өмнө нөхөн төлснийг дурдах нь зүйтэй. Цаашид гарах хохиролтой холбоотой зардлыг мөн нөхөн төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхээс хохиролтой холбоотой нотлох баримтуудын талаар тодорхой бөгөөд хууль зүйн үндэслэлтэйгээр үнэлэлт дүгнэлт өгсөн атал давж заалдах шатны шүүхээс үгүйсгэж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, зөвтгөх боломжгүй байна. Хэдийгээр давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн ажиллагаа, шүүхийн шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу л шийдвэр магадлал гаргах эрхтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрхтэй байхаар хуульчилсан байна. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлал нь ...анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж тодорхойлж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зөрчиж, хуулиар олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Ч.П-т холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдлыг харахад энэ хэрэгт нэг хүн нас барсан гэдэгт маш их анхаарал хандуулсан. Энэ гэмт хэргийн улмаас болж жолоочоос гадна 12 зорчигч явж байсан. Нийт зорчигчдын нэг нь нас барсан, 2 нь хүнд гэмтэл авч, 9 хүн хөнгөн гэмтэл авсан. Жолоочийн тухайд Замын хөдөлгөөний дүрмийн 21.1, 21.8, 9.1 дэх зүйл заалтыг тус тус зөрчсөн. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд Ч.П-т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор, уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан бодитой дүгнэлт хийгээгүйгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд учраас Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.П, түүний өмгөөлөгч С.Батболд нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ч.П нь 2018 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумаас Идэр сумын чиглэлд өөрийн эзэмшлийн 59-87 УНО улсын дугаартай “Мазда Бонго” загварын тээврийн хэрэгслээр 13 зорчигч тээвэрлэн явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 21.1, 21.8 дугаар зүйлийг зөрчсөний улмаас тус аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт “Жаран нэгийн гарам” гэх газрын орчимд зам тээврийн осол гаргаж, нэг хүний амь насыг хохироон, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 9 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй байна гэж үзлээ.

Хэдийгээр энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэм хэргийн ангилалд багтах боловч мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр байтал анхан шатны шүүх шүүгдэгч Ч.П-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 9 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нархандын зүгээс гэм хор арилаагүй талаар маргаж байхад хор уршиг арилсан хэмээн дүгнэж, уг зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдэд хариуцан арилгахыг үүрэг болгожээ. Мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан ба хүний амь нас, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломж хязгаарлагдмал юм. Энэ тохиолдолд шүүх хохирол төлөгдсөн эсэх талаар дүгнэлт хийхдээ амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн санал, шаардлагыг харгалзан үзэх нь чухал ач холбогдолтой.

Хохирогчийн зүгээс хүний амь нас хохирсон хэргийн хохирол, хор уршиг арилаагүй талаар тайлбар, гомдол гаргаж буй тохиолдолд шүүх үүнийг арилсан гэж үзэх үндэслэлээ тодорхой заах ёстой бөгөөд үндэслэл тодорхойгүй үед хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хуулийг буруу хэрэглэсэн тохиолдолд хамаарна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н нь хор уршиг арилаагүй талаар шүүхэд гомдол гаргасаар байтал шүүх энэ талаар дүгнэлт хийхгүйгээр хорих ялыг тэнсэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөхөөр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь зөв болжээ.

Иймд шүүгдэгч Ч.П болон өмгөөлөгч С.Батболд нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

 

 

1. Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.П болон өмгөөлөгч С.Батболд нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.       

 

              

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН