Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 587

 

Б.З , Ц.Э , Б.Г , Т.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.З ийн өмгөөлөгч С.Чулуунбаатар, нарийн бичгийн дарга Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 335 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 635 дугаар магадлалтай, Б.З , Ц.Э , Б.Г , Т.О нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.З ийн өмгөөлөгч С.Чулуунбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаатай баривчлах ял,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаатай баривчлах ял,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаатай хорих ял тус тус шийтгүүлж байсан, Б овогт Б-н З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7-д заасан “Онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хугацаатай хорих ял шийтгүүлж байсан,  Б овогт Б-н Г,

3. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Т-н О нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц-н Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.З ийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй буюу гар хөл саажсан, булчин хатангиршсан, сарвуу тэнийдэггүй гэдгийг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.Э ийг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Г , Т.О нарыг бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7 дахь заалтуудаар шүүгдэгч Б.З тыг бүх насаар нь хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г , Т.О нарыг 6 сарын хугацаатай хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э ийг 6 сарын хугацаатай хорих ял тус тус шийтгэж,  Б.Г , Т.Отгонбаатар, Ц.Э  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.З оос нийт 18 967 020 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 5, 6, 7, 9 дэх заалтуудад “...Б.З т...” гэснийг “Б.З ” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З , Т.Отгонбаяр, Б.Г  нараас гэмт хэргийн замаар олсон 1,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.З , түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, шүүгдэгч Ц.Э ийн өмгөөлөгч Э.Энххэрлэн, Н.Болормаа, шүүгдэгч Б.Г , Т.О нарын өмгөөлөгч Д.Дарханбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.З  нь гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 500 000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.З ийн өмгөөлөгч С.Чулуунбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хууль хэрэглээтэй холбоотойгоор ямар нэгэн гомдол байхгүй. ...Шүүгдэгч Б.З  нь мөрдөн байцаалт болон анхан, давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хийсэн үйлдэлтэйгээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч талаас уучлалт гуйж, хохирол төлбөрөө төлж барагдуулах зорилгоор ар гэрийнхээ хүмүүсээр дамжуулан төлж байгаа болно. Шүүгдэгч Б.З  нь онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэдий ч хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт эх сурвалжийг цагдаагийн байгууллагад өөрөө мэдүүлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан хөнгөрүүлэх заалт байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэж өгөөгүйд гомдолтой байна.

Иймд шүүгдэгчийн аав болох Б нь өндөр настай, суумгай, архаг хууч өвчтэй, бусдын асрамжид байдаг зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлэн хугацаатай хорих ялаар өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.З ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүхээс Б.З ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь амь хохирогч С-н унаж явсан автомашиныг шүүгдэгч Б.З  нь өөртөө болон бусдад эдийн ба эдийн бус ашигтай байдлыг бий болгох зорилгоор авсан нөхцөл байдал  тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч  Ц.Э , Б.Г , Т.О нарт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.З ийн өмгөөлөгч С.Чулуунбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Б.З  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.З ийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ....гэх газарт Н.С-г гар хөл саажсан, булчин нь хатангиршсан, сарвуу нь юм барих бололцоогүй гэдгийг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, төмрөөр арваас доошгүй удаа цохиж духны баруун хэсгийн шугаман, баруун титэм заадлын салалт, хоёр чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, духны баруун, зүүн чамархайн дэлбэнгийн няцралт, хуйхны олон тооны шарх, баруун сарвууны шарх бүхий олон тооны гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр зодож алсан,

Т.О, Б.Г  нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар 18-ны өдөр С дүүргийн нутаг дэвсгэрт Б.З ийг улсын дугаартай “С” загварын автомашиныг гэмт хэргийн замаар олж авсан гэдгийг мэдсээр байж ашигласан,

Ц.Э  нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр С дүүргийн нутаг дэвсгэрт Б.З ийг улсын дугаартай “С” загварын автомашиныг гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө гэдгийг мэдсээр байж Б.Г , Т.О нараас хямд үнээр худалдан авсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд ийнхүү хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, Б.З, Ц.О, Б.Г , Ц.Э  нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй болно.

Шүүхээс Б.З ийн “Хүнийг алсан” үйлдэлд “Онц харгис хэрцгийгээр”, “Өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор”, “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хуульд заасан 3 хүндрүүлэх  бүрэлдэхүүн тогтоогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7-д заасан гэмт хэргийн шинжтэй,  

 Ц.О, Б.Г  нарын бусдын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжтэй,

Ц.Э ийн бусдын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж хямд үнээр худалдан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.О, Б.Г , Ц.Э  нарт тус бүр 6 сарын хугацаатай хорих ял оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байна.  

Гэм буруутай этгээдэд “Бүх насаар хорих” хамгийн хүнд төрлийн ялыг сонгон оногдуулахад энэ төрлийн бусад гэмт хэргүүдээс ямар ялгаатай, хуульд заасан эрүүгийн хариуцлагын хамгийн хүнд хэлбэрийг хэрэглэхээс өөр аргагүй  нөхцөл байдал тогтоогдож байгаа талаар шүүх заавал дүгнэлт хийсэн байвал зохино.

Өөрөөр хэлбэл хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэгт арван хоёроос хорин жил хүртэл, эсхүл бүх насаар хорих ял оногдуулах сонголт байгаа бөгөөд хүндрүүлсэн сонголтыг хийхэд Эрүүгийн хуулиар нарийвчлан тодорхойлсон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа эсэхийг дүгнэх зайлшгүй шаардлагатай.

Гэтэл хоёр шатны шүүх Б.З т оногдуулсан ялын талаар ийнхүү дүгнэлт хийгээгүйн гадна түүний үйлдсэн гэмт хэргийн үндсэн шинжүүдийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болгон дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хориглосон хэм хэмжээг зөрчсөн байна.

Шүүгдэгч Б.З т оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8 нөхцөл байдал илрээгүй байхад шүүх хамгийн хүнд ялыг сонгон хэрэглэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Бүх насаар хорих ялыг хугацаатай хорих ял болгон хөнгөрүүлж өгөх”-ийг хүссэн гомдлыг хангаж, Б.З т Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 2.7-д зааснаар бүх насаар хорих ял оногдуулсныг 20 жилийн хугацаатай хорих ял болгон хөнгөрүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 335 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7 дахь заалтуудад зааснаар Б.З ийг бүх насаар нь хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7-д зааснаар Б.З ийг 20 жил хорих ял шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтын “бүх насаар нь” гэснийг “20 жил” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 635 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.З ийн өмгөөлөгч С.Чулуунбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

ДАРГАЛАГЧ                                                       Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН