Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210

 

 “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дугаартай тендерийн

үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж  

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаартай захиргааны актын С ХХК-д холбогдох хэсгийг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дүгээр тендерийн үнэлгээний хорооны дахин үнэлгээ болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84, 2/85 дугаартай захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0228 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0273 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М, Ж.С нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0228 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар 55.2, 55.3.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл хэлбэрээр гарсан тендерийн дахин үнэлгээний шийдвэр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84 тоот, 2/85 тоот албан бичгүүдийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 тоот албан бичгийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0273 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0228 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаартай захиргааны актын С ХХК-д холбогдох хэсгийг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дүгээр тендерийн үнэлгээний хорооны дахин үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2    дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84, 2/85 дугаартай захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай гэж, 3    дахь заалтыг нэмэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчлөн гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “С” ХХК-иас Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд тус тус холбогдуулан тус “С” ХХК компанийн тендерээс татгалзаж дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаар албан бичиг, энэхүү албан бичгийн дагуу “С” ХХК-г хасаж дахин үнэлгээ хийсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дугаар тендерийн үнэлгээний хорооны дахин үнэлгээ болон манай компанийн тендерээс татгалзсан тухай БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/85 тоот мэдэгдэл, мөн яамны 2/84 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хянан үзэж 128/ШШ2019/0228 дугаар шийдвэр гаргасан. Тус шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч гуравдагч этгээд “Цомбон тоосго” ХХК-иас давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0273 дугаар магадлал гаргасныг нэхэмжлэгчийн зүгээс эс хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаар бүхий албан бичиг буюу захиргааны актыг “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0273 дугаар магадлалын хянавал хэсэгт Сангийн яамны Төрийн нарын бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаар бүхий албан бичгийн талаар “Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн ТОӨЗ 5.2 /б/-д “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх бөгөөд цахим системээр дамжуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сан е-balance-аас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг тулган шалгана” гэж заасан бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэж үзсэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6-1/8089 дугаар албан бичиг үндэслэлтэй байна” гэж магадлалын хянавал хэсэгт дүгнэсэн.

5. Гэтэл тус Сангийн яамны Төрийн нарын бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаар бүхий албан бичиг буюу захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт нь дараах шаардлагыг хангасан байна.” 40.2.2.-т “захиргааны акт хаяглагдсан этгээд нь ... хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл..., 40.2.5.-т “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах.” гэж заасан хуулийн шаардлага хангаагүй захиргааны актыг хууль зүйн шаардлага бүрэн хангасан, үндэслэлтэй мэтээр дүгнэжээ. Энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр удаа дараа тайлбар тавьж байсан боловч анхан шатны шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6. Мөн Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаар бүхий албан бичиг нь “Жаргалант Луу” ХХК-ийн гомдлыг үндэслэн гаргасан гэх атал хавтас хэрэгт энэ талаарх үйл баримт байхгүй буюу тус Жаргалант луу ХХК-ийн гомдол байхгүй байсан бөгөөд хариуцагч Сангийн яамны зүгээс нотлох баримтын хуульд заасан шаардлага хангаагүй хэлбэрээр шүүх хуралдаан дээр шүүхэд Жаргалант луу ХХК-ийн гомдол гэх 1 хуудас цаасыг гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-т “Тендерт оролцогч нь ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн ... тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ...гаргана.” гэж заасан бөгөөд Сангийн яам нь зөвхөн гомдол хүлээн авсан тохиолдолд аливаа шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай. Гэтэл Сангийн яамны зүгээс ямар гомдлыг үндэслэн нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаснаа өөрөө нотлох үүрэгтэй атал үүнийгээ шүүх хуралдаан дээр нотлоогүй байхад анхан шатны шүүх өөрөө нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр Жаргалант Луу ХХК-ийн гомдол байхгүй тул “Жаргалант Луу” ХХК-ийн гомдолд дүгнэлт хийх боломжгүй гэсэн байхад үүнийг нь давж заалдах шатны шүүх залруулах ёстой байтал мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн судлалгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

7. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дүгээр тендерийн үнэлгээний хорооны дахин үнэлгээг болон БСШУСЯ-ны ТНБД-ын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84, 2/85 дугаартай захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн хувьд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дүгээр тендерийн үнэлгээний хорооны дахин үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчжээ.” гэжээ. Үүнийгээ тайлбарлахдаа үнэлгээ хорооны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-ны дагуу “С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийг зөрчөөгүй байна гэжээ.

8. Захиргааны хэргийн анхан шатны шүүх “С” ХХК-ийн тендерээс татгалзах нь зүйтэй...” гэснийг тендерийн үнэлгээний хороо тендер шалгаруулалтын дахин үнэлгээг хийхдээ нэхэмжлэгч компанийг хасаж бусад оролцогчдын ирүүлсэн тендерт үнэлгээ хий гэсэн агуулгаар ойлгох ёсгүй..., мөн “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т үнэлгээний хорооны тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх чиг үүргийг тодорхой зааж, үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглосон хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт Сангийн яам хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломжгүй тул Сангийн яамны шийдвэрийг үндэслэж “С” ХХК-ийг хассан нь хариуцагчийн тайлбараар нотлогдсон бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр байна гэж үзсэн нь нэхэмжлэгчийн хувьд үндэслэлтэй гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл үнэлгээний хороо хэлэлцэж шийдвэр гаргаж байгаа бус Сангийн яам шийдвэр гаргасан учраас манай компанийг хасах нь зүйтэй гэж өөр этгээдийн гаргасан шийдвэрийг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь илт байгаа юм.

9. БСШУСЯ-ны ТНБД-ын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84, 2/85 дугаартай захиргааны актуудын хувьд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь захиргааны акт биш гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах эрхтэй буюу тус эрх олгосон шийдвэр нь буюу БСШУСЯ-ны ТНБД-ын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84, 2/85 дугаартай захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан шаардлагыг хангаж байгаа тул бид захиргааны акт гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Эдгээр албан бичгүүд нь дараах байдлаар Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан шаардлагыг хангаж байгаа болно. Үүнд: БСШУСЯам нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-д зааснаар захиргааны байгууллагад хамаарч байгаа болно.

10. Баянгол дүүрэгт 240 ор бүхий 13 дугаар цэцэрлэгийн барилга барих тендерт санал хүргүүлж шалгаран гэрээ байгуулах эрхийг авсан боловч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга манай тендерээс татгалзаж дахин үнэлэх, БСШУЯам манайхыг оролцуулахгүйгээр дахин үнэлгээ хийж өөр компанийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан болно. Баянгол дүүрэгт 240 ор бүхий 13 дугаар цэцэрлэгийн барилга барих тендер шалгаруулах үйл ажиллагаа, тухайн үйл ажиллагаанд гомдол гаргах харилцаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд энэ хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд захиргааны байгууллагын оролцоотой тендертэй холбоотой асуудал шийдэгдсэн тул нийтийн эрх зүйн салбар эрх зүйд хамаарна. Тендер шалгаруулсан, манай компанийн тендерээс татгалзсан, манай компанийг оролцуулахгүйгээр дахин үнэлгээ хийж өөр компани шалгаруулсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа, гарсан шийдвэрүүд нь бид хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллагуудын дотоод үйл ажиллагаанд биш “С” ХХК болон бусад гуравдагч этгээдүүдрүү чиглэсэн зохицуулалт агуулсан тул гадагш чиглэсэн болно.

11. Шүүхэд хүчингүй болгуулахаар дурьдсан албан бичгүүд нь Баянгол дүүрэгт 240 ор бүхий 13 дугаар цэцэрлэгийн барилга барих тендерт шалгарсан “С” ХХК-ийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус гэж үзсэн, дахин өөр этгээд буюу Цомбон тоосго ХХК-д гэрээ байгуулах эрх олгож байгаа нь эрх зүйн шууд үр дагавар бий болгосон. Ийм учраас захиргааны акт биш, зөвхөн үнэлгээний хорооны шийдвэрийг мэдэгдсэн мэдэгдлийн шинжтэй баримт бичиг гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ: 

12. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

13. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаартай захиргааны актын “С” ХХК-д холбогдох хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/2018/01179 дүгээр тендерийн үнэлгээний хорооны дахин үнэлгээ болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84, 2/85 дугаартай захиргааны актуудыг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  

14. 1. Давж заалдах шатны шүүхийн, нэхэмжлэлийн шаардлагаас “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаартай захиргааны актын “С” ХХК-д холбогдох хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дүгээр тендерийн үнэлгээний хорооны дахин үнэлгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.

15. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Баянгол дүүргийн 13 дугаар цэцэрлэгийн барилга буулгаж, 240 ор бүхий цэцэрлэгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж, тус тендерийн үнэлгээний хороо нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалтыг явуулж, “С” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, тус компанид “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/14346 тоот албан бичгийг хүргүүлжээ.

16. Гэвч тендерт оролцогч “Жаргалантлуу” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасан байх ба тус яамнаас гомдлыг хянаж, “...”хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлсэн “С” ХХК-ийн санхүүгийн тайланг хянан үзэхэд 2016, 2017 оны тайланг санхүүгийн байгууллагад илгээгээгүй бөгөөд тухайн онуудын мэдээлэл системд байхгүй байгаа нь ...ТШӨХ-ийн ТОӨЗ 5.2 (б)-д ...заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна. Иймд хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу “С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах нь зүйтэй байх тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу мэдэгдэж байна...” гэсэн хариуг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 тоот албан бичгээр захиалагчид хүргүүлсэн нь хуульд нийцсэн.  

17.  Тухайн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2(б) хэсэгт “...Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх бөгөөд цахим системээр дамжуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сан e-balance-аас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг тулган шалгана” гэж заасан байхад нэхэмжлэгч “С” ХХК нь тухайн онуудын санхүүгийн тайланг ирүүлээгүй болох нь тогтоогдсон, иймд хариуцагч Сангийн яам мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан эрхийн хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.

18. Улмаар тендерийн үнэлгээний хороо 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин үнэлгээ хийж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн тендерээс татгалзаж, гуравдагч этгээд “Цомбон тоосго” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн бага үнийн санал ирүүлсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84 тоот албан бичгээр “Цомбон тоосго” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай, 2/85 тоот албан бичгээр “С” ХХК-д тус компанийн тендерээс татгалзсан тухай мэдэгджээ.    

19. Ийнхүү Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дүгээр тендерийн үнэлгээний хорооны болон Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн дээрх шийдвэр, үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3.3-т заасантай нийцсэн тул нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

20. 2. “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84, 2/85 дугаартай захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, давж заалдах шатны шүүхээс эдгээр албан бичгүүдийг нэхэмжлэгчид шууд үр дагавар бий болгоогүй, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг мэдэгдсэн мэдэгдлийн шинжтэй баримт бичиг тул захиргааны акт гэж үзэхгүй гэж дүгнэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийн энэ шаардлагуудыг хүлээн авахаас татгалзсан нь буруу байна.

21. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар захиалагч нь гаргасан шийдвэрээ тендерт оролцогч нарт албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй тул тус тендерийн захиалагчийн гаргасан 2/84, 2/85 тоот албан бичгүүд нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас ...тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захиргааны актын шинжийг агуулжээ.     

22. Дээрх байдлаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн тендерт ирүүлсэн материал нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй учир тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, “С” ХХК-ийн тендерээс татгалзан, “Цомбон тоосго” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь хуульд нийцсэн тул тендерийн захиалагчаас хуульд заасны дагуу, 2/84, 2/85 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн, иймд эдгээр албан бичгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

23. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0273 дугаар магадлалын 1 дэх заалтыг “1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/8098 дугаартай захиргааны актын “С” ХХК-д холбогдох хэсгийг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801179 дүгээр тендерийн үнэлгээний хорооны дахин үнэлгээ болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/84, 2/85 дугаартай захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

                  ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА