Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01477

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01477

 

 

Х.АСууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07ы өдрийн 101/ШШ2021/02036 дугаар шийдвэртэй, Х.АСууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй С.Э ХХК-д холбогдуулан Орон сууцны дундын өмчлөлийн засвар, ашиглалт, үйлчилгээний зардалд 6 712 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.АСууц Өмчлөгчдын Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э ХХК нь Х.Ахотхоны 100б байр 81 тоотод орон сууцны конторын үйл ажиллагаа явуулдаг, 100а байрны 82 тоотод бильярд, теннисний үйл ажиллагаа явуулдаг. С.Э ХХК нь орон сууцны дундын өмчлөлийн засвар, ашиглалт, үйлчилгээний төлбөрийг 2017 оны 5 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын хооронд төлөөгүй. Хариуцагч нь дээрх хугацаанд 100б байр 81 тоотын 3 996 250 төгрөг, 100а байрны 82 тоотын 2 716 450 төгрөгийг тус тус төлөөгүй байгаа. Хариуцагч байгууллага нь Сууц өмчлөгчдийн холбооноос үйлчилгээ авч үйл ажиллагаа явуулдаг атлаа төлбөрийг төлөхгүй гэдэг боловч тус байрнуудын өмчлөгч гэдгээ өөрөө нотлодоггүй. Байрны цахилгаан шатыг ч ашигладаг. Нэхэмжлэгчийн зүгээс тус 81, 82 тоотыг орон сууцны нэг хэсэг учир төлбөрийг нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас 6 712 700 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь тус 81 тоотод конторын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь иргэд, оршин суугчдын эрх ашгийн төлөө юм. 81 тоот нь орон сууцны зориулалтай биш техникийн өрөө бөгөөд хариуцагч нь орон сууцны өмчлөгч биш учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Харин 81 тоот нь зоорийн давхрын инженерийн шугам, сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан техникийн өрөө юм. Зөвхөн орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөхийг хуульчилсан. Хариуцагч нь орон сууц өмчлөгч биш бөгөөд инженерийн шугам сүлжээний техникийн өрөөг мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахаар эзэмшдэг тул төлбөрийг хариуцахгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С.Э ХХК-аас 6 712 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.АСууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 353 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: С.Э ХХК нь Х.Ахотхоны 100 б байрны 81 тоот, 100а байрны 82 тоотыг 2017 оны 5 сараас 2018 оны 11 саруудад бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа. Гэвч улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдээгүй нөхцөл байдал нь С.Э ХХК-ийг Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Х.АСууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч С.Э ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчний гудамж, Х.Ахотхоны 100б дугаар байрны 81 тоот, 100а дугаар байрны 82 тоот тус бүрийн Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 6 712 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1-3, 18-19/

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тодруулаагүй атлаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тайлбарлавал, нэхэмжлэгч хариуцагчаас ямар үндэслэлээр юуг нэхэмжилж байгаа болон хариуцагч нь 81, 82 тоотыг эзэмшиж, ашиглаж байгаа үндэслэлийг тодруулснаар шүүх талуудын хооронд үүссэн маргаан бүхий харилцаанд хамаарах эрх зүйн дүгнэлтийг зөв хийх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн эзэмшиж, ашигладаг гэх зоорийн давхарт байрлах 81, 82 тоот нь хэний өмчлөл болохыг шүүх зайлшгүй тодруулах нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой. Хэрэгт авагдсан баримтаар тухайн эд хөрөнгө нь эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн байдалтай байна. /хх 56/

Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийг ашиглахтай холбоотой гарсан төлбөр, зардлыг төлүүлэх шаардлага гаргасан, эсхүл үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг тодруулах шаардлагатай байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой болсноор талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зохицуулах хуулийг зөв тодорхойлон хэрэглэх боломжтой болно.

Хэрэв нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг шаардаж байгаа тохиолдолд уг зардлыг хариуцвал зохих этгээдэд өмчлөгчөөс гадна тухайн нийтийн зориулалттай орон сууцны байшин дотор байгаа эд зүйлийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээд мөн адил хамаардаг. Гэтэл тухайн зардлын хэмжээ хэрхэн тодорхойлогдсон талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс гаргасан баримтад тусгагдсан 76 050 төгрөг, 123 450 төгрөг, 125 100 төгрөг гэх үнийн дүн нь дундын өмчлөлийн зүйлийн зардал эсхүл эд хөрөнгө ашигласны төлбөрийн аль нь болох, мөн ямар үндэслэлээр сард төлөх төлбөрийн хэмжээ өөр өөр байгаа болон уг дүнд ямар зардал багтсан нь тодорхой бус байгаа нь хэргийг үнэн зөв шийдэх боломжгүйд хүргэж байна. Түүнчлэн, С.Э ХХК нь 81, 82 тоотыг эзэмшиж байгаа үндэслэл тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зоорийн давхарт байрлах эдгээр тоотыг үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэхийг тодруулах шаардлагатай.

Давж заалдах шатны шүүхээс дээрх тодорхой бус үйл баримтуудыг тодруулахаар талуудыг мэтгэлцүүлэх буюу нотлох баримт бүрдүүлэх зэрэг ажиллагаа хийх эрх хуулиар олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07ы өдрийн 101/ШШ2021/02036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 123 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД