Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 574

 

Х.Л д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, Ч.Хүрэлбаатар, хохирогч П.Н , түүний өмгөөлөгч Н.Арвинтариа, С.Батжаргал, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 787 дугаар магадлалтай, Х.Л д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Х-ын Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Л г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаатай хорих ял шийтгэж,

уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Л гээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд 2,790,000 төгрөгийг хохирогч П.Н т төлснийг дурдаж,

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Л гээс 226,551,859 төгрөг гаргуулж хохирогч П.Н т олгож, нэхэмжлэлээс 8,300,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч П.Н  нь 20,290,000 төгрөгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Л гээс 2,960,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч П.Б т олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Л гийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, Ч.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Х.Л  нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч болсон асуудалд чин санаанаас гэмшиж, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж, тодорхой хэмжээний мөнгийг хохирогчид төлсөн бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Х.Л гийн өөрийнх нь болон өндөр настай ээжийнх нь эрүүл мэндийн байдал муу байгаа болно. Анхан шатны шүүх 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь ял хүндэдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээгүй хэт нэг талыг барьж ял оногдуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар шийдвэрлэхдээ хохирогчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтыг үнэн зөв, бодитой эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт хянаж үзэлгүйгээр хэт нэг талыг баримталж, шүүгдэгч Х.Л гээс 226,551,859 төгрөг гаргуулж, хохирогч П.Н т олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Шүүх ирээдүйд гарах зардлыг шийдсэн нь үндэслэлгүй тул энэ зардлыг хасч өгнө үү. Хэрэгт авагдсан хохирогч П.Н ийн Солонгос улс болон Монгол улсад эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримт, унааны болон бусад зардлын баримтуудын үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, нэг баримтыг давхардуулж авсан, нэр тодорхойгүй зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх хохирлын баримтууд нь үнэн зөв бодитой, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааралтай эсэхийг нягталж шалгалгүйгээр хангаж шийдвэрлэсэн. Тухайлбал 1 дүгээр хавтаст хэргийн 159 дүгээр хуудсанд авагдсан Солонгос Улсын “С” эмнэлэгт хийлгэсэн эмчилгээний 8,000,385 вон /18,000,866 төгрөг/-ийн баримт албан ёсны төлбөрийн баримт эсэх нь эргэлзээтэй, 3 дугаар хавтаст хэргийн 185-206 дугаар хуудсанд авагдсан нийтийн тээврийн карт цэнэглэсэн 393,230 вон /880,835.20 төгрөг/-ийн баримтууд нь картын дугаар нь өөр өөр, “С” эмнэлгийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн үзлэгийн төлбөрийн баримтыг 4 удаа /2хх-225-220, 240/, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгийн төлбөрийн баримтыг 2 удаа /2хх-229, 230, 241, 242/, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн үзлэгийн төлбөрийн баримтыг 3 удаа /3хх-25-32/ тус тус давхардуулан авсан гэх мэтээр нотлох баримтууд нь эргэлзээ бүхий байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг үндэслэж хохирогч П.Н т цаашид мэс засал хийгдэхээр төлөвлөгдсөн гэх 63,000,000 вон /143,510,000 төгрөг/-ын эмчилгээний зардлыг Х.Л гээс урьдчилан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан бодит зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй бөгөөд ирээдүйд гарах зардлыг урьдчилан төлүүлэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэж байна. Валютын ханш өөрчлөгдөхөд энэ дүн мөн өөрчлөгдөх боломжтой. Шүүгдэгчийн биеийн байдал тааруу хөл нь явж чадахгүй байгаа. Гэхдээ эмчилгээ хийлгэсэн. Одоогоор нийтдээ 146 хоног цагдан хоригдож байгаа бөгөөд түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар сольж өгөхийг хүсч байна. Л  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ажил хийгээд хохирлыг төлж барагдуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн.  Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Х.Л гийн хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, торгуулийн ялаар сольж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитоор тогтоож, ирээдүйд гарахаар төлөвлөгдсөн гэх бодит бус зардлыг хасч шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хүрэлбаатар хэлсэн саналдаа “...Шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж нийт 54,293,785 төгрөгийг бодит хохиролд тооцсон. 133,510,000 төгрөгийг ирээдүйд гарах зардал гэж тооцсон. 197,803,785 төгрөгийг бодит хохиролд тооцсоныг нягталж шалгаж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд бодит хохирлыг шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг арилгах тал дээр мөнгөн дүнгийн хэмжээг тогтооно гэж заасан байхад ирээдүйд учрах эмчилгээний зардлыг бодит хохиролд тооцож хангаж шийдвэрлэсэн байдаг. 31,587,869 төгрөгийг баримтаар тогтоогдсон үнийг төлөх боломжтой. Нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үндэслэж хуульд нийцүүлэн бодит байдлыг шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна. Шүүхээс бодит хохирлыг тогтоовол шүүгдэгч уг хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Батжаргал хэлсэн саналдаа “...Хохирогчийн зүгээс шүүгдэгчийн ял шийтгэлийг хүндрүүлэх, цаг хугацаа алдах шаардлагагүй гэсэн хүсэлтийг тавьсны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх шүүгдэгчид хамгийн хөнгөн ял оногдуулсан. Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг ямар байгааг хохирогчийг гаднаас нь харахад л харагдана. Хэзээ ч эмчлэгдэхгүй хохирол учирсан. Нүдээ цавчдаг болохын тулд их эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир эмчилгээний зардлыг нэхэмжилдэг. Бодит хохирол болон ирээдүйд гарах зардлыг шүүх нарийн тооцож гаргасан, хохирогч өөрөө ч тооцоо гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэг эмнэлэгт хоёр удаа үзүүлж, нүдний гурван өөр эмчид үзүүлсэн байдаг бөгөөд 3 эмчийн дунджаар мөнгийг тооцож гаргасан. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “...эрхтэй” гэж хуульчилсан. Хохирлын хувьд буруу зөрүү тооцсон, давхардуулж нэхэмжилсэн зүйл байхгүй. Үүнийг ялгаж салгаж ойлгохгүй байна. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй. Энэ гэмт хэргийг хүн амины хэрэг гэж үзэж болохоор байгаа. “Чамайг ална, чамтай хамт үхнэ” гээд эсрэг урсгал руу ороод осол гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Н.Арвинтариа хэлсэн саналдаа “...Хүн амины хэргээр зүйлчлэхгүй байхыг хохирогч хүссэн учраас зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар ямар нэгэн гомдол, санал гаргаагүй. Хохирогчийн нүд цавчихгүй, 24 цагийн турш хараатай, унтаж амарч чадахгүй, байнгын өвчин зовиур шаналгаатай байгаа. Эмчилгээнд явах шаардлагатай бөгөөд одоо эмчилгээндээ явах хугацаа нь болчихсон учраас дээрх асуудалд гомдол гаргахгүй гэсэн юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон ял шийтгэх оногдуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчид учирсан эмчилгээний зардлыг тооцохдоо бодит хохирлыг тооцолгүй, ирээдүйд учрах хохирлыг тооцсоныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул бодит хохирлыг тооцож гаргах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Х.Л д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Х.Л  нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны орой 20:00 цагийн орчимд Б дүүргийн 2 зам дээр иргэн П.Б ийн эзэмшлийн    улсын дугаартай “Т...” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан, хамтран амьдрагч П.Н тэй маргалдан, улмаар “Хамт үхнэ” гэж тээврийн хэрэгслийн хурдыг зориудаар нэмж, эсрэг урсгал руу орж, буцаж өөрийн урсгалд орох үйлдэл хийхдээ замын хажуу хэсэг рүү онхолдож унасны улмаас хохирогч П.Н ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Л-ийнгэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, Х.Л гийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэсэн, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, гэмт хэрэг үйлдэхдээ хандсан хандлага, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёроос найман жил хүртэл хугацаатай хорих ялаас доод хэмжээнд нийцэх 4 жил хорих ялыг сонгон оногдуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар нь “...Шүүгдэгч Х.Л  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа тул хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Мөн шүүхээс ирээдүйд гаргах зардлыг шийдвэрлэсэн тул энэ хохирлыг хасч тооцож өгнө үү” гэсэн гомдол гаргажээ.

Х.Л гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч П.Н ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан бөгөөд үүнээс үүссэн хор уршиг /нүүрний хэлбэр засрашгүй алдагдсан, нүд нь аних үйлдэл хийхгүй болсон зэрэг/ бүрэн арилах боломжгүй болсон зэргээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ял нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Шүүхээс хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа нэг зүйлийг хоёр удаа давхардуулж бус эмчилгээ тус бүрийн үнийн дүнгийн нийлбэрээр үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Хоёр шатны шүүх хохирлын үнийн дүнг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, түүнийг эмчлүүлэхэд гарах зардлыг хохирол шаардсан хэмжээнд тогтоосон нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар хуульд заасан хугацааг хэтрүүлж хяналтын журмаар гомдол гаргасан тул түүний гомдлыг хуралдаанаар хэлэлцүүлээгүй орхисон хэдий ч хэргийг бүхэлд нь хянасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 787 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                       ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН