Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01465

 

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01465

 

 

Д.Ж-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/01480 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Ж-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч УИ ХХК холбогдох

УИ ХХК-ийн МОН стандарт үйл ажиллагааны журам 621-ийн ажлын цагийн нэр томъёоны тайлбар хэсэгт нэг цагийн цалин хөлс гэж ажилтны жилийн үндсэн цалин хөлсийг 2080 хуваасан дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, түүний өмгөөлөгч Б.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УИ ХХК-ийн МОН-Стандарт үйл ажиллагааны журам-621 ажлын цагийн нэр томьёоны тайлбар хэсэгт нэг цагийн цалин хөлс гэж ажилтны жилийн үндсэн цалин хөлсийг 2080 хуваасан дүнг хэлнэ гэж заажээ. Хариуцагч нь одоо ердийн ажлын цагийг тооцохдоо 2080-аар буюу тухайн жилд ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохгүй байгаа ба ингэснээрээ ажил олгогч үндсэн цалингаас бодож тооцогддог нэмэгдэл хөлс багаар тооцон өгч өөрт ашигтай байдлыг бий болгож байна. УИ ХХК нь ОТ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Өмнөговь аймгийн Ханбогд сумын уурхайн сайт дээр ажилладаг. Уурхайн ажлаас шалтгаалан ээлжийн хуваариар 28 хоног ажиллаад 14 хоног амрах хуваарийн дагуу ажилладаг бөгөөд ажлын цагийг нэгтгэн бодох журмыг баримтлан ажлын цагийн болон цалин хөлсний тооцоог хийдэг. Ажил олгогчийн дотоод журамд зааснаар ажил олгогч нь ажилтнуудын 1 жилийн ердийн ажлын цагийг 2080 цагаар тооцож байгаа бөгөөд ингэснээр 1 цагийн үндсэн цалинг ажилтнуудын 1 жилийн үндсэн цалинг 2080 цагт хуваах байдлаар тооцож байна. 2080 цагийг 1 жилд нийт 52 долоо хоног, 1 долоо хоногт ажиллах ажлын цагийг 40 цаг гэж тооцоод 52*40=2080 цаг гэж тооцоолж байгаа. 2080 цагаас илүү ажиллах юм бол 2080 цагаас бага ажиллах юм бол ердийн цаг буюу нэмэлт хөлс байхгүй гээд явдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд зааснаар 1 жилд нийт 15 хоног нийтээр амрах баярын өдөр тохиодог. Энэхүү 15 хоног нь 7 хоногийн бямба, ням гарагийн амралтын өдрүүдтэй адилхан заавал амраах өдөрт тооцогдох юм. Гэтэл ажил олгогч нь ийнхүү ердийн ажлын цагийг тооцохдоо нийтээр амрах баярын өдрүүдийг тооцдоггүй. Улмаар 1 жилийн ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилд нийтээр амрах баярын өдрүүдийг хасч тооцохгүй нийт 2080 цагаар тооцсоноор үндсэн цалингаас бодож тооцогддог нэмэгдэл хөлс багаар тооцогдох үр дагаварт хүргэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг тооцоход 1 цагийн үндсэн цалинг тооцох шаардлагатай байдаг ба ердийн ажлын цагийн хэмжээ их байх тусмаа 1 цагийн үндсэн цалингийн хэмжээ багасч байна. Жишээ нь: 2020 онд 15 нийтээр амрах баярын өдрөөс 12 өдөр нь ажлын өдрүүдэд таарч байгаа бөгөөд 2020 оны нийт ажлын өдөр 260 (52*5=260) өдрөөс 12 өдрийг хасвал 248 өдөр болж байна. Иймд тухайн жилд нийт ажиллах ердийн ажлын цаг 248*8=1984 цаг болж байна. Үүнээс нэг сарын 1 000 000 төгрөгийн үндсэн цалинтай ажилтны 1 цагийн цалинг 2080 цагаар тооцоход 1 цагийн цалин 5769 (1 000 000*12/2080) төгрөг, 1984 цагаар тооцвол 1 цагийн цалин 6048 төгрөг буюу цалингийн зөрүү 279 төгрөг болж тооцогдож байгаа тул нэхэмжлэгчийн шударгаар цалин, хөлс авах эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ард 100 гаруй ажилчид энэ журмаар ажиллаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйл, 73.2 дах заалттай нийцэхгүй буюу хуульд заасан нөхцөлийг дордуулан тогтоосон гэж үзэж байгаа тул УИ ХХК-ийн МОН-Стандарт үйл ажиллагааны журам-621 ажлын цагийн нэр томьёоны тайлбар хэсэгт нэг цагийн цалин хөлс-гэж ажилтны жилийн үндсэн цалин хөлсийг 2080 хуваасан дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо тухайн жилийн ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Оюу толгой ХХК-тай гэрээний үндсэн дээр Оюу толгой төслийн барилгын ажил зөвлөх үйлчилгээ үзүүлээд ажилладаг. Компанийн ажилчид Оюу толгой төслөөс цалинждаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4-т заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр МОН Стандарт үйл ажиллагааны журам 621 ажлын цагийн журмыг баталж, мөрдүүлсээр ирсэн. МОН Стандарт үйл ажиллагааны журам 621 ажлын цагийн журамд зааснаар 1 цагийн хөлсийг ээлжийн хуваариар ажиллах ажилтны бүтэн жилийн цагийг 2080 цагт хувааж нэг цагийн хөлсийг гаргаж ирэхээр зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нийтээр амрах баярын өдөр ажилласан нэмэгдэл, 53 дугаар зүйлд илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан нэмэгдэл зэргийг тусгасан байдаг. Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 20 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нийтээр амрах баярын өдөр ажиллах болон 53 дугаар зүйлд заасан долоо хоногийн амралтын өдөр ажиллана гэдгийг ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтны ээлж амралтын өдөр таарахыг хамааруулахгүй гэж тайлбарласан байдаг. Иймд ажлын өдрүүдээр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг нийт ажлын цагаас хасаж тооцох нь үндэслэлтэй гэж үзэж байна. Компанийн зүгээс ажилтны цалин хөлсийг өөрөө олгодог, хэрвээ нийтээр болон баярын өдөр ажилтны цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгодог. Илүү цагийн цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгодог. Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээнд заасан 1 сарын үндсэн цалин 4 000 000 төгрөг, илүү цагийн нэмэгдэл, нийтээр амрах өдрийн нэмэгдлийг бүрэн олгож байсан. Д.Ж-ийн ажлын тухай журамд заасан зохицуулалтаар ямар ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Д.Ж-ийн хувьд тухайн ажлын цагийн журам болон зохицуулалтаас хамаараад ямар хохирол учирсан нь тодорхойгүй байна. Д.Ж- нь 2016 онд УИ ХХК-д ажилд орсон. Ажилд орсон цагаасаа тухайн журамд заасны дагуу цалин хөлсөө авч байсан. 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажлын цагийн журам болон компанийн дүрэм журамтай танилцаж, энэ талаар баримтад гарын үсэг зурсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу 3 сарын дотор гомдлоо гаргах эрхтэй байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан УИ ХХК-ийн МОН стандарт үйл ажиллагааны журам 621-ийн Ажлын цагийн нэр томьёоны тайлбар хэсэгт нэг цагийн цалин хөлс гэж ажилтны жилийн үндсэн цалин хөлсийг 2080 хуваасан дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах тухай Д.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ажил олгогч нь ердийн ажлын цагийг тооцохдоо 2080 цагаар буюу тухайн жилд ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг ердийн ажлын цагаас хасч тооцохгүй байгаа ба ингэснээр ажилтны үндсэн цалингаас бодож тооцогддог нэмэгдэл хөлс багаар тооцогдож эрх ашиг нь зөрчигдсөн хэвээр байгаа гэж үзнэ. Хариуцагч компанийн МОН Стандарт үйл ажиллагааны журам 621-ийн 6 дугаар бүлэгт Компани нь календарийн жил бүрийн эхэнд нийтээр амрах баярын өдрийн жагсаалтыг гаргана. Компанид ажиллаж буй ажилтнууд нийтээр амрах баярын өдрүүд ажлын өдрүүд ажлын өдөр таарвал нэмэгдэл цалин хөлс авах эрхтэй байна гэж заасан боловч 7 дугаар бүлгийн 4 дэх зүйлд Нэг цагийн цалин хөлс гэж ажилтны жилийн үндсэн цалинг хөлсийг 2080 хуваасан дүнг хэлнэ. Тодруулбал анх маргаан бүхий журмын 6 дугаар бүлэгт нийтээр амрах баярын өдрүүдийг ердийн ажлын цагаас хасч тооцохоор ажилтанд танилцуулсан байдаг боловч тус журмын 7 дугаар бүлгээр ердийн ажлыг цаг 2080 (7 жилд нийт 52 долоо хоног, 1 долоо хоногт ажиллах ажлын цагийг 40 цаг гэж тооцоод 52*40=2080) байна хэмээн заасан нь ажил олгогч өөрөө хоёрдмол утгатай зохицуулалт хийж ойлгомжгүй байдал үүсгэсэн буруутай байдаг. Үүнийг нэхэмжлэгч нь мэдсэн даруйдаа буюу 2020 оны 10 дугаар сард шүүхэд хандсан болохыг тайлбарласан боловч шүүхээс хөөн хэлэлцэх хугацааны асуудал нь хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас болсныг анхаараагүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч дээрх журамтай 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр танилцаж гарын үсэг зурах үедээ эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэл болон тогтоох хэсгийг товч танилцуулахдаа ердийн ажлын цагийг 2080 цагаар тооцож байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг дордуулсан гэж үзэхээр байна. Гэвч нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов гэж танилцуулсан мөртлөө шүүхийн шийдвэрээ бичгээр гаргахдаа ердийн ажлын цагийг 2080 цагаар тооцож байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг дордуулсан талаар нэг ч үг, үсэг бичээгүй байгаа. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан залруулах боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын МОН Стандарт үйл ажиллагааны журмын 621-ийн Ажлын цагийн нэр томьёоны тайлбар хэсэгт нэг цагийн цалин хөлс гэж ажилтны жилийн үндсэн цалин хөлсийг 2080 хуваасан дүнг хэлнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг дордуулсан болохыг тогтоож, ердийн ажлын цагийг тооцохдоо нийтээр амрах баярын өдрүүдийг жилийн нийт ажлын өдрөөс хасч тооцохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хөдөлмөрийн гэрээний дээрх заалт одоо хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа үед нэхэмжлэгч уг нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан гэж үзэж гомдол гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг шүүх тодруулалгүй, уг асуудлаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ж- нь Жэйкобс инженеринг ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, маргааны зүйлд Жэйкобс инженеринг ХХК-ийн МОН Стандарт үйл ажиллагааны журмын холбогдох заалт хамаарч байхад Жэйкобс инженеринг ХХК нь УИ ХХК болж өөрчлөгдсөн талаарх баримт хэрэгт байхгүй тул хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай. / хх-ийн 24-39, 52, 53, 71-75 /

 

Мөн хөдөлмөрийн гэрээний 5.1-д холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ажилтны ажлын хуваарь, ажлын өдрүүдэд болон ажлын цагийг гэрээний хавсралт 1-ийн 2.5, 2.6 дах хэсэгт заасан болно гэж заасан. Гэтэл хэрэгт ажилтны ажлын хуваарь, ажлын өдрүүдэд болон ажлын цагийг зохицуулсан хавсралт 1 хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т ажил, амралтын цагийн горим тогтоох асуудлыг хамтын гэрээгээр зохицуулна гэж заасан ба хамтын гэрээнд маргаж буй асуудлыг хэрхэн зохицуулсан нь тодорхойгүй, хариуцагч талаас энэ талаар тодруулахад хамтын гэрээ байгаа гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна.

Дээрх байдлаар хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан ...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/01480 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ