Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00300

 

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2016/00300

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-48, Төв байранд оршин байх Капитал банк ХХК /РД: 2556375/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийт, өөрийн байрны 91 тоотод оршин байх, Оргилуун ертөнц ТББ /РД:1085395/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 72 764 108.11 төгрөг гаргуулах, гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

 

2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14/64 дугаар зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн, Ц.Оюунаа, хариуцагчийн төлөөлөгч Х.Нарантунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Отгонзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

                              ТОДОРХОЙЛОХ нь:    

 

           Нэхэмжлэгч Капитал банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн, Ц.Оюунаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь Оргилуун Ертөнц ТББ-тай 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14/64 тоот зээлийн гэрээ байгуулж 70 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,1 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийт гудамж, 91 тоот хаягт байрлах 216 м.кв талбайтай сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийт гудамж, 91/1 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон хорооны төвд байршилтай 9241 м.кв талбайтай хүүхэд хөгжлийн төвийн зориулалттай газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь авсан зээлээс үндсэн зээл 15 360 953 төгрөг, зээлийн хүү 19 083 993 төгрөг, нийт 34 444 946 төгрөгийн төлөлт хийсэн. Капитал банк нь зээлдэгч Оргилуун Ертөнц ТББ-тай удаа дараа уулзаж зээлээ төлөхийг шаардаж байсан боловч үндсэн зээл, зээлийн хүүг төлөх гэрээний үүргээ гүйцэтгэхгүй зайлсхийсээр өнөөдрийг хүрлээ. Иймд капитал банк Оргилуун Ертөнц ТББ-тай нарын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14/64 тоот зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.10, 8.3.11 дэх заалтууд болон 8 дугаар зүйлийн холбогдох заалтууд зөрчигдсөн байх тул  зээлийн болон барьцааны гэрээг нэг талын санаачилгаар цуцалж 54 639 037 төгрөгийн үндсэн зээл, 11 623 718.87 төгрөгийн зээлийн хүү, 2 324 743.77 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 68 587 500.08 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг шаардлагаа нэмэгдүүлсэн тул нийт 72 764 108.11 төгрөгийг хариуцагч Оргилуун Ертөнц ТББ-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Оргилуун Ертөнц ТББ-ын төлөөлөгч Х.Нарантунгалаг болон түүний өмгөөлөгч Э.Отгонзул нар шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, барилгын ажлыг завсар шинэчлэх, үйл ажиллагаа өргөжүүлэх зорилгоор банкнаас бага хувийн хүүтэй зээл хөөцөлдсөн боловч Капитал банкнаас бизнесийн зээл авахаар болсон. Тухайн зээлийн хүүг банкны нөхцөлөөр зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан учраас гэрээ байгуулсан. Зээлийн эргэн төлөлт нь өндөр байсан учраас манай байгууллага санхүүгийн доголдолд орж үйл ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Капитал банкны эдийн засагч болон захиралд нь удаа дараа зээлийн хүүг багасгах талаар хүсэлт тавьсан боловч ямар ч хариу тайлбар өгөөгүй. Тиймээс Капитал банкнаас зээлсэн зээлийг төлөх боломжгүй байна. Уг зээлээс нийт 34 сая орчим төгрөг төлсөн, одоо үндсэн зээл 36 сая төгрөг дутуу тул үүнийг төлнө. Капитал банк, “Оргилуун ертөнц” төрийн бус байгууллагын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь анхнаасаа хуулийн шаарлагад нийцээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл Капитал банк нь зээлийн үйл ажиллагаа, мөнгөн хадгаламж, мөнгөн гүйлгээний ажиллагааг байнга явуулдаг тусгайлсан хуулиар зохицуулагддаг байгууллага. Харин “Оргилуун ертөнц” ТББ нь Иргэний хууль болон ТББ-ын хуульд зааснаар нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллага. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээ нь агуулгын хувьд зөрчилтэй гэж үзэж байна. Манай байгууллага нь захын гэр хороолол болон орон нутгийн бага орлоготой хүүхдүүдийг харж асардаг. Хүүхэд хөгжүүлэх төвийн барилгын завсар шинэчлэлийн өргөтгөлийн ажлыг хийх зорилготой байсан. Тиймээс ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулж ашиг олж тэрнээсээ зээлээ төлнө гэсэн зорилго байгаагүй. Тиймээс анх Капитал банк нь “Оргилуун ертөнц” ТББ-д зээл олгохдоо Жайка төслийн  зээл олгох ёстой юм байна гэдгээ мэдэж байсан гэдэг нь зээлийн гэрээнд тусгасан нөхцөлүүдээс харагдаж байна. Капитал банк нь зээл олгохдоо Мөнгөн хадгаламжийн тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн тухай хууль, зээлийн хорооны ажиллах журам зэргийг зөрчиж, бүх ажиллагааг хянаж нягтлах үүрэгтэй атал хянаж шалгалгүй, зээл олгосон нь хууль бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Оргилуун Ертөнц ТББ-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж төлөөлөгч Х.Нарантунгалаг, түүний өмгөөлөгч Э.Отгонзул нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оргилуун Ертөнц ТББ нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4,2 дахь хэсэгт заасны дагуу нийгэмд үйлчлэх дүрмийн үүрэг зорилготой, ашгийн төлөө бус хуулийн этгээд билээ. Бид өөрийн дүрмийн 3.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаандаа зориулан хотын захын гэр хорооллын болон хөдөө орон нутгийн өрхийн орлого багатай хүүхэд багачуудын цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд санхүүжилт шаардлагатай байсан тул төсөл хөтөлбөрт олгодог бага хүүтэй зээл авах зорилгоор банкинд хадсан. Гэвч Капитал банкнаас 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр авсан 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаанд удирдлага болгосон ерөнхий нөхцлүүдэд Жайка төслийн зээл гэсэн атлаа сарын 2,1 хувь, жилийн 25,2 хувийн хүүтэй тооцсон хуваарийн дагуу зээл төлснөөс бид 2015 оны 11 дүгээр сараас хойш дээрх үнийн дүнгээр төлбөр төлөх ямар ч санхүүгийн бололцоогүй болсон. Төрийн бус байгууллага нь бизнес эрхэлдэг буюу ашгийн төлөө бус байгууллага гэдэг нь хуульд ч, Капитал банкинд гаргаж өгсөн Оргилуун ертөнц ТББ-ын дүрэмд ч байсаар атал ийнхүү бизнесийн зээл гэх нэрээр ашгийн бус нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад өндөр хүүтэй зээл олгон байгууллагын үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан нь хууль бус хэлцэл гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14/64 дугаар зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Оргилуун ертөнц” ТББ нь үйл ажиллагаандаа зарцуулахаар Капитал банкнаас зээл хүссэн. Зээлийн хүсэлтийг судалж үзсэн үндсэн дээр зээл олгох боломжтой гэж үзсэн учраас зээл олгосон. Тиймээс 2 тал харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг байгуулсан этгээд нь “Оргилуун ертөнц” ТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байсан. Энэ гэрээ нь хуулийн ямар нэгэн заалтыг зөрчсөн хэлцэл биш учраас хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. “Оргилуун ертөнц” ТББ нь анх зээл авахдаа Жайка төслийн зээлийн талаар авах хүсэлт гаргаагүй, бизнесийн зээл гэж авсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Оргилуун Ертөнц ТББ-д холбогдуулж анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 68 587 500 төгрөг гаргуулахаар шаардснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 72 764 108.11 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Оргилуун Ертөнц ТББ нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14/64 дугаар зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. 

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 68 587 500 төгрөгийг хангаж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4 176 686 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин хариуцагч нь гэрээг цуцлах асуудлаар маргаагүй бөгөөд зээлийн гэрээгээр авсан 70 000 000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 36 000 000 төгрөгийг төлнө,  харин зээлийн гэрээг бизнесийн зээл гэх нэрээр ашгийн бус нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад өндөр хүүтэй зээл олгон байгууллагын үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан нь хууль бус хэлцэл гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14/64 дугаар зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасныг хангах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Зохигчид 2014 оны 5 сарын 01-ний өдөр 14/64 тоот дугаартай Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээг байгуулж, үүгээр банк нь 70 000 000 төгрөгийн зээлийг жижиг, дунд бизнесийн зээл зориулалтаар сарын 2.1 хувийн хүүтэйгээр, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 7-10/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийт гудамж, 91 тоот хаягт байрлах 216 м.кв талбайтай Y-2206012737 дугаарт бүртгэлтэй, сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийт гудамж, 91/1 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай Y-2206021059 дугаарт бүртгэлтэй, сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон хорооны төвд байршилтай 9241 м.кв талбайтай хүүхэд хөгжлийн төвийн зориулалттай газрыг тус тус барьцаалжээ. /хх-ийн 11-26/

 

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар 70 000 000 төгрөгийг хүлээн авсан болон уг зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн зэрэгт зохигчид маргаагүй.

 

Нэгэнт зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээний 5.1.3, 8.3 дахь хэсэгт зааснаар банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрхийн үндэслэл болох юм. Харин зээлийн гэрээнд заасан хугацаагаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн үндэслэл болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Капитал банкыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар буюу 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөр гэрээг цуцалсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээ цуцлагдсан гэж, энэ хэмжээнд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцох үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч Оргилуун Ертөнц ТББ нь нэхэмжлэгч Капитал банкинд 2014 оны 4 сарын 2-ны өдөр “70 000 000 төгрөгийг барилгын гадна засвар, дотоод засвар, өрөө тохижуулалт, гүний худаг, зүлэгжүүлэлт, мод тариалалт, тоглоомын талбай, хүнсний ногооны систем усалгааны талбай зэрэгт зарцуулах зориулалтаар” Аж ахуйн нэгжийн зээл хүсэх тухай өргөдлийг холбогдох бичиг баримтуудын хамт гаргаж өгсөн байна.

 

Хавтаст хэрэгт Капитал банкны зээл олгох журам болон холбогдох баримт бичгүүдийг хариуцагч тал нотлох баримтаар гаргуулсан байх ба тухайн зээлийг олгохдоо банкыг холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрээний дагуу хариуцагч тал зээлийн 70 000 000 төгрөгийг гэрээнд заасан зориулалтаар ашигласан байх ба гэрээний үүргийг тодорхой хугацаанд биелүүлсэн байгаа зэргээс дээрх гэрээнүүд талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Иймд шүүх хариуцагчийг үндсэн зээлийн 54 639 037 төгрөг, зээлийн хүү 11 623 718.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 324 743.77 төгрөг, нийт 68 587 500.08 төгрөгийг төлөх үүрэгтэй тул энэ хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 4 176 608 төгрөг үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтийг хүлээн авч зээлдэгч нь дээрх төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд уг үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Оргилуун Ертөнц ТББ-аас 68 587 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4 176 686 төгрөгийг, хариуцагч Оргилуун Ертөнц ТББ-ын 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14/64 дугаар зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Оргилуун Ертөнц ТББ нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийт гудамж, 91 тоот хаягт байрлах 216 м.кв талбайтай, Г-000290898, Ү-2206012737 дугаартай, сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийт гудамж, 91/1 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай, Г-000299418, Ү-2206021059 дугаартай, сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон хорооны төвд байршилтай 9241 м.кв талбайтай Г-0292910 дугаартай хүүхэд хөгжлийн төвийн зориулалттай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 521 770.54 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Оргилуун Ертөнц ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 500 887 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Б.МӨНХЖАРГАЛ