Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0402

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0402

Улаанбаатар хот

 

 

 

Б.П, Д.Г нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбат, гуравдагч этгээд С.Г, Э.Б, Э.Ч, Г.У, Э.У, Г.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Э, С.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.П, Д.Г нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4, 13.9, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Э.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.П-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б.П-т газар эзэмших эрх олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлүүдийг, 000000, 000000, 000000, 000000, 000000, 000000 тоот гэрчилгээнүүдийн хамт тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Б.П, Д.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: Иргэн Б.П, Д.Г бид нар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015.06.17-ны А/264 дүгээр захирамжийн Э.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.П-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б.П-т газар эзэмших эрх олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар Ү-000000-аас Ү-000000 дугаар бүртгэлийг болон уг бүртгэл дэх үл хөдлөх эд хөрөнгийн 6 гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан билээ.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг захиргааны хэргийг хянан хэлэлцэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан, буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015.06.17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Э.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.П-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б.П-т газар эзэмших эрх олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн тайлбар, нотолгоог буруу тусгаж, Газрын харилцааг зохицуулсан хууль болон бусад эрх зүйн актуудыг буруу тайлбарлан огт хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

2.Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар Ү-000000 Ү-000000 дугаар бүртгэлийг болон уг бүртгэл дэх үл хөдлөх эд хөрөнгийн 6 гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнэсэн хэрнээ эд хөрөнгө, түүний бүртгэлийн талаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, буруу шийдвэрлэсэн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.15-ны өдрийн 187 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.П, Д.Г нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.П, Д.Г нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Э.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.П-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, маргаан бүхий газрыг Б.П-т эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлүүдийг, 000000, 000000, 000000, 000000, 000000, 000000 тоот гэрчилгээнүүдийн хамт хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжаар гуравдагч этгээд болох Э.Ч-т маргаан бүхий 699 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан шаардлагыг хангасан, цаг хугацааны хувьд Э.Ч нь нэхэмжлэгч нараас түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан болох нь Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны Өргөдөл, гомдол бүртгэл хяналтын карт, шүүхийн үзлэгээр тогтоогдсон байх ба нэхэмжлэгч Б.П-с газар эзэмших хүсэлтээ Э.Ч-с өмнө гаргасан гэх баримт, бүртгэл тогтоогдоогүй байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд эзэмшүүлсэн газар нь зуслангийн зориулалтаар олгогдсон тул байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүй газар эзэмшүүлсэн нь хууль бус гэх нэхэмжлэгч нараас захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээж авах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Б.П-т маргаан бүхий газрыг эзэмших хууль ёсны эрх үүсэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.П-т уг газрын эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Г-ийн хувьд гуравдагч этгээд Э.Ч-т зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Э.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхгүй байхад нэхэмжлэгч нарын зөрчигдсөн гэх эрхийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрт холбогдуулан тус тусад нь дүгнэж шийдвэрлэхгүйгээр хамтад нь шийдвэрлэсэн нь буруу байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж заасны дагуу Д.Г-ийн дээрх шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.П, Д.Г нараас маргаан бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгө болох барилгуудад иргэн Э.Ч-той хамтран хөрөнгө оруулалт хийж, дундын хөрөнгөөр барьж бий болгосон гэсэн агуулгаар дээрх 6 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий 6 үл хөдлөх хөрөнгө болох байшингууд нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/264 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Э.Ч-т олгогдсон 18641332637317 нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв газар болон иргэн Н.А-д мөн захирамжаар олгогдсон 18641332662315 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газарт дамнан байрлаж байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нараас захирамжид заасан хэмжээнээс илүү хэмжээтэй газрыг хууль бусаар эзэмшиж байхад энэ талаар бүртгэлийн байгууллага шалгаж, бүртгэх үүргээ биелүүлэлгүйгээр уг үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгэсэн нь хууль бус хэмээн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардаж байгааг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагч улсын бүртгэлийн байгууллага маргаж буй 6 үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж, гэрчилгээ олгохдоо өөр байршилд байрлах газрын кадастрын зургийг үндэслэн бүртгэсэн ч энэ нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба гуравдагч этгээдүүдийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан бөгөөд мэдүүлэг гаргагч мэдүүлэгт хавсаргах баримт бичгүүдийг үнэн зөв гаргах үүргээ биелүүлээгүйд бүртгэлийн байгууллагыг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Б.П-оос нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 6 үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн бүртгэл болон гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахаар өмнө нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 6732 дугаар захирамжаар Б.Пын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба уг захирамжийг тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 560 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна.

Дээрх шүүгчийн захирамжаар татгалзсан шалтгаан арилаагүй, өөрөөр хэлбэл маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэл гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэж заасны дагуу Б.Пын дээрх шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4, 13.9, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.П-ын Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Э.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.П-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, маргаан бүхий газрыг Б.П-т эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах, нэхэмжлэгч Д.Гийн Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлүүдийг, 000000, 000000, 000000, 000000, 000000, 000000 тоот гэрчилгээнүүдийн хамт хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Г-ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Э.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.П-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, маргаан бүхий газрыг Б.П-т эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах болон Б.П-ын Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000, Ү-000000 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлүүдийг, 000000, 000000, 000000, 000000, 000000, 000000 тоот гэрчилгээнүүдийн хамт хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ