Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01544

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.С-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/02033 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.С-ийн хариуцагч М.Ө-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.С- нь хариуцагч М.Ө- болон Х.И- нартай хамтран А- ХХК-ийг байгуулж, чихрийн үйлдвэрлэл эрхлэхээр харилцан тохиролцсон. Үүний дагуу нэхэмжлэгч нь А- ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг, М.Ө- нь 33 хувийг, Х.И- нь 33 хувийг тус тус эзэмших болж, Ж.С- нь А- ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар сонгогдсон. Улмаар хариуцагч М.Ө- нь А- ХХК-д 12 500 000 төгрөгийн хөрөнгө оруулах ёстой байсан боловч түүнд дээрх хэмжээний мөнгө байхгүй байсан тул тэрээр нэхэмжлэгчээс 12 500 000 төгрөгийг зээлж, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь А- ХХК-д оруулах мөнгийг нэхэмжлэгчээс зээлсэн. Ийнхүү талууд БНХАУ-д үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авахаар хамт явсан бөгөөд зээлдүүлсэн дээрх 12 500 000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс М.Ө-, Х.И- болон нэхэмжлэгч нарын дундын дансанд байршуулж, зарцуулсан. Гэвч А- ХХК-ийн үйл ажиллагаа амжилтгүй болсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг ажиллагааг эрхлэхэд мөнгө гаргасан, харин хариуцагч нь уг ажиллагааг эрхлэхэд 12 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн боловч уг мөнгийг буцаан өгөөгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээгээр хариуцагч нь 12 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, алдангийг хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцан тохиролцсон. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12 500 000 төгрөг, 6 сарын хүү 2 250 000 төгрөг, алданги 6 250 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөгийг хариуцагч М.Ө-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээнд нэхэмжлэгч нь Ж.С- нь 12 500 000 төгрөгийг хариуцагч М.Ө-д шилжүүлнэ гэж заасан боловч зээлийн мөнгийг бодитоор шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог. Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн, талууд А- ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн хувьцааг тодорхой хэмжээгээр эзэмших болсон нь талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, А- ХХК-д хувь оруулсан, энэ талаарх маргаан бол уг зээлийн гэрээтэй холбоогүй, Компанийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа бөгөөд энэ талаар талууд шүүхэд шаардлага гаргах эрх нь нээлттэй байгаа. Талуудын хооронд хэдийгээр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч зээлийн мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид бодитоор шилжүүлээгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М.Ө-д холбогдох 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч нь Х.И-, Ж.С- нартай хамтран чихрийн үйлдвэр ажиллуулахаар тохиролцож, чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдан авах, үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эд, ажлын байрны зардалд нийт 50 000 000 орчим төгрөг зарцуулахаар урьдчилан тооцож, М.Ө-, Х.И- нар тус тус 12 500 000 төгрөг, Ж.С- 25 000 000 төгрөг гаргахаар тохиролцсон. М.Ө- нь өөрт ногдох зардлыг гаргах мөнгө байхгүй байсан тул Ж.С-тэй 2018 оны 10 сарын 22-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулсан. Улмаар А- ХХК-ийг 2018 оны 10 сарын 23-нд үүсгэн байгуулж, Ж.С- 34 хувь, М.Ө-, Х.И- нар тус бүр 33 хувийн хувьцаа ззэмшсэн. Ж.С-, М.Ө-, Х.И- нар нь хамтдаа 2018 оны 10 сарын 24-нөөс 11 сарын 03-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжу хот руу явж чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдан аваад Монгол Улс руу тээвэрлүүлсэн. Улаанбаатар хотод Бишрэлт пропертиз байрыг сарын 1 500 000 төгрөгийн төлбөртэйгөөр түрээсэлсэн. БНХАУ-руу явах тээвэр болон байр, хоолны зардал, тоног төхөөрөмж худалдан авах, түүний тээвэр болон гаалийн татвар, Улаанбаатар хотод ажлын байр түрээслэх, түүнд хийх засвар, чихрийн түүхий эдийн зардлыг бүгдийг нь Ж.С- төлж байсан. Эдгээр мөнгийг Ж.С- ганцаараа захиран зарцуулаагүй бөгөөд Х.И-, М.Ө- нарын зөвшөөрснөөр хамтдаа захиран зарцуулж байсан. Тухайлбал хэрэгт авагдсан чихрийн тоног төхөөрөмж худалдан авах тухай гэрээн дээр худалдан авагч нь А- ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч нь Ж.С-, Х.И-, М.Ө- гэж бичигдсэн. Түүнчлэн Бишрэлт пропертиз ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг Х.И- баталсан ба уг гэрээний дагуу Ж.С- төлбөрийг төлсөн. А Дээрхээс дүгнэхэд Ж.С- нь хэдийгээр М.Ө-ы банкны дансанд юмуу бэлнээр 12 500 000 төгрөгийг төлөөгүй боловч М.Ө-ы нэрийн өмнөөс түүний зөвшөөрснөөр төлбөрийн гүйлгээ хийж байсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Хэрэгт авагдсан баримтаар чихрийн үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахад гарах зардлын 12 500 000 төгрөгийг М.Ө- хариуцахаар тохиролцсон, Ж.С- уг мөнгийг зээлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв үнэлсэнгүй гэж үзнэ. Хэрэгт зээлийн болон барьцааны гэрээ авагдсан бөгөөд зээлийн гзрээний дүн нь 12 500 000 төгрөг байна. Энэ дүн нь зүгээр нэг бичсэн тоо биш бөгөөд талууд чихрийн үйлдвэр ажиллуулахад шаардагдах зардлыг урьдчилан тооцоолсны үндсэн дээр харилцан хүсэл зоригоо илэрхийлж гаргасан тоо юм. Хэрэгт авагдсан баримтаар М.Ө- 12 500 000 төгрөгийг чихрийн үйлдвэрт зарцуулах хүсэл зоригтой болохыг нотолсон бөгөөд үүнийг үгүйсгэсэн ямар ч баримт байхгүй байхад шүүх нотлох баримт үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчжээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.С- нь хариуцагч М.Ө-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бид 2018 онд чихрийн үйлдвэр байгуулахаар тохиролцож, хариуцагч М.Ө- нь уг үйлдвэрт оруулах 12 500 000 төгрөгийг надаас зээлсэн боловч буцааж төлөөгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч талууд зээл болон барьцааны гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч Ж.С- нь зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй, мөн чихрийн үйлдвэр болох А- ХХК-ийг байгуулсан асуудал нь зээлийн гэрээний үүрэгтэй хамааралгүй гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ж.С- нь 12 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох, хариуцагч М.Ө- нь үндсэн зээлийг гэрээний хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүрэгт Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, Мах импекс ХК, 3-3а тоот, 23 м.кв орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 6-7-р тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 7-т 12 500 000 төгрөгийг Хас банкны 5000681901 тоот дансанд шилжүүлэх-ээр тохиролцсон байх боловч нэхэмжлэгч Ж.С- нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 12 500 000 төгрөгийг дээрх дансанд шилжүүлээгүй, мөн хариуцагч М.Ө-ы өмчлөлд шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүй баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэдгээ нотлох үүрэгтэй.

 

Зохигчид болон Х.И- нар нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр А- ХХК-ийг байгуулан ажиллаж байсантай холбоотой тус компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ, түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Гэвч хуулийн этгээд байгуулан ажилласантай холбоотой дээрх баримтуудад үндэслэн, нэхэмжлэгч Ж.С-ийг зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн гэж шууд дүгнэх боломжгүй. Учир нь талуудын байгуулсан зээлийн гэрээний 7-д компанийн хөрөнгө оруулалттай холбоотой зээлийн мөнгөн хөрөнгө шилжүүлэх агуулга тусгагдаагүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Харин компанид оруулах хөрөнгө оруулалтын тохиролцоо болон хамтран ажиллах гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотой шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/02033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ