Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
Хэргийн индекс | 101/2015/11328/И |
Дугаар | 001/ХТ2016/01347 |
Огноо | 2016-12-08 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2016/01347
“Глобалдевелопмент партнерс ББСБ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05200 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1641 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч “Глобалдевелопмент партнерс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Г.Дөл, Ж.Билгүүн нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 38 541 466,56 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Г.Дөлийн 32 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Г.Дөлийн гомдлыг үндэслэн,
Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, хариуцагч Г.Дөлийн өмгөөлөгч Б.Чулуунбат, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.
Нэхэмжлэгч “Глобалдевелопмент партнерс ББСБ” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Г.Дөл, Ж.Билгүүн нар 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Глобалдевелопмент партнерс ББСБ” ХХК-тай №006 тоот зээлийн гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлж авсан. Манай байгууллага нь Худалдаа хөгжлийн банкны харилцах дансыг ашигладаг тул зээлдэгч нарт олгох зээлийг уг банкны харилцах дансанд шилжүүлэхээр мэдэгдэхэд Ж.Билгүүн нь Худалдаа, хөгжлийн банкны харилцах данс өгсөн. Харин Г.Дөлд тухайн банкны харилцах данс байсан эсэхийг мэдэхгүй, мөнгийг Ж.Билгүүний дансаар шилжүүлэн авахтай холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Г.Дөл, Ж.Билгүүн нартай байгуулсан зээлийн гэрээг дагалдуулан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр №006/01, №006/02 тоот хоёр барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээгээр, Чингэлтэй дүүргийн 1-р хороо 2-р 40 мянгатын 39 дүгээр байрны 21 тоотын улсын бүртгэлийн Ү-2202004294 дугаарт бүртгэлтэй, 26 м.кв 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 21-р хороолол 3-30 байрны 15 тоотын улсын бүртгэлийн Ү-2201005303 дугаарт бүртгэлтэй 31.6 м.кв 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч Г.Дөл, Ж.Билгүүн нар зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулж байсан бөгөөд зээлдэгч нараас удаа дараа хүсэлт гаргасны дагуу №006/02 тоот гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 21-р хороолол 3-30 байрны 15 тоотын 2 өрөө орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр барьцаанаас чөлөөлж өгсөн. Үүнээс хойш зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дууссан боловч зээлдэгч нар зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, байгууллагын зүгээс зээлийн үлдэгдлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгууллагыг хохироосоор байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд Ж.Билгүүний нэрээр 32 500 000 төгрөг, Г.Дөлийн нэрээр 32 000 000 төгрөгийн зээл, хүүд төлсөн байгаа. Иймд зээлийн үлдэгдэл 29 341 000 төгрөг, үндсэн хүү 7 618 012,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 582 454.06 төгрөгийн үлдэгдэл байгаа тул нийт 38 541 466,56 төгрөгийг зээлдэгч Ж.Билгүүн, Г.Дөл нараас хамтран гаргуулж өгнө үү. Мөн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №006/01 тоот барьцааны гэрээний зүйл болох Чингэлтэй дүүргийн 1-р хороо 2-р 40 мянгатын 39 дүгээр байрны 21 тоотын 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Дөл шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Нэхэмжлэгч талаас төхөөрөмж авах зориулалтаар зээлийн гэрээ байгуулан 70 000 000 төгрөг авах болсон. Зээлж авсан 70 000 000 төгрөгийн тал хувь буюу 35 000 000 төгрөгийг Ж.Билгүүн захиран зарцуулсан. Уг 35 000 000 төгрөгийг өөрөө хариуцан төлөх бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №006/02 дугаартай барьцааны гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3-30 байрны 15 тоотод байршилтай, 31,6 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг барьцаалсан. Үлдэх 35 000 000 төгрөгийг Г.Дөл хүлээн авч, тоног төхөөрөмж авах байсан ба мөн барьцааны гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат 39 дүгээр байрны 21 тоотод байршилтай, 26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс 35 000 000 төгрөгийг Ж.Билгүүний данс руу шилжүүлж мөн 3 хоногийн дараа үлдэх 35 000 000 дахин Ж.Билгүүний дансанд шилжүүлсэн. Г.Дөл зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан боловч нэг ч төгрөг бодитойгоор хүлээж аваагүй байна. Ж.Билгүүн 70 000 000 төгрөгийг дангаар хүлээн авсан бөгөөд өөрөө эргэн төлөлтийг хийж эхэлсэн. Тэрээр 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын зээлийн төлбөр төлөөгүй. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч нарт мэдэгдэх хуудас хүргүүлснээр Г.Дөл 70 000 000 төгрөгийг зээл бүрэн төлөгдөөгүй болохыг мэдсэн. Ж.Билгүүн өөрөө бүх мөнгийг авсан тул өөрөө төлж барагдуулна гэж амласан бөгөөд зээлээ төлж дуусахаар барьцаа хөрөнгөө чөлөөлж авах байсан. Гэтэл Ж.Билгүүний барьцаанд тавьсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3-30 байрны 15 тоотод байршилтай, 31.6 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг зээлийн эргэн төлөлт дуусаагүй байхад барьцаанаас чөлөөлсөн байна. Барьцааны гэрээнд Ж.Билгүүн, Г.Дөл нар иргэн Б.Баярсайханаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гарын үсэг зурсан байхад барьцааны хөрөнгийг чөлөөлсөн нь зээлийн гэрээний 5.4, 8.1, 12.1 дэх заалтыг тус тус нэхэмжлэгч тал зөрчсөн гэх үндэслэл бий болж байна. Мөн Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 281 дүгээр зүйл, 282.4 дэх заалт тус тус хэрэгжээгүй бөгөөд мөнгө шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй тул Г.Дөл төлбөрийг хариуцахгүй. Хэдийгээр Г.Дөл зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээл аваагүй байна. Анх зээлийн гэрээ байгуулах үед Г.Дөл нь иргэн н.Баярмагнай нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат 39 дүгээр байрны 21 тоотод байршилтай, 26 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаанд тавиулах зөвшөөрөл авсан тул нэхэмжлэгч тал уг орон сууцыг худалдан борлуулна гэж дарамт үзүүлсэн тул арга буюу 32 000 000 төгрөгийг төлсөн. Бид энэ мөнгийг сөрөг нэхэмжлэлээр буцаан шаардаж байгаа. Г.Дөлд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Дөл, н.Лхагвадорж, Б.Болорсүх бид хамтарч, алтны уурхайд туслан гүйцэтгэгчээр ажиллах бизнес хийхээр ярилцаж, тохиролцсон. Учир нь бид техник, технологийн боловсрол эзэмшсэн хүмүүс юм. Бид ярилцаад, бизнесээ эхлүүлэхэд 200 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдахаар байна гэсэн тооцоо гаргасан. Юуны өмнө бэлэн мөнгө байгаагүй тул хамтарч бүрдүүлэхээр ярилцсан бөгөөд 200 000 000 төгрөгийг 30%, 30%, 30%, 10% гэсэн байдлаар хувааж олохоор аман тохиролцоонд хүрсэн. Тэгээд Б.Болорсүх өөрийн эцэг Б.Баярсайхан гуайн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг дэх орон сууцыг, Г.Дөл найз Б.Эрдэнэбаярын хамтын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг дэх орон сууцыг тус тус барьцаанд тавихаар зөвшөөрөл авсан бөгөөд миний бие Б.Баярсайхан гуайгаас итгэмжлэл авч барьцаалахаар болсон. Бид тухайн орон сууцнуудыг барьцаалахад нэхэмжлэгч байгууллага 70 000 000 төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн тул 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулж зээл авсан. Зээлийн болон барьцааны гэрээг Г.Дөл бид хоёр хамтдаа хийсэн. Ингээд зээлийн 70 000 000 төгрөгийг хүлээн авах үед Г.Дөлийн Голомт банкнаас авсан цалингийн зээл найдваргүй ангилалд орсон байсан, надад Худалдаа хөгжлийн банкны харилцах данс байсан зэргийн улмаас миний дансаар хоёр хувааж хүлээн авсан. Би энэхүү зээлийг дангаараа зарцуулаагүй, Г.Дөл бид 2 анхнаасаа ашиг, орлогоо тооцож үзсэн. Бид уурхай дээр гүйцэтгэгчийн ажил эхлэх үед Г.Дөл оруулсан хөрөнгөний 30 хувийг эзэмшиж байгаа учраас уурхайн дарга хийх ажил, үүргийн хуваарилалттай байсан. Анх бидний тооцоогоор алтны уурхай дээр ажил эхлээд 14-21 хоногийн дотор шууд ашиг өгнө гэж үзэж байсан юм. Гэтэл бодит байдал дээр үүнээс хүнд, дор нөхцөлтэй учирсан бөгөөд бидний ажилд ахиц гарахгүй байснаас “Глобалдевелопмент партнерс ББСБ” ХХК болон бусад зээл нэмэгдээд 2014 оны 11 сар гэхэд 700 000 000 орчим төгрөгийн өр үүссэн. Энэ өрнөөс н.Лхагвадорж 200 000 000 төгрөгийн өөртөө хамааруулан авч бусад нь бид гуравт үлдсэн. Би чадлынхаа хирээр “Глобалдевелопмент партнерс ББСБ” ХХК-ийн зээлд 32 500 000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ талаар Г.Дөлд хэлсэн. Эдгээр нөхцөл байдлын дараа Г.Дөл бид хоёр ярилцан. Одоо барьцаанд үлдсэн байгаа Б.Эрдэнэбаярын байр байхгүй болох гээд байсан учраас би, Г.Дөлд чи 45 000 000 төгрөгийг төлчих, би 500 000 000 төгрөгийг аргалаад явж байя гэсэн. Тэгээд Г.Дөл 2015 онд нийт 32 500 000 төгрөг төлсөн байна. Үүнээс цааш өөрийнх нь боломж бүрдээгүй байх. Бид анх ярилцахдаа хамтарч ажил хийгээд, орлого олж түүнийгээ адил тэнцүү хувааж хүртэнэ гэж л энэ бүх зээлийг авсан. Үүний эцэст ашиг, эсхүл алдагдал аль нь ч байсан тэнцүү үүрэх ёстой. Тэгэхээр “Глобалдевелопмент партнерс ББСБ” ХХК-ийн нэхэмжилж байгаа 38 641 466,56 төгрөгийг Г.Дөл бид хоёр хамт хариуцах байх гэж үзэж байна. Үүнээс гадна бидний хамтдаа санаачилж байсан ажилтай холбоотой ихээхэн өр төлбөр надад үлдсэн гэжээ.
Хариуцагч Г.Дөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч байгууллага нь 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу зээлдэгчийн үүргээ биелүүлээгүй буюу зээлээс Г.Дөлд ногдох 35 000 000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй тул энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтыг зөрчсөн. Нэгэнт зээл өгөөгүй байж, зээлтэй холбоотойгоор Г.Дөлийн төлсөн 32 000 000 төгрөг “Глобалдевелопмент партнерс ББСБ” ХХК-ийн дансанд орсон учир энэ мөнгөөр нэхэмжлэгч байгууллага үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Иймд, “Глобалдевелопмент партнерс ББСБ” ХХХ-иас 32 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь зээлийг хүлээж авсан. Эргэн төлөлтийн дагуу төлбөрөө хийгээд явж байсан. Тийм учраас хариуцагч талаас үлдэгдэл төлбөрийг төлөх нь зайлшгүй. Хоёр зээлдэгч мөнгөө хэрхэн, яаж зарцуулсан нь бидэнд хамааралгүй. Тэд хамтдаа гэрээ хийсэн, барьцаа байгуулсан, бидний шаардлагаар Худалдаа хөгжлийн банкны харилцах данс өгсөн. Хэрэв Г.Дөлийн данс өгсөн байсан бол бид тэр дансанд л шилжүүлэх байсан. Харин Ж.Билгүүний данс өгсөн байсан учир түүгээр 70 000 000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн. Хариуцагч Г.Дөлийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05200 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ж.Билгүүн, Г.Дөл нараас 38 541 466.56 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Глобалдевелопмент партнерс ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ж.Билгүүн, Г.Дөл нар 38 541 466.56 төгрөгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат, 39 дүгээр байрны 21 тоотын орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004294 дугаарт бүртгэгдсэн байрыг албадан худалдаж, шийдвэрийн биелэлтийг хангуулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Г.Дөлийн 32 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “Глобалдевелопмент партнерс ББСБ” ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350 700 төгрөгийг, хариуцагч Г.Дөлийн төлсөн 318 000 төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч Ж.Билгүүн, Г.Дөл нараас 350 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Глобалдевелопмент партнерс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1641 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Дөлийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Г.Дөлөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.Дөл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэн Ж.Билгүүн, Г.Дөл нар нь “Глобалдевелопмент партнерс ББСБ” ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 006 тоот “Зээлийн гэрээ” байгуулсан боловч тус ББСБ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр зээлийн мөнгийг Г.Дөлд өгөөгүй байж түүнээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ББСБ-д төлүүлэхээр иргэний хэргийн анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр, гаргаж Г.Дөлийн сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг буруу хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, нэг талыг барьж энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахдаа давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтийг бичгээр гаргасан боловч тус шүүх нь Г.Дөлийн хүсэлтийг харгалзан үзэлгүй түүнд мэдэгдэлгүйгээр давж заалдах шатны шүүх хуралдааныг хийж, 1461 дүгээр магадлалыг гаргасан байна. Магадлалыг гаргахдаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг буруу хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, нэг талыг барьж шийдвэрлэхийн зэрэгцээ давж заалдах шатны хуралд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтийг гаргасан байхад Г.Дөлд мэдэгдэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165.1-д заасныг зөрчиж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хууль зүйд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №006 тоот зээлийн гэрээгээр Г.Дөл, Ж.Билгүүн нар “Глобалдевелопмент партнерс ББСБ” ХХК-иас 70 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20% нэмэгдүүлсэн хүү төлөх, нөхцөлөөр авч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд 2 орон сууц барьцаалсан, зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нар 64 500 000 төгрөгийг зээл, хүүд төлсөн, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 21-р хороолол 3-30 байрны 15 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн, зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дууссан боловч гэрээний үүрэг биелэгдээгүй тул үндсэн зээл 29 341 000 төгрөг, хүү 7 618 012 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 582 454 төгрөг бүгд 38 541 466 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Зээлийн гэрээний үлдэгдэл үүргийн талаар талууд маргаагүй, харин хариуцагч Г.Дөл нэхэмжлэлээс татгалзаж, “мөнгийг бүхэлд нь Ж.Билгүүний дансанд шилжүүлсэн тул зээлийг үүргийг тэр хариуцах ёстой, барьцааны орон сууцыг худалдаж борлуулна гэж дарамталснаас төлбөрийг төлсөн ...” гэж тайлбарлан 32 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа ч тэрээр өөрийн тайлбар, татгалзал түүний үндэслэлийг баримтаар нотолж чадаагүй байна.
Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан байх бөгөөд хариуцагч нар зээлийн мөнгийг тодорхой хувиар авч, мөн тус тусын авсан хэмжээгээр үүрэг хүлээх талаар тохиролцоогүй байна.
Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байхыг хуулиар зохицуулжээ.
Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтанд үндэслэн зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргээс хариуцагч нарын төлсөн дүн, үлдэгдэл үүрэг, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 үл хөдлөх хөрөнгийн нэгийг барьцаанаас чөлөөлсөн болон зээлийн гэрээний үүргийг хариуцагч нар тэнцүү хэмжээгээр хамтран хариуцах хэргийн нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч Г.Дөл, Ж.Билгүүн нараас 38 541 488 төгрөг гаргуулан нэхэмжлэлийг хангаж, Г.Дөлийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 452, 453, 175, 492 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтанд нийцсэн шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.3-т заасан шаардлагыг хангажээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн алдаа гаргаагүй байна.
Иймд “...зээлийн мөнгийг Г.Дөлд өгөөгүй байж ... сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг буруу хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн, ...давж заалдах шатны хуралд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтийг гаргасан байхад Г.Дөлд мэдэгдэлгүй ... эрхийг ноцтой зөрчсөн ...” гэх үндэслэлээр гаргасан хариуцагч Г.Дөлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05200 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1641 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Г.Дөлийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР