Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 214/МА2021/00012

 

 

Булган аймгийн Прокурорын газрын

нэхэмжлэлтэй З.Батзоригт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00303 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Булган аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч З.Батзоригт холбогдох,

Хохирол 8.973.093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сувдаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сувдаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Булган сумын ** бүрэн дунд сургуулийн захирал ажилтай Лханаажавын Гэрэлтуяаг Булган аймгийн Засаг дарга ажилтай З.Батзориг нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн чөлөөлж шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг Л.Гэрэлтуяа эс зөвшөөрч Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаартай шийдвэрээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Лханаажавын Гэрэлтуяаг Булган аймгийн Булган сумын ** сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3.696.234 /Гурван сая зургаан зуун ерэн зургаан мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Л.Гэрэлтуяад олгохоор шийдвэрлэжээ.

Шүүхийн дээрх шийдвэрт заасныг үндэслэн Л.Гэрэлтуяаг Булган аймгийн Булган сумын ** сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 8.973.093 /найман есөн зуун далан гурван мянга ерэн гурван/ төгрөгийг Булган сумын Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн ******** дугаартай данснаас Л.Гэрэлтуяагийн Хаан банкин дахь ******** тоот дансанд хийсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ" гэж заасан тул төсвөөс гарсан мөнгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах нь зүйтэй.

Иймд эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд бодит хохирол учирсан гэж үзэн Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн хүсэлт болон өөрийн санаачилгаар Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор Прокурорын нэхэмжлэл гаргаж байна.

Л.Гэрэлтуяа нь хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3.696.234 төгрөгийг хариуцагчаас гарган төлүүлэхээр заасан байх ба Булган аймгийн Булган сумын ** сургуулийн ******* дугаартай данснаас Л.Гэрэлтуяагийн Хаан банкин дахь ******* тоот дансанд хийсэн 8.973.093 төгрөгийг Булган аймгийн Булган сумын иргэн З.Батзоригоос гаргуулж, Булган аймгийн Булган сумын Нэгдүгээр сургуулийн ********* дугаартай дансанд оруулж өгнө үү.

Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сувдаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хууль бус шийдвэрийн улмаас Булган аймгийн Булган сумын ** дүгээр сургуулийн захирал Л.Гэрэлтуяа ажлаас чөлөөлөгдсөн. Энэ нь үндэслэлгүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон. Уг хэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байх үед ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 3.696.234 төгрөг байсан бол дараагийн шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх, түүнийг эгүүлэн албан тушаалд нь томилох хүртэл хугацаанд тооцогдсон мөнгөн дүн 8.973.093 төгрөг болсон. Булган сумын 1 дүгээр сургууль бол төрийн байгууллага. Түүнд төсөвлөгдсөн цалингийн сангаас нөхөн олговор буцаан олгогдсон баримт хэрэгт хавсаргагдсан. Тийм учраас Төрийн сан, Татварын хэлтэст хохирлын төлбөрийг гаргаж өгнө гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Хаана хохирол учирсан байна түүнээс нэхэмжилнэ. Мөн хариуцагчийн тайлбараар Прокурорын байгууллагыг уг эрх ашгийг төлөөлөх ёсгүй гэж байна. Прокурорын байгууллагын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд Прокурорын байгууллага төрийг төлөөлж оролцохоор хуульчилсан байдаг. Үүний дагуу дээд шатны Прокурорын байгууллагаас шүүх хуралдаанд төлөөлж оролцох Прокурорыг томилсон албан бичиг ирсэн. Үүнийг төлөөлөл гэж ойлгож болно. Мөн хохирол барагдуулсан мөнгө нь төсөвт суусан байсан тул төрд хохирол учраагүй, болгоомжгүй хэлбэрээр хийгдсэн үйлдэл гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар ажлаас чөлөөлөх үндэслэл тодорхой байна. Хөдөлмөрийн насны дээд хязгаар 60 нас байхаар заасан ба 60 нас хүртэл ажиллах боломжтой. Бусад нөхцөлд өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөх боломжтой. Гэвч өөрийн хүсэлтгүйгээр ажлаас чөлөөлснөөр алдаа гарсан байна гэв.

Хариуцагч З.Батзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Прокурорын газраас гаргасан 8.973.093 төгрөг гаргуулж, Булган аймгийн Булган сумын ** дүгээр сургуулийн ******** дансанд оруулах агуулгатай шаардлага бүхий нэхэмжлэлийг миний бие эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.Үүнд:

1.Прокурорын нэхэмжлэл гаргах эрхийн талаар:

Булган аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд бодит хохирол учирсан гэж үзэж “Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэл гаргажээ.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн 2021 оны 04 дүгээр 01-ний өдрийн 26 дугаар албан бичигт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу манай байгууллагыг төлөөлж зохигчийн төлөөлөгчөөр оролцож өгнө үү” гэжээ.

Тэгэхээр энэ албан бичиг, прокурорын нэхэмжлэл, доод шатны прокурорт олгосон итгэмжлэл /албан бичиг/ зэрэгт дурдсан үндэслэл, тайлбараас үзэхэд аймгийн Прокурорын газар нь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албыг төлөөлж нэхэмжлэл гаргаж байна уу, эсхүл төрийг төлөөлж өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж байна уу гэдэг нь зөрчилтэй байгааг шүүх юуны өмнө анхаарч үзэхийг хүсье.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д “... хохирлыг нөхөн төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж зааснаас үзвэл Төрийн аудитын байгууллага нэхэмжлэл гаргах /аймгийн Засаг даргын дэргэдэх СХАА биш/. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “... гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаас үзвэл Нэгдүгээр сургууль нэхэмжлэл гаргах, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллага ... төрд учирсан хохирлын төлөлтөд хяналт тавьж, ... төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаас үзвэл Төрийн албаны зөвлөл нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар тус тус заасан.

Өөрөөр хэлбэл ажилтны ажилгүй байсан хугацаанд харгалзах цалинг хохирол гэж үзвэл хэнд учирсан, ямар эх үүсвэрээр төлж барагдуулсан зэргээс хамаараад шаардах эрх нь өөр өөр этгээдэд байхаар хуулиудад нарийвчлан зохицуулсан байна.

Гэтэл прокурорын байгууллага нь Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллын хүсэлтээр, ... иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, ... гаргана" гэж ерөнхий зохицуулалтыг баримтлан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн  103.3-д заасан төрийн аудитын байгууллага биш.

2.Төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлнэ” гэх асуудалд

Прокурор нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэл гаргах үндэслэлээ. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэсэн заалтад холбогдуулжээ.

Эдгээр хуулийн заалтаар “төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр буцаан төлүүлэх”-д /шийдвэр гаргасан этгээд нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан, б/ гэм буруу ба хохирлын хэмжээ нь шүүхээр тогтоогдсон байх, в/ гэм хорыг арилгасан байгууллага хохирлыг шаардах нөхцөлүүд бүрдсэн байх шаардлагатай.

Харин миний хувьд Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэж, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Булган сумын ** дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Л.Гэрэлтуяаг ажлаас нь чөлөөлж байсан.

Ингэхдээ түүний ажлыг шалгасан ажлын хэсгийн илтгэх хуудас болон түүний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс судалж танилцуулсан хууль зүйн үндэслэлийг баримталж, шийдвэр гаргасан /энэ талаар захирамжийн хяналтын дагалдах хуудас нотолно/ учраас шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр шийдвэр гаргаж гэм хор учруулсан гэж үзэхгүй байна.

Өөрөөр хэлбэл захирамжид баримтласан хуулийн зүйл заалтыг Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс мэргэжилтэн судлан боловсруулж, захирамжийн төсөл боловсруулдаг журамтай. Мөн уг захирамжийг гаргахад оролцсон, хууль зүйн үндэслэлийг боловсруулсан төрийн албан хаагчид ч хариуцлага хүлээх зарчмыг Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-29.4 дэх хэсэгт заасныг анхаарна уу.

3.Нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийн “ТОГТООХ нь” 1-д "... 3.696.264 төгрөгийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Г.Гэрэлтуяад олгосугай” гэсэн байтал нэхэмжлэлд “8.973.093 төгрөг” гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрт “Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 3.696.264 төгрөг гаргуулах”-аар заасан бол прокурор “Булган сумын ** сургуулийн дансанд оруулах”-ыг шаардсан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл Л.Гэрэлтуяагийн ажилгүй байсан хугацааны цалинд олгосон 3.696.264 төгрөгийг аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/79, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/86 дугаар захирамжаар аймгийн  ** сургуулийн  төсвөөс олгосон болох нь тус сургуулийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн төлбөрийн хүсэлт гэхдээ үнийн дүнг захирамжаас зөрүүтэй бичсэнээр нотлогдоно.

Л.Гэрэлтуяад дээрх байдлаар олгосон цалинг прокурор төрд учирсан хохирол гэж тодорхойлохдоо аймгийн Засаг даргын Тамгын газар болон сургуулийн алиных нь төсвийн, ямар зардлаар гарсан болох, тэдгээр байгууллагын төсөвт дээрх үнийн дүнгээр авлага үүсгэсэн эсэхийг тодорхойлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй.

Учир нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй ба Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Төрийн сангийн үйл ажиллагааны журамд зааснаас төсвийн байгууллагын зарлагын гүйлгээг холбогдох зориулалт, эдийн засгийн ангиллаар, байгууллагын баталгаат гарын үсгээр шилжүүлдэг.

Хоёр шатны шүүхийн шийдвэр, аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/79 дугаартай захирамжийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/86 дугаар захирамжийн дагуу олгосон мөнгө төсөвт нэгэнт батлагдсан мөнгө байсан учраас төсвийн шууд захирагч нь түүний дагуу зарцуулсан гэж ойлгож байна.

Өөрөөр хэлбэл дээрх мөнгийг олгохын тулд төсөвт тодотгол хийх, нэмэлт зардал гаргах, өр авлага үүсгэх зэргээр зориулалтын бус төсөв зарцуулаагүй тул төрд учирсан хохирол гэж үзэхгүй байна.

Мөн үүнийг төрд учирсан хохирол гэж үзэж буй бол татварын хэлтсийн, эсхүл орон нутгийн холбогдох Төрийн сангийн дансанд шилжүүлэх ёстой байтал “Булган сумын ** сургуулийн дансанд олгох” гэж дурдсан нь “төрийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, төрд учирсан хохирлыг нэхэмжлэх” эрх, зарчимд нийцээгүй үйлдэл болжээ гэж үзэж байна.

Иймд Булган аймгийн Прокурорын газрын нэхэмжлэл гаргасныг, гаргасан нэхэмжлэлийг тус тус зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00303 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч З.Батзоригоос гэм хорын хохиролд 3.696.234 /гурван сая зургаан зуун ерэн зургаан мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Булган сумын ** сургуульд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.276.859 /таван сая хоёр зуун далан зургаан мянга найман зуун тавин ес/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 74.089 /далан дөрвөн мянга наян ес/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00303 дугаартай шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн зарим хэсгийг эс зөвшөөрч, доорх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргав.

Анхан шатны шүүхээс, дээрх хэргийг шийдвэрлэхдээ “... Прокурорын газар нь төрийн байгууллагын хүсэлтийг үндэслэн шүүхэд нэхэмжпэл гаргасныг буруутгах боломжгүй, ... Засаг дарга үндэслэлгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэхчлэн хариуцагчийн татгалзлын үндэслэлийн зарим хэсэгт л дүгнэлт хийж /заримд нь эрх зүйн дүгнэлт, тайлбар өгөөгүй/, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, З.Батзоригоос 3.696.234 төгрөгийг гаргуулж Булган аймгийн Булган сумын ** дүгээр сургуульд олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй ба хариуцагчийн татгалзлын үндэслэл тус бүрт хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Тухайлбал, шүүхийн шийдвэрт хийсэн "... Л.Гэрэлтуяагийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг төсвөөс төлсөн үйл баримт нь албан тушаалтны гаргасан захиргааны актын улмаас учирсан хохирол байна”, "... шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 3.696.234 төгрөгийг гаргуулан ... ** дүгээр сургуульд олгох нь зүйтэй” гэх хууль зүйн агуулгын зөрчилтэй дүгнэлтийг, мөн шийдвэрт дурдсан “Засаг даргын дэргэдэх ажлын албыг буруутай гэж үзэх боломжгүй, Засаг дарга гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээнэ, ... төрд учирсан хохирлыг арилгах үүрэгтэй” гэх эрх зүйн дүгнэлттэй харьцуулж авч үзвэл, аймгийн Прокурорын газар нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн учраас нэхэмжлэл гаргасан уу, эсхүл нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан уу гэдгийг тодруулж, дүгнээгүй; Булган сумын ** дүгээр сургуулийг төр/төрийн байгууллага гэж үзсэн үндэслэлээ илэрхийлээгүй; шүүхийн шийдвэрээр тогтоогдсон дүн /төрд буцаан олговол зохих/ хэд болохыг үндэслэл бүхий дүгнээгүй гэж үзэхээр байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 103.1-д “захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо ... буруутай этгээдээс нэхэмжпэх” зарчмыг тусгасан бөгөөд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс Л.Гэрэлтуяад олгосон олговор нь Булган аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, эсхүл Булган сумын ** дүгээр сургуулийн алинд нь учирсан хохирол болохыг нэхэмжпэгч баримтаар хангалттай нотлоогүйгээс гадна сургуулийг захиргааны байгууллага гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь ч эргэлзээтэй юм.

Нэхэмжпэгчийн зүгээс “.. нөхөн олговрыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулж үндэслэлгүй шийдвэр гаргаж төрд хохирол учруулсан” гэж, хариуцагчаас “төсвийг зориулалтын бусаар зарцуулаагүй, хохирол учраагүй” гэж тус тус маргаж байхад ** дүгээр сургууль гэх төсвийн байгууллагыг захиргааны байгууллага гэж эрх зүйн хэм хэмжээг тайлбарлахгүйгээр шууд дүгнэснээс гадна төрд учирсан хохирлыг Төрийн сан, эсхүл аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн дансанд бус дурын төсвийн байгууллагын дансанд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, аль төрийн байгууллагад хохирол учирсныг нотлоогүй болохын илрэл юм.

Захиргааны ерөнхий хуульд заасан “захиргааны байгууллага”, Төсвийн тухай хуульд заасан “төсвийн байгууллага” гэх ойлголтууд нь агуулга ба зохицуулалтын хувьд ялгаатай бөгөөд ерөнхий боловсролын сургууль нь энэ харилцаанд захиргааны байгууллага болохгүй.

Прокурорын газар нь нэхэмжлэл гаргах, улмаар төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох прокурорын ажиллагаа нь Прокурорын тухай хуульд заасны дагуу үүсч болох ч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийг төлөөлөх харилцаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1,35.2 36.2-т заасан шаардлагын дагуу итгэмжлэлээр үүсэх учиртай. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг “томилолт”-оор оролцуулж байгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байгааг ч дурдах нь зүйтэй болов уу.

Нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын хүрээнд хариуцагчаас “Иргэний хуулийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103.3-д заасан шийдвэр гаргасан албан тушаалтны гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй” гэж маргаж байхад анхан шатны шүүхээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсгийг баримталж, “хариуцагч гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээнэ” гэж татгалзлын үндэслэлд дурдсан эрх зүйн хэм хэмжээнд тайлбар хийлгүйгээр дүгнэсэн нь “шийдвэр үндэслэл бүхий байх” хуулийн зарчимд үл нийцнэ.

Өөрөө хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 103.1, Иргэний хуулийн 498.5-д заасан “төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр буцаан төлүүлэх” зохицуулалт нь шийдвэр гаргасан этгээдийн гэм буруу ба хохирлын хэмжээ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх, шууд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан байх, гэм хорыг арилгасан байгууллага хохирлоо нэхэмжпэх гэсэн үндсэн нөхцлүүдийг буруу тайлбарлаж, бүрэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 гэсэн энэ маргаанд хамааралгүй заалтыг, тайлбарлахгүйгээр шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт барим7талж хэрэглэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасны дагуу Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00303 дугаартай шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтын "... хариуцагч З.Батзоригоос гэм хорын хохиролд 3.696.234 төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуульд олгож,” гэснийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйллийн 116.2-т заасан шаардлагыг хангаж чадаагүй байна.

Булган аймаг дахь прокурорын газар нь хариуцагч З.Батзоригт холбогдуулан гэм хорын хохирол 8.9736.093 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч З.Батзориг миний буруутай үйлдлээс болж төрд ямар нэгэн хохирол учраагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

 Хариуцагч З.Батзориг нь Булган аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа Булган сумын ** сургуулийн захирал Л.Гэрэлтуяаг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 17-ний өдрийн Б/11 дугаар захирамжаар ажлаас нь чөлөөлсөн байна.

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 5 дугаар сарын 16-ний өдрийн 189 дугаар шийдвэр, мөн аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар магадлалаар Л.Гэрэлтуяаг эрхлэж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3.696.234 төгрөгийг Булган аймгийн засаг даргын тамгын газраас гаргуулж түүнд олгохоор шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн Б/79 дугаар захирамжаар Л.Гэрэлтуяаг **-р бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/86 дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин 8.483.160 төгрөгийг нөхөн олгохыг тухайн сургуулийн санхүүд зөвшөөрсөн тухай захирамжийг тус тус гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж  шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 103 дугар зүйлийн 103.1-д Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгүүдийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээр дурьсан хуулийн зохицуулалтаар  “... иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ.” гэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д ”энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”  гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Булган аймгийн засаг даргаар ажиллаж байсан З.Батзориг нь тухайн үед иргэн Л.Гэрэлтуяаг ажлаас нь халж шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхлэж байсан албан тушаалын ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаанд нь олговол зохих нөхөх олговорыг тухайн байгууллагын төсвөөс гаргуулан олгосон байна.

Харицагч З.Батзориг нь аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа иргэн Л.Гэрэлтуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс болж төрд ямар хор хохирол учруулсан, гэм буруутай этгээдийн өмнөөс төр, бусад аж ахуйн нэгж байгууллага өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгасан, хохирлыг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж төрийн байгууллагад учирсан гэм хохирлыг арилгасан нь бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас төрд ямар хохирол учруулсныг баримтаар нотлож чадаагүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгчийн /онлайнаар/ оролцуулсан атлаа түүний гаргасан “Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн  дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана” гэж  Монгол улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д заасныг хэрэгжүүлээгүй байгааг дурьдах нь зүйтэй.      

     Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00303 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,090 /далан дөрвөн мянга ерэн/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1, 2.2, 2.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөө тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН

                                   ШҮҮГЧИД                                      Н.БАЯРХҮҮ

                                                                                                                М.ХҮРЭЛБААТАР