Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 635

 

 

 

 

 

2019          6              27                                           2019/ДШМ/635

 

Б.З, Ц.Э, Б.Г,

Т.О нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч Б.Зийн өмгөөлөгч С.Чулуунбаатар,

шүүгдэгч Ц.Эийн өмгөөлөгч Э.Энххэрлэн, Н.Болормаа,

шүүгдэгч Б.Г, Т.О, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дарханбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нямсүрэнгийн өмгөөлөгч Э.Ганбат,  

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Б.Халиун, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, шүүгдэгч Б.Г, Т.О нарын өмгөөлөгч Д.Дарханбаатар, Ц.Эийн өмгөөлөгч Э.Энххэрлэн, Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.З, Ц.Э, Б.Г, Т.О нарт холбогдох 1811029830998 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигин овгийн Бын З, 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../;

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 526 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 763 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн;

2. Боржигон овгийн Цийн Э, 1985 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо ...тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

3. Боржигон овгийн Бийн Г, 1991 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../;

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 438 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

4. Бөх овгийн Тын О, 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 хороо, Толгойт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Б.З нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын “Агуйт” гэх газарт Н.Саруулыг гар хөл саажсан, булчин нь хатангиршсан, сарвуу нь юм барих бололцоогүй гэдгийг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, төмрөөр арваас доошгүй удаа цохиж, духны баруун хэсгийн шугаман, баруун титэм заадлын салалт, хоёр чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, духны баруун, зүүн чамархайн дэлбэнгийн няцралт, хуйхны олон тооны шарх, баруун сарвууны шарх буюу олон тооны гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр зодож алсан,

Ц.О, Б.Г нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Зийг ... УБС улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийг гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө болохыг мэдсээр байж ашигласан,

Ц.Э нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... УБС улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийг гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө болохыг мэдсээр байж Б.Г, Т.О нараас авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Зийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7 дахь заалтад зааснаар,

Ц.О, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогтой Бын Зийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй буюу гар хөл саажсан, булчин хатангиршсан, сарвуу тэнийдэггүй гэдгийг мэдсээр байж, хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогтой Цийн Эийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогтой Бийн Г, Бөх овогтой Тын О нарыг бүлэглэн гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.5, 2.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зтыг бүх насаар нь хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогтой Бийн Г, Бөх овогтой Тын О нарыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогтой Цийн Эийг 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Т.О, Ц.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бын Зийн ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар хорих ял эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан Б.Зийн мэдүүлэг шалгах ажиллагаа, хэргийн газрын үзлэгийн Сиди 1 ширхэг, амь хохирогч Н.Саруулын биед хийсэн задлан шинжилгээний бичлэгтэй Сиди 1 ширхэг, замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ирүүлсэн ... УБС улсын дугаартай автомашины бичлэгтэй Сиди 1 ширхэг зэргийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, амь хохирогч Н.Саруулын өмсөж явсан бор өнгийн хүрэм 1 ширхэг, хар эрээн өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, биеийн тамирын хар өмд 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, ногоон өнгийн оймс 1 хос, цэнхэр хадаг 3 ширхэг, автомашины суудлын бүс 2 хэсэг, эрээн хадаг 1 хэсэг, Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэн, устгахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Зийн цагдан хоригдсон 173 /нэг зуун далан гурав/хоног, шүүгдэгч Б.Г, Т.О нарын баривчлагдсан 2 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Зтоос нийт 18.967.020 /арван найм сая есөн зуун жаран долоон мянга хорин/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нямсүрэнд олгож, шүүгдэгч Б.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Б.Г, Т.О, Ц.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.З нь давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн ухамсаргүй, гэм буруутай үйлдлээсээ болж найзынхаа амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Маш их харамсаж, хохирогчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж байна. Хохирлын төлбөрт 20.967.020 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн. Миний эцэг Б нь 75 настай 2014 оны түнхний яс нь хугарсны улмаас хэвтэрт орсон. Түүнээс хойш одоог хүртэл тэргэнцэр дээр суудаг. Байнгын асаргааны байдалтай ганцаараа байх боломжгүй учир миний бие хөдөлмөр эрхэлдэг хорих ангид очиж ажил хийж хохирогчийн ар гэрийнхэнд үлдсэн хохирлоо яаралтай барагдуулж, хохиролгүй болгох хүсэлтэй байна. Би эцэгтэйгээ хоёулхнаа амьдардаг. Тиймээс эцэг минь өвчтэй тул миний хохирлыг төлөх боломжгүй юм. Иймээс анхан шатны шүүхээр бүх насаар нь хорих ял оногдуулсныг хугацаатай ялаар өөрчилж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Зийн өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Хэдийгээр шүүгдэгч Б.З нь онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн боловч хэрэгт холбогдол бүхий нотлох баримт, эх сурвалжийг цагдаагийн байгууллагад өөрөө мэдүүлж, илчилсний дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгийг газар дээр нь шалгахад үнэн болох нь батлагдсан. Үүнээс гадна мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд, шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн талийгаачийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн зүгээс нэхэмжилсэн хохирлыг боломжоороо төлж байгаа. Цаашид ч бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Иймд шүүгдэгч Б.Зийн ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан хугацаатай хорих ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Г, Т.О нарын өмгөөлөгч Д.Дарханбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Г, Т.О нар нь гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бусдад төлөх төлбөргүй. Тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Эийн өмгөөлөгч Э.Энххэрлэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Ц.Э нь тухайн тээврийн хэрэгслийг ямар гэмт хэргийн улмаас олдсон хөрөнгө гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад түүнийг энэ гэмт хэргийг шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Түүнд заавал 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд Ц.Эийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нямсүрэн нь анхан шатны шүүх хуралдаанд “...энэ гурван хүүхдэд ямар ч гомдол надад байхгүй...” гэж хэлсэн нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Эийн өмгөөлөгч Н.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Э тухайн тээврийн хэрэгсэл хэнийх болохыг мэдээгүй, ямар гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг ч огт мэдээгүй, хямд үнэтэй болохоор нь л банк бус санхүүгийн байгууллагаас зээл аван худалдаж авсан бөгөөд энэ тухайгаа “....З гэх залуу энэ машины эзэн 2 хоногийн дараа хөдөөгөөс ирнэ тэгэхээр нь нэрээ шилжүүлж, үлдсэн мөнгөө авъя гэж ярилцаж тохиролцсон. Машины бичиг баримт нь дотроо байсан.Тэгээд би 3 хоногийн дараа Т.Оын гэрт очиж бичиг баримтаа шилжүүлэх нь юу болж байна гэж асуухад Т.О Б.Г нар танд зарсан машин хулгайн машин байна гэж хэлэхээр нь би уурлахад тэр 2 бид нар ч бас мэдэхгүй шүү дээ гэж хэлсэн. ...хулгайн машин байна гэдгийг нь мэдсэнийхээ дараа Т.О Б.Г нартай машиныг яах талаар ярилцаж байгаад “гудамжинд хаячихъя” гэж тохиролцоод хамтдаа гражаас гаргаж орхисон. Би хулгайд алдагдсан машин гэдгийг нь сонсоод айсандаа хэрэгт холбогдох байх гэж бодоод гудамжинд орхисон юм.” хэмээн /хх 148/ хэргийн талаар тогтвортой мэдүүлсэн байдаг. Гэрч Ц.Батбилэг “Харин өөрийнх нь яриагаар бол таньдаг 2 хүнээсээ нэг машин худалдаж авсан юм уу даа хямдхан машин байна авчхаач гэхээр нь 3 сая төгрөгт “...” загварын машин худалдаад авсан гэсэн. Тэгээд эхлээд 1 сая төгрөгийг нь өгөөд нэр шилжүүлэхдээ үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж ярьж тохирч байгаад авсан байсан. Тэгээд тэр машинаа аваад удаагүй хэдхэн хонож байтал нөгөө худалдаж авсан машин нь болохгүй л машин байсан гэж надад хэлсэн. Дүү нь мэдэхгүй машин авчихсан чинь баларлаа. Гэмт хэрэгт холбогдчихлоо гэж байсан” гэх мэдүүлэг нь ч үүнийг нотолж байна. Мөнгө угаах гэмт хэргийн шинж нь “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэж гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг лавтай сайн мэдсээр байж зориуд авч ашигласан өөрийн эзэмшилд оруулсан байхыг” ойлгодог. Харин Ц.Эийн хувьд Б.Зийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг огт мэдээгүй, таних ч үгүй байсан ба сүүлд нь Т.О.Б.Г нараас хэрэг үйлдэгдсэн талаар мэдсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтанд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нямсүрэн нь хэлэхдээ “анхан шатны шүүх хуралдааны шийдвэр үндэслэлтэй” гэсэн. Мөрдөн байцаалтын шатанд хохирлын төлбөр гэж 2.000.000 төгрөг төлснөөс өөрөөр төлбөр төлөөгүй. 500.000 төгрөг шилжүүлсэн юм байна. Үүнээс гадна хохирогч ганц хүүтэй байсан. Ганц хүүгийнх нь амь насыг хохироосон гэдэг дээр маш их гомдолтой байдаг. Удам залгах хүү нь байсан гэдэг. Өөрөө өнөөдрийн хуралдаанд оролцох боломжгүй гэсэн. Бусад шүүгдэгч нарын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нямсүрэнгийн байр суурь өөр байгаа. Үүнийг шүүх хуралдаанд хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Өмгөөлөгч миний бие ч санал нийлж байна. Шүүгдэгч Ц.Э, Б.Г, Т.О нарын хувьд шүүгдэгч Б.Зоос аваад мэдсэн ч бай, мэдээгүй ч бай аваад ил гаргасан нь хэргийг илрүүлэхэд тус дэм болсон гэдэг. Эдгээр шүүгдэгч нарт заавал хорих ял өгөхгүйгээр тэнсэхэд татгалзах зүйлгүй гэдгээ анхан шатны шүүх хурал дээр хэлж байсан. Давж заалдах шатны шүүх хурал дээр мөн адил байр суурьтай байна. ...” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Зийн хувьд үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Зт бүх насаар нь хорих ялыг үйлдсэн гэмт хэргийн шинж зэргээс нь харгалзан үзэж оноосон. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлийг хэлж байна. Үүнийг шүүх шийдвэрлэнэ гэсэн байгаа болохоор прокуророос ямар нэгэн тайлбар байхгүй. Бусад шүүгдэгч нарын хувьд анхан шатны шүүхээс биечлэн эдлүүлэх ял оногдуулсан байгаа. Шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал бөгөөд заавал тэнсэх ёстой гэсэн заалт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хүний амьд явахын эсрэг гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын “Агуйт” гэх газарт Архи ууж согтуурсан үедээ амь хохирогч Н.Саруулыг гар хөл нь саажсан, булчин нь хатангиршсан, сарвуу нь юм барих бололцоогүй гэдгийг мэдсээр байж, жолоодож явсан автомашиныг нь авах буюу өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, үл ялих зүйлээр шалтаглан түүнтэй маргалдаж, улмаар төмрөөр арваас доошгүй удаа цохиж, духны баруун хэсгийн шугаман, баруун титэм заадлын салалт, хоёр чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, духны баруун, зүүн чамархайн дэлбэнгийн няцралт, хуйхны олон тооны шарх, баруун сарвууны шарх буюу олон тооны гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Зтой хамт явна гэж хэлж байсан. ...Ингээд тэр өдрөөс хойш миний хүүгийн гар утас холбогдохгүй болж сураггүй болсон. Гэхдээ 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр аавынхаа 99190375 гэсэн дугаарын утас руу өөрийнхөө 86888998 гэсэн дугаараас “аав би 1000 км цаана уул устай сайхан газар байна. Сахиустай хүнтэй хамт байгаа 3-4 хоног болох байх, ээжид битгий хэлээрэй” гэсэн утгатай мессеж 10 цаг 57 минутын орчим бичсэн байсан. ...” гэх /1хх-160-161/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний том хүү болох Н.Саруул нь найз гэх үл таних эрэгтэй хүнтэй хамт гараад сураггүй алга болсон. Учир нь, миний хүүгийн гар болон зүүн хөл нь хөгжил дутуу, зүүн гар нь бүрэн тэнийдэггүй. ...Өөрийнх нь яриагаар Б.З тусалж автомашиныг нь чирч Баянчандмань оруулж өгсөн гэж байсан. Тэр өдрөөс хойш тэр Б.З гэх залуутай байнга байх болсон. ...” гэх /1хх-155-157/,

гэрч Б.Пүрэвдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дүү маань машинаараа хот дотор таксинд явдаг байсан. Зоо ярихдаа “Ховд аймагт Бөөгийн чанар болох гэж байгаа, тийшээ явах уу гээд 2-уулаа яваад Завхан аймгийн Тосонцэнгэл сум дээр очоод мөнгөндөө газ хийгээд Ховд аймаг руу явахад газ хүрэхгүй болоод, цаашаа явбал газ зардаг газар байхгүй гээд тийшээ явалгүй наашаа хот руу буцсан гээд тэр алга болсон хүнээ зүүн талын хөл, гар нь саажилттай юм шиг чөлөөтэй хөдөлдөггүй тийм залуу байгаа юм, хотод цуг ирсэн” гэж хэлсэн. Зоо надад хэлэхдээ миний авч өгсөн машиныг хүнд зарчихсан болохоор айгаад манайд ирээгүй гэж хэлсэн. ...” гэх /1хх-229-232/,

шүүгдэгч Б.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид хоёр тэр архийг машиныхаа хажууд шороон дээр сууж хувааж уугаад нилээн халамцуу болсон бөгөөд бид хоёр бөө, онгод, сахиусны талаар ярилцаж байсан ба би угаа аваад хоёр гурван жил болсон гэдгээ хэлсэн ба Саруул “чи угаа аваад хоёр гурван жил болсон ч над шиг биш, би бол энгүй их мэдрэмжтэй” гэх мэтээр өөрийгөө дөвийлгөөд яриад байсан. Би Саруултай жаахан маргалдсан бөгөөд дуугүй болоод сууж байсан чинь нуруу руу ирээд нэг өшиглөсөн ба араас толгой руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж авсан. Би Саруулыг “за андаа одоо болох юм биш үү” гэхэд Саруул хаанаас гаргаж ирсэн нь мэдэгдэхгүй нэг хагас алд дайны урттай, нэг хурууны өргөнтэй лоом шиг төмрөөр нуруу руу 1 удаа цохиод, толгой руу 1 удаа зөөлхөн цохисон. Тэгэхээр нь би уур хүрээд босож ирээд Саруулыг хавирч унагаагаад унахаар нь Саруулын барьсан төмрийг нь аваад Саруулын толгой орчимд нэг удаа шахуурдаж цохисноо санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа бөгөөд Саруулыг 3-4 удаа цааш нь цохисон байх. Нэг ухаан орсон чинь миний хувцас хунар цус болчихсон байсан бөгөөд Саруул архи уусан газартаа хэвтэж байсан бөгөөд Саруулын толгой нь нил цус болчихсон, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг нь арьс нь язарчихсан нилээн том ангайчихсан хэвтэж байсан. Саруул ямар ч хөдөлгөөнгүй яг үхсэн юм шиг болчихсон байсан ба би маш их айсан бөгөөд юу ч хийхээ мэдэхгүй гараараа яг тэнд газар ухаж эхэлсэн. Тэр газраа хүн багтах хэмжээтэй ухсан. Тэр үед би маш их айсан байсан бөгөөд яг юу хийснээ ч ойлгоогүй. Нүхээ ухаж дуусаад, Саруулын машинд байсан хадгаар толгойг нь ороогоод, бас машинд нь байсан шоотой алаг цамцаар толгойг нь ороочихоод ухсан нүхэндээ Саруулыг дээш нь харуулж хийгээд, ухсан нүхнээс гарсан шороогоор нь булсан. Тэгээд Саруулыг тэнд нь орхичихоод машиныг нь асаагаад Улаанбаатар хот руу явсан...” гэх /1хх-215-217/ мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Шинжилгээ хийх үед нас бараад 72 цагаас дээш болжээ. Н.Саруулын цогцост духны баруун хэсгийн шугаман, баруун титэм заадлын салалт, хоёр зулайн цөмөрсөн хугарал, Инка ясны заадлын салалт, хоёр чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, духны баруун, зүүн чамархайн дэлбэнгийн няцралт, хуйхны олон тооны шарх, баруун сарвууны шарх тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн арваас доошгүй удаагийн цохих, үрэх үед үүснэ. Хуйхны шархнууд нь гэмтлийн хөнгөн зэрэгт, гавлын хугарал, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 17-нд үүссэн байж болно. Талийгаач нь зүүн гар, хөлийн саажилт, булчингийн хатингаршилт өвчтэй байжээ. Нас барах үедээ согтолтгүй байжээ. Цус нь 2 дугаар бүлэг байна. Талийгаачийн зүүн гар хөл саажсан, булчин нь хатингаршсан, сарвуу нь юм барих бололцоогүй зэрэг нь өөрийгөө хамгаалан тэмцэлдэх боломжийг ихээр багасгана.” гэх 2442 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-34-36/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Б.З нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.З нь өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. Б.З нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.З нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.З нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна. Б.Зт албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна. Б.З нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх 131 дугаартай шинжээч нарын дүгнэлт /2хх-93-94/,

“Кости эстимэйт” ХХК-ний 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 19/15 дугаартай үнэлгээний тайлан /1хх-192-194/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-32, 100-105/, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 40-47/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 66-99/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 128-136/ зэрэг нотлох баримтуудаар,

Эдийн засгийн гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г, Т.О нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсэн атлаа шүүгдэгч Б.Зийн Завхан аймгаас жолоодож Улаанбаатар хотод ирсэн ... УБС улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад худалдахад зуучлан ашиглаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсэн атлаа шүүгдэгч Б.Зийн Завхан аймгаас жолоодож Улаанбаатар хотод ирсэн ... УБС улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор ашиг хонжоо хайж 1.000.000 төгрөгөөр авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд Саруулын гар утсаар нь найз Оын 88853280 дугаар руу залгаж яриад “найз нь машин хулгайлчихлаа одоо яах уу” гэхэд “Яармагт хүрээд ир” гэсэн юм. Яармагт явж очоод найзынхаа ажиллаж байсан “Хүннү Вилла” хотхон дээр очсон. Тэнд манай найз бохир өрлөгийн ажил хийж байсан юм. Тэндээс О, Хуягаа гэж найзтайгаа миний машинд суусан бөгөөд тахилт орж машинаа нэг гудамжинд хаячихаад тэр өдөртөө Оынд очиж хоносон. ...О Саруулын машиныг 1 сая төгрөгөөр нэг хүнд зарсан. Яг ямар хүнд зарсныг нь мэдэхгүй. ...” гэх /1хх-215-217/,

шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...удалгүй 30 гаруй минутын дараа Зоо ирсэн. Ирэхдээ саарал өнгийн “...” загварын тээврийн хэрэгсэлтэй ирсэн. ...Түүнийг тийм машинтай хүрээд ирэхээр нь О бид хоёр сонирхоод “...хэний машин юм бэ” гэж асуусан чинь Зоо “...та хоёртой яриа байна” гэхээр нь “....ямар яриа байгаа юм бэ” гэж асуутал “...энэ машиныг зармаар байна” гэж байсан. Бид хоёр “...өөрийнхөө машиныг яачихсан юм бэ, энэ хэний машин юм бэ” гэж асуутал “...найз нь хүн шүргээд балраад явж байна, тэгээд өөрийнхөө машиныг журмын хашаанд хийлгэчихлээ” гэхээр нь бид хоёр “...нөгөө шүргүүлсэн хүн чинь яасан юм бэ” гэтэл “...хохирлыг нь барагдуулаад 500.000 төгрөг өгөөд салсан, өөрийнхөө машиныг авах гэтэл журмын хашаанд сар болж байна, торгуулийг нь төлж чадахгүй, тэр чигээр нь үлдээнэ, би гэртээ харилгүй удаж байна, ямар ч хамаагүй 1 машинтай гэртээ очихгүй бол бөөн юм болно, гэрийнхэндээ алуулна, загнуулна, тийм болохоор энэ машиныг зараад өгөөч, хүнээс асуугаад өгөөч” гэж гуйсан, Би “...эзэн нь хаана байгаа юм бэ, ямар хүн байдгийн хаана байдаг юм” гэхэд “...эзэн нь хөдөө явчихсан 2 хоногийн дараа ирнэ, ирэхээс нь өмнө зарчихмаар байна, баригдах юм бол би өөрөө арыг нь даана, найз нь гуйж байна” гээд байсан. Тэгэхээр нь бид хоёр “...чи тэгвэл хүн нь байхгүй машины түлхүүрийг нь яаж авсан юм, яаж асааж ирсэн юм бэ” гэтэл “...гэр рүү нь ороод түлхүүрийг нь авчихсан” гэсэн. ... О бид хоёр залгаад “...хаана байгаа юм бэ ах, юу хийж байна” гэхэд “...Тахилтад гэртээ байшин бариад завгүй байна” гэхээр нь “...хямдхан шиг ... машин зарах гэсэн юм, та сонирхохгүй юм уу” гэхэд “...хэний машин, ямар учиртай машин юм бэ” гэж асуухаар нь “...манай найз хямдхан зараад өгөөч гэсэн юм, та үзэх үү” гэтэл “...за юу ч гэсэн үзье, хүрээд ир Тахилтад” гэсэн. Тэгэхээр нь О, Зоор бид гурав тэр машинаар нь шууд Тахилт яваад замдаа Ээгий утсаар ярьж байгаад гэрийг нь заалгаж байгаад гэрт нь очиж Зоогийн унаж ирсэн машиныг үзүүлсэн юм. Ээгий “...машиныг үзчихээд яачихсан болоод хямдхан зарах гээд байгаа юм бэ” гэж асуухаар нь би “...манай найз найзынхаа гэр рүү нь ороод түлхүүрийг нь аваад машиныг унаад ирсэн гэнээ, эзэн нь хөдөө байгаа, 2 хоногийн дараа ирнэ гэсэн” гэтэл Зоо хажуу талаас “...та хямдхан авчихаа би өөрөө арыг нь даанаа” гэж хэлсэн. ... Тэгтэл Ээгий Зоогоос “...иймээ тиймээ юм болчихвол яах юм бэ, дэмий юм биш үү” гэхэд Зоо “...зүгээрээ наадах чинь манай найзын машин, ирэхээр нь би өөрөө зохицуулна” гэж хэлсэн чинь Ээгий “...1.000.000 төгрөгөө өгвөл авъя” гэсэн.” гэх /1хх-221-223/,

шүүгдэгч Т.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...З “...” загварын мөнгөлөг саарал өнгийн машин унаад ажил дээр ирээд “энэ машиныг зараад өгөөч” гэхээр нь би “андаа ямар учиртай машин бэ” гэхэд “манай найзын машин байгаа юм манай найз хөдөө явсан хойгуур нь би гражаас нь хулгайлсан юм” гэхээр нь би “тэгвэл одоо наад машин чинь зарлуулсан юм биш үү” гэж асуухад “зүгээрээ ямар нэгэн асуудал гарвал би өөрөө арыг нь даана” гэхээр нь би Хуягаа, З нарын хамт нөгөө машинд суугаад Тахилт руу очиж Ээгий ахад тус машиныг үзүүлсэн чинь Ээгий ах “за энэ чинь асуудалтай хулгайн машин юм чинь 1 сая төгрөгөөр авъя гэтэл З “мөнгөний хэрэг гараад байгаа болохоор та ав ав” гэж хэлээд Ээгий ах тэр машиныг байрлуулах газар олж байгаад мөнгийг нь өгнө гэхээр нь З, Хуягаа бид гурав “22 товчооны жалганд нөгөө машинаа аваачиж үлдээгээд харьцгаая” гэтэл З “би гэр рүүгээ явмааргүй байна энэ машинд хононо гээд үлдсэн” Хуягаа бид хоёр гэртээ ирж хоносон. Маргааш өглөө нь 10 цаг өнгөрч байхад Хуягаа бид хоёр З дээр очиж Ээгий ахыг граж олох болов уу гэж хүлээсэн. Орой миний утас руу Ээгий ах залгаад нөгөө машинаа Их нарангийн хажууд аваад ир гэхээр нь З, Хуягаа нарт “Ээгий ах хүрээд ир гэж байна” гэж хэлээд би өөрөө тэндээ үлдсэн. Хуягаа миний гар утас руу залгаад “бид хоёр нөгөө машинаа хүргээд өгчихлөө мөнгөө маргааш ав гэж байна” гэж хэлээд манай гэрт очиж хоносон. Маргааш нь бид гурав Нарангийн голын гүүрэн дээр Ээгий ахтай уулзаж бэлнээр 1.000.000 төгрөг аваад Зоо “машин зарж өгсөн юм чинь өнөөдөр найз нь дайлъя хамт ууя” гэж хэлээд бид 3 машин зарсан мөнгөнөөс нь зочид буудал орж 2 шил архи аваад, тэндээсээ караоке орж, эргээд буудалдаа ирж байж байгаад 5 цагийн үед манай гэрт очиж амарсан. ...” гэх /1хх-226/,

гэрч Л.Болдбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э ах над руу залгаад “ах нь яриад байсан гражаа түрээслье” гэхээр нь “Болно. Дотор байгаа хог шороог нь цэвэрлээд түрээслье” гэсэн. Түрээсэлснээс хойг граж дотор ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. ...” гэх /1хх-240-241/, гэрч У.Содгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /2хх-3-4/, гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /2хх-5-7/ мэдүүлгүүд,

“Өлзий буян” ХХК-ний зочид буудлын бүртгэл /2хх-10-11/, “Кости эстимэйт” ХХК-ний 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 19/15 дугаартай үнэлгээний тайлан /1хх-192-194/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-49-65/, граж түрээслүүлэх тухай гэрээ /1хх-243/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Зийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг, шүүгдэгч Ц.Эийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж авч мөнгө угаасан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Г, Т.О нарыг бүлэглэн гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж ашиглан бусдад шилжүүлж мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Гагцхүү анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд хэргийн үйл баримтуудыг бүрхэг байдлаар, тодорхой бус дүгнэлтүүдийг хийсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаж чадаагүй тул давж заалдах шатны шүүх “хэргийг бүхэлд нь хянах” эрх хэмжээний хүрээнд хэргийн үйл баримтад бүрэн дүгнэлт хийх замаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Зийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7 дахь заалтад зааснаар, Ц.О, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон төдийгүй шүүгдэгч Б.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Г, Т.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Зийн нэрийг “Б.Зт” гэж буруу бичсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулж, цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхан шатны шүүхэд анхааруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.З, Т.Отгонбаяр, Б.Г нарын гэмт хэрэг үйлдэж олсон 1.000.000 төгрөгийн орлогыг тэднээс хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Зийн өмгөөлөгч С.Чулуунбаатар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 500.000 төгрөгийн хохирол төлсөн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгснийг энэхүү магадлалд дурдах нь зөв гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан ял нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, шүүгдэгч Ц.Эийн өмгөөлөгч Э.Энххэрлэн, Н.Болормаа, шүүгдэгч Б.Г, Т.О нарын өмгөөлөгч Д.Дарханбаатар нарын гаргасан “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, шүүгдэгч Ц.Эийн өмгөөлөгч Э.Энххэрлэн, Н.Болормаа, шүүгдэгч Б.Г, Т.О нарын өмгөөлөгч Д.Дарханбаатар нарын гаргасан “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын          29-ний өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолд техникийн шинжтэй алдаанд зохих өөрчлөлт, нэмэлт заалтыг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 5, 6, 7, 9 дэх заалтуудад “...Б.Зт...” гэснийг “Б.З” гэж өөрчилсүгэй.
  2.  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Т.Отгонбаяр, Б.Г нараас гэмт хэргийн замаар олсон 1.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, шүүгдэгч Ц.Эийн өмгөөлөгч Э.Энххэрлэн, Н.Болормаа, шүүгдэгч Б.Г, Т.О нарын өмгөөлөгч Д.Дарханбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Шүүгдэгч Б.З нь гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 500.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
  4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧ                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ