Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2016/01362

 

“Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан,  Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00300 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1565 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 72 764 108.11 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14/64 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк “Оргилуун ертөнц” ТББ-тай 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 14/64 тоот зээлийн гэрээ байгуулж, 70 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт гудамж, 91 тоот хаягт байрлах 216 м.кв талбайтай сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт гудамж, 91/1 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон хорооны төвд байршилтай 9241 м.кв талбайтай хүүхэд хөгжлийн төвийн зориулалттай газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч үндсэн зээл 15 360 953 төгрөг, зээлийн хүү 19 083 993 төгрөг, нийт 34 444 946 төгрөгийн төлөлт хийсэн. Банк нь зээлдэгч “Оргилуун ертөнц” ТББ-тай удаа дараа уулзаж зээлээ төлөхийг шаардаж байсан боловч гэрээний үүргээ гүйцэтгэхгүй зайлсхийсээр өнөөдрийг хүрлээ.Иймд талуудын 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 14/64 тоот зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.10, 8.3.11 болон 8 дугаар зүйлийн холбогдох заалтууд зөрчигдсөн тул зээлийн болон барьцааны гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээл 54 639 037,44 төгрөг, хүү 11 623 718.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 324 743.77 төгрөг, нийт 68 587 500.08 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4 176 608 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 72 764 108.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага барилгын ажлын засвар шинэчлэх үйл ажиллагаа өргөжүүлэх зорилгоор банкнаас бизнесийн зээл авахаар болсон. Тухайн зээлийн хүүг банкны нөхцлөөр зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан учраас гэрээ байгуулсан. Зээлийн эргэн төлөлт өндөр байсан учир санхүүгийн доголдолд орж үйл ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Капитал банкны эдийн засагч болон захиралд удаа дараа зээлийн хүүг багасгах талаар хүсэлт тавьсан боловч ямар ч хариу тайлбар өгөөгүй.Тиймээс банкнаас зээлсэн зээлийг төлөх боломжгүй. Уг зээлээс 34 сая орчим төгрөг төлсөн, одоо үндсэн зээл 36 сая төгрөг дутуу тул үүнийг төлнө. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь анхнаасаа хуулийн шаардлагад нийцээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай байгууллага захын гэр хороолол болон орон нутгийн бага орлоготой хүүхдүүдийг харж асардаг. Хүүхэд хөгжүүлэх төвийн барилгын завсар шинэчлэлийн өргөтгөлийн ажлыг хийх зорилготой байсан. Тиймээс ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулж ашиг олж тэрнээсээ зээлээ төлнө гэсэн зорилго байгаагүй, Тиймээс анх “Капитал банк” ХХК нь зээл олгохдоо Жайка төслийн зээл олгох ёстой юм байна гэдгээ мэдэж байсан гэдэг нь зээлийн гэрээнд тусгасан нөхцлүүдээс харагдаж байна. “Капитал банк” ХХК зээл олгохдоо бүх ажиллагааг хянаж нягтлах үүрэгтэй атал хянаж шалгалгүй, зээл олгосон нь хууль бус гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:“Оргилуун ертөнц” ТББ нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу нийгэмд үйлчлэх дүрмийн үүрэг зорилготой, ашгийн төлөө бус хуулийн этгээд. Бид өөрийн дүрмийн 3.1-т заасан үйл ажиллагаандаа зориулан хотын захын гэр хорооллын болон хөдөө орон нутгийн өрхийн орлого багатай хүүхэд багачуудын цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд санхүүжилт шаардлагатай байсан тул төсөл хөтөлбөрт олгодог бага хүүтэй зээл авах зорилгоор банкинд хадсан. Капитал банкнаас 2014 оны 5 дугаар сарын 01-нд 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаанд удирдлага болгосон ерөнхий нөхцлүүдэд Жайка төслийн зээл гэсэн атлаа сарын 2.1 хувь, жилийн 25.2 хувийн хүүтэй тооцсон хуваарийн дагуу зээл төлснөөс бид 2015 оны 11 сараас хойших дээрх үнийн дүнгээр төлбөр төлөх ямар ч санхүүгийн бололцоогүй болсон. Төрийн бус байгууллага бизнес эрхэлдэг буюу ашгийн төлөө бус байгууллага гэдэг нь хуульд, Капитал банкинд гаргаж өгсөн “Оргилуун ертөнц” ТББ-ын дүрэмд ч байсаар байтал ийнхүү бизнесийн зээл гэх нэрээр ашгийн бус нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад өндөр хүүтэй зээл олгон байгууллагын үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан хууль бус хэлцэл гэж үзэж байна.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14/64 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:“Оргилуун ертөнц” ТББ нь үйл ажиллагаандаа зарцуулахаар банкнаас зээл хүссэн. Зээлийн хүсэлтийг судалж үзсэн учраас зээл олгосон. Тиймээс 2 тал харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг байгуулсан этгээд нь “Оргилуун ертөнц” ТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байгуулсан. Энэ гэрээ нь хуулийн ямар нэгэн заалтыг зөрчсөн хэлцэл биш учраас хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. “Оргилуун ертөнц” ТББ нь анх зээл авахдаа Жайка төслийн зээлийн талаар авах хүсэлт гаргаагүй бизнесийн зээл гэж авсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00300 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ-аас 68 587 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4 176 686 төгрөгийг, хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ-ын 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14/64 дугаар зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийт гудамж, 91 тоот хаягт байрлах 216 м.кв талбайтай, Г-000290898, Ү-2206012737 дугаартай, сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийт гудамж, 91/1 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай, Г-000299418, Ү-2206021059 дугаартай, сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон хорооны төвд байршилтай 9241 м.кв талбайтай Г-0292910 дугаартай хүүхэд хөгжлийн төвийн зориулалттай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 521 770.54 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 500 887 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1565 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 776 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан нэхэмжлэлийн дүнгээр буюу 68 587 500 төгрөгийг хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ-аас гаргуулахаар шийдвэрлэж, нэмэгдүүлсэн шаардлага болох 4 176 608 төгрөгийг илүү нэхэмжилсэн хэмээн хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх “...шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс талуудын зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэх тул зээлдүүлэгч нь гэрээ цуцласнаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна” гэж дүгнэсэн нь Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.1-д зааснаар “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно”, мөн хуулийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заажээ. Банкны зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж харагдаж байна. Мөн түүнчлэн зээлдэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийг ашиглаж байгаа болохыг дурдах нь зүйтэй. Иймд зээлийн гэрээг цуцласнаас үл хамааран зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацааны хүү нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж үзэж байна.Иймд анхан шатны шүүхийн 183/ШШ2016/00300 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт дурдсан 4 176 686 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэг болон уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн 1565 тоот магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас 72 764 108 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Анхан  болон давж заалдах шатны хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “Капитал” банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 68 587 500 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэлийн үнийн дүнг 72 764 108 төгрөг болгожээ.

Хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүйгээс гадна зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 14\64 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан байх ба хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ нь 70 000 000 төгрөгийг жижиг дунд бизнесийн зориулалтаар сарын 2.1% хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар зээлжээ. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байна.

Зохигчдын хооронд үүссэн дээрх харилцааг шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ. Зээлийн болон барьцааны гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар шүүх нотлох баримтад тулгуурласан, Иргэний хуулийн холбогдох эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч “Капитал” банк нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмаар гүйцэтгэхгүй байгаа зээлдүүлэгчид 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэнээс гадна гэрээний үүргийг хугацаанаас өмнө шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх гэрээнээс татгалзсан гэж үзэж, ийнхүү татгалзах эрх үүссэн учир хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеэр тооцож тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00300 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1565 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81 776 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА      

ШҮҮГЧ                                                                                      Ц.АМАРСАЙХАН