Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2021/00044 

 

   “АФ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00356 дугаар шийдвэртэй, “АФ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ын нэхэмжлэлтэй, И овогт Т-н Л-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ауез нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 6.000.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “Т.Л нь “АФ” ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2020/Б/06 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулан хиймэл үений протезыг өөрийн эмчилгээнд зориулан хүлээн авч хэрэглэсэн. Гэвч үйлчлүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлгүй хугацаа хэтрүүлсэн. Т.Л нь үүргийн гүйцэтгэл болох 6000000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги болох 5790000 төгрөг, нийт 11790000 төгрөгийн үүрэг гүйцэтгэхээр байгаагаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар багасган Т.Л-гаас гэрээний үүргийн гүйцэтгэлд биелүүлээгүй үүрэг болох нийт 9000000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгчтэй Худалдах худалдан авах гэрээ байгуулж хиймэл үеийн протезыг өөрийн эмчилгээнд зориулан авч хэрэглэсэн. Анх гэрээ байгуулахдаа нийгмийн даатгалын сангаас олгох нөхөн төлбөрөөр төлж болно, энэ тохиолдолд 3 хоногийн хугацаанд багтаан нийлүүлэгчид шилжүүлнэ гэж тохиролцсон боловч энэ асуудлаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандахад эхлээд өөрсдөө мөнгөө төлж эмчилгээ хийлгэсний дараа холбогдох материалуудыг үндэслэн нөхөн төлбөр олгоно гэсэн хариу өгсөн. Халамжаас 3 хоногийн хугацаанд нөхөн төлбөр олгох боломжгүй учир би тухайн үед “АФ” ХХК-д протезын үнийг бэлэн төлж эмчилгээ хийлгээд Өлгийд ирсний дараа аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандаж нөхөн төлбөрийн гаргуулж авсан. Миний эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой бүх материал аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хадгалагдаж байгаа ба өнөөдөр очиж холбогдох хүмүүстэй уулзахад байгууллагын нууцтай холбоотой материал учир хувь хүнд өгөх боломжгүй, шүүхийн байгууллагаас бичиг ирүүлбэл гаргаж өгнө гэсэн. “АФ” ХХК нь бэлнээр төлсөн мөнгийг надаас дахин нэхэмжилж байгаа нь хууль бус учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.   

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00356 дугаар шийдвэрээр .Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-г тус тус баримтлан хариуцагч Ители овогт Тохайн Лгаас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/Б/06 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу авсан хиймэл үений протез /суулгац/-ын үнэ 6000000 төгрөг, алданги 3000000 төгрөг, бүгд 9000000 (есөн сая) төгрөгийг гаргуулан “Ази-Фарма” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралттай, ач холбогдолтой, үнэн зөв , эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь шүүхэд хариуцагчаар татагдсан Т.Л нь “Ази-Фарма” ХХК-д хиймэл үеийн протезийн үнийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тушаасан 6,000,000 төгрөгөөр тухайн үед тус компанид бүрэн төлж барагдуулсан тухай НӨТ-ын баримт өгсөн. Ингэхдээ уг хиймэл протезийн үеийн үнийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуульд зааснаар нийгмийн халамжийн сангаас нөхөн Т.Л-д олгожээ. Энэ тухай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох материалыг хүлээлгэн өгсөн. Иймд бодит байдалд Т.Л нь “Ази-Фарма” ХХК-д төлөх төлбөргүй гэж үзэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх  нотлох баримтыг хуульд заасны дагуу дүгнэсэн боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч АФХХК хариуцагч Т.Л нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2020/Б/06 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулан хариуцагч  хиймэл үений протезыг өөрийн эмчилгээнд зориулан 6.000.000 төгрөгөөр худалдан авч,  хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч АФ ХХК нь гэрээний төлбөр буюу гүйцэтгээгүй үүрэг  6.000.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг гаргуулахаар худалдан авагч Т.Л-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хангаж шийдвэрлэхдээ зохигчдын дунд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг оновчтой зөв тодорхойлоогүй байна.

Талуудын гэрээгээр тодорхой цаг хугацааны дараа үнийг хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой хугацааны туршид үнийг хэсэгчлэн төлөх талаарх тохиролцоо нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний зарим шинжийг агуулж байгаа хэдий ч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтад хамаарахгүй юм. Худалдаж буй эд хөрөнгийн төлбөрийг тухайн эд хөрөнгийн шилжүүлэн авсны дараа төлөх талаарх тохиролцоо бүр зээлээр худалдах-худалдан авах гэрээ болдоггүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг үндэслэвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагчид 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гардуулж, мөн өдөр хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.6, 38.7 дахь хэсгийг тайлбарлаж өгсөн, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа “өөрөө” гаргаж өгөх үүрэгтэйг танилцуулан тайлбарлаж өгсөн байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэлдэгчид бэлнээр төлсөн мөнгийг дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх боловч гомдлын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн, талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөгийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00356 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1,” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 /нэг зуун тавин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.КӨБЕШ

 

                        ШҮҮГЧИД                                                                   Н.ТУЯА

 

                                                                                                С.ӨМИРБЕК