Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01675

 

 

 

 

 

 

 

 

 

С.Д-, С.С- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/03232 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Д-, С.С- нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Д-, С.С- бид Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчооны 5-90, 5-90А тоот газрыг, түүн дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө болох 2 давхар, 10 өрөө, халаалт, сантехник зэрэг бүх зүйл нь шийдэгдсэн амины орон сууцыг төрсөн дүү болох Цагаанхүүгийн Энхбаяр /12 настай/-ын хамт эзэмших, өмчлөх эрхтэй. Дээр дурдсан газрын хувьд Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, товчооны 5-90 тоот хаягт байрлалтай газрыг нэхэмжлэгч С.Д- би эзэмшдэг, миний нэр дээрх газар болно. Гэтэл энэ газар, дүү бид нарын маань эзэмших болон өмчлөх эрх хөндөгдөж байгаа уг газар дээрх барилга байшин маань Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар бусдад зарагдсан болохыг мэдсэн. Бидний ээж Д.Ц- нь нэхэмжлэлд дурдагдсан газар, бидний амины орон сууцыг Хаан банк-ны барьцаанд тавьж, уг зээлийн болон барьцааны гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний эзэмшлийн газар, бидний эзэмших, ашиглах, өмчлөх эрх хэрэгжих учиртай газар, байр байшин маань маш хямд өртгөөр, хууль бусаар бусдын өмчлөлд шилжсэн байна. Энэ газар дээр С.С- миний хувьд шууд өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж авсан газар энэхүү нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар байхгүй боловч шүүхийн шийдвэрээр бусдад очоод байгаа газар дээр миний бие шууд хөрөнгө оруулалт хийж тус газар дээрх том хашааг бариулж, мод зүлэг тарьж тохижилтыг хийсэн. Манай гэр бүл бидний ээж н.Цагаанхүү нь 1999 оны 01 сараас эхэлж БНСУ-д очиж ажиллаж 2004 оноос өөрийн Дэлгэрэх ХХК-ийг БНСУ болон Монгол Улсад байгуулан гадаад, дотоод худалдаа карго, хоолны газар ажиллуулж, шударга хөдөлмөрөөрөө мөнгө хуримтлуулж тухайн газрыг худалдан авч уг газар дээрх амины орон сууцыг бариулсан. Энэ газар нь хувийн зардлаар 1 км орчим газраас шугам татуулж 380 вольтын цахилгааны эх үүсвэрээ шийдсэн, гүний худаг гаргуулсан, цахилгаан халаалттай, бохир, дулаан зэрэг цахилгаан, сантехникийн асуудлаа бүрэн шийдсэн, 360 м.кв талбай бүхий 10 өрөө, 2 давхар амины орон сууцтай газар болно. Нэхэмжлэгч С.Д-, С.С- бидний хувьд компанийнхаа Монгол дахь ажил үйлсийг хариуцахаас гадна, мөн БНСУ-д очиж ажиллан өөрсдийн бий болгосон хувийн хуримтлал, хөдөлмөрийн хөлсөөрөө дээр дурдсан хөрөнгийг бий болгоход хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл энэхүү газар, үл хөдлөх хөрөнгө бидний зөвшөөрөлгүй, биднийг мэдээгүй байхад бусдад хууль бусаар очиж байгаад гомдол гаргаж шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Биднээс гадна манай дүү 12 настай Ц.Э-ын хувьд ч гэсэн эзэмших, ашиглах эрх нь зөрчигдөж бидэнтэй адил байдалд орсон байгаа болно. Иймд бидний эзэмших, ашиглах, өмчлөх эрх ноцтой зөрчигдсөн, эд хөрөнгийн үнэлгээ бодит байдлаас доогуур үнэлэгдсэн, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бидэнд мэдэгдээгүй учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2727 дугаар шийдвэрээр Д.Ц-гээс 135 978 218 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 19261133 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч Д.Ц-гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 5-90 тоот хаягт байрлах 671 м.кв талбайтай газар,Товчоо 5-90А тоот хаягт байрлах 672 м.кв талбайтай газар, 309 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029873 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 19261133/03 дугаар тогтоолоор битүүмжилж 2020-02-11-ний өдрийн 19261133/09 дүгээр тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Д.Ц- нь 900 000 000 төгрөгөөр, 5-90 тоот газрын эзэмшигч С.Д- болон төлбөр авагч нарт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4/5271 дүгээр, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/5813 дугаар үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 133 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 196 546 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон эзэмшигч С.Д-т 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/7838, 4/7837 дугаар албан бичгээр мэдэгдэж 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 4/26 дугаар тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11304 4/11303 дугаар мэдэгдэл, 2020-05-15-ны өдөр зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай 5/17 дугаар тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16113, 16114 дүгээр мэдэгдэл, албадан дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгүүд нь 100 773 000 төгрөгөөр худалдан борлогдсон тухай 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4/18241, 4/18240 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. С.Д- шүүх хуралдаанд ажиллагааны талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас мэдэгдэх хуудсаар дуудсан асуудлыг мэдэж байсан тайлбартаа хэлсэн. Төлбөр төлөгч Д Цагаанхүү нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн биеэр оролцож, ажиллагаатай холбогдуулан гомдол, хүсэлтийг тус газарт удаа дараа гаргаж байсан. Нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч нар нь түүний төрсөн хүүхдүүд болох нь тогтоогдож байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан газрын эзэмшигч С.Д-т үнийн санал ирүүлэх, үнэлгээний тайлан, албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг тухай бүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу иргэний бүртгэлд бүртгэгдсэн Өмнөговь аймгийн Даланзадгад 6 дугаар баг, Их уул Малчны 4 дүгээр гудамжны 51 тоот хаягт баталгаат шуудангаар хүргүүлж байсан. С.С- эд хөрөнгийг өмчлөх эзэмшигч биш учир түүнд ажиллагааг мэдэгдэх үүрэг байхгүй. Өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах С.Д-, С.С- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: Биднээс гадна манай дүү 12 настай Ц.Э-ын хувьд ч гэсэн эзэмших, ашиглах, өв залгамжлах эрх нь зөрчигдөж бидэнтэй адил байдал орсон байгаа болно. Нэхэмжлэгч С.Д-ийн өмчлөлийн газар, түүн дээрх барилга байшин, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ талаар бидэнд мэдэгдээгүй, энэ талаар огт мэдээгүй байхад миний нэр дээрх эзэмших эрхтэй газар, бидний хөрөнгө оруулсан барилга байшин, өмчлөлийн бусад зүйл маань шүүхийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжиж, энэ хууль бус шүүхийн шийдвэр дээр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, одоо бид хууль ёсны эзэмших, өмчлөх эрхээ хууль бусаар алдаж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Д-, С.С- нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нарт мэдэгдээгүй, хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнээр дуудлага худалдаанд оруулсныг зөвшөөрөхгүй гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар талуудад мэдэгдэж, хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/02727 дугаар шийдвэрээр Д.Ц-гээс 135 978 218.48 төгрөг гаргуулж, Хаан банк ХХК-д олгож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчооны 5-90 тоотод байршилтай, иргэний ахуйн зориулалттай, 671 м.кв талбайтай, нэгж талбарын 18655307414832 дугаартай, эзэмших эрхийн 0269098 дугаар бүхий гэрчилгээтэй газар,

Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 5-90А тоотод байршилтай, иргэний ахуйн зориулалттай, 672 м.кв талбайтай, нэгж талбарын 18655307399837 дугаартай, эзэмших эрхийн 0269099 дугаар бүхий гэрчилгээтэй газар,

Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 5-90 тоотод байршилтай, 309 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029873 дугаарт бүртгэлтэй хувийн сууц зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 27-29-р тал/. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

Төлбөр төлөгч Д.Ц- нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Хаан банк ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 608 дугаар гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх-ийн 25-р тал/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох газар, хувийн сууцыг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр битүүмжилж, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд нийцжээ. /хх-ийн 50-53-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудад үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлэхэд төлбөр төлөгч Д.Ц- нь 900 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. Гэвч төлбөр авагч Хаан банк нь тус саналыг эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 54, 59, 62, 98-р тал/

 

Талууд дээрх байдлаар дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллага нь 2020 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 133 дугаар тогтоолоор Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 63-р тал/. Хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК нь барьцаа хөрөнгө болох хувийн сууц, газрыг нийтэд нь 196 546 000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч байгууллага нь хуульд заасан хугацаанд талуудад мэдэгджээ. /хх-ийн 94-95-р тал/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд талууд дээрх хуульд заасан хугацаанд үнэлгээний талаарх гомдлыг шүүхэд гаргаагүй байх тул хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур худалдсан гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Мөн төлбөр төлөгч, өмчлөгч нарын зүгээс хөрөнгийг бие даан худалдан борлуулах санал гаргаагүй байх тул хариуцагч байгууллага нь дуудлага худалдаа явуулах албан бичгийг талуудад хүргүүлж, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4/26 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5/17 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус тус зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт нийцжээ. /хх-ийн 104-107, 125-127-р тал/. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдээгүй, хөрөнгийн өмчлөх эрх хууль бусаар бусдад шилжсэн гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамааралгүй хуулийн заалт баримталсныг залруулан өөрчилсөн болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаагүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг тухайн маргаанд хамааралгүй, харин нэхэмжлэгч нар нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацаа, журмын дагуу гомдлоо гаргаагүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/03232 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4... гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Г.ДАВААДОРЖ