Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01402

 

 

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01402

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/01456 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Г “О” ХХК-д холбогдох компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнээс тус тус татгалзаж, эрхээ буцаан авах, хохиролд 62 657 609 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Г, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч П.Г түүний өмгөөлөгч А.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М би хамт суралцаж байсан П.Г-тай 2014 оноос бизнес эрхлэх санал тавьж хамтран үхрийн фермийн үйл ажиллагаа эрхлэн явуулахаар “О” ХХК-г үүсгэн байгуулахаар ярилцаж тохирч 2015 онд компанийг байгуулан П.Г-ийн данснаас 6 500 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Уг компани нь анхнаасаа миний нэр дээр байсан. Учир нь П.Г нь муу зээлдэгчийн бүртгэлд байсан. Ингээд 6 500 000 төгрөгөөр 3 ширхэг тугалтай үхэр авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бид хоёрын аман тохиролцоо нь П.Г нь өөрийн туршлага ур чадвараар үйл ажиллагааг удирдан зохион байгуулж Б.М нь хөрөнгө оруулж ашгийг хувааж авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран дээрх үйл ажиллагааг явуулахдаа өөрийн өмчлөлийн байраа барьцаалах болон төрөл төрөгсөд ах дүү нараасаа мөнгө зээлэн авч хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаагаа өргөтгөх зэргээр бүхий л сэтгэл зүрх, эд хөрөнгөө компанийн үйл ажиллагаанд зарцуулан ажилласан. Харин хариуцагч П.Г-ийн зүгээс 6 531 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр “О” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан 2015 оны 5 дугаар сард “Капитрон” банкны 4 дүгээр хороолол тооцооны төвөөс 3 жилийн хугацаатай 2,3 хувийн хүүтэй зээл авахдаа нэхэмжлэгч Б.М-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 2 өрөө байрыг барьцаанд 40 000 000 төгрөгийн зээл авсан. Улмаар үйл ажиллагааны орлогоор зээлээ төлж чадахгүй байгаа шалтгаанаар хариуцагч П.Г нь 2016 оны 9 дүгээр сард дээрх зээлийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт тавьж, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл зөвхөн зээлийн хүү төлж явахаар Капитрон банктай тохиролцсон байна. Капитрон банкны зээлийн төлөлтийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор дээрх зээлийг төлөх зорилгоор Голомт банкнаас нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан 17 дугаар хорооны 2 өрөө байрыг барьцаалан 44 000 000 төгрөгийн зээлийг авч хүндэрсэн зээлээ төлж, зээлээ хаасан болно. П.Г нь нэхэмжлэгчийг “О” ХХК байгуулахдаа цаасан дээр миний нэр явна, үйл ажиллагааг нь би удирдан зохион байгуулж байгаа. Аливаа бизнесийн ажиллагааны зарчим бол гадна талд тодорхойгүй байх, нууцлаг байх, аливаа үйл ажиллагааны эхлэл нь хайгаад олдохгүй байх ёстой, ойр дотны хүмүүстээ үйл ажиллагааны талаар тодорхой зүйл хэлэхгүй, нууцлаж байхыг шаардах гэх зэргээр ухуулж байсан. “О” ХХК-ийн үйл ажиллагаанд мөнгө дутах үед хариуцагч П.Г нь л хүмүүсээс бага хэмжээгээр олон хүнээс зээл ав, буцааж өгөх хугацаа битгий хэл, хүүтэй мөнгө хүнээс зээлж болохгүй гэдэг үгийг хэлж нэхэмжлэгчид байнга шахаанд оруулж, улмаар 21 хүнээс 20 000-6 500 000 хүртэлх мөнгөн дүнгээр нийт 18 000 000 орчим төгрөгийн зээлийг авахуулсан байдаг. Мөн “О” ХХК-ийн үйл ажиллагаанд нэмж Төрийн банк ХХК-аас 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 9 500 000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгч Б.М-ийн нэр дээр авсан, газар тариалан мал аж ахуйн зориулалттай зээлийн гэрээ байгуулж барьцаанд 2 автомашин, 17 үхэр зэргийг тавьсан. Дээрх байдлаар нэхэмжлэгч Б.М ийг өөрийн өмч хөрөнгийг барьцаалан банкнаас болон ах дүү хамаатан садангуудаас нь зээлүүлэн нийт 71 500 000 төгрөгийн өр төлбөрт оруулсан. “О” ХХК нь анх 3 үхэртэй үйл ажиллагаа явуулж байгаад улмаар дээрх санхүүгийн эх үүсвэрүүдээс 17 үхэр, 1 автомашинтай болж үйл ажиллагаа нь өргөжин “Сүү” ХХК-д өдрийн сүү саалиа тушаан ажиллаж байсан бөгөөд улмаар ХХААЯ-ны төсөлд хамрагдан 40 гаруй үхэртэй 2 саальчинтай үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна. Энэ бүгдэд нэхэмжлэгч Б.М-ийн оролцоо, хичээл зүтгэл, сэтгэл ихээр шингэсэн. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч хариуцагч нар нь “О” ХХК-ийн үйл ажиллагаанд эрх тэгш бусаар оролцон хариуцагч П.Г нь компанийн санхүүг барьж, орсон орлого хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж, харин нэхэмжлэгч нь үхрийн фермд хийгдэх хар бор ажлуудыг гүйцэтгэн /сүү тушаах, үхэр услах, бэлчээрт гаргах, хурааж авчрах, тугал татах, үхрийн баас арилгаж цэвэрлэх/ ажиллаж ирсэн. Хариуцагч П.Г нь 2017 оны 7 дугаар сард нэхэмжлэгч Б.М ээр компанийн нэр дээр ХХААЯ-ны Мал үржүүлгийн газраас хэрэгжүүлдэг төсөлд хамрагдах баримт материал бэлтгэх, төсөл бичих ажлыг даалган хийлгэж төсөлд хамрагдсан байна. Энэхүү төсөл хэрэгжих эхлэх цаг хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын үл ойлголцол, тэгш бус байдал хурцдаж, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон байна. Иймээс хариуцагч П.Г нь “О” ХХК-ийг өөрийн болгохын тулд "компанийн хувьцааг худалдах-худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг нэхэмжлэгчтэй 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тус тус байгуулсан. Дээрх гэрээнүүдийг байгуулахдаа хариуцагч нь... нэхэмжлэгч Б.М-ийн нэр дээрх бүх зээлүүдийг төлж барагдуулахаар, мөн компанийн хувьцааны үнэ 6 531 000 төгрөгийг худалдагч талд төлөх ... харин нэхэмжлэгч нь “О” ХХК-ийг хариуцагч П.Г т шилжүүлэхээр амаар харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч П.Г нь 2017 оны 9 дүгээр сараас хэлэлцэн тохиролцсоноосоо буцаж нэхэмжлэгчийн нэр дээрх Голомт банк болон Төрийн банкны зээлийн сар бүрийн төлбөрийг төлөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Мөн хариуцагч П.Г нь худалдах-худалдан авах гэрээний дагуу компанийн эрхийг шилжүүлэн авсан боловч хувьцааны үнийг нэхэмжлэгч Б.М эд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нараас өнөөдрийг хүртэл уг мөнгийг болон компанийн үйл ажиллагаанд зарцуулсан өр зээлийн талаар амаар өгсөн амлалтуудаа биелүүлэхийг шаардсан ч удаа дараа үүргээ биелүүлээгүй. Мөн П.Г-ийн өмнөх зээлийн төлбөрийг П.Г нь хувьдаа ашиглаж байсан нь П.Г-ийн дансны хуулгаар нотлогдож байгаа. Капитрон банкаас байраа тавьж зээлж авсан 40 000 000 төгрөг нь жилийн дараа гэхэд хүү нь өндөр болсон учраас өөр банк руу шилжүүлж төлбөрийг багасгах саналыг П.Г нь гаргаж өөрөө хөөцөлдөж байгаад Голомт банк руу шилжүүлж өгсөн байдаг. Үүнээс харахад П.Г нь Голомт банк руу шилжүүлээгүй бол би 44 000 000 төгрөгийн зээл авч улам их өрөнд орохгүй байсан. 2016 оны өвлөөс П.Г нь надад гар хүрч, үхэр оройтох, хоёр үхэр мөргөлдөх зэрэг жижиг шалтгаанаас болж цаашид хамтран ажиллах боломжгүй болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “О” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, хувьцаа, эрхийг хариуцагчаас буцаан гаргуулах шаардлагаасаа татгалзсан. Иймд хамтран ажиллах гэрээнээс татгалзаж оруулсан хөрөнгө болох 49 500 000 төгрөг, хоёр зээлийн төлөгдөөгүй хүү 13 157 609 төгрөг, нийт 62 657 609 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М тэй тохиролцсоны үндсэн дээр “О” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулж, худалдагч талд шилжүүлэх үүрэгтэй байсан хувьцааны нийт үнэ болох 6 531 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулж, компанийн эрхийг шилжүүлж авсан. Хариуцагчаар П.Г намайг болон компанийг татжээ. Хариуцагч нь ““О” ХХК”-тай холбоотой ямар нэгэн үйл баримт болон ямар үүрэг зөрчсөн талаар огт дурдаагүй тул хариуцагч нь “О” ХХК биш байна. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ нь дуусгавар болсон, талуудын хэн аль нь үүргээ биелүүлсэн, хариуцагч нь хувьцаагаа нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч нь хувьцааны төлбөрөө төлж дууссан байх тул үүрэг биелэгдэж дуусгавар болсон гэрээнээс татгалзах боломжгүй. Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол татгалзах эрхтэй. Татгалзах нь үүргийг бүрэн гүйцэтгээгүй байх үед хэрэгждэг эрх юм. Хариуцагч нь хувьцаа худалдан авч байгаа төлбөрөө бүрэн төлсөн. Гэрээний үүрэг дуусгавар болсон байна. Гэрээнээс татгалзах журмыг баримтлаагүй, гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлээгүй тул гэрээнээс татгалзах эрхээ алдсан. Мөн гэрээнээс татгалзаж байгаа бол үр дагавар нь талууд авсан зүйлээ харилцах буцаах тухай ойлголт байдаг бөгөөд шаардлагаас үзвэл компанийн удирдлага эрх мэдлийг авах сонирхолтой байна гэж үзэхээр байна. Компанийн удирдлага эрх мэдлийг авахын тулд Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр уг асуудлыг шийдвэрлэх ёстой бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шийдвэрлэгдэх асуудал биш юм. Мөн бусдаас их хэмжээний зээл авсан нь хувьцаа худалдах худалдан авах гэрээтэй хамааралгүй, энэ талаар гэрээнд тусгаагүй, хариуцагч яагаад хариуцах болсон нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Б.М тэй 2015 оны хавар хамтарч ажил хийхээр ярилцаж би өөрийн эгчийнхээ 1 өрөө байрыг хүний нэр дээр шилжүүлэн байж мөнгө авсан. Уг мөнгөнөөс би 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-ийн данс руу шилжүүлж уг мөнгөнөөс Б.М нь 6 000 000 гаран төгрөгийг нь компанийн данс руу шилжүүлж бид компанийг байгуулсан. Анх гурван тугалтай үхэр авч би маллаж байсан. Ингээд 2015 онд уг гурван үхрийг би маллаж, компанийн дансанд мөнгө үлдсэн байсан. Гэтэл нэг өдөр Б.М ийг үхрүүдээ эргэх гэж ирэхэд нь би дансанд мөнгө байгаа эсэхийг нь асуухад дансан дах мөнгө дуусч байгаа гэсэн. Би яагаад дуусаж байгаа талаар асуухад би хувийн мөнгөтэйгээ холиод ийм болчихлоо гэж хэлж байсан. Яагаад ингэж байгаа талаар асуухад компанийн дансыг интернэттэй холбож шууд утсаараа гүйлгээ хийж эхэлсэн байсан. Ингээд компанийн мөнгө дуусчихсан. Мал нь хаана яаж өвөлжих нь тодорхойгүй болсон. Ингээд Б.М нь банкнаас зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зээл авсан. Ингээд 1 бухтай, 11 ширхэг үхэр авсан. Б.М нь 17 ширхэг үхэр авсан гэдэг нь худлаа юм. Б.М нь би бүх ажлыг хийж байсан гэдэг боловч би бүх үхрийг нь явган маллаж байсан. Б.М нь надад мотоцикл авч өгнө гэсэн боловч би авахгүй гэж хэлсэн. Б.М нь миний сааж хөлдөөж бэлтгэсэн сүүг аваад “Мон сүү” ХХК-д нийлүүлдэг байсан. Уг сүүний мөнгө нь компанийн данс руу ордог байсан. Би компанийн дансыг хянах ямарч боломж байхгүй. Ингээд нэг өдөр компанийн дансыг харахад үлдэгдэлгүй болсон байсан. Б.М нь зар тавьж нэг хүнтэй ярилцаж танай байранд өвөлжих санал гаргаж тэр хүн нь зөвшөөрсөн байдаг. Ингээд тэр хүн мөнгө зээлэхээр болж Б.М мөнгө шилжүүлсэн байдаг бөгөөд тэр нь өвс авах мөнгө байсан. Бид хоёр компанийг өгч авах дээрээ тулахад Б.М нь чи ав би маллаж чадахгүй гэж хэлсэн. Ингэж шилжүүлэхэд “О” ХХК-ийн өмч гэж 10 гаран үхэр л байсан. Бид айлын гэрт байрладаг байсан ба би тухайн үхрүүдийг бодож компанийг авсан. Капитрон банкнд зээлийн төлбөрөө өгч чадахгүй болчихсон, үхрийн тэжээл авч чадахгүй, цалингаа тавьж чадахгүй болчихсон байсан. Хэрэгт “О” ХХК-ийн дансны хуулга авагдсан ба дансны хуулгаас үзэхэд Б.М нь уг мөнгөнөөс 11 910 000 төгрөгийг кассаар авсан байдаг. Би итгэмжлэлээр 2 204 000 төгрөг гаргасан байдаг. “О” ХХК-ийн үйл ажиллагаанд 17 000 000 төгрөг зарцуулагдсан байдаг. Мөн нийгмийн даатгалын шимтгэлд 234 000 төгрөг шилжүүлсэн гэх мэтчилэн “О” ХХК-ийн дансны хуулга дэлгэрэнгүй байгаа. “О” ХХК-ийн данснаас Капитрон банкнаас авсан зээлэнд 10 343 510 төгрөг, Б.М нь чекээр 1 570 000 төгрөгийг зарлагадсан. Б.М-ийн зарлагадсан гэх 11 910 000 төгрөг дотор н.О, н.Б, н.М гэдэг хүмүүс буюу найзууд руу нь мөнгө шилжсэн байдаг. Энэ нь үхэр худалдан авах, саалтуур худалдан авах нэрээр гарсан байдаг. Би үүнийг мөнгө угаасан гэж үзэж байгаа. Энэ бүх үйл явдал нотлох баримтаар хэрэгт авагдсан байгаа. Би 2015 онд “О” ХХК-д хөрөнгө оруулахад Б.М-ийн орон сууц нь ББСБ-д барьцаанд байсан миний мөнгөөр уг зээлийг нь хаасан байдаг. Капитрон банкнаас авсан 40 000 000 төгрөгийг Б.М нь бүхэлд нь зарцуулсан байдаг. П.Г миний бие 2 204 000 төгрөгийг итгэмжлэлээр авсан байдаг. Мөн гэрчээр нэг эмэгтэй хүн асуугдсан байсан. Тухайн эмэгтэй “О” ХХК-ийн үйл ажиллагааг мэдэхгүй. 10 000 000 төгрөгийг манай эгчээс түр аваад өөрөө 30 000 000 төгрөгийг гаргаж Капитрон банкны зээлийг хаасан. Харин Голомт банкнаас авсан гэх мөнгийг хэрхэн яаж зарцуулсан талаар би мэдэхгүй. Б.М нь асуудал гарахаар зугтаад алга болчихдог. Төрийн банкнаас нэхэмжлэл гаргаж одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би “О” ХХК-ийг гэрээ байгуулж худалдаж авсан. Би өөрийн итгэмжлэлээр зарлагадаж авсан мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Бусад зардал, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Г аас 2 204 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М эд олгож, нэхэмжлэлээс хариуцагч П.Г болон “О” ХХК-иас 60 453 609 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч П.Г т холбогдуулан гаргасан “О” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, хувьцаа, эрхийг хариуцагчаас буцаан гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547 438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Г аас 50 214 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М эд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Б.М нь хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, хамтын ажиллагаандаа зориулсан эд хөрөнгө буюу хураамж, 49 500 000 төгрөг болон түүнээс учирсан хохирол хүү 13 157 609 төгрөг нийт 62 657 609 төгрөг гаргуулах нэхэмжпэлийг бодит байдалд тулгуурлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт үнэлж дүгнээгүй Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Г аас 2 204 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М эд олгох нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг илтэд хөндөгдсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч П.Г “О” ХХК-д холбогдуулан компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнээс тус тус татгалзаж, эрхээ буцаан авах, хохиролд 62 657 609 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “О” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, эрхээ буцаан авах шаардлагаасаа татгалзаж, хамтран ажиллаж хөрөнгө оруулсны улмаас учирсан хохирол 62 657 609 төгрөгийг хариуцагч П.Г “О” ХХК-иас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь “О” ХХК-ийг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үүсгэн байгуулж, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаад хариуцагч П.Г-тай 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус компанийг П.Г т шилжүүлэн өгсөн болох хэргийн 1 дүгээр хавтасны  5-6, 30 дах талд авагдсан 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Б.М-ийн данс руу 7 746 000 төгрөгийг хариуцагч П.Г шилжүүлсэн бөгөөд уг мөнгөнөөс 6 531 000 төгрөгөөр О ХХК-ийн дүрмийн санг бүрдүүлж, тус компанийг үүсгэн байгуулж, 3 ширхэг тугалтай үнээ авч үйл ажиллагаа эхлүүлсэн үйл баримтын талаар анхан шатны шүүх хэргийн баримтад үндэслэн зөв тогтоожээ.

 

“О” ХХК-д П.Г нь үндсэн ажилтнаар ажиллаж байсан, Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын архивын тасгийн мал тооллогын баримтаар “О” ХХК нь 48 үхэр тоолуулсан, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шүүхээс хийсэн үзлэгээр О ХХК нь 47 үхэр, тоолуулсан болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 31-33, 51-52, 74, 86-95, 100-123, 188-201, 239-244, хэргийн 2 дугаар хавтасны 361-366 дах талд авагдсан баримтаар тогтоогдсон байна.    

 

Б.М нь “О” ХХК-ийн үйл ажиллагаа болон хамтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр Капитрон банк ХХК-иас 40 000 000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр Голомт банк ХХК-аас 44 000 000 төгрөгийг, жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, Төрийн банк ХХК-аас 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр 9 500 000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай тус тус зээлсэн болох хэргийн 2 дугаар хавтасны 290-292, 305-307, 327-330 дах талд авагдсан зээлийн гэрээнүүдээр тогтоогджээ.

   

Нэхэмжлэгч Б.М нь 2016 онд Капитрон банкнаас зээлсэн 40 000 000 төгрөг, Төрийн банкнаас 2017 онд зээлсэн 9 500 000 төгрөг, нийт 49 500 000 төгрөгийг “О” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан болох нь хэргийн 3 дугаар хавтасны 673-680, 698-704 дэх талд авагдсан Төрийн банк мөнгөн шилжүүлгийн баримт болон депозит дансны харилцагчийн хуулгад заагдсан шилжүүлгийн зориулалтыг заасан байдал болон талуудын тайлбараар нотлогдсон байна.

 

Зохигчдын хооронд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эрх шилжүүлэх гэрээний 4-т компанийн үйл ажиллагаанаас үүсэх хариуцлагыг эрх шилжүүлэн авагч П.Г бүрэн хариуцахаар тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дах хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж заасан тул нэхэмжлэгч Б.М эд хариуцагч “О” ХХК-ийн зардалд төлсөн 49 500 000 төгрөгөө шаардах эрхтэй. Уг шаардах эрхийг үгүйсгэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Б.М нь 11 910 000 төгрөгийг өөрийн дансаар авч захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсоноос гадна “О” ХХК-аас Капитрон банк ХХК-д зээлд 10 350 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 3 дугаар хавтасны 673-680, 698-704 дэх талд авагдсан Төрийн банк мөнгөн шилжүүлгийн баримт болон депозит дансны харилцагчийн хуулгаар тогтоогджээ.

 

Иймээс “О” ХХК-иас Б.М эд шилжүүлэн өгсөн 11 910 000 төгрөг, “О” ХХК-аас Капитрон банк ХХК-д зээлд төлсөн 10 350 000 төгрөгийг тус тус хасч үлдэх 27 246 000 төгрөгийг “О” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Б.М эд олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Хариуцагч П.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 204 000 төгрөгийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан тул анхан шатны шүүх хариуцагч П.Г аас 2 204 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М эд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцжээ. Энэ талаар хариуцагч П.Г давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээсэн болно.

 

Мөн нэхэмжлэгч нь бусад этгээдээс мөнгө зээлсэн болон Голомт банк ХХК-иас зээл авч Капитрон банк ХХК-ийн зээл төлсөнтэй холбоотой хүү төлөх үүрэг үүссэн гэх хохирлыг “О” ХХК-аас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Хариуцагч компанийн буруугаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх баримт байхгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.М нь хариуцагч П.Г т холбогдуулан гаргасан “О” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, хувьцаа, эрхийг хариуцагчаас буцаан гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч “О” ХХК-аас 27 246 000 төгрөг, хариуцагч П.Г аас 2 204 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.М эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 207 609 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/01456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.2 дах хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-аас 27 246 000 төгрөг, хариуцагч П.Г аас 2 204 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.М эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 207 609 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 3 дах заалтын “хариуцагч П.Г аас 50 214 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М эд олгосугай.” гэснийг “хариуцагч “О” ХХК-аас 294 180 төгрөг, П.Г аас 50 214 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.М эд олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460 218 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                          ШҮҮГЧИД                                     Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ