Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 609

 

 К.А, О.П, Э.З нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор О.Пүрэвсүрэн,

            шүүгдэгч К.А, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

            шүүгдэгч О.П, түүний өмгөөлөгч Л.Батаа,

            шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч К.А, О.П, Э.З нарын гаргасан давж заалдах гомдлоор тэдэнд холбогдох эрүүгийн 1808026650746 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. .................... 1982 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын 2 дугаар баг, Уурчийн 8 дугаар хэсгийн Цагаан худгийн 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......................./,

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 387 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жил 4 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 654 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 9 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

            2. ......................, 1972 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Сэргэлэн 7 дугаар гудамжны 99 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хорооллын 21-ийн М16-ын 3-6 тоотод түр оршин суух, /РД:..............................3/,

            Дархан-Уул аймгийн шүүхийн 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 6 сарын хорих ялаар,

            Дархан-Уул аймгийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 406 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

            Дархан-Уул аймгийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хуулийн тэгшитгэлээр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор суллагдсан;

3. ......................., 1987 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар баг, Бичигт хуримт гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 3-13 тоотод түр оршин суух, /РД:................................/,

            Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 8 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

            Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 96 дугаар зүйлийн 96.2.4 дэх хэсэгт зааснаар нийт 13 жил хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 9 жил 2 сар 29 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1 жил 7 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 677 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 677А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 7 жил хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 856 дугаартай магадлалаар 4 жил хорих ял болгон өөрчилсөн;

 

            К.А, Э.З, О.П нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 24-12 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнэцогтын байнга амьдрах зориулалттай орон байранд жижиг өрөөнийх нь цонхоор нэвтэрч 498.860 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль, бусаар авч хохирол учруулсан,

К.А, Э.З нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18-306 тоотод оршин суух иргэн Д.Тулгын байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгаар нэвтрэн орж, 507400 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

К.А, Э.З, О.П нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 08-18 тоотод оршин суух иргэн Г.Заяагийн эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч 359.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

К.А, Э.З нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 79-18 тоотод оршин суух иргэн Г.Жавзмаагийн эзэмшлийн монгол гэрийн ханыг эвдэн нэвтэрч, 814.045 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

О.П нь К.Атэй бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 2-32а тоотод оршин суух иргэн Д.Ганболдын байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 734.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

К.А нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 52-09 тоотод оршин суух иргэн Г.Нямгэрэлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 276.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

К.А нь 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 09-08 тоотод оршин суух иргэн Н.Бямбажаргалын байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч 404.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

К.А нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 32-556ё тоотод оршин суух иргэн М.Уянгын байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 585.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: К.А, О.П, Э.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Э.З, О.П нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Казбек овгийн Катубайн Атарбекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, Бүргэд овгийн Эрдэнэчулууны Зоригтбаатар, Эмээгт овгийн Очирбатын Пүрэвдорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар К.Аийг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар О.П, Э.З нарыг тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар К.А, О.П, Э.З нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар О.Поос 166.287 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 24-12 тоотод оршин суух, АД89102112 регистрийн дугаартай Э.Эрдэнэцогтод, 119.667 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 8-18 тоотод оршин суух, УК91092059 регистрийн дугаартай Г.Заяад, 107.000 төгрөг гаргуулан Төв аймгийн Заамар сум, Хайлааст баг, Зээрэнцэгийн 4-2 тоотод оршин суух, ГЭ76030515 регистрийн дугаартай Д.Ганболдод, 150.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 2-43 тоотод оршин суух, НЭ88041968 регистрийн дугаартай Д.Мягмархандад, Э.Заас 166.287 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 24-12 тоотод оршин суух, АД89102112 регистрийн дугаартай Э.Эрдэнэцогтод, 119.667 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 8-18 тоотод оршин суух, УК91092059 регистрийн дугаартай Г.Заяад, 407.022 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 79-18 тоотод оршин суух, ИМ98062201 регистрийн дугаартай Г.Жавзмаад тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар К.А, О.П, Э.З нарын тус бүр урьдчилан цагдан хоригдсон 301 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, К.А, О.П, Э.З нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, К.А бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол К.А, О.П, Э.З нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч К.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хулгайн 7 удаагийн үйлдлээ цагдаа, шүүхийн өмнө үнэн зөвөөр илчилж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарлаж хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Би 2018 оны 6 дугаар сарын 17-нд Пүрэвдорж, Зоригтбаатар нарын хамт архи ууж байгаад дэлгүүрээс архи авахаар гарч яваад цоожтой гэр рүү орох гэж байгаад гэрийн эзэн хүрч ирээд барьж авсан. Айл андуурсан байна гэж хэлээд явах гэхэд цагдаа дуудсан, одоо ирнэ гээд явуулаагүй. Цагдаа ирээд чи сая хойд айл руу орсон уу гэж асуухад “үгүй” гэж хэлсэн. Намайг Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх авч явна гэхээр нь би утсаар эрүүгийн байцаагч, ахлах дэслэгч Бөхбаяртай намайг эрүүлжүүлэхэд хийнэ гээд байна гэхэд “чи сая хулгай хийх гэж байгаад баригдсан байна” гэж хэлсэн. Чи хэнтэй цуг явсан бэ гэхэд “ганцаараа”, “согтуу байна архи хэнтэй уусан бэ” гэхэд өдөр Зоригтбаатар, Пүрэвдорж нартай уусан гэж хэлсэн. Маргааш өглөө Бөхбаяр байцаагч чиний орсон айлын хажуу айлд хулгай орсон байна гээд “чи орсон уу” гэхэд “үгүй” гэхэд “Зоригтбаатар, Пүрэвдорж нарын хамт явсан уу” гэж хэлэхэд “би цуг архи уусан” гэж хэлсэн. Намайг цагдан хорино, хохирол нь 100.000 төгрөг хүрэхгүй юм байна, гарын үсгээ зураад яв, чамаас архи үнэртэж байна гэхэд би гарын үсэг зураад явсан. Сүүлд шүүхийн шатанд очоод хэрэгтэй танилцахад 500.000 төгрөгийн хохиролтой болсон байсан. Миний болчимгүй байдлаас болж хийгээгүй хэргийг хийсэн болж байна. Иймд үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч гэсэн зүйлчлэлтэй тохирохгүй байна гэж үзэж байна. Учир нь, 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр болсон иргэн Ганболдын гэрээс хулгай хийсэн гэх үйлдлийг мэдэхгүй. Тус өдөр Атарбек, Билгээ гэх урд таних 2 хүнтэй би зах дээр таарсан Атарбек 2 ширхэг нөүтбүүкийг авах хүн байна уу, эсхүл ломбарданд тавьж өгч туслаач, мөнгө хэрэгтэй байна гэх зүйл ярьж байсан. Би энэ хүнд туслая гэснээс хулгайн зүйл тавьж байна гэж бодоогүй. 2018 оны 5 дугаар сарын 28-нд манайд Атарбек, Зоригтбаатар нар зурагт бариад хүрч ирсэн. Атарбек түрээсийн байрнаасаа хөөгдсөн, эд зүйлээ түр танайд тавьж болох уу гэж байснаас хулгайн зүйл авч яваа талаараа яриагүй. Энэхүү хоёр үйлдэлд оролцсон оролцоо нь тус хулгайн гэмт хэргийн заах, удирдах хэсэг, объектив, субъектив шинжийг яг юугаараа хангаж ял оногдуулсныг ойлгохгүй байна. Энэ хоёр хүнд юм аваад ир гэж захиалаагүй, зөвхөн бариад явж байсан зүйлийг нь ломбарданд тавьсан. Надад энэ хоёр үйлдэлд хамтарсан зүйл байхгүй. 2018 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн хулгайн үйлдэл гарах үед би гэртээ байсан гэдгийг гэрч нар хэлж байгаа. Яллагдагчаар татсан тогтоолыг надад танилцуулаагүй. Зоригтбаатараар миний өмнөөс гарын үсэг зуруулж тулгасан. Мөн Атарбек шүүхийн хэлэлцүүлэгт Пүрэвдорж надад дургүй, хувийн өсөрхсөн бодлоос би энэ хэрэгт татсан нь үнэн гэж хэлсэн. Мөн гэрч Мөнх-Ану таньж олуулах ажиллагаанд миний зургийг үзүүлэхэд мэдэхгүй гэсэн. Эдгээр баримт нотолгоо байсаар байхад намайг яллаж байгаа нь миний эрх чөлөө, үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь хязгаарлаж байна. Иймд өөрийн минь тухай хэрэгт оролцсон байдалд тохирох зүйлээр зүйлчилж, үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлэж өгнө үү. Мөн 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Э.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад холбогдуулан шалгаж байсан гэмт хэргийг хуулийн хүрээнд шалгаагүй. Эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Н.Бөхбаяр нь Атарбекийг архинд хэт орсон байдлыг ашиглан хорино хэмээн айлган сүрдүүлж, янз бүрийн мэдүүлэг авч хэрэг хүлээлгэн даалгаж, ажлын онцлогтоо тааруулан албан тушаалаа хэтрүүлэн зүй бус үйлдлийг удаа дараа гаргаж, бодит байдлыг нуун дарагдуулж байсан. Хяналт тавьж байсан прокурор Пүрэвсүрэн хамтран хууль бус үйлдэл гаргаж байсан тул би татгалзах хүсэлтийг удаа дараа гаргасан. 2018 оны 5 дугаар сарын 28-наас 29-ний өдрийн хэрэгт би хамт явж байсан нь үнэн. ...тэнэг зүйл хийсэндээ харамсаж байна. 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр архи ууж дуусаад Атарбек бид хоёр дэлгүүр орох гээд явсан. Намайг ороход Атарбек гадаа үлдсэн. Пүрэвдоржийн гудамж ороход Атарбек араас эмээл, чемодан бариад ирсэн. Атарбек маргааш өглөө нь Пүрэвдоржид хөөгдөөд найз хүүхэн болох Махбал гэдэг хүнтэй эмээл, чемоданаа аваад явсан. Энэ талаар Махбал гэдэг хүнийг шалгаж байцаалт аваагүй. Эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, надад холбогдох хэргийн шалган нөхцөлийг зөв тодорхойлон өгч, хэрэг үйлдэхэд нөлөөлсөн эзэн холбогдогч бүрийг хуулийн хэр хэмжээнд шалган шийдвэрлүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн өгч шударга ёсны хүрээнд гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү. Хавтас хэрэгт байгаа Атарбекийн мэдүүлгийг дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

            Шүүгдэгч К.Аийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч К.Аийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтайгаар өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Учир нь, С.Соронзонболд давж заалдах гомдлоо өөрөө бичээгүй бөгөөд түүнийг О.П бичсэн. Тухайн давж заалдах гомдлыг анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч К.А эцсийн үгээ болгон уншиж танилцуулах гэж авч ирсэн байсан. Үүнийг К.Аээс тодруулж болно. Шүүгдэгч К.А хэргийн байдлаа үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Э.Зын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх зүйлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч О.Пийн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч О.Пийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх хуралдааны болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн хувьд маргаж байсан. Гэрч Махбал, Дуламсүрэн нар 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “О.Пийг гэртээ байсан” гэж мэдүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр К.А нөүтбүүк авч явж байгаад Хархорин зах дээр О.Птой тааралдаж, тухайн нөүтбүүкийг ломбарданд тавьсан үйлдэл байгаа. Мөн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр К.А хулгайн эд зүйл болох зурагтыг О.Поор заруулсан үйлдэл байгаа. О.П айлд нэвтрэн орж, бүлэглэсэн гэсэн үйлдэл байхгүй нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад эдгээр нь тогтоогдоно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж, О.Пид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

            Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

К.А, Э.З, О.П нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 24-12 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнэцогтын байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нь нэвтрэн орж, 498.860 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

К.А, Э.З нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18-306 тоотод оршин суух иргэн Д.Тулгын байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн орж, 507.400 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

К.А, Э.З, О.П нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 08-18 тоотод оршин суух иргэн Г.Заяагийн эзэмшлийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, 359.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

К.А, Э.З нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 79-18 тоотод оршин суух иргэн Г.Жавзмаагийн эзэмшлийн монгол гэрт нэвтрэн орж, 814.045 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

О.П, К.А нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 2-32а тоотод оршин суух иргэн Д.Ганболдын байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, 734.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

К.А нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 52-09 тоотод оршин суух иргэн Г.Нямгэрэлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, 276.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

К.А нь 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 09-08 тоотод оршин суух иргэн Н.Бямбажаргалын байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж, 404.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

К.А нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 32-556ё тоотод оршин суух иргэн М.Уянгын байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, 585.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Э.Эрдэнэцогтын “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 07 цагт гэрээ цоожлоод ажил руугаа явсан. Тэгээд уг өдөр манай дүү Шаравжамц гэрт хулгай орсон байна гэж над руу 17 цаг 50 минутын үед залгасан. Тэгээд гэрт хулгай орсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. 39 инчийн ЛСД зурагт 2013 онд NEXT худалдааны төвөөс 450.000 төгрөгөөр авч байсан. Одоо зурагтаа 350.000 төгрөгөөр үнэлж байна. МНВС хүлээн авах төхөөрөмжөө 120.000 төгрөгөөр үнэлж байна. Хар арьсан ботинк манай дүү Шаравжамцын гутал 40.000 төгрөгөөр үнэлж байна. Миний сарын өмнө Хархорин захаас 55000 төгрөгөөр авсан пүүзээ алдсан. Одоо авсан үнээрээ үнэлж байна. Сахлын машин 2017 оны 10 дугаар сарын 21-нд 35.000 төгрөгөөр авсан, тэр үнээрээ үнэлж байна. Миний савхин куртик, эхнэрийн савхин куртик 300.000 төгрөгөөр үнэлж байна. ...Би дээрх компаний гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Үнэн зөв гарсан гэж үзэж байна. ...” /1хх29-31/,

хохирогч Д.Тулгын “...2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр манай эхнэр 09 цагийн үед хотын төв рүү модны хоёрт шүдний эмнэлэгт шүдээ янзлуулах гээд явсан юм. Тэгээд би үлдээд 11 цаг өнгөрч байхад манай урд айлын хүүхдийн даахь үргээх ёслол болоод тийшээ ороод гэрт нь байж байгаад их удлаа гэхэд 2 цаг гаруй, тэрнээс нээх удаагүй гарч ирээд гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгойсон байхаар нь үүдээрээ шагайхад хойморт байсан зурагт байхгүй болсон байсан. Тэгээд би дотогш ороод хэрэггүй байх гэж бодоод юу ч гэсэн цагдаа дуудчихая гээд 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Тэгээд удалгүй 12 минут орчим болоод цагдаа ирээд юу юу алга болсон байсан гээд “та дотогшоо ороод юманд битгий хүрээрэй” гэж хэлсэн. Тэгээд дараа нь шинжээч ирээд, үзчихээд явахдаа араас цагдаагийн газар ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирээд хүлээж байгаад цагдаатай уулзахад зурагт, “DDISH” суваг хүлээн авагч, орны бүтээлэг зэргийг надад хүлээлгэж өгсөн. Хар өнгийн “Пунай” маркийн дөрвөлжин хавтгай зурагт гол хэсэгтээ нэг хар зураастай байсан. “DDISH” суваг хүлээн авагч, бор эрээн өнгийн орны бүтээлэг зэрэг зүйл манай гэрээс алдагдсан. Өөр алдагдсан зүйл байхгүй. ...” /1хх133-136/,

хохирогч Г.Заяагийн “...2018 оны 6 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Чулуутын 8-18 тоотод, байшингаа гадна талаас нь цоожлоод гарсан. Тэгээд орой нь манай дүү Ану-Үжин, Эмү-Үжин нар 21 цагийн үед ороход байшинд 2 үл таних хүн байж байсан бөгөөд гараад зугтаасан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан ба харьж явж байхад манай эгч Идэрзаяа залгаад гэрт чинь 2 хүн орчихсон юм ухаад, хулгай хийж байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд очиход гэрийн эд зүйлсийг онгиччихсон хулгай орсон байдалтай байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Ай фоне 5 гар утас 1 ширхэг 200.000 төгрөгөөр үнэлж байна. Ай фоне 4 гар утсыг 100.000 төгрөгөөр үнэлж байна. Манай ээжийн мөнгөн ээмэг, гинж, бөгж, кулонтой хосоор нь 95.000 төгрөгөөр үнэлж байна. Мөнгөн шинэ цагийн хөөрөг 180.000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрийн цонхыг хагалсан, уг цонхыг 30.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Манай гэр рүү орсон 2 залууг мэдэхгүй байна. Манай хажуу хашааны айлд нэг үл таних залуу гэрийн тооноор нь орж байгаад цагдаа нарт баригдсан, уг залуутай цуг явж байсан гэж бодож байна. ...” /1хх196-201/,

хохирогч Г.Жавзмаагийн “...2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед гэрээ цоожлоод явсан. Би ээжийнх рүүгээ явсан ба 2018 оны 6 дугаар сарын 11-ний үдээс хойш 18 цагт манай хажуу айлын хөрш Сувд-Эрдэнэ эгч над руу залгаж, танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. 2017 оны 2 дугаар сард манай хадам аав Г.Мөнхбаяр манай нөхөрт хийж өгсөн эмээл алга болсон байсан. Уг эмээлийг 500.000 төгрөгөөр үнэлж байна. Чемодантай хувцас дотор нь миний хувцас, төрсний гэрчилгээ, түрийвч болон дотор нь байсан 1000 юань, 3 ам.доллар, хичээлийн дэвтэр зэрэг байсан. ...” /1хх235-239/,

хохирогч Д.Ганболд “...2017 оны 8 дугаар сарын 08-нд 22 цаг 30 минутын орчим намайг хөдөө байж байхад манай хөрш Зоригоо над руу яриад “танай гэрт хулгай орсон байна, цонхоор чинь орсон байна. Цагдаа нар ирээд явлаа, хаалгыг онгойлгож орно гэж байна” гэхээр нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өглөө 09 цагт ирээд цагдаа дээр очиж уулзчихаад ажилтай байсан болохоор яараад яваад өгсөн. Тэгээд байж байхад 2017 оны 8 дугаар сарын 22-ны орой 22 цаг 07 минутын үед 91114582 дугаараас над руу залгаад “нөүтбүүкийн чинь хугацаа дуусах гээд байна, би 25-ын ломбардаас ярьж байна” гэхээр нь би хөдөө байж байгаад ирээд уулзаж чадаагүй юм. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагад ирж дахин өргөдөл гаргаж байгаа юм. Саарал өнгийн HP гэсэн бичигтэй i3 үзүүлэлттэй зөөврийн компьютер 2016 онд манай дүү бэлгэнд өгсөн. Нугасны зүүн буландаа бага зэрэг хагарсан, 600.000 төгрөгөөр үнэлнэ. “Acer” брэндийн хөх өнгийн i3 үзүүлэлттэй зөөврийн компьютер байсан. 2013 онд 900.000 төгрөгөөр авч байсан. Одоо 300.000 төгрөгөөр үнэлнэ. Манай гэрээс 3 эмэгтэй гутал алдагдсан байсан. Бор арьсан 2016 онд авсан 100.000 төгрөгийн үнэтэй, 2016 онд авсан хар лакан гутал 120.000 төгрөгийн үнэтэй, 2016 онд авсан саарал өсгийтэй гутал 65.000 төгрөгөөр авсан. ...” /2хх49-51/,

хохирогч Г.Нямгэрэл “...2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 52-09 тоот гэртээ байж байгаад өдөр 15 цагийн орчим хөдөө явах гэж байгаад Хархорин захын тийшээ яваад буцаад гэртээ 17 цагийн орчим ирсэн чинь манай монгол гэрийн үүдний цоожийг хулгайч эвдэж ороод гэрт дотор байсан 32 инчийн хар өнгийн “Акира” маркийн ЛСД зурагт, Самсунг маркийн мэдрэгчтэй гар утас, нөгөө утас нь Скай гар утас зэрэг алдагдсан байсан болохоор Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /2хх111-115/,

хохирогч Н.Бямбажаргалын “...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр түрээсийн байранд амьдарч байсан. 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед манай хөрш айл танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Оёдлын машин өв залгамжилж ирсэн. Одоо 500.000 төгрөгөөр үнэлж байна. Майхан 50.000 төгрөгөөр үнэлж байна. Миний хэрэглэж байсан 4 цүнхийг нийлүүлээд 150.000 төгрөгөөр үнэлж байна. Миний болон хүүхдүүдийн хувцас, хичээлийн хэрэгсэл, номнуудыг 300.000 төгрөгөөр үнэлж байна. ...” /2хх152-157/,

хохирогч М.Уянгын “...2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед гэрийн хаалгыг түгжээд явсан. Тухайн үед сэжигтэй зүйл ажиглагдаагүй хэвийн байсан. Тэгээд 18 цагт гэртээ иртэл монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орж, 2012 онд 550.000 төгрөгөөр худалдаж авсан хар өнгийн хэдэн инч хэмжээтэй нь сайн мэдэхгүй, 32 инч байж магадгүй BSB марк билүү Панасоник маркийн аль нэг маркийн ЛСД зурагт 1 ширхэг, 2017 оны 6 дугаар сард Солонгосоос ирсэн Самсунг маркийн 14 инчийн хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, МНВС кабелийн телевизийн хар өнгийн суваг дамжуулагч, DVD тоглуулагч, дугуйтай бор өнгийн чемодан, орны ногоон өнгийн даавуу зэрэг алдагдсан байна. Алдагдсан эд зүйлүүдэд содон шинж тэмдэг байхгүй. ...” /2хх217-219/,

гэрч Б.Шаравжамцын “...Би өглөө 06 цаг 50 минутанд гэрээсээ гараад ажилдаа яваад ажил дээрээ байж байгаад орой 18.00 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цонх хагарсан, хаалганы цоож хэвийн байдалтай байсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /1хх32/,

насанд хүрээгүй гэрч М.Ану-Үжингийн “...2018 оны 6 дугаар сарын 17-ны орой 22:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 8-18 тоотод эгч Идэрзаяагийн гэрт дүү Эмү-Үжингийн хамт очоод хаалгыг нь гаднаас онгойлгоод ороход хоёр залуу урдаас гэрэл тусгаад дайраад гараад зугтахаар нь эгч рүүгээ залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн юм. Тэгээд тэр хоёр залууг гараад хартал нэг залуу нь хашаа даваад, нөгөө залуу нь хаалгаар гараад зугтаасан. Тэгээд байж байхад манай ах Заяа буюу гэрийн эзэн ирээд тэр хавиар нөгөө хоёр залууг хайж байгаад цуг явсан залууг нь урд талын айлын гэр дээр гарчихсан, тооноор нь хараад хэвтэж байхад нь барьсан юм. Дүү бид хоёрыг хаалга онгойлгоод ороход гэрээс хоёр залуу өөдөөс гарч зугтаасан. Хашаа давсан залуу нь хар өнгийн подвалктой, царай зүсийг хараагүй залуу, хаалгаар гарсан нь цэнхэр өнгийн усан цэргийн судалтай подвалк, саарал өнгийн өмдтэй, 35-40 орчим настай хүн байсан. Мөн гадаа нэг залуу хараад зогсож байсанг нь цагдаа нар барьсан, тэр залуу согтуу байсан. Би царайг нь сайн хараагүй болохоор танихгүй байх, өмнөөс гэрэл тусгаад шууд гараад зугтаасан юм. ...” /1хх203-204/,

гэрч Ө.Ануужингийн “...Би 2018 оны 6 дугаар сарын 17-нд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа цаг сайн санахгүй байна, орой бүрэнхий болсон ба манайд дуудлага ирсэн. Тэр үед би жижүүрийн бүрэлдэхүүнтэй Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 08-18 тоотод хулгайн дуудлага ирсэн юм. Тэр үед дуудлаган дээр очиход гэрийн эзэн гэх залуу нэг согтуу залууг бариад зогсож байсан ба тухайн үед хохирогч Г.Заяа 3 хүн байсан гэсэн, нэгийг нь барьсан гэж хэлсэн. Тухайн баригдсан гэх хүн нь Катубай овогтой Атарбек болохыг тогтоож, түүнээс хэнтэй явж байсан талаар асуухад Зоригтбаатар болон Пүрэвдорж нартай явж байсан, тэр хоёр зугтаасан гэж хэлсэн. Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Бөхбаяртай холбогдож ярихад над дээр шалгагдаж байгаа гэсэн ба Атарбекийг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байр руу хүргүүлсэн. ...” /4хх207/,

насанд хүрээгүй гэрч Б.Мөнх-Анугийн “...Тэгээд би Болдбаатар ахынд очоод охин Энхжинтэй хамт гадагшаа гарч Тамираа гэдэг хүүхэдтэй уулзсан ба Тамираа бид хоёрын хажуугаар 35-40 орчим насны гурван эрэгтэй хүн хаалга нь нээлттэй хашаа руу орсон ба удалгүй хоёр охин хаалга нь нээлттэй хашаа руу орсон. Тэгтэл удалгүй нөгөө хоёр охин хашаанаас гарч ирээд ахтайгаа утсаар яриад байсан ба яриаг нь сонссон чинь “ахаа ирж байна уу, хурдлаарай” гээд байсан. Тэгтэл удалгүй ах нь машинтайгаа хүрээд ирсэн. Удалгүй манай хашаа руу дээд талын айлын хүмүүс орилоод ороод ирсэн. Тэр үед нь би юу болсон талаар асуусан чинь танай гэр дээр хулгайч байна гээд хашаа руу орж ирээд гэр рүү очоод гэр дээр байсан хүнийг барьж авсан ба тухайн үед нь би танай хашаа руу 3 хүн орж байсны нэг нь мөн байна гэж хэлсэн. Хулгайд юмаа алдсан айлын хүнийг манай хашаанд орж ирэхээс өмнө гудамжаар нэг мяраалагдуу халзандуу эрэгтэй хүн доошоо гүйж байсан. Тэгээд манай гэр дээр байсан хүнийг хажуу айлын хүмүүс барьж аваад хашаанаас гаргаж цагдаад барьж өгч явуулсан. Таны үзүүлсэн Зоригтбаатар гэх хүн мөн. Энэ Зоригтбаатар гэдэг хүн гурвуулаа айлын хашаа руу орж байсан. Харин нөгөөдөхийг мэдэхгүй байна. Цагдаад баригдсан хүнтэй явж байсан. Яг мөн байна. Би андуураагүй, буруу хараагүй. ...” /4хх208-209/,

иргэний хариуцагч Д.Мягмархандын “...2017 оны зун он, cap, өдрийг нь сайн санахгүй байна. Баянгол дүүрэгт байрлах ломбардыг ажиллуулж байсан. Тэр үед миний танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй, гаднах байдал нь хөдөө орон нутгаас орж ирсэн юм шиг төрхтэй, 2 эрэгтэй хүн орж ирсэн. Нэг эрэгтэй нь бичиг баримтаа гаргаж ирээд “энэ хоёр нөүтбүүкийг барьцаалж зээл авах гэсэн юм, хэдэн төгрөг хүрэх бол” гэсэн. Тэр үед нь би тэр залууд хандаж хэлэхдээ “энэ хоёр нөүтбүүк 200.000 төгрөгийн үнэ хүрнэ” гэсэн. Тэгтэл нөгөө бичиг баримт гаргаж ирсэн залуу “300.000 төгрөгөөр энэ хоёр нөүтбүүкийг аваач” гэхэд нь тухайн үед би “250.000 төгрөгөөр барьцаалж зээл олгоно” гэхэд “за тэгье” гээд авчирсан хоёр ширхэг нөүтбүүкийг үзүүлэлт болон хэвийн ажиллаж байгаа эсэх талаар үзэж шалгаад авсан. Тэр үеэс хойш 10 хоногийн дараа нөгөө хоёр ширхэг нөүтбүүк ломбарданд тавьсан хүний тэмдэглүүлсэн гар утас руу залгаад “Пүрэвдорж гэдэг хүн байна уу” гэж асуухад миний хариуд нэг эрэгтэй хүн утас аваад “тийм хүн байхгүй, утас андуурсан байна” гэсэн. Тэгээд тухайн хоёр нөүтбүүкнийх нь барьцаалдан зээлдэх хугацаа дууссан. Тэгээд хоёр нөүтбүүкнийх нь хугацаа дууссан өдрөөс хойш 5 хоног хараад дахин ломбарданд хоёр ширхэг нөүтбүүкээ барьцаалан зээлдсэн хүний надад тэмдэглүүлсэн утас руу залгахад өмнөх шигээ тийм нэртэй хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн хоёр нөүтбүүкний үндсэн хугацаа болон хүлээлгийн хугацаа дууссан учир хоёр нөүтбүүкийн гаднах лацтай цааснаас нь гаргаад доторх мэдээллийг нь үзээд уг нөүтбүүкний дотроос нь холбоо барьж болох утасны дугаар олсон. Тэгээд тэр нөүтбүүкний дотроос олсон утасны дугаар руу залгаад “нөүтбүүкээ авахгүй бол хугацаа нь дууслаа, зарагдах гээд байна” гэхэд миний өөдөөс “наад хоёр нөүтбүүк чинь хулгайд алдагдсан нөүтбүүк байгаа юм, хаанаас нөүтбүүкээ авч болох вэ” гэхэд нь би хаягаа зааж өгсөн. Удахгүй цагдаатай хамт нөүтбүүкний эзэн нь ирсэн. Тэгээд би цагдаагийн газар ирж, болсон явдлын талаар хэлсэн. ...” /2хх53-54/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх6-10, 111-115, 182-187, 230-233, 2хх142-145, 204-208/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх12-16/, хохирогч Э.Эрдэнэцогтын эд зүйлийн үнэлгээ /1хх49-53/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түр хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх120-126/, хохирогч Д.Тулгын эд зүйлийн үнэлгээ /1хх144-146/, хохирогч Г.Заяагийн эд зүйлийн үнэлгээ /1хх206-207, 210-212/, хохирогч Г.Жавзмаагийн эд зүйлийн үнэлгээ /2хх6-9, 10-12/, эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх35-36/, барьцаат зээлийн үйлчилгээний баримт /2хх37/, зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх41-45/ хохирогч Д.Ганболдын эд зүйлийн үнэлгээ /2хх63-68/, хохирогч Г.Нямгэрэлийн эд зүйлийн үнэлгээ /2хх121-128/, хохирогч Н.Бямбажаргалын эд зүйлийн үнэлгээ /2хх171-178/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх215-216/, хохирогч М.Уянгын эд зүйлийн үнэлгээ /2хх232-236/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч К.Аийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч О.П, Э.З нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч К.А, Э.З, О.П нар нь бүлэглэн иргэн Э.Эрдэнэцогтын орон байранд нэвтэрч 498.860 төгрөгийн эд хөрөнгө, иргэн Г.Заяагийн өвлийн байшинд нэвтэрч 359.000 төгрөгийн эд хөрөнгө, К.А, Э.З нар нь бүлэглэн иргэн Д.Тулгын монгол гэрт нэвтэрч 507.400 төгрөгийн эд хөрөнгө, иргэн Г.Жавзмаагийн монгол гэрт нэвтэрч 814.045 төгрөгийн эд хөрөнгө, О.П нь К.Атэй бүлэглэн иргэн Д.Ганболдын орон байранд нэвтэрч 734.000 төгрөгийн эд хөрөнгө, К.А нь ганцаараа иргэн Г.Нямгэрэлийн орон байранд нэвтэрч 276.000 төгрөгийн эд хөрөнгө, иргэн Н.Бямбажаргалын монгол гэрт нэвтэрч 404.000 төгрөгийн эд хөрөнгө, иргэн М.Уянгын монгол гэрт нэвтэрч 585.000 төгрөгийн эд хөрөнгө тус тус хулгайлсан байх бөгөөд К.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Э.З, О.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүхээс К.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Э.З, О.П нарыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч К.А “...би 2018 оны 6 дугаар сарын 17-нд Пүрэвдорж, Зоригтбаатар нарын хамт архи ууж байгаад дэлгүүрээс архи авахаар гарч яваад цоожтой гэр рүү орох гэж байгаад гэрийн эзэн хүрч ирээд барьж авсан. ...намайг цагдан хорино, хохирол нь 100.000 төгрөг хүрэхгүй юм байна, гарын үсгээ зураад яв, чамаас архи үнэртэж байна гэхэд би гарын үсэг зураад явсан. Сүүлд шүүхийн шатанд очоод хэрэгтэй танилцахад 500.000 төгрөгийн хохиролтой болсон байсан. Миний болчимгүй байдлаас болж хийгээгүй хэргийг хийсэн болж байна. Иймд үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Э.З “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр архи ууж дуусаад Атарбек бид хоёр дэлгүүр орох гээд явсан. Намайг ороход Атарбек гадаа үлдсэн. Пүрэвдоржийн гудамж ороход Атарбек араас эмээл, чемодан бариад ирсэн. Атарбек маргааш өглөө нь Пүрэвдоржид хөөгдөөд найз хүүхэн болох Махбал гэдэг хүнтэй эмээл, чемоданаа аваад явсан. Энэ талаар Махбал гэдэг хүнийг шалгаж байцаалт аваагүй. Эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, надад холбогдох хэргийн шалган нөхцөлийг зөв тодорхойлон өгч, хэрэг үйлдэхэд нөлөөлсөн эзэн холбогдогч бүрийг хуулийн хэр хэмжээнд шалган шийдвэрлүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн өгч шударга ёсны хүрээнд гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч О.П “...2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр болсон иргэн Ганболдын гэрээс хулгай хийсэн гэх үйлдлийг мэдэхгүй. Тус өдөр Атарбек, Билгээ гэх урд таних 2 хүнтэй зах дээр таарсан. ...би энэ хүнд туслая гэснээс хулгайн зүйл тавьж байна гэж бодоогүй. 2018 оны 5 дугаар сарын 28-нд манайд Атарбек, Зоригтбаатар нар зурагт бариад хүрч ирсэн. ...эд зүйлээ түр танайд тавьж болох уу гэж байснаас хулгайн зүйл авч яваа талаараа яриагүй. ...зөвхөн бариад явж байсан зүйлийг нь ломбарданд тавьсан. Надад энэ 2 үйлдэлд хамтарсан зүйл байхгүй. 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хулгайн үйлдэл гарах үед би гэртээ байсан гэдгийг гэрч нар хэлж байгаа. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч гэсэн зүйлчлэл тохирохгүй байна гэж үзэж байна. Иймд тухай хэрэгт оролцсон байдалд тохирох зүйлээр зүйлчилж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэрч Д.Ган-Эрдэний “...гудамжаар явж байтал манай хажуугийн айл болох Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 24-12 тоот айлын хашааны гадна үл таних сэжиг бүхий 180 см орчим өндөртэй, улаан саравчтай малгайтай, хар өнгийн куртиктэй, жинсэн өмдтэй, царайг нь сайн харж чадаагүй бор царайтай 25-30 орчим насны эрэгтэй хүн байхаар нь би хажуугаар нь гүйгээд зөрж өнгөрсөн. ...” /1 хх 39/,

шүүгдэгч К.Аийн сэжигтнээр өгсөн “...Пүрэвдорж нэг хүн үзье гэнээ гээд байж байтал том Пүүжээ гээд хүн машинтай хашааны гадна ирэхэд Зоригтбаатар, Пүрэвдорж 2 нөгөө зурагтыг авч гараад 10-20 минутын дараа 70.000 төгрөгөөр зарчихлаа. ...” /1 хх 64/,

хохирогч Г.Заяагийн гэрчээр өгсөн “...тэгтэл хажуу айлын хүн гараад ирэхээр нь нөгөө залууг таних уу гээд асуухад танихгүй, сая танай гэр рүү орж байсан хүмүүстэй хамт явж байсан залуу байна гэж хэлсэн. ...” /1 хх 202/,

насанд хүрээгүй гэрч М.Ану-Үжингийн “...2018 оны 6 дугаар сарын 17-ны орой 22:00 цагийн үед ...гаднаас онгойлгоод ороход хоёр залуу урдаас гэрэл тусгаад дайраад гараад зугтахаар нь эгч рүүгээ залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн юм. Тэгээд тэр хоёр залууг гараад хартал нэг залуу нь хашаа даваад, нөгөө залуу нь хаалгаар гараад зугтаасан. ...цуг явсан залууг нь урд талын айлын гэр дээр гарчихсан, тооноор нь хараад хэвтэж байхад нь барьсан юм. ...Хашаа давсан залуу нь хар өнгийн подвалктой, царай зүсийг хараагүй залуу, хаалгаар гарсан нь цэнхэр өнгийн усан цэргийн судалтай подвалк, саарал өнгийн өмдтэй, 35-40 орчим настай хүн байсан. Мөн гадаа нэг залуу хараад зогсож байсанг нь цагдаа нар барьсан. ...” /1 хх 203-204/,

насанд хүрээгүй гэрч Б.Мөнх-Анугийн “...танай хашаа руу 3 хүн орж байсны нэг нь мөн байна гэж хэлсэн. ...Энэ Зоригтбаатар гэх хүн гурвуулаа айлын хашаа руу орж байсан. ...” /4 хх 208-209/,

иргэний хариуцагч Д.Мягмархандын ““...гаднах байдал нь хөдөө орон нутгаас орж ирсэн юм шиг төрхтэй, 2 эрэгтэй хүн орж ирсэн. Нэг эрэгтэй нь бичиг баримтаа гаргаж ирээд “энэ хоёр нөүтбүүкийг барьцаалж зээл авах гэсэн юм, хэдэн төгрөг хүрэх бол” гэсэн. Тэр үед нь би тэр залууд хандаж хэлэхдээ “энэ хоёр нөүтбүүк 200.000 төгрөгийн үнэ хүрнэ” гэсэн. Тэгтэл нөгөө бичиг баримт гаргаж ирсэн залуу “300.000 төгрөгөөр энэ хоёр нөүтбүүкийг аваач” гэхэд нь тухайн үед би “250.000 төгрөгөөр барьцаалж зээл олгоно” гэхэд “за тэгье” гээд авчирсан хоёр ширхэг нөүтбүүкийг үзүүлэлт болон хэвийн ажиллаж байгаа эсэх талаар үзэж шалгаад авсан. ...” /2 хх 53-54/,

шүүгдэгч К.А “...Архи ууж байхдаа 2018 оны 6 дугаар сарын 17-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан улаан тоосгон 2 вакум цонхтой айлын цонхоор нь орж, гар утас, хөөрөг, мөнгөн ээмэг, гинж, бөгж аваад маргааш нь Хархорин зах дээр очиж зарж архи уусан. ...” /3 хх 13/ гэх мэдүүлгүүд,

барьцаат зээлийн үйлчилгээний баримт /2хх37/, зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 хх 41-45/ зэрэг нотлох баримтуудаар 2017 оны 8 дугаар сарын 08-ны, 2018 оны 5 дугаар сарын 28-ны, 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн тус тус хулгайн үйлдэлд шүүгдэгч О.П, К.А, Э.З нар бүлэглэн оролцсон байдал тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч К.А нь шүүгдэгч Э.З, О.П нартай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаараа анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлснийг дурдаж байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.А, О.П, Э.З нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.А, О.П, Э.З нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                     Д.МЯГМАРЖАВ