Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 678

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Д.Оюумаа, Д.Халиуна, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төвшинзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: “З” ХХК 

Хаяг: Баянзүрх дүүрэг, Жуковын гудамж, ******* байр 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3 

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын хайгуулын *******Х тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах тухай “Засаг Чандмань” ХХК-ийн хүсэлтийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйл ажиллагааг хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, Ашигт малтмалын хайгуулын *******Х тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас шүүхэд маргаантай байсан хугацааг хасч тооцон тусгай зөвшөөрлийг “Засаг Чандмань” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэстэст даалгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “З” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* би өөрт олгогдсон бүрэн эрхийг үндэслэн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. 

Үүнд: “З” ХХК нь 2015 оны 4 дүгээр сард Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын газрын хууль бус эс үйлдэхүйн улмаас Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь дуусгавар болсон болохыг тогтоож, 2013 оны 8 сарын 14-ны өдөр дуусгавар болсон Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу сэргээж, тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай” хэмээн өөрчилж байсан билээ.

Хариуцагчаас нотлох баримтаар гаргуулсан Ашигт малтмалын даргын 2012 оны 01 сарын 30-ны өдрийн 69 дүгээр “Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай” тушаалтай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр “Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай” тушаалын Нэгд: “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн эзэмшлийн талбайд Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгох, цуцлах, хүчингүй болгох буюу тусгай зөвшөөрлийн бүртгэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласантай холбоотойгоор шүүхийн журмаар болон холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхээр шийдвэрлэсэн тохиолдолд, төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулах эрх, үүргийг зогсоосон үеэс эрхийг сэргээх хүртэлх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалт, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 79.7 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн нийт хүчин төгөлдөр байх хугацаанаас хасч тусгай зөвшөөрлийн бүртгэлийг хөтөлсүгэй” хэмээн заасан байна. Нэхэмжлэгч “Засаг Чандмань” ХХК нь “О*******” ХХК-аас Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахаар 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээ, мэдээлэл худалдах, худалдан авах тухай” 64 тоот гэрээ байгуулан Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах тухай хүсэлтээ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан юм.

Гэтэл Кадастрын хэлтсээс манай өргөдлийг бичиг баримтын бүрдэл дутуу хэмээн хүлээн авахаас татгалзсан тул нэмэлт баримт материалыг бүрдүүлэн дахин хүсэлтээ өгөхөд 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд 2012 оны 12 сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох бусдад шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл хориглосон гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас мөн татгалзсан болно.

“З” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дээрх хууль бус эс үйлдэхүйг эс зөвшөөрч, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаар шийдвэрээрээ “З” ХХК-ийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус компанийн гаргасан ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмалын кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон юм.

Ингээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруйд 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******т хандан “...Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 258 тоот шийдвэрээр “Засаг Чандмань” ХХК-ийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн “Засаг Чандмань” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх шийдвэр гарсан бөгөөд шилжүүлээгүй байх хугацаанд уг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дуусч байгаа тул шилжүүлэх болон сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх” талаар хүсэлт гаргасан.

Гэтэл Ашигт малтмалын кадастрын хэлтсээс 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 4716 тоот албан бичгээр “...*******Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2004 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр олгосон байх бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хуулиар олгогдсон 9 жилийн хугацаа дуусгавар болсон ба дээрх тусгай зөвшөөрлийн эзэмшигчээр “Оюу Толгой” ХХК бүртгэгдсэн. Иймд “Засаг Чандмань” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн “Оюу Толгой” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүйг энэхүү албан бичгээр уламжилъя” гэх хариуг ирүүлсэн болно.

Дээрх шийдвэрийг нь эс зөвшөөрч шат, шатны байгууллагад хүсэлт, гомдлоо гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авахаар хүсэлт гаргасныг “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, тусгай зөвшөөрөл нь “О*******” ХХК- ийн нэр дээр бүртгэлтэй байна” гэх үндэслэл зааж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр өнөөдрийг хүрсэн юм.

Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 69 дүгээр “Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай” тушаалын нэгд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх асуудлаар шүүхэд маргаантай байсан нийт хугацааг буюу тусгай зөвшөөрлийг хууль бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан үеэс Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 258 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг хүртэлх хугацааг тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанаас хасч тооцон бүртгэл хийх ёстой байтал Ашигт малтмалын газар нь энэхүү хугацааг хасч тооцолгүй “Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар тусгай зөвшөөрлийн хуулиар олгогдсон 9 жилийн хугацаа нь 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон” хэмээн уг тусгай зөвшөөрлийг “З ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхээс татгалзаж буй үйл ажиллагаа нь хууль, Ашигт малтмалын газрын даргын тушаалыг зөрчсөн гэх үндэслэлтэй.

Иймд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 69 дүгээр тушаалын дагуу ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас шүүхэд маргаантай байсан хугацааг хасч тооцон бүртгэл хийх ёстой байсан боловч уг журмыг хэрэглэлгүй “З” ХХК-ийн хүсэлтийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 69 дүгээр тушаалын дагуу Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас шүүхэд маргаантай байсан хугацааг хасч тооцон уг тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Ашигт малтмалын газарт даалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “З” ХХК нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Нэхэмжлэгч “З” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрчилсөн шаардлага бүхий нэхэмжлэлээ дэмжиж байгаа болно.

Харин уг нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаа найруулгын хувьд дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

“Ашигт малтмалын хайгуулын *******Х тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах тухай “З” ХХК-ийн хүсэлтийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйл ажиллагаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох”

Үндэслэл: “З” ХХК нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр *******Х тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтийг Ашигт малтмалын газар хүлээж авсан 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр *******Х тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан болно. Гэтэл Кадастрын хэлтсээс 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 6-4716 дугаар албан бичгээр *******Х тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон байна гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийн шилжилтийг бүртгээгүй. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 49.5-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.4-т заасан өргөдлийг хүлээн авмагц бүртгэж, дараах зүйлийг тодруулна: 49.5.2-т шилжүүлэх тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байгаа эсэх”, 49.6-д “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.5-д заасан ажиллагааг өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 5 өдөрт багтаан гүйцэтгэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасныг зөрчиж буюу хүсэлт гаргах үед хүчин төгөлдөр байсан тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлээгүй. 

Иргэний хуулийн 79.1-д “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах” гэх заалтыг төсөөтэй хэрэглэх боломжтой байсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрчлөгдсөнөөр тусгай зөвшөөрлийг шинээр олж авсан этгээдэд эрх, үүрэг үүсэх тул тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа нь мөн шинээр тоологдоно. Өөрөөр хэлбэл шинэ эзэмшигчид хэдэн жилээр олгосон тэр хугацаанд хүчинтэй байна. 

Иймд хүсэлт гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд харгалзан үзэх ёстой учир өмнөх эзэмшигч ямар хугацааны турш уг зөвшөөрлийг эзэмшиж байсан нь төдийлөн ач холбогдолгүй. Харин өргөдөл гаргах үед тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх шаардлага тавигдахаар байна. Мөн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай” 69 тоот тушаалын дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах хүсэлт анх гаргасан 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс уг хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоосон 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 258 тоот шийдвэр хүчин төгөлдөр болсон 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 1 жил 6 сар 2 хоног буюу 18 сар 2 хоног тасалдсан.

Үүнийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хасч тооцох буюу хугацаа дуусах өдрөөс хойш 18 сар 2 хоногийг нэмж тоолоход 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүчинтэй байх боломжтой байна.

“З” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсоноор болон “О*******” ХХК болон “З” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээ, мэдээлэл худалдах, худалдан авах тухай гэрээг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 49.2, 49.6.1 дэх заалтын дагуу *******Х тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэх, ингэхдээ Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 69 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай” журмын дагуу тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас хасч тооцон бүртгэхийг шаардах эрх үүссэн тул “Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас шүүхэд маргаантай байсан хугацааг хасч тооцон тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах 2 дахь шаардлагыг гаргасан болно.

Иймд Ашигт малтмалын хайгуулын *******Х тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах тухай “З” ХХК-ийн хүсэлтийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйл ажиллагаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож өгнө үү.

Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас шүүхэд маргаантай байсан хугацааг хасч тооцон тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах тухай “З” ХХК-ийн хүсэлтийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйл ажиллагаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас шүүхэд маргаантай байсан хугацааг хасч тооцон тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэснийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 49.1-49.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, шилжүүлж байгаа тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичиг, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 38.1.8, 39.1.9-д заасан дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт, хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тухай баримт, үйлчилгээний хөлс төлсөн баримтыг хавсарган өгөхөөр хуульчилсан байна.

Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн шилжүүлэг хариуцсан мэргэжилтэн “З” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул өргөдөл гаргасан этгээдээс “О*******” ХХК-ийн захирал М*******ад тусгай зөвшөөрөл шилжүүлэх эрх олгосон итгэмжлэл эсвэл тус компанийн захирал мөн гэсэн тодорхойлолт, тусгай зөвшөөрлийн хавсралтын хөдөлгөөнийг нөхөн бичүүлэх , “О*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг сунгуулж авчрахыг хүсэн, өргөдлийг хүлээн авалгүйгээр буцаасан байна.

“О*******” ХХК-ийн нэрээр бүртгэлтэй байсан ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байх хугацаанд “О*******” ХХК, “З” ХХК-аас Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу баримт бичгийг бүрдүүлж ирүүлээгүй байна.

Иймд Ашигт малтмалын газрын хууль бус эс үйлдэхүйн улмаас тусгай зөвшөөрөл шилжээгүй, дуусгавар болсон гэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёр: Дорноговь аймгийн М******* сумын нутагт байрлах “Ж*******” нэртэй 17930.77 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх “Ай*******” ХХК-д 2004 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр олгосон байна.

“О*******” ХХК-ийн нэрээр бүртгэлтэй байсан ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн 9 жилийн хугацаа 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасны дагуу дуусгавар болсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах харилцааг зохицуулдаг.

Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд “О*******” ХХК-ийн нэрээр бүртгэлтэй байсан ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн 9 жилийн хугацаа 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон байх тул уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу шилжүүлэх боломжгүй юм. Иймд “З” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэгч “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Засаг Чандмань” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад хандаж “...*******Х тоот тусгай зөвшөөрлийг “З” ХХК-д шилжүүлэхийг хариуцагчид даалгасан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаар шийдвэр гарсан, ...тусгай зөвшөөрөл шилжээгүй байх хугацаанд уг тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс дуусч байгаа тул шилжүүлэх болон сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье” гэх хүсэлтийг 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 34 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 6-4716 тоот албан бичгээр “*******Х тусгай зөвшөөрлийг анх 2004 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр олгосон бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хуулиар олгогдсон 9 дэх жилийн хугацаа дуусгавар болсон ба дээрх тусгай зөвшөөрлийн эзэмшигчээр “О*******” ХХК бүртгэгдсэн байна. Иймд ...“О*******” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүйг энэхүү албан бичгээр уламжилъя” гэж дээрх хүсэлтийн хариуг өгчээ.

Мөн нэхэмжлэгч “З” ХХК 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 24 тоот албан бичгээр “...2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, бусдад шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл хориглосон шийдвэр цуцлагдаж хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхэлсэн тул “*******Х дугаартай тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлж хугацааг тооцож өгөх” тухай хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргасан.

Уг хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй талаарх хариуг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 6/165 тоот албан бичгээр, мөн Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/886 тоот албан бичгээр тус тус нэхэмжлэгч “З” ХХК-д хүргүүлсэн байна. 

“З” ХХК-ийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус компанийн гаргасан ашигт малтмалын хайгуулын ХY-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авсан *******Х тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн нэр дээр бүртгэхгүй байгаа, мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу үйлдэл хийхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус болох нь хэрэгт авагдсан нотлох баримт буюу  Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаар шийдвэр, “З” ХХК-ийн 6 дугаар сарын 30-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл, тус өргөдөл, хүсэлтүүдэд өгсөн хариуцагчийн хариу албан бичгүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Тодруулбал, “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээ, мэдээлэл худалдах, худалдан авах тухай” 64 тоот гэрээг 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “З” ХХК нь “О*******” ХХК-тай байгуулсан. Уг гэрээний зүйл болох ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг өөрийн компанийн эзэмшилд шилжүүлэн бүртгэх хүсэлтийг 2012 оны 12 дугаар сараас хойш хууль, журмын дагуу шийдвэрлээгүй, уг үйлдлийг хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн биелэлтийн хүрээнд буюу 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс хойших хугацаанд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ шийдвэрлэхгүй байгаа нь нэхэмжлэгч “З” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. Хариуцагч төрийн захиргааны байгууллага нь “З” ХХК-ийн гаргасан хүсэлтийг удаа дараа хүлээн авахаас татгалзаж, хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон холбогдох бусад баримтуудаар нотлогдож байна. 

“З” ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаар шийдвэрээр шийдвэрлүүлсэн бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан өдрөөс хойш 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшээгүй, уг тусгай зөвшөөрөл нь “З” ХХК-ийн нэр дээр бүртгэгдээгүйгээс дүгнэхэд энэхүү тусгай зөвшөөрлийн талаар нэхэмжлэгч шүүхэд маргасан хугацааг тусгай зөвшөөрлийн 9 жилийн хугацаанаас хасч тооцох нь зүйтэй юм. 

Нэхэмжлэгчийн “...Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай” 69 тоот тушаалын дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах хүсэлт анх гаргасан 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс уг хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоосон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 258 тоот шийдвэр хүчин төгөлдөр болсон 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 1 жил 6 сар 2 хоног буюу 18 сар 2 хоног тасалдсан...” гэх тайлбар үндэслэлтэй байх тул энэ хугацааг ашигт малтмалын хайгуулын *******Х тусгай зөвшөөрлийн 9 жилийн хугацаанаас хасч тооцох нь зүйтэй байна. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...“З” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул өргөдөл гаргасан этгээдээс “О*******” ХХК-ийн захирал М*******ад тусгай зөвшөөрөл шилжүүлэх эрх олгосон итгэмжлэл эсвэл тус компанийн захирал мөн гэсэн тодорхойлолт, тусгай зөвшөөрлийн хавсралтын хөдөлгөөнийг нөхөн бичүүлэх, “О*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг сунгуулж авчрахыг хүсэн, өргөдлийг хүлээн авалгүйгээр буцаасан..., Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байх хугацаанд “О*******” ХХК, “З” ХХК-аас Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу баримт бичгийг бүрдүүлж ирүүлээгүй...” гэжээ. Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаар шийдвэрт дээрх үйл баримт нь тус шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...энэхүү баримтын бүрдэл нь “З” ХХК-ийг 2011 оны 12 дугаар сар, 2012 оны 9, 10 дугаар сард тусгай зөвшөөрөл шилжүүлэн авах хүсэлтээ гаргах үед дутуу байсан гэж үзэхээр байгаа боловч тус компаниас захиргааны байгууллагад нэмж гаргаснаар хуульд заасан материал бүрдсэн байх тул энэхүү материалыг хүлээн авсны дараа хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй нь ийнхүү тогтоогдлоо” гэж дүгнэгдсэнийг дурдах нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч “З” ХХК дээрх тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж, шаардагдах баримт бичгийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д заасны дагуу хавсаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зүгээс мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д “...энэ хуулийн 49.5-д заасан ажиллагааг өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 5 өдөрт багтаан гүйцэтгэх дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу шийдвэрлэхээр байжээ. 

Иймд нэхэмжлэгчийн “...Ашигт малтмалын газрын хууль бус эс үйлдэхүйн улмаас тусгай зөвшөөрөл шилжээгүй, дуусгавар болсон...” гэх тайлбар нь үндэслэлтэй, энэ нь “З” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байна гэж шүүх дүгнэв. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 49.6, 49.6.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн “Ашигт малтмалын хайгуулын *******Х тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах” тухай “З” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй байсан хугацаанаас шүүхэд маргаантай байсан хугацаа буюу 18 сар 2 хоногийг хасч тооцон тусгай зөвшөөрлийг “З” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч “З” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧИД                      Д.ОЮУМАА

                                         Д.ХАЛИУНА