Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 557

 

   С.Э-д холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн өмгөөлөгч О.Цэвэлмаа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 61 дүгээр магадлалтай, С.Э-өд холбогдох 1820000000146 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Л.Б- болон түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хилийн цэргийн 0108 дугаар ангид харуулын дарга ажилтай байсан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 111 дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Х б овогт С-н Э.

С.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг шалганы 8 айлын 1-8 тоотод иргэн Л.Б-ийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хоолойг нь боож, улмаар нүүрэн дээр нь дэрээр дарж, хүзүүнд нь хутгалж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч С.Э-ийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар шүүгдэгч С.Э-ийг 13 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтын “ ...13 ...” гэснийг “8" гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э-ийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Л.Б- болон түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нар хамтран гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч С.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдож байгаа болно. /Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 7-8, гэрэл зургууд хх-ийн 9-11, хохирогч Л.Б-н мөрдөн байцаалтын явцад удаа дараа өгсөн мэдүүлгүүд хх-ийн 35-43, гэрч Г.У-н мэдүүлэг хх-ийн 47-48, шинжээчийн 149 дүгээр дүгнэлт хх-ийн 76-78, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл хх-ийн 24-31/

Хохирогч Л.Б-ийн хувьд хүзүүн тус газар хутгалуулж хүнд гэмтэл авсны улмаас Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орж эмчилгээ оношилгоо хийлгэсэн. Үүнээс хойш байнгын эмчилгээтэй, биеийн эрүүл мэндийн байдалд одоо хүртэл сайжраагүй, Улаанбаатар хотод эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Э-ийг ...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, С.Э-өөс 6,225,495 төгрөгийг хохирогч Л.Б-т олгох, цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Э-ийн гомдлыг хянан хэлэлцээд түүнд оногдуулсан ялыг багасгаж 8 жилээр тогтоосон хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Тухайлбал шүүгдэгч С.Э- нь хувийн байдлын хувьд ...өмнө нь ял шийтгүүлж байсан.

Хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулчихаад өөрийнхөө үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, эрүүл мэндэд учруулсан хохирол төлбөрийг төлөхгүй, гэм буруугаа гэмшиж байгаа байдал харагдахгүй байна.

Мөн хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулаад зогсохгүй, хохирогчийн бага насны охинд хүртэл байнгын айдастай байдлыг бий болгосон. Хохирогчийн хувьд маш их гомдолтой, хохирол бол материаллаг зүйл юм, хутганы шарх арилсан боловч сэтгэлийн шарх, хор уршиг арилаагүй.

Иймд шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч О.Цэвэлмаа хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид 13 жил хорих ял оногдуулсан. Хохирогчид 13,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхээс оногдуулсан 13 жил хорих ялыг 8 жил болгож хөнгөрүүлэхдээ тухайн шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн шинж, нийгмийн хор аюулыг харгалзаж өөрчлөлт оруулсан гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхийн үндэслэлийг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Дорноговь аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 460,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй. Хохирогчийн хувьд хэдийгээр ажил хөдөлмөрөө эрхэлж байгаа боловч энэ гэмт хэргийн улмаас 3 литр цус алдсан. Уушгинд маш их хэмжээний ус шингэн хуралдсаны улмаас наалданги үүсэж олдмол сүрьеэ үүсэх магадлалтай болсон. Хохирогч нь байнгын эмнэлэгт үзүүлдэг болсон. Мөр тэрээр өрх толгойлсон эмэгтэй бөгөөд 5 дугаар ангийн хүүхэдтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршиг арилаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал гэм буруугийн хэлбэрт тохироогүй ял шийтгэл оногдуулсан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх шүүгдэгчид гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулсан тул магадлалыг хүчингүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Л.Б- болон түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч С.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг шалганы 8 айлын 1-8 тоотод иргэн Л.Б-ийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хоолойг нь боож, улмаар нүүрэн дээр нь дэрээр дарж, хүзүүнд нь хутгалж алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Э-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Тодруулбал, шүүхийн хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э- нь хохирогч Л.Б-ийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хоолойг нь боож, улмаар нүүрэн дээр нь дэрээр дарж, хүзүүнд нь хутгалсан боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй, өөрөөр хэлбэл хохирогч амьсгалаа түгжин биеэ сул тавьснаар шүүгдэгч гэрээс гарч яван түүний үйлдэл таслан зогсоогдсон буюу шүүгдэгч өөрийн хүсэж зорьсон үйлдлийг бүрэн хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний үйлдлийг хүнийг алах гэмт хэргийн төгсөөгүй завдалт гэж дүгнэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтын агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүхээс С.Э-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алахыг завдсан гэж үзсэн атлаа мөн хуулийн зүйл, хэсэгт заасан төгс үйлдэгдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээнээс дээгүүр ял оногдуулсан нь завдсан гэмт хэргийн хэр хэмжээнд тохироогүй байна гэж дүгнэн давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг 8 жил болгон хөнгөрүүлэн өөрчилснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй учир хохирогчийн өмгөөлөгчийн ял хүндрүүлэх талаар гаргасан гомдлыг  хүлээн авах боломжгүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтэн хувь хүний онцлогт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх ёстой гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулгаар давхар илэрхийлэгддэг үйл ажиллагаа юм.      

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хохирогч болон түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарын гаргасан “...шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 61 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Л.Б- болон түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН