Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/01044

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2022          11           04                                          001/ХТ2022/01044

 

... ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Г.Банзрагч, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШШ2022/00508 дугаар шийдвэр,

            Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 225/МА2022/00019 дүгээр магадлалтай,                                                                                                                                  

... ийн нэхэмжлэлтэй

... д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсэг болох 74,700,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 56,470,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 18,823,333 төгрөгийн эд хөрөнгийг, өөрийн хуваарьт хөрөнгө 3,000,000 төгрөгийн үнэ бүхий хазаарыг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ... , хариуцагч ... , хариуцагчийн өмгөөлөгч Д.Буяндалай, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч ... д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсэг болох 74,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 56,470,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 18,823,333 төгрөгийн эд хөрөнгийг, өөрийн хуваарьт хөрөнгө 3,000,000 төгрөгийн үнэ бүхий хазаарыг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШШ2022/00508 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ... , ... нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин ...  ... эх ... ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин ... г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг ... ас гаргуулж, тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ...  нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-4 тоотод байрлах 4 тал хашаа бүхий 141 метр квадрат талбайтай хувийн орон сууц, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-4 тоотод байрлах 88.5 метр квадрат талбайтай хувийн орон сууц, 293 толгой эр ямаа, 101 толгой эм ямаа, нийт 394 ямаа, 2 толгой шүдлэн үхэр, 1 толгой үнээ, 4 толгой тугал, нийт 7 үхэр, азарга 1 толгой, гүү 23 толгой, даага 4 толгой, шүдлэн адуу 5 толгой, нийт 33 толгой адуу зэрэг эд хөрөнгүүдийг хариуцагч ... ас гаргуулахаас татгалзаж, хариуцагч ...  нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 71-17 ХӨВ улсын дугаартай Фургон маркийн автомашин, 22-66 ХӨҮ улсын дугаартай Бонго Ж-3 маркийн автомашин, 10,400,000 төгрөгийн үнэ бүхий мах, үнээ 3 толгой, шүдлэн үхэр 4 толгой, бяруу 1 толгой, нийт 8 толгой үхэр буюу 4,250,000 төгрөг, ACER маркийн компьютер, REMI K30 маркийн гар утас, хөлдөөгч, принтер, гэр интернэт, бусдаас авах авлага 850,000 төгрөг зэрэг эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч ... ээс гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэгч ...  нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-3 тоотод байрлах 3 тал хашаа бүхий өвлийн сууцыг худалдан авахад зарцуулсан 7,000,000 төгрөгөөр тооцож багасгаж, өөрийн эзэмшилд байгаа 1 толгой бяруу, 2 толгой шүдлэн, 3 толгой үнээ, нийт 6 толгой үхэр буюу 6,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үхэр, 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн хазаарыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, хариуцагч ...  нь өөрийн эзэмшилд байгаа 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 толгой адуу, 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 толгой эр ямаа, Даюун маркийн мотоциклийг худалдаж олсон орлого 1,500,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-3 тоотод байрлах 3 тал хашаа бүхий өвлийн сууцыг буцааж зарсан орлого болох 7,000,000 төгрөг, бүгд 19,200,000 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцохоор тохиролцож, дээрх эд хөрөнгөөс нэхэмжлэгч ... , охин ...  нарт өөрийнх нь эзэмшилд байгаа 1 толгой бяруу, 2 толгой шүдлэн, 3 толгой үнээ, нийт 6 толгой үхэр буюу 6,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үхэр, 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн хазаар, нийт 8,000,000 төгрөгийн эд хөрөнгийг үлдээж, хариуцагч ... д өөрийнх нь эзэмшилд байгаа 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 толгой адуу, 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 толгой эр ямаа, Даюун маркийн мотоциклийг худалдаж олсон орлого 1,500,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-3 тоотод байрлах 3 тал хашаа бүхий өвлийн сууцыг буцааж зарсан орлого болох 7,000,000 төгрөг, бүгд 11,200,000 төгрөгийн эд хөрөнгийг үлдээж, хариуцагч ...  нь эд хөрөнгийн зөрүү үнэ 4,800,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч ... , охин ...  нарт өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ... ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636,987 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 566,787 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ... ас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ... т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч ... ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,067 төгрөгөөс 38,028 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 229,039 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч ... д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд нүүр хэсэгт дуу хөгжим ...  гэх бичвэртэй 1 хавтас 43 хуудас бүхий дэвтрийг нэхэмжлэгч ... т буцаан олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч ... д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч ... т тус тус даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч ... т, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч ... д тус тус мэдэгдэж шийдвэрлэжээ.

3. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 225/МА2022/00019 дүгээр магадлалаар: Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШШ2022/00508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.08-ны өдрийн 508 дугаартай шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.21-ний өдрийн 00019 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би нөхөр болох ... тай 9 дүгээр ангиасаа үерхэж, оюутан байхаасаа хамт амьдарч эхэлсэн. Эхнэрийнх нь тухайд би энэ хүнд бүхнээ зориулж, хоол ундыг нь хийж өгч, халамжилж ирсэн. Зуны амралтаараа самар, жимс түүж зарж, баяр, наадам бүрд очиж наймаа хийж олсон бүх мөнгөө хадгалж, хураасан мөнгөөрөө бид байшин барьж, 8 жилийн хугацаанд хичээхийн дээдээр хичээж сайхан амьдарна гэж зүтгэж ирсэн. Хамт амьдрах хугацаанд амьдралаа дэндүү сайхнаар төсөөлж, болохгүй бүгдийг болгохын төлөө зүтгэж, амьдралынхаа залуу насныхаа цаг хугацааг энэ хүнд зориулсандаа харамсаж байна. Бид 2018 оноос хамтын амьдрал зохиогоод 2019 онд охин ... ээ төрүүлсэн ба охиноо 6 сартай байхад нь охин бид хоёрыг хамгийн муухайгаар доромжилж, нялх үрээ уйлаад унтаж чадахгүй байхад нь өөр эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай болж гэр орондоо тогтохгүй болсон. Одоо ч тэр эмэгтэйтэйгээ хамтран амьдардаг. Өөрийн үүргээ ухамсарлахгүй охин бид хоёрыг юу ч үгүй хаяад бүх эд хөрөнгө, сэтгэл санаа, бие махбодын хохирол амсуулж байгаад маш их гомдож байна. ... ын тухайд охиноо ганц удаа эцгийн ёсоор тэвэрч, эцгийн хайр халамж үзүүлж байсан удаа байдаггүй. Бид тусдаа амьдрах болсноос хойш шүүхэд нэхэмжлэл өгөхдөө, шүүх хурал бүр дээр нөхрөө надтай эвлэрэх талаар санаачилга гаргах байх, надаас болон охиноосоо уучлалт гуйгаад ирэх байх гэсэн бодолтой явсаар охин бид 2 дахиад л хохирлоо. Шүүхэд 70 орчим сая төгрөгийн эд хөрөнгө нэхэмжилж байхад би дөнгөж 2 настай охинтойгоо 4,800,000 төгрөгөөр яаж амьдрах юм бэ. Бид 2 орох орон ч байхгүй цаашид яаж амьдрах юм бэ? хүний амьдралаар тоглочхоод тэр хүн аз жаргалтай байхад Монгол Улсад эх үрийг өрөвдөх, хайрлах сэтгэл байхгүй юм гэж үү. Би хүний эд хөрөнгийг авах гэж булаацалдаагүй. Эцэг эхийнхээ өгсөн эд хөрөнгө болон өөрийнхөө хийж бүтээсэн зүйлсээсээ л өөртөө хүртэх хувийг үнэн бодитоор хувааж авахыг хүсэж байна. Алдаа гаргасан нь онож, үр хүүхэдтэйгээ үлдэж байгаа нь яагаад бүх зүйлээрээ хохирох ёстой юм бэ? Үр хүүхэд минь эцгийн хайраар дутаж байна. Нөхөр ... ын шүүх, цагдаа надад ямар ч нөхцөлд үйлчлэхгүй, манай ах нар шүүх цагдаад том албаны хүмүүс байдаг. Чи юу ч авч чадахгүй гэдэг байсан ба үнэхээр үйлчилдэггүйг харуулж, шүүхийн байгууллага нөлөөлөлд автсан гэдэг итгэл үнэмшлийг надад төрүүлж байна. Шүүх хурал завсарлахад хариуцагч нь намайг үг болон үйлдлээрээ айлгаж, дарамталж, сүрдүүлснээс болж эд хөрөнгийн асуудал дээр надад илтэд хохиролтойгоор эвлэрэх шийдвэрийг гаргахад хүргэсэн. Тухайн үед дарамт, шахалтад орсноос болж ийм шийдвэр гаргасан нь охин бид хоёрыг цаашид амьдрах ямар ч боломж, бололцоо үлдээсэнгүй. Охин бид хоёрт цаашид амьдрах итгэл үнэмшил, нөхцөл боломжийг олгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.20-ны өдрийн 00508 дугаартай шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.21-ний өдрийн 00019 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн эвлэрснийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 160.5-д зааснаар баталж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах шалтгаанаар эс зөвшөөрч гомдол гаргалаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлээр уг гомдлыг гаргаж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүх хуралдаан даргалагчаас нэхэмжлэгч ... , хариуцагч ...  нарыг эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг асууж тодруулсны дагуу зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрсэн байдаг. Ингэж эвлэрэхэд шүүх хуралдаан даргалагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “...Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна...” гэснийг зөрчлөө. Энэ нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөллөө. Учир нь тухайн үед зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авсан бол шүүхийн шийдвэрт дурдсанаар эвлэрэхгүй байх боломжтой байсан юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед дээрх байдлаар эвлэрэх хүсэлгүй байсан талаараа болон хариуцагчийн зүгээс заналхийлэх, айлган сүрдүүлэх зэрэг асуудлаас болж хариуцагчтай эвлэрсэн. Дээрх байдлаас үзэхэд шүүхээс зохигчийн эвлэрлийг баталсан нь нэхэмжлэгчид илтэд хохиролтой болжээ. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.20-ны өдрийн 00508 дугаартай шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.21-ний өдрийн 00019 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч ... д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, хариуцагч ...  нь нэхэмжлэгч ... т холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 56,470,000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 18,823,333 төгрөгийн эд хөрөнгийг өөрийн хуваарьт хөрөнгө болох 3,000,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарын хамт гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ

7. Анхан шатны шүүх ... , ...  нарын гэрлэлтийг цуцалж, 2019.08.08-ны өдөр төрсөн охин ... г эх ... ийн асрамжид үлдээж, охин ... г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг ... ас гаргуулж, тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ...  нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-4 тоотод байрлах 4 тал хашаа бүхий 141 метр квадрат талбайтай хувийн орон сууц, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-4 тоотод байрлах 88.5 метр квадрат талбайтай хувийн орон сууц, 293 толгой эр ямаа, 101 толгой эм ямаа, нийт 394 ямаа, 2 толгой шүдлэн үхэр, 1 толгой үнээ, 4 толгой тугал, нийт 7 үхэр, азарга 1 толгой, гүү 23 толгой, даага 4 толгой, шүдлэн адуу 5 толгой, нийт 33 толгой адуу зэрэг эд хөрөнгүүдийг хариуцагч ... ас гаргуулахаас татгалзаж, хариуцагч ...  нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 71-17 ХӨВ улсын дугаартай Фургон маркийн автомашин, 22-66 ХӨҮ улсын дугаартай Бонго Ж-3 маркийн автомашин, 10,400,000 төгрөгийн үнэ бүхий мах, үнээ 3 толгой, шүдлэн үхэр 4 толгой, бяруу 1 толгой, нийт 8 толгой үхэр буюу 4,250,000 төгрөг, ACER маркийн компьютер, REMI K30 маркийн гар утас, хөлдөөгч, принтер, гэр интернэт, бусдаас авах авлага 850,000 төгрөг зэрэг эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч ... ээс гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэгч ...  нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-3 тоотод байрлах 3 тал хашаа бүхий өвлийн сууцыг худалдан авахад зарцуулсан 7,000,000 төгрөгөөр тооцож багасгаж, өөрийн эзэмшилд байгаа 1 толгой бяруу, 2 толгой шүдлэн, 3 толгой үнээ, нийт 6 толгой үхэр буюу 6,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үхэр, 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн хазаарыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, хариуцагч ...  нь өөрийн эзэмшилд байгаа 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 толгой адуу, 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 толгой эр ямаа, Даюун маркийн мотоциклийг худалдаж олсон орлого 1,500,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-3 тоотод байрлах 3 тал хашаа бүхий өвлийн сууцыг буцааж зарсан орлого болох 7,000,000 төгрөг, бүгд 19,200,000 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцохоор тохиролцож, дээрх эд хөрөнгөөс нэхэмжлэгч ... , охин ...  нарт өөрийнх нь эзэмшилд байгаа 1 толгой бяруу, 2 толгой шүдлэн, 3 толгой үнээ, нийт 6 толгой үхэр буюу 6,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үхэр, 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн хазаар, нийт 8,000,000 төгрөгийн эд хөрөнгийг үлдээж, хариуцагч ... д өөрийнх нь эзэмшилд байгаа 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 толгой адуу, 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 толгой эр ямаа, Даюун маркийн мотоциклийг худалдаж олсон орлого 1,500,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 4-3-3 тоотод байрлах 3 тал хашаа бүхий өвлийн сууцыг буцааж зарсан орлого болох 7,000,000 төгрөг, бүгд 11,200,000 төгрөгийн эд хөрөнгийг үлдээж, хариуцагч ...  нь эд хөрөнгийн зөрүү үнэ 4,800,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч ... , охин ...  нарт өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч ... д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч ... т тус тус даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

8. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.10.10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

9. “...шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүх хуралдаан даргалагчаас нэхэмжлэгч ... , хариуцагч ...  нарыг эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг асууж тодруулсны дагуу зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрсэн байдаг. Ингэж эвлэрэхэд шүүх хуралдаан даргалагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “...Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна...” гэснийг зөрчлөө. Энэ нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

10. Энэхүү маргааныг шийдвэрлэсэн 2020.05.20-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч талаас 1 хавтас 43 хуудас бүхий дэвтэр, хариуцагч талаас 6 хуудас баримт, түүний өмгөөлөгч Д.Буяндалайгийн 6 хуудас баримтыг шүүхэд шинээр гаргаж өгснийг анхан шатны шүүх хүлээн авч, талуудад танилцуулсан, хуралдаан эхлэхэд талуудаас эвлэрэх тухай хүсэлт гаргаагүй, хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, тэтгэлэг гаргуулахаас бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан, хуралдааны явцад нэхэмжлэгч нь “хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар ярилцах боломжтой” гэсэн саналыг хариуцагч зөвшөөрч, шүүх хуралдаан түр завсарлаад, талууд  “...74,700,000 төгрөгийн...”  асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүх баталсан байна. ( III-хх-88,90)

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна” гэж зохицуулсан байна. Энэхүү зохицуулалт нь зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэдийд ч эвлэрэх эрхтэй, эвлэрэн хэлэлцэхдээ эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг шүүхээс сануулах үүрэгтэй болохыг тусгайлан зохицуулсан байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд (тогтоолын 10-т) шүүх хуралдаан даргалагч “Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна” гэсний дагуу зохигчоос энэ тухай асуугаагүй үйлдлийг хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй юм.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. “...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэсэн зохицуулалттай байхад хоёр шатны шүүх гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгийг хуваах маргаан дээр зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээний үр дагавар хүүхдийн эрх ашигт хэрхэн нөлөөлөх талаар анхаарах буюу эвлэрлийн гэрээний нөхцөлийн талаар талуудаас тодруулж асуусан эсэх нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШШ2022/00508 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 225/МА2022/00019 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Б.МӨНХТУЯА

                                                                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                     Н.БАЯРМАА

                                                                                                      Д.ЦОЛМОН