Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 563

 

О.Н-д холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогч Ч.Д-, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 648 дугаар магадлалтай, О.Н-д холбогдох 201626030203 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ч.Д-гийн өмгөөлөгч Г.Батзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитекторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, бэр дүү нарын хамт амьдрах, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24-09 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт О-н Н.

О.Н- нь 2013-2015 онд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 айлын Үйлдвэрийн гудамжны 93 дугаартай орон сууцыг барьж ашиглалтад оруулах хугацаандаа нэр бүхий 9 хохирогч нартай захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгө авсан боловч тэдгээр байраа бусдад зарах, барьцаанд тавьж, өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөх эрх шилжсэн орон сууцнуудыг зарна, өр төлбөртөө тооцон өгнө гэж бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан, хуурч нийт 1,386,102,791 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны О.Н-ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч бусдад 1,231,071.091 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн өрөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар О.Н-ийг 3 жил 4 сар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5.дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны 2, 5, 10, 16 тоотын орон сууцнууд болон В давхрын 157,71 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг хязгаарласныг тус тус хүчингүй болгож, О.Н-ийн өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны №4 тоот (Ү-2206042585-рт бүртгэлтэй), №12 тоот (Ү-2206039648), №19 тоот (Ү-2206Ц38965) орон сууцуудын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож захиран зарцуулах эрх хязгаарласныг хэвээр үлдээж, нэр бүхий хохирогч нарын хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгг заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны 2, 5, 10, 16 тоотын орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг хязгаарласныг тус тус хүчингүй болгож, В давхарын 157,71 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон О.Н-ийн өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 93 дугаар байрны 4 тоот (Ү-2206042585-рт бүртгэлтэй), 12 тоот (Ү-2206039648), 19 тоот (Ү-2206038965) орон сууцуудын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож захиран зарцуулах эрх хязгаарласныг хэвээр үлдээж, нэр бүхий хохирогч нарын хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ч.Д-гийн өмгөөлөгч Г.Батзаяа гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлалын хохирогч Ч.Д-д холбогдох хэсэгт орсон еөрчлөлтийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хохирогч Ч.Д-гийн хувьд О.Н-той 2013 оны 07 дугаар сарын 31-нд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж урьдчилгаанд 117,000,000 төгрөг төлсөн байдаг ба тухайн үед барилгын ажил дуусаагүй байсан учир гэрээг баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлэх бодит иөхцөл боломж бүрдээгүй байсан.

Улмаар дээрх маргаан бүхий Хан-Уул дүүргийн 15-р хороо,үйлдвэр туул гудамжны 93- р байр, Б тоот үйлчилгээний зориулалттай 157.71м2 талбай бүхий объектийг О.Н- өмчлөх эрхийг өөрийн нэр дээр 2015 онд бүртгүүлж гэрчилгээ аваад цааш нь О.Гантулгын нэр дээр шилжүүлсэн байсныг хохирогч Ч.Д-гийн нэр дээр сүүлд буюу 2016 оны 01 дүгээр сарын 26-нд шилжүүлэхдээ О.Г-д 60,000,000 төгрөг төлүүлж, 40 тонны 3,000,000 төгрөгийн үнэтэй контейнер, Тайланд улс руу эмчилгээнд явна гэж 3,000,000 төгрөг нийт 183,000,000 төгрөгөнд объектоо худалдсан байдаг ба тухайн үед нэр шилжихэд ямар нэг алдаа, сэжиггүй, хэн нэг этгээдийн барьцаанд байгаагүй гагцхүү О.Г- гэдэг хүний нэр дээр байсныг хэн аль нь зөвшөөрөөд Ч.Д-гийн өмчлөлд шилжүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар “Өмчлөх эрхийг шударгаар олж авсан” гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Х- давж заалдах гомдлын үндэслэл нь тухайн объектийн зах зээлийн ханшийг өөрийн үзэмжээр тогтоож тэрхүү үнэлгээгээ үндэслэл болгож объектоос өөрийи хохиролыг гаргуулна.. гэсэн байдаг. Гэтэл өнөөг хүргэл объектыг хэргийн холбогдогчид болон оролцогчдоос үнэлүүлэх санал ч огт гаргаж байгаагүйгээр барахгүй объект Ч.Д-гийн хууль ёсны өмчлөлд аль хэдийн шилжсэн байсан.

О.Н-, Ч.Д- нар иргэний хуулинд заагдсан хэн аль нь ашиг сонирхолоо сайн дурын үндсэн дээр илэрхийлж Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл Ч.Д- анх орон сууц захиалсан боловч О.Н- үйлчилгээ явуулах объект санал болгож нэмж 66,000,000 төгрөгний төлбөр төлж энэ объектийг хууль ёсөөр өмчлөлдөө шилжүүлж авсан. Ийм байтал Монгол улсын үндсэн хууль, Эрүүгийн хуулин дахь хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмуудыг бүгдийг нь зөрчиж ялыг халдааж хэрэглэж, гэм буруутай этгээд бусдад учруулсан хохирлоо өөрөө барагдуулахаар хуульчилсан байтал өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээдээс өөр нэгний хохирлыг барагдуулахаар давж заалдах шатны шүүх магадласныг шүүх хууль буруу

хэрэглэж нэг хохирогчоос нөгөө хохирогчид хохирлыг гаргуулахаар хэргийг шийдвэрлэсэн нь тэд хэт нэг талын ашиг сонирхлыг хамгаалсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Б.Х- О.Н- нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг Хан-Уул дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албаны улсын бүртгэгч С.Оюунболд, н.Гэсэрмаа нар мэдээллийн санд бүртгээгүй эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж эс үйлдэхүйгээр гэм буруутай нь тогтоогдсон ч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээг мэдээллийн санд бүртгээгүй улсын бүртгэгч С.О, н.Г арын гэм буруутай үйлдлээс болж иргэн Б.Х- хохирсон нь тогтоогдсон, нэгэнт гэм уруутай этгээд бусдад учруулсан хохирлыг барагдуулах сстой байтал давж заалдах шатны шүүхээс Б.Х-гын хохирсонд Ч.Д-г гэм буруутай гэж үнэлж ялыг халдааж, эрчигдсөн эрхийг ашгийг сэргээхэд биш дахин хохирооход чиглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэргэлэсэн явдал юм. Үүнийн улмаас гэм буруутай этгээдүүд ял завших, цаашлаад энэ мэт албан үүрэгтээ санамсаргүй болоод санаатайгаар хайнга хандаж бусдыг хохироож олох хууль эрх зүйн үр дагвар үүсгэсэн нөхцөл байдал харагдаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг давж заалдах шатны шүүх бүрэн гүйцэт нэлээгүй, үнэлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэргэлэсэн, нотлох баримтыг ялгамжтай үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан нь хууль дээдлэх, хуулийг нэг мөр хэрэглэх үндсэн суурь зарчмуудыг алдагдуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэм буруу, хор уршгийн хоорондох шалтгаант холбоог буруу тогтоосон нь хэргийг байдаг.

Эцэст нь давж заалдах шатны шүүхээс иргэн Ч.Д-г 183,000,000 хохирчихоод байхад дахиад хохир гэж хянасан нь шүүхийн шийдвэр нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлаж үнэлэх, шийдвэр үндэслэл бүхий байх, шударга ёсны зарчимд нийцсэн байхыг эсрэг гаргасан болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн алдаатай гаргасан магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан Ч.Д-д холбогдох хэсэгт Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу үл хөдлөх эд хөрөнгө бусдад шилжихэд хуульд заасан шаардлагыг хангасан тухай мөн шударга өмчлөгчийн талаар заасан байгаа. Энэ тодорхойлолт бүрэн дүүрэн үндэслэлтэй. Хохирогч Ч.Д- нь анх О.Н-той орон сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн боловч өгөх байр байхгүй болчихлоо гээд н.Гантулгын нэр дээр байгаа, уг хүнд өгөх ёстой өрийг миний өмнөөс өгөөд объектыг аваач гэсний дагуу очиход Улсын бүртгэл дээр ямар нэгэн саад, алдаа огт байгаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож худалдан борлуулаад хохирлыг төлөх талаар дурдсан. Уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцвол өмчлөх эрх хэн рүү шилжих вэ, н.Г руу шилжих юм уу, О.Н- руу шилжих юм уу мэдэгдэхгүй байна. Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулахад Улсын бүртгэлд бүртгүүлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байсан учраас гэрээгээ баталгаажуулж чадаагүй байгаа нь давхар хохирох үндэслэл болоод байна. Хууль зүйн үндэслэлтэй мэтээр давж заалдах шатны магадлал гарсан учраас хохирогч Ч.Д-д холбогдох хэсгийг өөрчилж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрч гэрчилж байгаа зүйлийн талаар эх сурвалжаа баримтаар нотолсон байж тус мэдүүлэг баталгааждаг. Улсын бүртгэлийн ажилтны мэдүүлгээр н.Халиунаагийн барьцааны гэрээ шивэлт хийгдээгүй байсан, н.Халиунаад учирсан хохирлыг төлнө гэсэн мэдүүлэг байгаагаас Улсын бүртгэлд анхнаасаа н.Халиунаагийн барьцааны гэрээ бүртгэгдээгүй явсан асуудал байдаг. н.Халиунаагийн хувьд ямар нэгэн өмчлөх эрхийг шаардаагүй. Харин мөнгөний хувьд хохирсон. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх талаар маргаагүй. Гэм буруутай этгээд бусдад учруулсан хохирлоо өөрөө барагдуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байхад хохирогчоор дамжин барагдуулах механизмыг шүүх магадлалдаа тусгасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчид холбогдох хэргийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэрэгт 6 үл хөдлөх эд хөрөнгийн талаар яригддаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрээний талууд гомдол нэхэмжлэл гаргахад саад болох зүйл алга талаар дурдаж шийтгэх тогтоолын 6 дугаар хэсэгт О.Н-ийн өмчлөлийн 4, 19 дүгээр байрыг хохирол төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлээд бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгосон. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5.8 дахь заалтад хохирогч Ч.Д-д 183,000,000 төгрөгийг давхардуулан гаргаж шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 5.8 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Ч.Д-гийн өмгөөлөгч Г.Батзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн О.Н-ид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч О.Н- нь 2013-2015 онд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 айлын Үйлдвэрийн гудамжны 93 дугаартай орон сууцыг барьж ашиглалтад оруулах хугацаандаа нэр бүхий 9 хохирогч нартай захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгө авсан боловч тэдгээр байраа бусдад зарах, барьцаанд тавьж, өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөх эрх шилжсэн орон сууцнуудыг зарна, өр төлбөртөө тооцон өгнө гэж бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан, хуурч нийт 1,386,102,791 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан бусдыг залилсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх О.Н-ид холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Н-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн арга, үйлдлийн шинжийг тодорхойлж, түүнтэй уялдуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм хорыг арилгах талаар нэгдмэл агуулгатай, үндэслэл бүхий дүгнэлт хийж, ингэхдээ Эрүүгийн хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын агуулгыг зөв тайлбарлан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хэсэгчлэн буруутгаж, өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Учир нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны В давхарын 157.51 мкв үйлчилгээний зориулалттай объектийг хохирогч Ч.Д- бусдаас шилжүүлэн авахдаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан буюу тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан өмчлөгч байтал уг хөрөнгийг нэр бүхий хохирогч нарын хохиролд тооцуулахаар хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ.

Түүний зэрэгцээ, анхан шатны шүүх Ч.Д-г дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоосон атлаа шийтгэх тогтоолын холбогдох заалтаар түүнд 183,000,000 төгрөгийг гаргуулахаар давхардуулан шийдвэрлэсэн байх тул өөрчлөх нь зүйтэй гэж үзнэ.   

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын хохирол гаргуулахаар тооцсон заалтад дээрх өөрчлөлтийг оруулж, хохирогч Ч.Д-гийн өмгөөлөгч Г.Батзаяагийн гаргасан “...Ч.Д- нь хуульд заасан шударга эзэмшигч мөн тул давж заалдах шатны шүүхийн алдаатай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 648 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5.8 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН