| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 106/2019/0315/Э |
| Дугаар | 556 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 556
Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- болон түүний өмгөөлөгч Д.Буянзаяа, Г.Минжүүрдорж, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 686 дугаар магадлалтай, Д.Б-д холбогдох 1805050630154 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, 16-8 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Чонос овогт Данзандармаагийн Б-.
Д.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 44 зах дээр 68-58 УБП дугаартай “Киа пронтер” загварын тээврийн хэрэгслээр ухрах үедээ Т.Б-ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын өмгөөлөгч Б.Буянзаяагийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- гаргасан гомдолдоо “...Б.О- миний бие Т.Б-тэй 2004 онд танилцаж 3 хүү 1 охинтой элэг бүтэн сайхан амьдарч байсан. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө миний хань ажилдаа яваад үр хүүхэд, хань ижилдээ эргэж ирээгүй, золгүй тохиолдол, хувь хүний хариуцлагагүй үйлдлийн улмаас ажлын байран дээрээ осолд орж, нас барсан. Миний хувьд тухайн үед яагаад ийм зүйл болов гэж бодсон ч сэтгэл санааны хувьд шоконд орж хэцүү байсан. Гэхдээ мэргэжлийн хуульчаас зөвөлгөө авч, манай ах, эгч, Билэгсайхан болон түүний ах нартай уулзаж аман хэлэлцээр хийсэн. Юу ч байлаа гээд эцэг, хань хүний хайр халамж, үүрэг хариуцлагыг орлож чадахгүй. Гэсэн ч миний ханийн хүүхдүүдтэйгээ өөрийн гэсэн орон сууцтай болно гэсэн мөрөөдлийг нь гүйцэлдүүлье гэж орон сууцны санал тавихад нааштайгаар хүлээж авснаа өмгөөлөгтэй болоод чимээгүй болсон. 2 шатны шүүх хурал дээр шүүгдэгчийн өмгөөлөгч, прокурор нар намайг хамтран амьдардаг байсан нь үнэн юм уу, хүүхдүүд нь мөн юм уу, танай нөхөр согтуу байсан гэх мэтээр удаа дараа дарамталж байсан.
Манай нөхөр өглөө ажилдаа явахдаа архи уугаагүй гэдгийг 2 шатны шүүх хурал дээр хэлсэн. Уг нь прокурор хүн хохирогчийн гомдлыг барагдуулж гэмт хэрэгтнийг төрийн нэрийн өмнөөс яллах ёстой байтал үүргээ гүйцэтгээгүй гэж бодож байна. Мөн оршуулгын зардалд хүрэлцэхээргүй мөнгө өгсөн, түүнийгээ хохирол барагдуулсан гэдэг. Мөн бидэнтэй оршуулгын ажил явдал дууссанаас хойш Б-ы тал ирж уулзаагүй. Төмөр замын болон тээврийн газар, ажил захиалагч нар надтай хэн ч уулзаагүй, эмгэнэл илэрхийлээгүйд гомдолтой байна. Баттөмөртэй хамтдаа амьдарч байсан болон 4 хүүхэд түүний хүүхэд мөн гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Иймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан миний гомдлыг барагдуулж өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Буянзаяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, /мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчсөн/ үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
1. Төмөр замын харьяа ачих, буулгах воган, 44 модны зах хооронд ачаа ачиж буулгах ямар гэрээ байдаг, ХАБЭА-г зохион байгуулах дүрэм байгаа талаар тодруулаагүй /Ачааг буулгаж зөөж, тээвэрлэж байхад төмөр замын болон модны захын хянагч нар хараад зогсож, журмын дагуу зохицуулж байдаг байх. Эдгээр этгээдийг огт шалгаж үзээгүй, ажлын байрны үзлэг болон ХАБЭА-н журмыг татаж үзээгүй/
2. Воган руу ачаа ачиж байх явцад воган, портерийн дунд хавчуулагдаж талийгаач Т.Б- нь нас барсан. Энэ хэсэг аль байгууллагын орчмын нутаг дэвсгэр вэ гэдгийг тодорхойлоогүй, төмөр замын цагдаагийн харьяалан шалгах хэсэг мөн үү гэдгийг огт шалгаагүй.
3. Ажил явагдаж байгаа тохиолдолд хүн нас барсныг тухайн дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллага болон байцаагчид зайлшгүй мэдэх ёстой. ХАБЭА-н тухай хуулийн 29.2 Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна. 29.3 Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана. 29.4.Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 29.4.1. ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах; 29.4.2. ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах.
4. Хэргийн газрын үзлэг хийхдээ өглөө 10 цагийн үед болсон хэргийн газрын үзлэгийг шөнө дунд зураг авсан байгаа. Ингэхдээ портер болон воган хоёрын зураг шөнө дунд ажилчид байхгүй, ажил явагдахгүй эргэн тойрны орчинтой бус хязгаарлагдмал зураг авсан байгаагаас үзэхэд хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагааг явуулж болсон бодит үйл явлыг нуун дарагдуулах зорилго агуулсан байгааг зөвхөн хавтаст хэргийн 4, 5, 6 дугаар хуудаснаас харахад л ойлгомжтой байна. Энэ бол ноцтой алдаа.
5. Шинжээч эмчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн согтолттой гэж гарсан. Ингэхдээ талийгаач Т.Б- нь 2018 оны 09 сарын 27-ны өдөр буюу осол гарахын өмнө төрсөн дүү Т.Д-н хамт 1 шил архийг задлаад, 2 рүнкийг ууж үлдсэнийг дүүдээ, чи аваад яв би маргааш мод буулгана, өглөө ажилтай гээд дахиж уулгүй унтсан байхыг түүний эхнэр Отгонжаргал ярьж өгсөн бөгөөд ажилд гарахын өмнө бус урд шөнө уусан архи нь цусанд хадгалагдаж байх боложмтой. Үүнийг хамт уусан төрсөн дүү болон бусад хүмүүс бүгд гэрчлэх боломжтой ч цагдаа энэ талаар огт шалгаж тодруулаагүй байна.
6. Аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгааг ямар ажилтан, иргэн байхаас үл хамаараад бүх аж ахуйн нэгж өгдөг бөгөөд энэ талаар ХАБЭА-н тухай хуулинд тусгасан байгаа болно. Ачаа ачиж буулгаж байсан хүн осолдсон. Тухайлбал гадна зам дээр явж байсан хүний машин дээр төмөр унаж амь насыг хохироосон үйлдлүүд дээр ч шүүхийн практикт холбогдох буруутай ажилтанд хариуцлага хүлээлгэж байсан байдгийг бид цөөнгүй мэдэх билээ. Хоёр байгууллагын тайлбай дээр болсон ослыг хуулийг буруу тайлбарлаж, анхан болон давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Дээрх үйлдлээс захиалагч гүйцэтгэгч гэрээндээ юу гэж тусгаснаас мөн үйлдвэрлэлийн осол мөн биш талаар шалгаж уг асуудлаар харьяа мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх ёстой байсан ч тэгээгүй. Захиалагч болон гүйцэтгэгчийг тогтоогоогүй байна.
Учир нь гэмт хэрэг үйлдэгдэх, нөхцөл шалтгааныг бүрэн судалж тогтоогоогүй, өглөө болсон хэргийг шөнө дунд зураг авалт хийсэн зэрэг нотлох баримтуудаас тодорхой байна.
Үйлдвэрлэлийн осол хурц, хордлого судлан бүртгэх дүрмийн 3.2. хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, хоршоо, нөхөрлөлийн гишүүн хөдөлмөр эрхлэх явцад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан (Засаг даргын Тамгын газраас нэг, ажил олгогч болон ажилтны төлөөллөөс тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй) комисс тухайн гарсан осол, хордлогыг судлан бүртгэж, акт тогтооно гэж заасан. Гэтэл хүн нас барсан ослыг аж ахуйн нэгж байгууллага нь судалж тогтоосон талаарх нотлох баримт хавтас хэрэгт дурдагдаагүй болно. Шүүх хуралд энэ талаар дурдахад ажил олгогч биш гэж дурдсан яг энэ талаар дээрх дүрэмд тодорхой заасан байгааг үзэхэд тухайн ажил олгогчийн хамаарал бүхий хэсэгт гарсан гэдгийг авч үзнэ үү.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл хүнийг болгоомжгүй алах, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд хэлцлийн талаар хуульчилсан.
Талийгаач Т.Б- нь 10 гаруй жил модны зах дээр ачиж буулгах ажлыг хийснийг эхнэр болон тэр хавийн хүмүүс гэрчлэх боломжтой. Энэ талаар түүний эхнэр ажил ихтэй байхдаа өдөртөө 100,000 төгрөг муу үедээ 10,000-20,000 төгрөгийг гэртээ авч ирдэг гэж ярьж байсан. Хохирол 10,000,000 төгрөг тооцуулах, 4 хүүхдээ насанд хүртэл нь амьжиргаа, асаргааны зардлыг гаргуулах талаар дурдсан байгаа болно. Хохирогч Б.О- нь гэрчийн мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгсөн байх ба шүүх хуралдаанд ханилсан ханиа алдсан хүн юу ярих, мэдүүлэх үгээ тодорхой хэлж ярьж чадахгүй гомдолтой гэх үгийг хэлж байгаа нь сэтгэл санааны асар их дарамт, шаналалд орсонтой холбоотой.
Воганы хаалга нээх, өндрөөс ачих буулгах болон батлагдсан аюулгүй ажиллагааны шавар, зааварчилгаа байгаа эсэх талаар осол болсон газарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг шалгаагүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйл. Машин механизм, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага, 10 дугаар зүйл. Өргөх зөөх тээвэрлэх механизмд тавих шаардлага зэргийг хангасан байна уу уг хуулийг биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон эсэх талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй байгааг зайлшгүй шалгах шаардлагатай байна.
Шүүх нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл байдлыг тогтоохгүйгээр /тухайлбал төмөр замаар ачаа тээвэрлэх явцад дурын жолооч дур мэдэн ачаа тээвэрлэж хэрэг гарах боломж нөхцөлөөр хэн хангасан/ шийдвэрлэсэн мөн хууль, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдэд хариуцлага хүлээлгээгүй, хохирол барагдуулаагүй байхад зөвхөн Д.Б-д 1 жилийн тэнсэн харгалзах ял оноосон нь хэргийг үнэн зөв бодитоор тогтоогоогүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хохирогчийн эрх ашгийг хамгаалж нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулж гомдлыг барагдуулж өгнө үү.
Жич: Иргэний хэргийн шүүхээс Б.О-ыг хамтын амьдралтай, 4 хүүхдийг нь талийгаачийн төрсөн хүүхдүүд болохыг тогтоосон. Хэрэг болсон өдрийн цагийн нөхцөл байдлыг харуулсан фото зургийг хавсаргав” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж хэлсэн саналдаа “Хэрэг болсон цаг хугацааг тодорхой тогтоогоогүй. Яллах дүгнэлт дээр хэрэг болсон цаг хугацааг дурдаагүй. Төмөр замын байгууллагыг иргэний хариуцагчаар татах эсэх талаар тодруулаагүй. Гэрчийн мэдүүлэгт үл таних хүмүүс вагоныг онгойлгосон гэдэг. “Содмөнхундраа” ХХК-ийг шалгах шаардлагатай байсан боловч ямар ч ажиллагаа хийгдээгүй. Ийм олон асуудлыг шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар хэлсэн саналдаа “Хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримт гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд шүүгдэгч маргаагүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт гарсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатнаас хохирол төлбөрийг барагдуулж байсан. Хүний амь нас хохирсон гэдэг утгаараа зөвхөн оршуулгын зардлыг барагдуулахаас гадна цаашид амьдрах боломж бололцоог бүрдүүлэх асуудлыг шийднэ. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа талуудын хооронд үүсээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Талийгаачийг н.Батжаргал, н.Банзрагч гэх хүмүүс ажилд авсан байдаг. н.Батжаргалын мэдүүлэгт н.Банзрагч, н.Б- хоёр тухайн хаалгыг онгойлгосон. Би модон дээр гараад суусан байсан. Талийгаач вагон руу авирч байсан юм байна лээ гэсэн байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Ц.Амар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон гэж үзэж байна. Энэ хэрэгт хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой асуудлыг шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл галт тэргээр хүнийг мөргөөгүй. Тухайн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт хэрэгт авагдсан байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн ар гэрт учирсан хохирол арилсан гэж үзэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн тэнсэх ял өгсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч Д.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалган тогтоогоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
Тодруулбал, шүүгдэгч Д.Б-ы гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, хугацаа, түүний үйлдлийн шинж чанар, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж тогтоон дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчийн үйлдлийн шинжид хамаарч болох өөр хууль зүйн үр дагавар бүхий хэм хэмжээ бий эсэхийг бүрэн гүйцэт шалгаж эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны заавар, дүрмийн биелэлтийг хангах үүрэг бүхий байгууллага, ажилтны үйлдлийг шалгаж дүгнэлт хийгээгүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.
Түүнчлэн хүний амь нас хохирсон энэхүү асуудалд зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татаж оролцуулах эсэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шалгасны эцэст хэргийг шүүхээр хянан шийдвэрлэвэл зохино.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын гаргасан “...гомдолтой байгаа тул учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү”, түүний өмгөөлөгч Д.Буянзаяагийн гаргасан “...Шүүх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл байдлыг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, мөн хууль, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдэд хариуцлага хүлээлгээгүй, хэргийг үнэн зөв бодитоор тогтоогоогүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулж хохирогчийн гомдлыг барагдуулж өгнө үү” агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 686 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН