Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 552

 

 

Б.Т-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн өмгөөлөгч Л.Азжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 442 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 778 дугаар магадлалтай, Б.Т-д холбогдох 1905012930313 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Х овогт Б-ийн Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Т-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар 10 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нар хамтран гаргасан гомдолдоо “Шүүгдэгч Б.Т-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэртэй огт маргахгүй бөгөөд зөвхөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч Б.Т-д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, ял хөнгөрүүлэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон бөгөөд заавал хэрэгжүүлэх үүрэг болгосон заалт биш гэсэн боловч шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээтэй дүйцэхүйц хэмжээтэй хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх журамтай юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Т-гийн гэм буруутай үйлдэлд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсхүл хүндрүүлэх нөхцөл байдал байна уу, үгүй юу? гэдгийг харгалзан шалгасны дараа Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хэмжээ дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож нотолсон байх ёстой юм. Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх, түүний үндэслэлийг тогтоох ёстой боловч шүүх үүнийг тогтоогоогүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн”, “өөрийгөө илчилсэн, гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан”, “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд мөн тус хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн гэм бурууг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч, гэмт хэрэг үйлдсэн эд зүйлийг гарган өгсөн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээ авч, цаашид ч авахаа илэрхийлж, гэр бүлдээ хохирол учруулсандаа уучлал гуйж гэмшиж байгаа зэрэг нь түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн юм. Энэхүү хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглээгүйн улмаас шүүгдэгч Б.Т-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж эрүүгийн хариуцлага нь хүндэрсэн гэж үзэхээр байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд төлсөн 1,100,000 төгрөгийг үнэлээгүй хэдий ч өөрийн хүү О.Э-ын эрүүл мэндэд санаа зовнин, шүүхээс тогтоосон төлбөр болох 3,145,250 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг ч барагдуулахаа илэрхийлсээр байтал давж заалдах шатны шүүх хохирол нөхөн төлсөн баримтыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээгүй, уг үндэслэлийг ч заагаагүй. Мөн шүүгдэгч Б.Т нь 2008 оноос эхлэн гялтангийн үрэвсэл өвчнөөр өвчилж хоёр хөлөндөө удаа дараа хагалгаа хийлгэн эмчлүүлж, байнгын эмчилгээ, эмийн хамааралтай байх тул энэхүү хувийн байдлыг харгалзан үзэх шаардлагатай байна. Өмгөөлөгч бид давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дээрх нөхцөл байдал, хуулийн зохицуулалтыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял хөнгөрүүлэх өгөхийг хүссэн агуулгатай гомдол гаргасан боловч уг заалтыг шүүхэд үүрэг хүлээлгэсэн эрх хэмжээ биш гэж тайлбарласан юм. Хэрвээ давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйл, 6.5 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн бол заавал тус хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэлгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг ч хөнгөрүүлэх боломжтой байсан юм. Мөн шүүгдэгч Б.Т-гийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүнийг хүү О.Э-ыг урьд өмнө зодож, хүчирхийлдэггүй байсан бөгөөд харин ч эцгийн үүргээ биелүүлэн эрүүл мэнд, сурлага хүмүүжил, амьдрах орчинг сайжруулахын төлөө асран халамжлан амьдарч байсан болох нь бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Өөрийн төрсөн үрээс ялгаагүй бага насны хүүхдээ зодож хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ харамсаж, хуульд заасан зохих хариуцлагаа хүлээхээ илэрхийлсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал биш юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн хорих ялын санкци нь 5 жилээс 12 жил хүртэл хэмжээтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” байгаа тохиолдолд тухайн тусгай ангид заасан зүйл заалтын хэмжээнд ялыг хүндрүүлж болдог. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заагаагүй үндэслэлээр буюу хувийн байдал, нийгмийн  аюулын шинж чанар, хохирол, хор уршгийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь уг зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн байна. Мөн шүүгдэгч Б.Т-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэргийн шинжүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал тул уг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож болохгүй юм. Иймд шүүгдэгч Б.Т-гийн гэм буруутай үйлдлийн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүгдэгч Б.Т-д хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээг харгалзан 10 жилийн хорих ял оногдуулсан атлаа хорих ялын дэглэмийг шийдвэрлэхдээ мөн л дээрх нөхцөл байдлыг харгалзаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь дээрх нөхцөл байдлаар Б.Т-гийн хорих ялыг хүндрүүлсэн учир түүний хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны хорих ялын дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйл, 6.5 дугаар зүйлийг хэрэглээгүй, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал огт байхгүй байхад тухайн гэмт хэргийн дээд ялтай дүйцэхүйц хэмжээтэй хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.3 дахь хэсгийг тус тус зөрчиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Т-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хүлээж аваагүй үндэслэлээ магадлалдаа дурдаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа бөгөөд энэ нь нотлогдсон. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх үндэслэлтэй. Гэтэл энэ нөхцөлүүд байсаар байхад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх харгалзаж үзээгүй. Үүнийг тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг  шүүх заавал хэрэглэх үүрэгтэй заалт биш гэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хорих ялын санкци нь 5-12 жил байдаг. Б.Т-гийн үйлдэлд хөнгөрүүлэх нөхцөл байдал байхад хэрэглээгүй. Ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж ял хүндрүүлж шүүгдэгчид хорих ял оногдуулсан. Тиймээс шүүгдэгчид холбогдох хэрэгт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул хамгийн багадаа 5 жил хүртэл хорих ял оногдуулах бүрэн боломжтой. Иймд Б.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг харгалзан ялын хугацааг өөрчилж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Л.Азжаргал хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал зөв зүйтэй гарсан. Хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэсэн. Уг зүйл анги 5-12 жилийн хорих ялтай. Үүнээс 10 жилийн хорих ялыг өгсөн нь хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг оногдуулсан гэж үзэж байна. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Уг гэмт хэрэг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн. Бага насны хохирогч О.Э-г 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хохирогчоор тогтоож байцаасан. Яагаад гэвэл хохирогч нь шинжээчийн дүгнэлтээр хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний дээд хэсгийн чацархайн няцралт, нарийн гэдэсний задрал урагдал, зүүн ясны далд хугарал, тархи доргилт, гуя баруун өгзөгний цус хуралт гэсэн гэмтэлтэй байсан учраас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр буюу яллах дүгнэлт үйлдэхээс 8 хоногийн өмнө хохирогчоор тогтоож байцаасан. 6 настай хохирогчийн ах нь хэлэхдээ дүүг шугамаар хамрын дээд талыг зүсээд, тэлээгээр бөгс рүү нь ороолгоод, модон хусуураар гэдэс рүү нь цохисон гэдэг. Бүрэн зэвсэглэж 4 настай хүүхдийг зодсон байгаа. Энэ гэмтлийн улмаас 23 кг жинтэй байсан хүүхэд 11 кг болж 9 сартай хүүхэдтэй ижил жинтэй болсон гэж хохирогчийн эх хэлдэг. Хохирогчийн зүрх байнга зогсож, тасалдаж байсан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12-127 тоотод оршин суух гэртээ 4 настай эрэгтэй О.Э-г биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Т-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн тохиолдолд 5-12 жил хүртэл хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүгдэгч Б.Т-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар оногдуулсан 10 жил хорих ял нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршигт тохирсон  байх шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж хуульчилсны дагуу анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-гийн хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

 

 

 

 

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 442 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 778 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН