Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 534

 

Ж.Ж-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Түвшинжаргал, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 321 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 678 дугаар магадлалтай, Ж.Ж-д холбогдох 1810025190282 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологийн инженер мэргэжилтэй,  ял шийтгэлгүй, А боорчи овогт Ж-ын Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Ж.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлий 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ж.Ж-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Ж гаргасан гомдолдоо “Ж.Ж намайг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан билээ. Миний бие хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль зүйн үр дагаврыг ухамсарлаагүй буюу тухайн цаг хугацаанд төлбөрөө төлж барагдуулсан учир хэргийг дуусгавар болно гэсэн ойлголттой явсан. Надад бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго огт байгаагүй төдийгүй бидний хувьд бизнесийн харилцаа холбоотойгоор үйл ажиллагаа явуулдаг түншлэл гэж ойлгодог. Мөн би 7-14 хоногийн дотор мөнгийг нь өгье гэж хэлээд авсан боловч тухайн үед мөнгө өгөх боломж байгаагүй, 6 сая төгрөгийн үнэтэй бетон зуурмаг авах хүн олдоогүй, мөн бартер хэлбэрээр эд хөрөнгө санал болгоход санал хүлээж аваагүй тухайн цаг хугацаанд эдийн засгийн хэцүү байдалтай байсан учир төлөх боломж цаг хугацаа шаардсан юм. Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 321 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Түвшинжаргал хэлсэн саналдаа “Шүүгдэгч Ж.Ж-ын үйлдэлд залилах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгчийг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Шүүх иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдсан хэлцлээр хийгдсэн ажил байна гэж дүгнэсэн атлаа прокурорын яллах нотлох баримтуудыг үгүйсгэж няцаалт хийгээгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Ж-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.Ж-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “түлшээ манай үйлдвэр дээр авчраад буулгачих, мөнгө оффис дээр ирээд авчих” гэж иргэн О.А-ын 3 тонн түлшийг залилан авч 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Ж-ыг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүх дээрх цагаатгах тогтоолыг хүчингүй болгохдоо шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэл тодорхойгүй, мөн яллах талын баримт болох улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй гэж дүгнэжээ.

Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Ж- /Сүнрэнбүчи ХХК/ болон хохирогч О.А-ын нарын хооронд эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэний дагуу 3 тонн дизель түлшийг шүүгдэгч худалдан авсан боловч санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж уг гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй нөхцөл байдлыг залилах гэмт хэргийн дээрх шинжийг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Шүүгдэгч Ж.Ж- нь хохирогч О.Атаржаргалаас худалдан авсан дизель түлшний үнийг төлөхгүй байх, түүнийг хохироох санаа, зорилго агуулж байгаагүй, өөрөөс нь шууд хамаарахгүй санхүүгийн нөхцөл байдлын улмаас хэлцлээр тохирсон үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдал үүссэн зэргийг харгалзан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох тухай шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 321 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 678 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН