Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2017/0629

 

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2017/0629

Улаанбаатар хот

С Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Л.А, Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0488 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Л.А, Л.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0488 дугаар шийдвэрээр: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С Г ХХК-ийн Татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан төлбөрөөс торгууль, алданги, хүүгийн дүнг өршөөлд хамруулж чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ... Шүүхийн шийдвэр нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д тунхагласан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүрэлдэхүүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн тулгуур зарчмыг зөрчиж байна.

Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргасан бөгөөд уг хуулийн 1 дүгээр зүйлд 1.1.Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлд 4.3.Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлд 10.10.Сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль нь илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна гэж тус тус заасан билээ.

2015 оны Өршөөлийн хуулийн зарим зүйл заалтууд нь хоорондоо дотоод болон хууль хэрэглээний ноцтой зөрчилтэй, хийдэлтэй байгаа, Үндсэн хууль, эрх зүйт хууль засаглах эрх зүйн онолын үзэл баримтлал, ардчилал, эрх зүйт төр, шударга ёсны шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаагүй байгааг хуулийн байгууллага, хуульч, судлаачид илэрхийлж байгаа. Дурдсан Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэхдээ эрх бүхий байгууллагууд Өршөөл үзүүлэх тухай 1991, 1996, 2000, 2006, 2009 оны хуулиудын үзэл баримтлал, суурь зарчми, боловсронгуй зохицуулалтуудыг баримтлах ёстой юм.

2.Өршөөлд хамааруулах хугацааны тухайд, маргаж буй татварын акт нь 2011-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж тавигдсан байх тул 2015 оны Өршөөлийн хуулийн 3 дугаар зүйлд 3.1.Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна, 10 дугаар зүйлд 10.1.Энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна гэсэн ойлголтод багтаж байгаа буюу гаргасан зөрчил нь хуульд заасан он, сар, өдрөөс өмнөх хугацааг хамаарч байгаа билээ.

Мөн хуулийн 10 дугаар зүйлд 10.3.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг ... шүүхийн шатанд ... шалган тогтоосон байна гэж заасны дагуу С Г ХХК нь шүүхийн шийдвэрээр өршөөлд хамрагдахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Нөхөн татварууд /ААНОАТ, НӨАТ/ -ын тухайд С Г ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлсөн байгаа, талууд тооцооны ямар нэгэн маргаан байхгүй, хууль хэрэглээний талаар маргаж байгаа болохоо анхан шатны шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байгаа.

Ийнхүү 2015 оны Өршөөлийн хуулийг анхан шатны шүүх хэрэглэхдээ Үндсэн хуулийн үзэл баримтлал, төрөөс өршөөл үзүүлэх суурь зарчмууд, шударга ёсны шаардлага, тухайн өршөөлийн хуулийн зүйл заалтын логик дараалал зэргийг баримтлах ёстой байсан.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад, анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.

            Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Л.А, Л.Н нар нь С Г ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 210022512 дугаартай актаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, 74.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг үндэслэн 13,363,483.4 төгрөгийн нөхөн татвар, 83,936,556.6 төгрөгийн торгууль, 42,458,368.8 төгрөгийн алданги, 20,505.5 төгрөгийн хүү, нийт 139,778,914.3 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

            Нэхэмжлэгчээс дээрх актын торгууль, алданги, хүүгийн төлбөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус батлан гаргасан бөгөөд С Г ХХК-д татварын актаар тогтоосон торгууль, алданги, хүүг өршөөлд хамруулах үндэслэлтэй хэмээн тайлбарласан байна.

            Нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл нь татварын улсын байцаагч нарын 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 210022512 дугаар актаар ногдуулсан төлбөрөөс торгууль, алданги, хүүд ногдох төлбөрийг өршөөлд хамааруулах хугацааны талаар маргаж байх бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг холбогдох хуулийн зорилго, зорилтод нийцүүлэлгүй, зөрчил гаргасан хугацааг буруу хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

            Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж өршөөлд хамруулах үндэслэл, субъектын талаар зохицуулжээ.

            Дээрх хуулийн зорилт, заалтуудаас үзэхэд захиргааны зөрчил гаргасан болон захиргааны шийтгэл хүлээсэн этгээдийг шийтгэлээс чөлөөлж, өршөөн хэлтрүүлэхээр заасан байх бөгөөд, захиргааны зөрчлийн тухайд зөрчил гаргасан цаг хугацааг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна гэж тодорхой заасан байна.

Гэтэл анхан шатны шүүх ... зөрчил нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байх шаардлагад нийцээгүй, хуульд заасан хугацаанаас хойш тогтоогдсон гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо зөрчил гаргасан хугацааг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх хугацаанд хамаарч байгаа эсэхийг анхаараагүй нь буруу байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С Г ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр татварын улсын байцаагчийн актаар нийт 139,778,914.3 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байх бөгөөд уг төлбөрийг тогтоохдоо нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийсэн байх тул 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гаргасан зөрчилд ногдуулсан төлбөрийн торгууль, алданги, хүүгийн төлбөрийг өршөөлийн хуулийн үйлчлэлд хамааруулах нь өршөөлийн хуулийн зарчим, зорилгод нийцэхээр байна.

            Хариуцагч нараас нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаан бүхий акт нь өршөөлийн хуульд заасан хугацаанаас хойно гарсан гэж тайлбарлах боловч актаар тогтоосон зарим гаргасан зөрчил нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан хугацаанд хамаарч байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, төлбөр тогтоосон актын огноо нь дээрх өршөөлийн хуульд заасан хугацаанаас хойно гарсан нь хуульд заасан хугацаанд зөрчил гаргасан этгээдийг өршөөлд хамруулахгүй байх үндэслэл болохгүй бөгөөд зөрчил гаргасан цаг хугацаа нь өршөөлд хамрагдах цаг хугацаанд хамаарч байна.

Иймд, нэхэмжлэгч С Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан 83.936.556.6 төгрөгийн торгууль, 42.458.368.8 төгрөгийн алданги, 20.506 төгрөгийн хүүгийн төлбөрөөс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан хугацаа буюу 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах гаргасан зөрчилд ногдуулсан торгууль, алданги, хүүг өршөөн хэлтрүүлж чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0488 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 210022512 дугаартай актаар ногдуулсан торгууль, алданги, хүүгийн төлбөрөөс 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах гаргасан зөрчилд ногдуулсан 57.407.044.5 төгрөгийн торгууль, 29.918.076.7 төгрөгийн алданги, 20.505.5 төгрөгийн хүү, нийт 87.345.626.7 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, үлдэх 52.433.287.6 төгрөгийн торгууль, алданги, хүүгийн төлбөрийг өршөөлд хамруулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                        Д.БААТАРХҮҮ