Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01413

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Дэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/01959 дугаар шийдвэртэй, Ц.Дэрийн нэхэмжлэлтэй Жарт холбогдох, ажилд эгүүлгэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Дэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн төлөөлөгч Р.Надмидцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Дэр 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Жх сангийн Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2 сар туршилтын хугацаагаар, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс үндсэн ажилтнаар томилогдон ажилласан.

Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 49 тоот тогтоолыг баталж, Жх сангийн ажлын албыг татан буулгаж, Жрыг байгуулах, холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Жарт шилжүүлэх, хууль тогтоомжид нийцүүлэн ажлыг зохион байгуулах, Жрын орон тоог 39 байхаар тогтоосон бөгөөд орон тоог цомхтгож багасгаагүй.

2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж байгаа тухай мэдэгдлийг мөн оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн бөгөөд мэдэгдлийг хүлээн авсны дараа 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Жрын дарга албан хаагчидтай нэг бүрчлэн уулзсан. Уг уулзалтаар ажлын байранд үлдээх боломжгүй гэсэн бөгөөд тодорхой тайлбар өгөөгүй.

Улмаар Жх сангийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Жх сангийн ажлын алба нь Жар болж өөрчлөгдсөн учраас яам хариуцагч биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэл болгож ажлаас чөлөөлсөн ба тус заалтад аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлнө гэж заасан.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажиллахгүй гэх хүсэлтийг хүчээр бичүүлсэн гэж ойлгогдож байна. Хуулийн дагуу ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэгч ажлын байрны шаардлага хангаагүй гэх баримтгүй. Тиймээс хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 8 сар 14 хоногийн хугацааны олговор болох 14,328,060 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2020 оны 49 дүгээр тогтоолоор Жх сангийн ажлын алба татан буулгасан. Жх сангийн захирлын Б/57 дугаар тушаалын 4-т заасан ажилчдыг хуульд нийцүүлэн Жарт шилжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд н.Мэндсайхан болон төрийн өмчийн бодлого зохицуулах газрын дарга н.Цэнгэл нарт даалгасан. Сайдын 273 тоот ажлын хэсэг байгууллага тушаалаар эдгээрийг зохион байгуулсан. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг ажилчдыг Б/57 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд тус шийдвэр гарахаас өмнө Ц.Дэрт Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэж, Жарт шилжин ажиллах боломжтой талаар мэдээлэл өгсөн. Гэтэл Ц.Дэр нь шилжин ажиллахгүй, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах тухай хүсэлтийг өгсөн.

Жх сангийн захирлын Б/57 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага нь манай байгууллагад хамааралгүй бөгөөд яамыг оролцуулах нь зүйтэй. Жрыг байгуулж, чиг үүргийг бүрэн шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Хөдөө, аж ахуйн сайдаас ажлын хэсэгт даалгасан.

Яамны зохион байгуулсан ажил, манайд хамааралгүй. Тэтгэмж өгөхгүйн тулд барьцаалан гарын үсэг зуруулсан зүйлгүй. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тэтгэмжийг олгоод ажлаас нь чөлөөлсөн. Б/57 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгоё гэж байгаа бол холбогдох яамнаас тодруулах нь зүйтэй гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 46 дугаар зүйлийн 46.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Дэр /УП93050348/-ийг хариуцагч Жрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,238,060 төгрөгийг хариуцагч Жраас гаргуулан нэхэмжлэгч Ц.Дэрт олгож, Ц.Дэрийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хугацаагаар нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч Жарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Жраас 299,340 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаар “Агентлаг байгуулах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр А-273 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж ажлын хэсгээс Жх сангийн бланк дээр 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б/57 тоот тушаал гаргаж Ц.Дэрийг ажлаас чөлөөлсөн тул хариуцагч Жарт хамааралгүй юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр А-273 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулсан, ажлын хэсэгт Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахаар даалгасаар байтал эрх залгамжлагчаас шүүх хуралд тайлбар, тодруулга авалгүй шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Жх сангийн Б/57 тоот тушаалын 4-т Жарт шилжин ажиллах хүсэлт гаргасан албан хаагчдыг хуульд нийцүүлэн гэрээ байгуулан ажиллахыг даалгасан нь баримтаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь шилжин ажиллах хүсэлт гаргаагүй, тэтгэмж авч Жарт ажиллахгүй гэсэн хүсэлт гаргасан тул шилжүүлэн ажиллуулаагүй. Жрын дарга ганцаарчилсан уулзалт хийхдээ төрийн захиргааны албан тушаалд /ТЗ-6/ ажиллах тул 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад хамрагдаж тэнцсэн байх ёстой, тэнцээгүй нөхцөлд ажлаас чөлөөлнө гэж сануулсан талаар хариуцагчаас тайлбар хүргүүлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн ямар нэгэн байдлаар зөрүүтэй тайлбар гаргаагүй байтал хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн судлалгүй шүүх шийдвэр гаргасан.

Жрыг шинээр байгуулсантай холбоотойгоор Жх сангийн ажлын албыг татан буулгаж, ажилтан өөрөө хүссэн тохиолдолд шилжүүлэн томилохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн ажлын байр шинээр байгуулагдсан газрын бүтцэд байхгүй, үгүй болсон гэж хариуцагчаас маргаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл тус ажлын байр батлагдсан бүтцэд байгаа болно.

Шүүх дээрх “...нөхцөлд ажил олгогчийн санаачилга, идэвхтэй үйл ажиллагаа чухал бөгөөд нэхэмжлэгчийг ... Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд шилжин ажиллахыг санал болгосон үйл баримт тогтоогдохгүй, татан буугдсан ажлын албаны ажилтнуудыг шинээр байгуулагдсан газарт шилжүүлэн томилохдоо хууль, шийдвэрт нийцүүлэн зохих арга хэмжээг аваагүй” гэж үзсэн нь баримтыг бүрэн судлаагүй хариуцагчаас хуулийн дагуу ажилчдад сонсгох ажиллагаа явуулж мэдэгдэл өгсөн, чиг үүрэг шилжиж байгаатай холбоотойгоор захиргааны албан тушаалтан нь шаардлагыг хангах талаар мэдээлэл өгсөн баримтуудыг судлалгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаар “Агентлаг байгуулах тухай” тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр А-273 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулан ажиллах байгууллага нь Жар биш талаар хариуцагч тайлбарлаж, баримтуудыг шүүхэд өгсөн байхад шүүх Жрыг дээрх тогтоол, тушаалыг хэрэгжүүлээгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Дэр нь хариуцагч Жарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговорт 14,328,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.Дэр нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс Жх сангийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр туршилтын болон үндсэн хугацаагаар ажиллаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Агентлаг байгуулах тухай” 49 тоот тогтоолоор Жрыг байгуулж, Жижиг, дунд үйлдвэрийн сангийн ажлын албыг татан буулгах, холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Жарт шилжүүлэх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус тус даалгажээ. /хх11-12/

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр А-273 тоот тушаалаар Жар байгуулагдсантай холбогдуулан Жх сангийн ажлын албыг татан буулгаж, ажлын хэсэг байгуулж, сангийн ажлын албаны албан хаагчид, сангийн эд хөрөнгө, хуримтлагдсан эх үүсвэр, өглөг, авлага, үйл ажиллагааг Жарт шилжүүлэхийг ажлыг хэсэгт даалгаж шийдвэрлэжээ. /хх28-29/

 

Жх сангийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/57 тоот тушаалаар Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Засгийн газрын 2020 оны “Агентлаг байгуулах тухай” 49 дүгээр тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/273 дугаар тушаал, Жх сангийн ажилтнуудын бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн Ц.Дэртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх25-26/

 

Хариуцагч байгууллага нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж тодорхойлж байгаа тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт  зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх учиртай. Ажлын хэсгийн дарга 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажилтан Ц.Дэрт 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа тухай мэдэгдэгдлийг гардуулж, Ц.Дэр гарын үсэг зурж, мэдэгдлийг хүлээн авсан байна. /хх23/

 

Ажил олгогч дээрх мэдэгдлийг гардуулснаас хойш 30 хоногийн дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Дэрийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргажээ.

 

Уг тушаал гарахаас өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Дэр нь 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах талаар хүсэлт гаргасан, уг хүсэлтэд гарын үсгээ зурсны дараа “миний бие Жарт шилжин ажиллах хүсэлтгүй байна” гэж нэмж бичиж хүсэл зоригоо илэрхийлж дахин гарын үсэг зуржээ.

 

Хөдөлмөрийн тухай хуульд хэлцэл хийгч талын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарласан нарийвчилсан зохицуулалт байхгүй тул Иргэний хуульд заасныг тайлбарлан хэрэглэнэ. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлно. Ажилтан Ц.Дэр нь хүсэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурж ажил олгогчид өгсөн байгааг хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн гэрээний нөгөө тал болох ажил олгогч нь уг илэрхийллийг хүлээж авсан тул Ц.Дэрийн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болжээ. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл ойлгомжгүй байгаа буюу уг хүсэлтийг хүчээр бичүүлсэн гэх нөхцөл байдлыг бусад нөхцөл байдалтай харьцуулан үзвэл Ц.Дэр нь аливаа дарамт шахалтын үндсэн дээр “миний бие Жарт шилжин ажиллах хүсэлтгүй байна” гэж бичсэн гэж дүгнэхгүй юм.

 

Иймд Жх сан нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/57 тоот тушаал гаргаж, Засгийн газраас олгосон чиглэлийн дагуу хүсэлтээ илэрхийлсэн ажилтанд тэтгэмж олгож ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй.

 

Б/57 тоот тушаалын 4-т “Жарт шилжин ажиллах хүсэлт гаргасан албан хаагчдыг мэргэжил, ажлын туршлага, бусад шаардлага хангасан албан тушаалд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн цалин, нийгмийн даатгалыг тасалдуулахгүй ... хуулийн дагуу гэрээ байгуулан ажиллахыг Жрын даргад зөвшөөрсүгэй” гэж заасан байх бөгөөд Ц.Дэр нь Жарт шилжин ажиллах хүсэлтийг гаргаагүй байна.

 Анхан шатны шүүхээс ажил олгогчийг идэвхтэй үйл ажиллагаа явуулах ёстой байсан гэсэн үйл баримт тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

 

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Жарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай Ц.Дэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь өөрийн харъяа агентлагийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх чиг үүрэгтэй бөгөөд үүнтэй холбоотойгоор ажилтаныг чөлөөлөх, томилох ажиллагаа нь Жх сан болон Жарт хамаарна. Иймд хариуцагч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/01959 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Жарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай Ц.Дэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Жар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА