Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 183/2018/03304/И |
Дугаар | 210/МА2021/01665 |
Огноо | 2021-11-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2021/01665
Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/01569 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Ц-ийн хариуцагч Ц.Б-, Н- ХХК, Н- холдинг ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 115 642.67 ам.доллар буюу 329 553 855 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б-ийн нэхэмжлэгч Ц.Ц-т холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 134 928.33 ам.доллар буюу 384 528 199 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь иргэн Ц.Б-тэй 2 удаа зээлийн гэрээ байгуулсан бөгөөд эдгээр зээлийн гэрээний үүргүүдийг хамтатган иргэн Ц.Б- болон түүний хувьцааг нь эзэмшиж захирлаар нь ажилладаг Н- ХХК-иас хэсэгчлэн шаардаж байгаа болно. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ц.Б-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 12 сарын хугацаатай, нэг сарын 2.5 хувийн хүүтэй, нийт 2 000 000 ам.доллар зээлж гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр Н- ХХК /Н- ХХК-ийг төлөөлж Ц.Б-/, иргэн Ц.Л-, Р- ХХК /Р- ХХК-ийг төлөөлж захирал Ц.Л-/ нар зээлийн гэрээг зөвшөөрч гарын үсэг зурж байгуулсан. Энэхүү гэрээг хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хүсэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 21-нд хугацааг 6 сараар сунгасан гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөр болон хүү бүрэн төлөгдөөгүй тул хамтран зээлдэгч нар үүргийг хуваарилан, зээлийн гэрээний хугацааг үүрэг бүрэн биелэгдэх хүртэл сунгаж, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дахин гэрээ байгуулсан. Үүнээс өмнө буюу 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ц.Б- нь тусдаа 200 000 ам.долларыг, 2.5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлж зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Н- ХХК-ийн хоёр үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээний хугацааг 2 сараар сунгасан. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хамтран зээлдэгч нарт үүргийг хуваарилан Ц.Б- болон Н- ХХК нь 660 967 ам.долларын өртэй байгааг талууд бүгд харилцан тохиролцож баталгаажуулсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл Ц.Б- нь үүргээ биелүүлэхгүй байгаа тул Н- холдинг ХХК-ийг хариуцагчаар татахаас татгалзаж, 329 553 855 төгрөгийг хариуцагч Ц.Б- болон Н- ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ц.Л-той хамтран иргэн Ц.Ц-оос 2 000 000 сая ам.долларыг, 2.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 200 000 долларыг 2.5 хувийн хүүтэйгээр хамтран зээлж тус тус гэрээ байгуулсан. Дээрх гэрээний үүрэгт 2014 оноос 2015 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд үндсэн зээлд 400 000 ам.доллар, зээлийн хүүнд 748 392 ам.доллар төлж тооцоо нийлсэн акт үйлдсэн. Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хамтран зээлдэгч Б.Лхагвадорж, зээлдүүлэгч Ц.Ц-той харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлдэгч тус бүрийн авсан зээлийн хэмжээнд оногдох үндсэн зээл болон хүү төлөх үүрэг хуваарилсан. Энэхүү хуваарилалтын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 485 000 ам.доллар бөгөөд хүүгийн үлдэгдэл төлбөр 937 ам.доллар гэж Ц.Б-тэй тооцоо нийлсэн. Энэ хугацаанд хүү төлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 485 000 ам.доллар, хүү 237 125 ам.доллар нийт 700 000 ам.доллар гэж тохиролцсон бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлж дуусах үүрэг хүлээсэн. Тус хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн хувьцаа эзэмшдэг Н- холдинг ХХК-ийн 50 хувийн хугацааг барьцаалсан. Ц.Ц-той тооцоо нийлсэн 700 000 ам.доллар бол үндсэн зээл 485 000 ам.доллар, хүү 215 000 ам.долларын нийлбэр юм. Тохиролцсон хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үндсэн зээл 485 000 ам.доллар, хүү 15 000 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх 7 удаагийн төлөлтөөр нийт 119 928,33 ам.долларыг төлсөн. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар төлөх хүүгийн үлдэгдэл 80 000 ам.доллар байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлага хангаагүй бол хүү авах эрхээ алдах тул хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Ц.Ц- нь 700 000 амдолларын үнийн дүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй атлаа хүүгийн дүнгээс тооцож 329 553 855 төгрөгийн нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.Ц- нь Ц.Б-тэй зээлийн шугаман гэрээ байгуулсан. Тус гэрээний ерөнхий үндэслэлд Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд үндэслэн гэрээ байгуулсан хэмээн дурдаж өгсөн. Иргэн Ц.Ц- нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэн явуулна гэж заасан байдаг. Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд хариуцагчтай удаа дараа хууль зөрчиж гэрээ байгуулсан. Тухайлбал, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн шугаман гэрээний 2.1.5-д ..зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тогтоосон.., 1.2-т ...2,4 хувийн үүрэг хүлээсэн шимтгэл тооцох-оор тогтоосон байна. Нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт тус тус зааснаар банк, эрх бүхий хуулийн этгээд зээлийн гэрээнд тусгасан тохиолдолд шаардах эрх үүснэ хэмээн зохицуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгоход гарсан зардлыг нөхөх зорилгоор шимтгэл, хураамж авна гэж заасан. Ц.Ц- нь хуульд заасан тусгай зөвшөөрөлгүй, эрх бүхий этгээд биш атал тухайн банк, бус санхүүгийн байгууллагын байранд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлийн шугамын гэрээ байгуулж, өндөр хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл авахаар тусгаж байсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг харшилсан хэлцэл байх тул анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Тухайн гэрээний хугацааг сунгах, нэмэлтээр зээл олгох, гэрээг дүгнэх зорилгоор 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Эдгээр гэрээнүүдийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дүгнэж, акт үйлдсэн нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Гэрээ дүгнэсэн актад Ц.Б- нь 485 000 ам.долларыг 2.5 хувийн хүүтэй төлөхөөр заасны дагуу үндсэн зээлийн 485 000 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан. Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нийт 134 928.33 ам.долларын хүү төлсөн байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу Ц.Ц- нь үндэслэлгүйгээр олж авсан 134 928.33 ам.долларыг Ц.Бааатарбилэгт буцаан төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус зааснаар Ц.Ц-оос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 134 928.33 ам.доллар буюу 384 528 199 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Аливаа гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл, гэрээ байгуулах зарчим, гэрээнд тавигдах шаардлага, гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэл зэргийг хуулиар тогтоож өгсөн. Гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлага нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг бүрэн тусган харуулах зорилготой. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасан зохицуулалт нь зөвхөн зээлдүүлэгчид хамааралтай. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүлээн зөвшөөрч төлсөн хүүгийн төлбөрөө зээлдэгч буцаан шаардсанаас маргаан үүсэх үед 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасан зохицуулалт хамааралгүй. Хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүй болохыг зохицуулснаас бус зээлдэгч хүүг зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн гэх үндэслэл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл бүр хамаарахгүй. Хориглох хэм хэмжээг зөрчсөн буюу тухайн төрлийг хэлцлийг хийх нь хуулиар хориотой бол хуульд нийцээгүй гэж ойлгоно. Гэрээг зээлийн шугамын гэрээ гэж нэрлэсэн боловч банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулах ажиллагааг зөрчихгүй. Нэг талаас Ц.Ц- нөгөө талаас Ц.Б- нар нь гэрээг зээлийн хүү, хугацаа, зээл олгох хэмжээг тогтоон зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн хүүг шаардаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тайлбарт Ц.Ц-той зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан зохицуулалт энэхүү гэрээнд үйлчилнэ. Ц.Ц-ийг зээлийн шугамын гэрээ гэсэн нэртэй гэрээ байгуулсныг банк, эрх бүхий этгээдийн үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй. Өөрсдөө тохиролцоод л зээлийн шугам нээж байна, хэмжээ нь 2 000 000 ам.доллар гэж тохиролцсон. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсдэг онцгой зохицуулалт бий. Нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн хүү шаардаагүй юм. Талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д зааснаар бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар хариуцагч Ц.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 118 376 180,64 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-т олгож, нэхэмжлэлээс 211 177 675 төгрөгт холбогдох хэсэг болон Н- ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.10, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Б-ийн нэхэмжлэгч Ц.Ц-т холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 384 528 199 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц- нь хариуцагч Н- холдинг ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, Н- холдинг ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 405 182 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 080 591 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 749 830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-т олгуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 211 177 675 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргав. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт гэрээг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээгээр хариуцагч Ц.Б- нь үндсэн зээл 485 000 ам.доллар, өмнө төлөгдөөгүй 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүү 175 967 ам.долларийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэхүү гэрээ дүгнэсэн акт гэрээгээр оны 10 дугаар сарын 5-ны өдрийн дотор хариуцагч төлбөр төлөх, мөн хугацаанд үндсэн зээлээс хүү төлөх үүрэг хүлээсэн бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Харин хариуцагч Ц.Б- нь гэрээ дүгнэсэн актаар тогтоосон хугацаанд огт төлбөр хийгээгүй бөгөөд хугацаа дууссан өдрөөс хойш буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 619 286.33 ам.долларыг төлсөн. Гэрээ дүгнэсэн акт гэж нэрлэсэн гэрээний үүргийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэхэд иргэн Ц.Б- дараах байдлаар үүрэг хүлээсэн байсан. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаарх үндсэн зээл болох 485 000 ам.доллараас 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ дүгнэсэн актын 1.7 дахь хэсгийн (1)-т заасан үүрэг гүйцэтгэх хугацаа буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хүүг мөн хэсгийн (3)-т заасан 2.5 хувиар бодоход нийт хүү 73 962 ам.доллар. Ийнхүү талууд харилцан зөвшөөрч байгуулсан Гэрээ дүгнэсэн акт-ын 1.7 дахь хэсгийн (1), (3)-т тус тус үндсэн зээлийн үлдэгдлээс хүү тооцохоор заасан байхад анхан шатны шүүх гэрээ дүгнэсэн актаар хүү тооцсон нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу, хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэрээний заалтад огт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвзрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Зээлийн гэрээний үүрэгт иргэн Ц.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нийтдээ үндсэн ззэл болон түүнээс тооцсон хүү, өмнөх хүүний үлдэгдэлд нийт 734 929 ам.доллар төлөх үүрэг хүлээж байсан. Гэрээгээр харилцан тохиролцсон хугацаа дууссан өдрөөс хойш хариуцагч Ц.Б- нь Харин дараах үүргийг хүлээж байна. Үүнд: Үндсэн ззэл 485 000 ам.доллар, хүүгийн үлдэгдэл 175 967 ам.доллар, гэрээ дүгнэсэн актын дагуу 2017 оны 4 дүгээр сарын 05-аас 2017 оны 10 дугаар сарын 05 хүртэлх хугацаанд бодогдсон хүү 73 962 ам.доллар, нийт хүлээсэн үүрэг 734 929 ам.доллар, эцэст нь хариуцагч Ц.Б- нь 115 642 ам.доллар ($734 929 -$ 619 286.33) буюу нэхэмжлэлийн шаардлага гаргасан өдрийн ханш болох 2849.76 төгрөгөөр тооцож 329 553 855.3 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгтэй байтал анхан шатны шүүхээс 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт-ын 1.7 дахь (1), (3)-т тус тус үндсэн ззэлийн үлдэгдлээс хүү тооцохоор заасныг үл харгалзан гэрээ дүгнэсэн актаар хүү тооцсон нь үндэслэлгүй гэж дүгнэсэн байгааг үл зөвшөөрч байгааг хянан үзэж анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Ц- нь хариуцагч Ц.Б-, Н- ХХК, Н- холдинг ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 115 642.67 ам.доллар буюу 329 553 855 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н- холдинг ХХК-д холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Ц.Б- нь нэхэмжлэгч Ц.Ц-т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 134 928.33 ам.доллар буюу 384 528 199 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талууд зээлийн гэрээ байгуулж, тус гэрээний үүргийг акт үйлдэн баталгаажуулсан боловч хариуцагч нар нь гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч иргэд хоорондын зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү, шимтгэл тооцохоор заасан нь хууль зөрчсөн, зээлийн гэрээ болон гэрээ дүгнэсэн акт нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул зээлийн хүүд төлсөн 134 928.33 ам.доллар буюу 384 528 199 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан байна.
Нэхэмжлэгч Ц.Ц- нь хариуцагч Ц.Б-тэй 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ц.Ц- нь 2 000 000 ам.долларыг, жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Ц.Б- нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг буцаан төлөхөөр харилцан тохиролцож тус гэрээнд зээлдүүлэгч Ц.Ц-, зээлдэгч Ц.Б-, хамтран үүрэг гүйцэтгэгч Н- ХХК-ийг төлөөлж захирал Ц.Б-, Р- ХХК-ийг төлөөлж захирал Ц.Л- нар гарын үсэг зуржээ. /хх-ийн 7-8-р тал/
Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Ц.Ц- нь хариуцагч Ц.Б-тэй 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 200 000 ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Ц.Б- нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд зээлдэгч нь дээрх хоёр гэрээнд заасан зээлийн мөнгөн хөрөнгө болох нийт 2 200 000 ам.долларыг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 7-13-р тал/
Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, Төв аймаг, Баянчандмань сум, 1-р баг, Чандмань хаягт байршилтай 1485,4 м.кв талбайтай, тахианы аж ахуйн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1426000466, Ү-1426000467 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалжээ. /хх-ийн 14-15-р тал/
Гэрээний талууд харилцан тохиролцож, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эхний зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан, гэрээний хугацааг 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 6 сараар сунгаж, зээлийн гэрээний 2.1.4 дэх заалт буюу үүрэг хүлээсний шимтгэл жилийн 2.4 хувь байна гэх заалтыг хүчингүй болгосон байна. /хх-ийн 9-р тал/. Мөн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хоёр дахь зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 2 сараар сунгасан байна. /хх-ийн 16-р тал/
Улмаар талууд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Ц.Б-, Р- ХХК-ийн захирал Ц.Л- нарт хуваарилсан байх бөгөөд зээлдэгч Ц.Б- нь үндсэн зээлийн үлдэгдэл 485 000 ам.доллар, хүү 175 967 ам.доллар, нийт 660 967 ам.долларыг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 17-20-р тал/
Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Тус гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг байна. Иймд нэхэмжлэгч Ц.Ц- нь дээрх хуульд зааснаар зээл, хүүг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Ц.Ц- нь 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ дүгнэсэн актад заасан 660 967 ам доллар, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны хүүд 73 962 ам.доллар, нийт 734 929 ам.доллараас хариуцагчийн төлсөн 619 286.33 ам.долларыг хасаж, нийт 115 642.67 ам.доллар буюу 329 553 855 төгрөгийг хариуцагч Ц.Б-, Н- ХХК-иас гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Ц.Б- тайлбартаа 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нийт 619 928.33 ам.доллар төлсөн гэх боловч энэхүү нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 619 286.33 ам.долларыг хариуцагч төлсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлсөн мөнгөн дүнгийн хэмжээнд талууд маргасан байхад анхан шатны шүүх хариуцагчийг 619 428.33 ам.доллар төлсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна. Иймд хариуцагчийг 619 286.33 ам.доллар төлсөн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо хариуцагчийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 500 000 ам.доллар төлсөн гэж тайлбарласан. Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж зааснаар хариуцагчийн төлсөн 500 000 ам.долларыг үндсэн зээл 485 000 ам.доллараас хасаж тооцох нь /500 000$ 485 000$ = 15 000$/ дээрх хуулийг зөрчихгүй юм. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Зээлийн хүү 175 967 ам.доллараас дээрх үлдэгдэл 15 000 ам.долларыг хасвал 160 967 ам.доллар болно. Түүнчлэн, хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нийт 119 286.33 ам.доллар төлсөн байх тул 160 967 ам.доллараас 119 286.33 ам.долларыг хасвал 41 680.67 ам.доллар болж байна. Иймд 41 680.67 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2 849.76 төгрөгөөр тооцож 118 779 906 төгрөг /41 680.67$ х 2849.76₮ = 118 779 906₮/-ийг хариуцагч Ц.Баатарсайханаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-т олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй. /хх-ийн 239-р тал/
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 134 928.33 ам.доллар буюу 384 528 199 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон хариуцагч Н- ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй байна.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамааралгүй зүйл, заалт баримталсныг хасах шаардлагатай.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/01569 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ... 189 дүгээр зүйлийн 189.1, ... 282.4 ..., ... 216 дугаар зүйлийн 216.1 ... гэснийг хасаж, .... 118 376 180,64 ... гэснийг 118 779 906 гэж, ... 211 177 675 ... гэснийг 210 773 949 гэж,
3 дах заалтын ... 749 930 ... гэснийг 751 849 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 213 839 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Г.ДАВААДОРЖ