Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 225/МА2021/00019

 

 

 

                                                                            

Б.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 645 дугаар шийдвэртэй,

Б.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, Д.Сумаадагвад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 74,700,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 56,470,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 18,823,333 төгрөгийн эд хөрөнгө, өөрийн хуваарьт хөрөнгө 3,000,000 төгрөгийн үнэ бүхий хазаар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагч Д.Сумаадагва, хариуцагчийн өмгөөлөгч Д.Буяндалай, нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Энхцэцэг миний бие хариуцагч Д.Сумаадагватай арван жилийн сургуульд суралцаж байх үеэсээ үерхэж дотносож байгаад оюутан болж бид 2 дугаар курст суралцаж байх үеэсээ хамтран амьдарсан ба бид 2 албан ёсоор 2018 оны 12 сард гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин Сумаадагвын Эмүжин төрсөн ба одоо 1 жил 4 сартай. Бид 2020 оны 11 сараас хоорондын таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтгүй болж, Д.Сумаадагва нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч эвлэрэхгүй гэсэн байгаа тул миний бие гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 

...Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин Сумаадагвын Эмүжинг өөрийн асрамжид авна. Хүүхдэдээ эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаантай. Бидний дундын хөрөнгө Үүнд:

... нийт дундын хөрөнгийн үнэ 112,060,000 төгрөг, нэг хүнд ногдох 37,350,000 төгрөг, охин бид 2-т ногдох хэсэг нь 74,700,000 төгрөгийн хөрөнгийг бид хоёрт гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Энхцэцэг үндсэн нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийт хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 112,060,000 төгрөгөөс нэг хүнд ногдох нь 37,350,000 төгрөг болно. Охин бид хоёрт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Мөн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Д.Сумаадагва шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ....Б.Энхцэцэгийн гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул Хариад овогт Доржжүгдэрийн Сумаадагва би Дайртан овогт Баянмөнхийн Энхцэцэгтэй гэрлэсэн гэрлэлтийг цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Б.Энхцэцэг бидний дундаас төрсөн охин С.Эмүжин 1 нас 7 сартай, бага насны хүүхэд тул эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хувь хэмжээгээр тогтоож, төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Б.Энхцэцэгийн нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Энхцэцэг бид хоёртой ямар нэг хамааралгүй зүйл юм.

- Шинэ-Идэр сумын 4 дүгээр баг дэнжийн хороолол 3-ын 3 тоотод байрлах өвлийн сууцтай 3 тал хашаа нь Б.Энхцэцэг бид хоёртой ямар нэг хамааралгүй манай хөрш Б.Сарантуяа гэгч хүний өмч юм.

- Шинэ-Идэр сумын 4 дүгээр баг Дэнжийн хороолол 3-ын 4 тоотод байрлах 8x16 хэмжээтэй өвлийн сууцтай, 3 тал хашаа нь манай аав Доржжүгдэрийн өмч бөгөөд уг байшинд манай аав ээж хоёр одоо ч амьдарч байгаа. Уг байшингийн тал хэсэгт нь Б.Энхцэцэг бид хоёр өөрсдийн байшин орон сууцтай болох хүртлээ гэдэг байдлаар түр амьдарч байсан юм. Дээрх хашаанд буюу Шинэ-Идэр сумын 4 дүгээр баг Дэнжийн хороолол 3-ын 4 тоотод дутуу барьсан 8x12 хэмжээтэй өвлийн сууц нь мөн манай аав Доржжүгдэрийн өмч тул уг хөрөнгө нь Б.Энхцэцэг бид хоёртой ямар ч хамааралгүй юм. Аав өөрийн хуучин 10x10 метрийн харьцаатай байшинг томруулж байгаа бөгөөд бүрэн дуусгаагүй байгаа юм. 

...Иймд дээр дурдсан 3 үл хөдлөх хөрөнгө болон миний хуваарьт өмч болох мөнгөн хазаараас бусад хөрөнгө дээр маргах ёстой гэж үзэж байна. Б Энхцэцэгийн нэхэмжилсэн дүнгээр тооцож үзэхэд 68,060,000 төгрөгийн мал, мотоцикл байна. Б.Энхцэцэг бид хоёрыг тусдаа амьдарч байх хугацаанд хадам аав Ж.Баянмөнх нь 20 сая төгрөгөөр өөрөөс нь худалдаж авсан байсан 7117 ХӨВ улсын дугаартай Фургон автомашин, мөн өөрөөс нь 18 сая төгрөгөөр худалдаж авсан байсан 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-3 маркийн автомашинуудыг тус тус охиныхоо өмчийг авч байна гээд авсан. Мөн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай гэрээс ирээд дараах зүйлүүдийг охиныхоо өмчийг салгаж авч байна гээд авч явсан. Ингээд нийт 64,842,000 төгрөгийн өмчийг Б.Энхцэцэг авсан байгаа юм.

Иймд Б.Энхцэцэгийн нэхэмжилсэн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 74,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Сумаадагва шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ ... 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 449 толгой мал тоологдсон байсан. Харин 2020 оны жилийн эцэст буюу одоо 2 адуу, 7 тооны ямаанаас өөр мал байхгүй. Мөн уг малын үлдсэнийг Б.Энхцэцэгтэй нэг гэрт амьдарч байх үедээ зарж борлуулсан бөгөөд мал зарж олсон дундын хөрөнгийг Б.Энхцэцэг, аав Ж.Баянмөнх нар нь өмчөө авч байна гэж хэлээд авчихаад буцааж өгөхгүй байгаа болно. 

... Иймд Дайртан овогт Баянмөнхийн Энхцэцэгээс бидний хамтын амьдралын явцад үүссэн 18 сая төгрөгийн үнэ бүхий 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-З автомашин, 20 сая төгрөгийн үнэ бүхий 7117 ХӨВ улсын дугаартай фургон маркийн автомашин, Ж.Баянмөнхийн зооринд хадгалагдаж буй 10,400,000 мянган төгрөгийн малын мах, 2019 оны эцэст тоологдсон байсан малаас үлдсэн 4,250,000 мянган төгрөгийн мал, 2,970,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилга эд зүйл, бусдаас авах байсан /Б.Энхцэцэгийн авсан/ 850,000 төгрөгийг бидний гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулан нийт дээрх 56,470,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 18,823,333 төгрөгийн эд хөрөнгийг, мөн миний өөрийн хуваарьт хөрөнгө болох 3,000,000 төгрөгийн хазаарыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Энхцэцэг сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нөхөр Д.Сумаадагва нь шүүхэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 18,823,333 төгрөгийн эд хөрөнгө, хуваарьт эд хөрөнгө болох 3,000,000 төгрөгийн үнэ бүхий хазаар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

...Бид 2020 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарснаас хойш 2020 оны 12 дугаар сард би очиж анх гэр бүл болохдоо авч очсон эд хөрөнгүүдээ буцаан авсан нь үнэн. Уг эд хөрөнгүүдээ буцаан авахдаа мөнгөн хазаарыг мөн авсан нь үнэн. Түүнээс би өөрсдийн мал болон хүмүүсээс авах ёстой байсан мөнгө, өр төлбөрийг авсан зүйл надад ганц ч байхгүй. Хүмүүсээс авах авлагыг би аваагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед харагдах байх гэж бодож байна. Үнэхээр би тэдгээр хүмүүсээс авлагыг нь авсан бол Д.Сумаадагва өөрөө түүнийгээ нотлох байх. Тухайн хүмүүсээс авч чадахгүй байгаа авлагаа намайг авсан мэтээр бичсэн байна гэж ойлгогдож байна.

...Иймд хариуцагч Д.Сумаадагвын нэхэмжилсэн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 18,823,333 төгрөгийн эд хөрөнгө, хуваарьт хөрөнгө болох 3,000,000 төгрөгийн үнэ бүхий хазаар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 645 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар РУ95072102, Дайртан овогт Баянмөнхийн Энхцэцэг, регистрийн дугаар РУ96030917 Хатгин овогт Доржжүгдэрийн Сумаадагва нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РУ19280860, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, охин Хатгин овогт Сумаадагвын Эмүжинг эх Б.Энхцэцэгийн асрамжид үлдээж,  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар РУ19280860, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, охин Хатгин овогт Сумаадагвын Эмүжинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Сумаадагваас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр баг Дэнжийн хороолол 3 дугаар гудамжны 4 тоотод байрлах 7,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 тал хашаа, өвлийн орон сууц худалдан авахад зарцуулсан 7,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгийн үнэ бүхий 300 толгой эр ямаа, 6,060,000 төгрөгийн үнэ бүхий 101 толгой эм ямаа, 1,600,000 төгрөгийн үнэ бүхий 4 толгой шүдлэн үхэр, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой азарга, 1,400,000 төгрөгийн үнэ бүхий 4 толгой даага, Даюу 200 маркийн мотоциклийн үнэ 1,500,000 төгрөг, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаар зэргээс бэлэн мөнгө 5,313,000 төгрөг, эр ямаа 60 толгой буюу 6,000,000 төгрөг, эм ямаа 59 толгойг гаргуулж, нэхэмжлэгч Б.Энхцэцэгт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 03 тоотод байрлалтай, 4 тал хашаа 8х12 хэмжээтэй, өвлийн сууц, Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 03 тоотод байрлах 2 давхар (дутуу баригдсан) 12х10 хэмжээтэй 15,000,000 төгрөгийн үнэ бүхий өвлийн сууц, тугалтай үнээ 4 толгой буюу 3,200,000 төгрөг, 1 толгой бяруу буюу 300,000 төгрөг, гүү 25 толгой буюу 20,000,000 төгрөг, шүдлэн адуу 5 толгой буюу 2,500,000 төгрөгийн 56,000,000 төгрөгийн эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон охин С.Эмүжинд ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,290,000 төгрөгийн үнэ бүхий АСЕR-ийн АЗ-тай компьютер, 630,000 төгрөгийн үнэ бүхий RЕМI К30 маркийн гар утас, 250,000 төгрөгийн үнэ бүхий Юнителийн гэр интернет зэргийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, нэхэмжлэгч Б.Энхцэцэгээс 630,000 төгрөгийн үнэ бүхий РЕМI КЗО маркийн гар утсыг гаргуулж, хариуцагч Д.Сумаадагвад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 17,000,000 төгрөгийн үнэ бүхий 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-3 автомашин, 20,000,000 төгрөгийн үнэ бүхий 7117 ХӨВ улсын дугаартай фургон автомашин, Ж.Баянмөнхийн зооринд хадгалуулсан 1600 кг 10,400,000 төгрөгийн үнэ бүхий малын мах, 2,400,000 төгрөгийн үнэ бүхий үнээ 3 толгой, 1,200,000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үхэр 3 толгой, бүгд 3,600,000 төгрөгийн үнэ бүхий 6 толгой мал, 550,000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч, 250,000 төгрөгийн үнэ бүхий принтер, бусдаас авах ёстой байсан авлага 850,000 төгрөг зэргийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарыг хуваарьт хөрөнгөд тооцуулж, нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636,987 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Сумаадагваас 486,282 төгрөгийг гаргуулж, Б.Энхцэцэгт, хариуцагч Д.Сумаадагвын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Энхцэцэгээс 49,670 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Сумаадагвад тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6 дахь хэсгүүдэд тус тус зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тус тус мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс Б.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Сумаадагвад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцүүлээгүй.

1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрт “...Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 3 дугаар гудамжны 4 тоотод байрлах 15,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 тал хашаа, 12x10 хэмжээтэй өвлийн сууц нь зохигчийг гэр бүл болоход Д.Сумаадагвад эцэг Д.Доржжүгдэрээс хуваарьт хөрөнгө болгон өгсөн үл хөдлөх эд хөрөнгө болох нь гэрч Д.Доржжүгдэрийн мэдүүлэг, үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна” гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Д.Сумаадагва нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид болон надад ямар ч хамаагүй. Миний эцэг Д.Доржжүгдэрийн өөрийн байшин ба Б.Энхцэцэг бид өөрсдийн гэр оронтой болтлоо амьдарч байсан гэж тайлбарлаж маргасан байтал тухайн эд хөрөнгийг хариуцагч Д.Сумаадагвын хуваарьт эд хөрөнгө гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч хариуцагч нарыг тус тусдаа амьдарсан хугацаанаас хойш буюу 2021 оны 02 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан ба хариуцагч нь Иргэний хуульд зааснаар гэр бүлийн дундын эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдын нэр дээр шилжүүлсэн байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй.

2. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4 дүгээр гудамжны 3 тоотод байрлах 15,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 тал хашаа халаа 12x10 хэмжээтэй өвлийн сууц /дутуу барьсан ашиглалтад ороогүй/-аас нэхэмжлэгч өөрт болон охин С.Эмүжинд оногдох хэсэг гаргуулах шаардлагын тухайд шүүхээс банкны 202200003854 дугаартай депозит дансны хуулгыг гаргаж өгснийг шүүх дээрх маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөд Б.Энхцэцэгийн зүгээс оруулсан хөрөнгө байна гэдгийг хангалттай нотолж чадахгүй байна гэсэн ба шүүхийн шийдвэрт тухайн дансны хуулгыг нотлох баримтад үнэлсэн эсэх талаараа дурьдаагүй байна. Хэрвээ нотлох баримтад үнэлээгүй бол нотлох баримтад үнэлээгүй шалтгаанаа шүүхийн шийдвэрт тусгаагүй.

3. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад 2019 оны мал тооллогын А дансыг нотлох баримтаар үнэлж дээрх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Энхцэцэг болон охин С.Эмүжинд олгосон юм шиг боловч уг нэхэмжлэлийн шаардлагаас тугалтай үнээ 4 толгой буюу 3,200,000 төгрөг, бяруу 1 толгой буюу 300,000 төгрөг, гүү 25 толгой буюу 20,000,000 төгрөг, шүдлэн адуу 5 толгой буюу 2,500,000 төгрөг нийт 26,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноо мөн дурдаагүй нь ойлгомжгүй байгаа юм.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 00645 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Сумаадагва давж заалдах гомдолдоо: ...Шүүх Б.Энхцэцэг бидний гэрлэлтийг цуцалсан, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулсан шийдвэрийн талаар ямар нэг маргаан байхгүй. Харин хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шүүх зохигчдоос гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтуудыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тухайлбал: Шүүхээс Б.Энхцэцэг бидний хамтран өмчлөх дундын хөрөнгөд 2019 оны мал тооллогын баримтаар 410 толгой мал тоологдож байсан нь тогтоогдлоо гэж уг малаас 200 толгой эр ямаа буюу 20 сая төгрөгийн эр ямаа, 67 тооны эм ямаа буюу 4,020,000 мянган төгрөгийг, нэг бүрийн үнэ 400,000 төгрөгийн үнэ бүхий 4 тооны шүдлэн үхэр буюу 1,600,000 төгрөгөөс 1,066,600 төгрөгийг, нэг бүрийн үнэ 350,000 төгрөгийн үнэ бүхий 4 толгой даага буюу 1,400,000 төгрөгөөс 933,300 төгрөгийг 1 сая төгрөгийн үнэ бүхий азарга 1 толгой буюу 1,000,000 төгрөгөөс 666,600 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээр дурдсан малыг бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж тооцон одоо миний эзэмшилд байгаа мэтээр шийдвэрлэсэн байна. Үүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс уншиж танилцан ойлгосон боловч энэ нь уг шийдвэрийн тогтоох хэсэгт өөрөөр бичигдсэн. Өөрөөр хэлбэл шүүх үндэслэх хэсэгтээ өөр байдлаар дүгнэчхээд тогтоох хэсэгтээ өөрөөр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

...Хэдийгээр манайх 2019 оны жилийн эцэст 449 толгой мал тоолуулж байсан нь үнэн боловч уг мал нь 2019 онд мал хямдхан байхад бусдаас худалдаж авсан 1 жил маллан томруулж таргалуулж байгаад худалдахаар төлөвлөсөн байсан мал юм. Энэ нь хэрэгт авагдсан “Мал тэжээвэр амьтан хашаа худгийн 2019 оны тооллого”-ын Хүснэгт 2-т “Оны эхэнд тоологдсон малын тоо” гэсэн хэсэгт нийт 70 толгой мал, “худалдаж авсан” гэсэн хэсэгт 391 толгой мал бичигдсэнээр нотлогдож байгаа. 2019 оны жилийн эцэст тоологдсон малыг төлөвлөж байснаараа Б.Энхцэцэг бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа 2020 онд худалдаж борлуулсан. Энэ нь ч “Мал тэжээвэр амьтан хашаа худгийн 2020 оны тооллого”-оор Адуу-2, Ямаа 7 нийт 9 толгой мал тоологдсоноор батлагдсан. Өөрөөр хэлбэл бидний 2019 оны жилийн эцэст тоологдсон мал нь биет байдлаараа байхгүй бөгөөд 20 сая төгрөгийн 7117 ХӨВ маркийн Пургон машин, 18 сая төгрөгийн 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-3 авто машинууд, 10,400,000 төгрөгийн 1600 кг мах болж хадам аав Ж.Баянмөнх, Б.Энхцэцэг нарын мэдэлд байгаа. Энэ талаараа үндсэн нэхэмжлэлд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ тодорхой тусгасан.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэл түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө бүрдүүлж цуглуулж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн малтай холбоотой шаардлагад уг мал нь одоо бодитоор байгаа эсэх, байгаа бол хаана, хэн маллаж байгааг нотолж чаддаггүй төдийгүй дээрх нотлох баримтуудыг ч үгүйсгэсэн баримт нотолгоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргаагүй байхад шүүх хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн.

Мөн би хадам аав Ж.Баянмөнхөд хонь, ямаа зарсан мөнгөнөөсөө 8 сая төгрөгийг Д.Сарангэрэл рүү шилжүүлж хашаа байшинг нь худалдаж авахаар тохирсон байгаад буцааж 7 сая төгрөг авсан. Гэтэл хонь ямааг хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тооцож надаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа хонь, ямааг зарж олсон 7 сая төгрөгийг дахин хамтран өмчлөх дундын хөрөнгөөр давхардуулан тооцож мөнгө гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн Д.Энхцэцэг нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан 13 тооны үхэр нь өөрт нь буюу авга ах Одхүрэлийнд маллуулж байгаа талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн. Д.Одхүрэл нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө нийт 6 тооны үхэр байгаа талаар мэдүүлсэн. Гэтэл мөн надаас 4 тооны шүдлэн үхрийг Б.Энхцэцэг, охин С.Эмүжин нарт гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны явцад Д.Энхцэцэгийн гаргасан тайлбартай зөрчилдөж байна.

Шүүх шийдвэр гаргахдаа манай гэр бүлийн 2019 оны мал тооллогын дүнг үндэслэсэн байх бөгөөд хэрэгт 2020 оны жилийн эцсийн мал тооллогын баримт авагдсан боловч уг баримт нь        шийдвэрлэхэд ямар үндэслэл болсон нь ойлгомжгүй, уг баримтыг үнэлсэн эсэх, үнэлээгүй бол ямар шалтгаанаар үнэлээгүй болох талаар шийдвэртээ тусгаагүй байна. Гэсэн атлаа шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт /27 дугаар тал/ “.. Хариуцагч Д.Сумаадагва нь дээрх малаас 231 толгой малыг зарсан. 1 үхэр үхсэн, 1 үхрийг нь нядалсан, 2 үхрийг нь хулгайд алдсан, одоо 2 толгой адуу, 7 тооны ямаа үлдсэн, 6 толгой үхэр үлдсэн гэж байгаа хэдий ч мал тэжээвэр амьтан хашаа худгийн 2020 оны тооллогын баримтаар нотлогдохгүй, хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй болно” гэжээ.

Энд мал тэжээвэр амьтан хашаа худгийн 2020 оны тооллогыг нотлох баримтаар үнэлсэн атлаа уг баримттай хариуцагчийн тайлбарт өгсөн 2020 оны жилийн эцэст 2 адуу 7 ямаатай үлдсэн нь нотлогдохгүй байна гэж агуулгын хувьд зөрчилтэй дүгнэсэн байна. Түүнчлэн шүүх малын талаар дүгнэлт хийхдээ 2019 оны жилийн эцсийн мал тооллогын баримтыг үнэлсэн гэх боловч энэ нь хэрэгч авагдсан мал тэжээвэр амьтан, хашаа худгийн 2019 оны тооллогын баримттай зөрчилддөг. Тодруулбал уг баримтад 2019 оны жилийн эцэст манай гэр бүлд 247 эр ямаа, 153 эм ямаа, нэг хээлтүүлэгч тоологдсон байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /шүүхийн шийдвэрийн 27 дугаар талд/ эм ямаа 300 толгой, эр ямаа 101 толгойг хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тооцсон мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт эр ямаа 300 толгой, эм ямаа 101 толгой гэж өмнөх үндэслэх хэсэгт бичсэнээсээ хүйсийг нь сольж нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн нэхэмжлэлд тавьсан тоо малын хүйстэй тааруулсан байдлаар шийдвэрлэжээ. Д.Энхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагад тусгасан 3 сая төгрөгийн мөнгөн хазаарыг хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тооцож надаас 2 сая төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэжээ. Ингэхдээ “Хариуцагч Д.Сумаадагва нь уг хазаарыг хадам аавын бэлгэнд өгсөн хуучин авто машиныг худалдахдаа төлбөрт нь тооцож авсан хэдий ч ....” гэж миний огт хэлээгүй зүйлийг тусгасан байна. Би уг хазаарыг хадам аав Ж.Баянмөнхтай хамтарч хийсэн наймааны надад ногдох ашигт тооцож өгсөн машиныг нь зарж авсан талаараа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны явцад ч мэдүүлсэн. Гол нь уг хазаар нь одоо надад байхгүй. Б.Энхцэцэг, Ж.Баянмөнх нар манай гэрээс ирээд авч явсан. Одоо уг хүмүүст байгаа. Энэ талаараа ч Б.Энхцэцэг хүлээн зөвшөөрч байхад надаас дахин хазаарын мөнгө гаргуулна гэж шийдвэрлэснийг ойлгохгүй байна.

... Миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Гэтэл шүүхээс уг баримтуудыг “Бүрэн хангалттай нотлогдохгүй байна” гэж үзсэн атлаа Б.Энхцэцэг өөрийн нэхэмжлэлийг нотлох ямар нэг баримт нотолгоо гаргаж өгөөгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

...Иймд гомдлыг хүлээн авч хэргийг бүхэлд нь хянан үзэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь Д.Сумаадагвад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 74,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Сумаадагва нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 74,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, улмаар нэхэмжлэгч Б.Энхцэцэгт холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 56,470,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 18,823,333 төгрөгийн эд хөрөнгө, өөрийн хуваарьт хөрөнгө 3,000,000 төгрөгийн үнэ бүхий хазаар гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх Б.Энхцэцэг, Д.Сумаадагва нарын гэрлэлтийг цуцалж, тэдний дундаас төрсөн охин С.Эмүжинг эх Б.Энхцэцэгийн асрамжид үлдээж, эцэг Д.Сумаадагваас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр баг Дэнжийн хороолол 3 дугаар гудамжны 4 тоотод байрлах 7,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 тал хашаа, өвлийн орон сууц худалдан авахад зарцуулсан 7,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгийн үнэ бүхий 300 толгой эр ямаа, 6,060,000 төгрөгийн үнэ бүхий 101 толгой эм ямаа, 1,600,000 төгрөгийн үнэ бүхий 4 толгой шүдлэн үхэр, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой азарга, 1,400,000 төгрөгийн үнэ бүхий 4 толгой даага, Даюу 200 маркийн мотоциклийн үнэ 1,500,000 төгрөг, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаар зэргээс бэлэн мөнгө 5,313,000 төгрөг, эр ямаа 60 толгой буюу 6,000,000 төгрөг, эм ямаа 59 толгойг гаргуулж, нэхэмжлэгч Б.Энхцэцэгт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 03 тоотод байрлалтай, 4 тал хашаа 8х12 хэмжээтэй, өвлийн сууц, Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 03 тоотод байрлах 2 давхар (дутуу баригдсан) 12х10 хэмжээтэй 15,000,000 төгрөгийн үнэ бүхий өвлийн сууц, тугалтай үнээ 4 толгой буюу 3,200,000 төгрөг, 1 толгой бяруу буюу 300,000 төгрөг, гүү 25 толгой буюу 20,000,000 төгрөг, шүдлэн адуу 5 толгой буюу 2,500,000 төгрөгийн 56,000,000 төгрөгийн эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон охин С.Эмүжинд ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,290,000 төгрөгийн үнэ бүхий АСЕR-ийн АЗ-тай компьютер, 630,000 төгрөгийн үнэ бүхий RЕМI К30 маркийн гар утас, 250,000 төгрөгийн үнэ бүхий Юнителийн гэр интернет зэргийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, нэхэмжлэгч Б.Энхцэцэгээс 630,000 төгрөгийн үнэ бүхий РЕМIКЗО маркийн гар утсыг гаргуулж, хариуцагч Д.Сумаадагвад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 17,000,000 төгрөгийн үнэ бүхий 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-3 автомашин, 20,000,000 төгрөгийн үнэ бүхий 7117 ХӨВ улсын дугаартай фургон автомашин, Ж.Баянмөнхийн зооринд хадгалуулсан 1600 кг 10,400,000 төгрөгийн үнэ бүхий малын мах, 2,400,000 төгрөгийн үнэ бүхий үнээ 3 толгой, 1,200,000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үхэр 3 толгой, бүгд 3,600,000 төгрөгийн үнэ бүхий 6 толгой мал, 550,000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч, 250,000 төгрөгийн үнэ бүхий принтер, бусдаас авах ёстой байсан авлага 850,000 төгрөг зэргийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарыг хуваарьт хөрөнгөд тооцуулж, нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхаас гадна холбогдох хуулийг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн нотлох баримт, нөхцөл байдлын талаар бүрэн, бодитой дүгнэлт хийсэн тохиолдолд “хууль ёсны байх” шаардлага хангасан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Энхцэцэг, Д.Сумаадагва нар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин С.Эмүжин төрсөн, гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа үйл баримт тогтоогджээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, холбогдох нотлох баримт зэргийг үндэслэж Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэгч Б.Энхцэцэг, хариуцагч Д.Сумаадагва нарын гэрлэлтийг цуцалж, тэдний дундаас төрсөн охин С.Эмүжинг эх Б.Энхцэцэгийн асрамжид үлдээж, эцэг Д.Сумаадагваас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцжээ.

Харин шүүх гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг хуваарилахдаа холбогдох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлсэн эсэх нь тодорхойгүй,

нотлох баримтыг үнэлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй, хэрхэн хуваарилсан нь ойлгомжгүй доорх алдаа зөрчил гаргажээ. Тухайлбал:

            1/ Гэрлэгчид нь 2020 оны 11 сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан гэрлэгчдийн тайлбар мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдож байна. Гэтэл шүүх Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын Маягт ТМ1 буюу “А” дансанд бичигдсэн хөрөнгийг хуваасан нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл хамтран амьдарч байх хугацааны хөрөнгийг хуваасан,  шүүх нэхэмжлэлд хамт амьдарч байсан үеийн хөрөнгө эсвэл гэрлэгчид тусдаа амьдарч эхэлснээс хойшхи эд хөрөнгө аль нь болох, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй шийдвэрлэсэн.

2/ 2019 оны мал тооллогод тоологдсон малыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож шийдвэрлэхдээ малын үнэлгээг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй,  Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын Маягт ТМ1-ийг шүүх үнэлсэн эсэх нь тодорхойгүй, түүнд эрх зүйн дүгнэлт өгөөгүй.

3/ Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 3 дугаар гудамжны 4 тоотод байрлах 15,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 тал хашаа, 141 м.кв хэмжээтэй өвлийн сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэл гаргаснаас хойш бусдад шилжсэн эсэхийг бүрэн шалгаагүй.

Өөрөөр хэлбэл хоёрдугаар хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Y-1719000108 дугаар гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд дээрх эд хөрөнгө РУ-58062519 дугаар бүхий Дамдингийн Доржжүгдэрт 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа, гэрлэгчид нь тусдаа амьдарснаас хойшхи үйл баримт байна.

4/ 3,000,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож шийдвэрлэхдээ хазаар нь нэхэмжлэгч Б.Энхцэцэгт байгаа нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байхад хазаарын үнийг хариуцагч Д.Сумаадагваас гаргуулсан нь ойлгомжгүй байна.

5/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор зохицуулсан байхад гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэхдээ дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлоогүй байна.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,950 төгрөг, хариуцагч Д.Сумаадагвын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,745 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагч Д.Сумаадагвын давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 645 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,950 /дөрвөн зуун гучин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг, хариуцагч Д.Сумаадагвын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,745 /гурван зуун наян мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

                                    ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

                                                                                      Л.ЭРДЭНЭБАТ