Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1565

 

   “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00300 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ-д холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 72 764 108.11 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

 

2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14/64 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн, Ц.Оюунаа

Хариуцагчийн төлөөлөгч Х.Нарантунгалаг

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Отгонзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн, Ц.Оюунаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк “Оргилуун ертөнц” ТББ-тай 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 14/64 тоот зээлийн гэрээ байгуулж, 70 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт гудамж, 91 тоот хаягт байрлах 216 м.кв талбайтай сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт гудамж, 91/1 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон хорооны төвд байршилтай 9241 м.кв талбайтай хүүхэд хөгжлийн төвийн зориулалттай газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч үндсэн зээл 15 360 953 төгрөг, зээлийн хүү 19 083 993 төгрөг, нийт 34 444 946 төгрөгийн төлөлт хийсэн. Банк нь зээлдэгч “Оргилуун ертөнц” ТББ-тай удаа дараа уулзаж зээлээ төлөхийг шаардаж байсан боловч гэрээний үүргээ гүйцэтгэхгүй зайлсхийсээр өнөөдрийг хүрлээ. Иймд талуудын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14/64 тоот зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.10, 8.3.11 болон 8 дугаар зүйлийн холбогдох заалтууд зөрчигдсөн тул зээлийн болон барьцааны гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээл 54 639 037,44 төгрөг, хүү 11 623 718.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү  2 324 743.77 төгрөг, нийт 68 587 500.08 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4 176 608 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 72 764 108.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ-ын төлөөлөгч Х.Нарантунгалаг шүүхэд болон шүүх хуралданд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага барилгын ажлын засвар шинэчлэх үйл ажиллагаа өргөжүүлэх зорилгоор банкнаас бизнесийн зээл авахаар болсон. Тухайн зээлийн хүүг банкны нөхцөлөөр зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан учраас гэрээ байгуулсан. Зээлийн эргэн төлөлт өндөр байсан учир санхүүгийн доголдолд орж үйл ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Капитал банкны эдийн засагч болон захиралд удаа дараа зээлийн хүүг багасгах талаар хүсэлт тавьсан боловч ямар ч хариу тайлбар өгөөгүй. Тиймээс банкнаас зээлсэн зээлийг төлөх боломжгүй. Уг зээлээс 34 сая орчим төгрөг төлсөн, одоо үндсэн зээл 36 сая төгрөг дутуу тул үүнийг төлнө. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь анхнаасаа хуулийн шаардлагад нийцээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай байгууллага захын гэр хороолол болон орон нутгийн бага орлоготой хүүхдүүдийг харж асардаг. Хүүхэд хөгжүүлэх төвийн барилгын завсар шинэчлэлийн өргөтгөлийн ажлыг хийх зорилготой байсан. Тиймээс ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулж ашиг олж тэрнээсээ зээлээ төлнө гэсэн зорилго байгаагүй, Тиймээс анх “Капитал банк” ХХК нь зээл олгохдоо Жайка төслийн зээл олгох ёстой юм байна гэдгээ мэдэж байсан гэдэг нь зээлийн гэрээнд тусгасан нөхцөлүүдээс харагдаж байна. “Капитал банк” ХХК зээл олгохдоо бүх ажиллагааг хянаж нягтлах үүрэгтэй атал хянаж шалгалгүй, зээл олгосон нь хууль бус гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ-ын төлөөлөгч Х.Нарантунгалаг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оргилуун ертөнц” ТББ нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу нийгэмд үйлчлэх дүрмийн үүрэг зорилготой, ашгийн төлөө бус хуулийн этгээд. Бид өөрийн дүрмийн 3.1-т заасан үйл ажиллагаандаа зориулан хотын захын гэр хорооллын болон хөдөө орон нутгийн өрхийн орлого багатай хүүхэд багачуудын цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд санхүүжилт шаардлагатай байсан тул төсөл хөтөлбөрт олгодог бага хүүтэй зээл авах зорилгоор банкинд хадсан. Капитал банкнаас 2014 оны 5 дугаар сарын 01-нд 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаанд удирдлага болгосон ерөнхий нөхцөлүүдэд Жайка төслийн зээл гэсэн атлаа сарын 2.1 хувь, жилийн 25.2 хувийн хүүтэй тооцсон хуваарийн дагуу зээл төлснөөс бид 2015 оны 11 дүгээр сараас хойших дээрх үнийн дүнгээр төлбөр төлөх ямар ч санхүүгийн бололцоогүй болсон. Төрийн бус байгууллага бизнес эрхэлдэг буюу ашгийн төлөө бус байгууллага гэдэг нь хуульд, Капитал банкинд гаргаж өгсөн “Оргилуун ертөнц” ТББ-ын дүрэмд ч байсаар байтал ийнхүү бизнесийн зээл гэх нэрээр ашгийн бус нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад өндөр хүүтэй зээл олгон байгууллагын үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан хууль бус хэлцэл гэж үзэж  байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14/64 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн, Ц.Оюунаа нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Оргилуун ертөнц” ТББ нь үйл ажиллагаандаа зарцуулахаар банкнаас зээл хүссэн. Зээлийн хүсэлтийг судалж үзсэн учраас зээл олгосон. Тиймээс 2 тал харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг байгуулсан этгээд нь "Оргилуун ертөнц" ТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байгуулсан. Энэ гэрээ нь хуулийн ямар нэгэн заалтыг зөрчсөн хэлцэл биш учраас хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. “Оргилуун ертөнц” ТББ нь анх зээл авахдаа Жайка төслийн зээлийн талаар авах хүсэлт гаргаагүй бизнесийн зээл гэж авсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ-аас 68 587 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4 176 686 төгрөгийг, хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ-ын 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14/64 дугаар зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

          Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийт гудамж, 91 тоот хаягт байрлах 216 м.кв талбайтай, Г-000290898, Ү-2206012737 дугаартай, сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийт гудамж, 91/1 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай, Г-000299418, Ү-2206021059 дугаартай, сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон хорооны төвд байршилтай 9241 м.кв талбайтай Г-0292910 дугаартай хүүхэд хөгжлийн төвийн зориулалттай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 521 770.54 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 500 887 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэгэнт зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээний 5.1.3, 8.3 дахь хэсэгт зааснаар банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болох бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн үндэслэл болох юм. Харин зээлийн гэрээнд заасан хугацаагаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн үндэслэл болохгүй буюу шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан өдрөөс хойш бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн болох 4 176 608 төгрөгийг шаардах эрхийн үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллаганы тухай хуулийн 24.1, 24.3 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалтаас үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй нь харагдаж байна. Түүнчлэн зээлдэгч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийг ашиглаж байгаа. Иймд зээлийн гэрээг цуцалснаас үл хамааран зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Иймд шийдвэрт 4 176 686 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж хариуцагчаас 72 764 108 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтооосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

          Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 72 764 108.11 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14/64 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №14/64 тоот зээлийн  болон барьцааны гэрээ байгуулагдаж, 70 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт гудамж 91 тоот хаягт байрлах 216 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт гудамж, 91/1 тоот хаягт байрлах 128 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон хорооны төвд байршилтай 9241 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалж, үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна /хх-7-9, 11-13/.

           

Дээрх зээлийн болон барьцааны гэрээний дагуу хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-иас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр, 2014/194 тоот, 2015 он 12 дугаар сарын 09-ний өдөр тус тус албан бичгээр зээлийг хугацаанаас өмнө цуцлах талаар мэдэгдсэн байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №14/64 тоот зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т заасны дагуу бичгээр байгуулагдсан, зохих байгууллагад бүртгүүлэх хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул эдгээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл авсан этгээд зээлээ хугацаанд нь төлөх, гэрээгээр тохиролцсон хугацааны хүү төлөх, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтрүүлсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх журамтай.

 

          Хэдийгээр талуудын хоорондын зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаагүй боловч зээлдэгч “Оргилуун ертөнц” ТББ зээл төлөх хуваарийг зөрчин Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан зөрчилд тооцогдох тул зээлдүүдэгч банкны хувьд гэрээг цуцлахаар шаардлага гаргах эрхтэй.

 

          Нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 68 587 500.08 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 4 176 608.03 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 72 764 108.11 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ. Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ тодорхой зааж, зээлийн гэрээний үүргийг ноцтой зөрчсөнтэй холбоотой гэрээг цуцлан, татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн зээлийг буцаан төлүүлэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс талуудын зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэх тул зээлдүүлэгч нь гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна.

 

Харин зээлдэгч буюу хариуцагчийн хувьд зээлийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хуваарьт хугацаанаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Учир нь уг зээлийн гэрээ нь 3 жилийн хугацаатай байгуулагдсан байх бөгөөд  гэрээний хугацаа дуусахаас өмнө талууд гэрээг цуцлах үндэслэл бий болж гэрээг цуцлагдсанаас хойших хугацааны үүргийн хувьд гэрээнээс татгалзсантай адил үр дагавартай байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардана.

 

          Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зээлийн гэрээнд заасны дагуу төлбөл зохих зээлийн хүү 11 623 718.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 324 743.77 төгрөг, үндсэн зээл 54 639 037.44 төгрөг нийт 68 587 500.08 төгрөгийг хариуцагч “Оргилуун ертөнц” ТББ-аас гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээ зохих ёсоор байгуулагдсан, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар гаргасан шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд үндсэн зээлийг буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлд хамаарах заалтыг баримтлаагүй нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй учир шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахгүй, хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 776 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                            С.ЭНХТӨР

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА