Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01474

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Г, Д.Э , Ч.А нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01328 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Г, Д.Э , Ч.А нарын нэхэмжлэлтэй хариуцагч “А” ХХК, НЗД нарт холбогдох орон сууц солилцооны 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “А” ХХК-ийн нэр дээр олгогдсон 3590 м.кв газрыг Б Сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтад буцаан олгохыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А, нэхэмжлэгч Н.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А нэхэмжлэгч Д.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч Т.А, хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц солилцооны гэрээг “А” ХХК-тай байгуулсан. Энэ гэрээгээр нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Мебелийн 12 дугаар байрны орон сууцнуудаа тухайн газарт “А” ХХК-ийн шинээр барих барилга дах орон сууцаар солихоор тохиролцсон. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/471 тоот захирамжаар оршин суугчид бидний орон сууцны орчны 3590 м.кв газрыг бидний байгуулсан Баясгалант Амьдрал СӨХ-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн учир энэхүү газраа “А” ХХК-ийн санал болгосон нэр бүхий оршин суугчид “А ЧР ” ХХК-ийг байгуулан нэр дээр нь шилжүүлж, улмаар газар ашиглах эрх бүхий тус компаниараа хариуцагч компанитай хамтран ажиллах гэрээ байгуулахаар ярилцаж тохиролцсон. Энэ дагуу оршин суугчид 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, “А ЧР ” ХХК-ийг байгуулахаар шийдвэрлэж, захирлаар нь Б.Отгонгэрэл гэх С.Пийн эхнэрийг томилж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг “А” ХХК-ийн төслийн менежерт итгэмжлэл олгосон. Ингээд Баясгалант Амьдрал СӨХ-оос 12 оршин суугч хувьцааг нь эзэмшдэг “А” ХХК-ийн нэр дээр Б СӨХ-ны ашиглах эрх бүхий 3590 м.кв газрыг шилжүүлж өгөхийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн захирамжаар 3590 м.кв газрыг “А” ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан байсан. Угтаа бол “А” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийг олгох ёстой байсан. Гэтэл “А” ХХК-ийн захирал С.П нь Б СӨХ-ны оршин суугчдын 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хурлын протоколын гарын үсгийг ашиглаж, СӨХ-ны хурлын протокол баримтыг хуурамчаар үйлдсэн, Б СӨХ-ны 2015 оны 11 дүгээр сарын 17-ны 10/13 албан бичгийг сольж, гарын үсгийг нь ашиглаж “А” ХХК-д газрыг шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт явуулсан, ингэхдээ оршин суугчдын гарын үсгийг хавсаргасан, түүнчлэн 12 оршин суугчдын байгуулсан “А” ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигчийг сольж С.Пийн эхнэрийн нэрийг оруулсан байсныг сүүлд мэдэж засуулсан. Энэ мэтчилэн хууран мэхлэх, худлаа баримт бүрдүүлэх зэрэг хууль бус үйлдэл хийж ирсэн байх тул орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй. Нийслэлийн газрын албанаас өгсөн хариундаа орон сууц солилцооны гэрээг үндэслэн газрыг шилжүүлсэн тул орон сууц солилцооны гэрээг цуцалсан баримтыг нотариатаар батлуулж авч ирвэл буцааж болно гэсэн хариу өгсөн. Иймд эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүсэж шүүхэд хандсан. Бид олон удаа “А” ХХК-ийн нэр дээр албан бичиг хүсэлт хүргүүлсэн, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хамтарсан хурлаар газрыг буцаан шилжүүлнэ, харин манай компаниар газар дээрээ барилга бариулах баталгаа өг гэж тохиролцсон боловч С.П Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу явж ирээд санаагаа өөрчилсөн байсан. Бид Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж, газраа буцаан авах талаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч “А” ХХК-ийн захирал С.П нь оршин суугчидтай харилцан тохиролцож, орон сууц солилцооны гэрээ байгуулсан ба гэрээний нөхцөлд хариуцагч тал шинээр барих орон сууцыг 2 жилийн хугацаанд ашиглалтад оруулж, оршин суугчдад шилжүүлэн өгөх, энэ хүртэлх хугацааны түр амьдрах орон сууцны хөлсөнд сар бүр 500 000 төгрөгийг өрх бүрт өгөхөөр үүрэг хүлээсэн боловч “А” ХХК-ийн захирал С.П нь гэрээний үүргээ биелүүлэхгүй хууран мэхэлж, дүр үзүүлж байх тул Баянгол дүүргийн 3 дугаар хороо Мебелийн 12 дугаар байрны оршин суугчтай байгуулсан орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Хариуцагч “А” ХХК-ийн захирал С.П нь Б СӨХ-ны ашиглалтад байсан нийтийн эзэмшлийн орчны 3590 м.кв газрыг хууран мэхлэх замаар баримт бичиг бүрдүүлж, өөрийн компанийн эзэмшилд шилжүүлэн авсан шинжээчийн дүгнэлтээр хөдөлшгүй баримтаар нотлогдож байгаа учир Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан газар эзэмших эрхийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б СӨХ-ны ашиглалтад буцаан олгуулахыг Улаанбаатар хотын захирагч бөгөөд НЗДд даалгах шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.А, Н.Г, Д.Э бид “А” ХХК-ийн захирал С.Птой 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан орон сууц солилцооны гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татгалзаж байна. Хариуцагч “А” ХХК-ийн захирал С.П нь орон сууц солилцооны гэрээ байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаа өнгөрч байхад ямарч хөрөнгө оруулалт оруулаагүй, барилга байгууламж, бүтээн байгуулалт хийгээгүй, гэрээний 2.8, 4.2 дах хэсэгт заасан гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй байдал нь гэрээнээс татгалзах үндэслэл болж байна. Хариуцагч “А” ХХК-ийн захирал С.П нь бусдыг хууран мэхлэх замаар хуурамч баримтын үндсэн дээр эзэмших эрхийг шилжүүлэн авсан ба шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн ба газар шилжүүлэн авсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул шилжүүлэн авсан газрыг буцаан олгохыг НЗДд даалгаж өгнө үү. Хариуцагч “А” ХХК-ийн захирал С.П нь Б СӨХ-ны ашиглалтад байсан 3590 м.кв газрыг оршин суугчдын зөвшөөрөлгүй шилжүүлэн авахын тулд хууран мэхэлж хуурамч баримт бичиг бүрдүүлэн газрын эзэмших эрхийг гаргуулан авсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд хөдлөшгүй баримтаар нотлогдон тогтоогдсон тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх бүрэн үндэслэлтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь оршин суугчидтай орон сууц солилцооны гэрээг байгуулсан. Оршин суугчид газрын асуудлаас болж маргаан үүсгэж, өнөөдөр гэрээний хугацаанд бид үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаа. Б Сууц өмчлөгчдийн холбоо нь газар ашиглах эрхтэй байсан. Бид ашиглах эрхтэй газар дээр барилга барих боломжгүй учир эзэмших эрхийг өөрийн компанийн нэр дээр гаргуулахыг хүссэн ба үүний дагуу “А” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжсэн. Манай компани зохих дүрэм журмын дагуу газар эзэмших эрхийг олж авсан. Газар булаацалдсан маргаан үүсээгүй байсан бол өдийд барилгын ажил эхлээд явж байх байсан. Гэтэл шүүх, цагдаа гэж явсаар өнөөдрийг хүрч манай компанийг ч тэр, бусад оршин суугчдаа ч тэр хохироож байна. Газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олж авах боломж үүсвэл дуудлага худалдаанд “А” ХХК-иар орох зорилгоор байгуулсан. Хавраас барилгаа барина, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ. Өнөөдөр барилга барих газрын хэмжээ багассан байгаа. Ч.А гэдэг хүний хүсэл биелэхгүйгээс бусад оршин суугчдаа чирэгдүүлж байгаа. Яг үнэндээ зарим нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах сонирхол байхгүй. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаж байгаа ч хуульд заасан үндэслэл үүсээгүй. Хуурагдсан, мэхлэгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Арилгуулахыг хүсэж байгаа үр дагавар нь гэрээний заалттай нийцээгүй байна. Гэрээ хуульд нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. С.П миний бие хэнийг ч хууран мэхэлсэн асуудал байхгүй бөгөөд Б СӨХ-ны нэрийн өмнөөс ямар ч хуурамч бичиг, протокол үйлдээгүй болно. Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамжаар тус СӨХ-ны орчны газрыг эзэмших эрхийг “А” ХХК-д шилжүүлэхтэй холбоотой маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 727 тоот шийдвэрээр үйл баримтыг үнэлсэн гэдгийг тодруулахын хамт захирамж гаргахдаа тус СӨХ-ны 12 гишүүний гарын үсэгтэй “А” ХХК-д газрын эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг хүссэн, хүсэлт, орон сууц солилцооны гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн олгосон болохыг аль нэгэн хуурамч албан бичигт үндэслээд ч юм уу ижил төстэй компани байгууллагад төөрөгдөөд захирамж гаргасан, олгосон, төөрөгдсөн зүйл тогтоогдоогүй. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамж хүчин төгөлдөр байгаа болно. Одоогийн байдлаар манай компани дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Г ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 03-нд зураг төсөл боловсруулах №34 тоот гэрээг байгуулан эскиз зураг хийлгэн батлуулсан ба барилгын ажлын зураг хийлгэж дуусган холбогдох техникийн нөхцөлүүдийг бүрдүүлж байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 6 дугаар сарын 24-ний Архитектур төлөвлөлтийн МЗХ 2018/14-29 дугаартай даалгавар батлуулсан. Барилгын инженер-геологийн судалгаа хийх гэрээг 2019 оны 02 дугаар сарын 11-ний батлуулсан. Улаанбаатар дулааны станц ТӨХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр техникийн нөхцлөө батлуулсан. 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдэд мебелийн 12 айлын оршин суугч болох О.З, Ш.Н, Т.Г, Д.Н, Б.О, Р.Н, Р.Э, Б.Б, Д.О, Б.М нарын 9 иргэнтэй урьд байгуулсан орон сууц солилцооны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, анхны гэрээнд заасан орон сууцанд орох хүртэл сар бүр олгогдох 500 000 төгрөгийн нөхөн төлбөрүүдээ 6 сарын хугацааных буюу хүн тус бүрт 3 000 000 төгрөг өгсөн. Мөн тус газарт оршин суугч Д.У-ын үл хөдлөх эд хөрөнгийг түүний хүсэлтээр худалдан авахаар болж үл хөдлөх эд хөрөнгө худалдах- худалдан авах гэрээг байгуулан төлбөр мөнгийг төлсөн, 2020 оны 4 дүгээр сард барилгын сууриа тавихаар бэлтгэл ажил хийгдэж байна. Үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт тодорхой заасан байх төдийгүй, орон сууц солилцооны гэрээний 4.2-т заасныг зөрчсөн гэсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Гэрээний 4.2, 4.3 дах хэсэгт заасныг хариуцагч тал зөрчөөгүй болно. Учир нь 2016 оны 8 сараас хойш Ч.А нар ямар ч үндэслэлгүй шүүхэд маргаан үүсгэн нэхэмжлэл гаргаснаар өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нарын шүүхэд өнөөдрийг хүртэл гаргаж буй нэхэмжлэлээс шалтгаалаад барилга барих зөвшөөрөл олгогдоогүй. Барилга, байгууламж баригдаагүй нь нэхэмжлэгч нар байр, газраа чөлөөлж өгөөгүй байгаатай холбоотой юм. Харин хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгийн тухайд шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа ч анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үед 2017 онд барилгын зураг төсөл, төсөв боловсруулдаг “Г” ХХК-тай зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ буюу №34 тоот гэрээг байгуулан барилгын эскиз зураг гаргуулан 35 000 000 төгрөгийг төлсөн. Уг зураг төслөө барин Нийслэлийн хот төлөвлөлтийн газраас барилгын МЗХ2018/14-29 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавраа гаргуулж авсан. МЗХ2018/14-29 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын барилгын талбай өөрчлөгдсөнөөс “Г” ХХК-тай байгуулсан зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ буюу №34 тоот гэрээнд өөрчлөлт оруулсан 241 770 566 төгрөгийн үнийн дүнтэй №АЗ/39 дугаартай гэрээг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулан 72 сая төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн ба үлдэгдэл 134 770 566 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулсан. 2019 оны 02 сард тус газар дээр инженер-геологийн судалгааны ажлыг 3 сая төгрөгөөр "Б" ХХК-аар хийлгүүлж дүгнэлтийг гаргуулсан. Тус барилгыг баригдахад шаардагдах дулааны техникийн нөхцлийг зохих хураамжийг нь төлөн авчихсан ба цахилгаан, эрчим хүч болон холбооны техникийн нөхцлүүдийг авахаар холбогдох газруудад хүсэлтээ өгсөн. Тус газрын геодезийн дэвсгэр зургийг “Т” ХХК-аар гаргуулан 1 200 000 төгрөгийг төлбөрийн төлсөн. Тус газрын төлбөрүүдэд нийт 5 807 380 төгрөгийн төлсөн зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн нийт 251 777 946 төгрөгийг зарцуулаад байгаа болно. Ийнхүү оршин суугчдад олгосон нөхөн олговор болон хийж гүйцэтгэсэн ажилд зарцуулсан хөрөнгө мөн Ч.Ад өгсөн 5 500 000 төгрөг нийлээд нийтдээ 452 443 946 төгрөгийг зарцуулсан. Ийм учраас нэхэмжлэгч Ч.А, Н.Г, Д.Э нарын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны орон сууцны солилцооны гэрээнээс татгалзаж байгаа гэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мебелийн 12 дугаар байрны Б СӨХ-ны оршин суугчидтай орон сууц солилцооны гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг биелэгдээгүй. Тухайн нэхэмжлэлтэй холбоотой иргэний хэрэг маргаан шийдвэрлэгдсэн тохиолдолд НЗД бүрэн эрхийн хүрээнд газрын эрхийг Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, Хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын дагуу Мебелийн 12 дугаар байранд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, төсөл хэрэгжүүлэх боломжтой. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь ашиглах эрх олгох эрх зүйн субъект биш бөгөөд ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгодог байх тул тус албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.А, Н.Г, Д.Э нарын “А” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан орон сууц солилцооны гэрээ, Б СӨХ-ны “А” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ зэрэг нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дугаар захирамжаар “А” ХХК-д 3590 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлснийг хүчингүй болгож, уг газрыг Б СӨХ-ны ашиглалтад буцаан олгохыг НЗДд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас 210 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн зүгээс талуудын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц солилцооны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь хэлцлийн зөрчсөн гэх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, шийдвэрийн 8 дугаар хуудасны дээрээсээ 3 дах догол мөрөнд заагдсанаар Орон сууцны тухай хуулийн 15 дүгээр зүйлд заагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны талаарх хуулийн зохицуулалтыг зөрчсөн буюу Орон сууцны тухай хуулийн 15.2, 15.3 заалтыг тус тус зөрчсөн тул орон сууц солилцооны гэрээг хууль зөрчиж байгуулагдсан хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бусд тооцсон. Шүүхээс энэ хуулийн заалтыг хэрэглэхдээ дараах нөхцлийг хянаж үзээгүй болно. Орон сууц солилцооны гэрээг талууд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээг байгуулахад ашиглалтын шаардлага хангахгүй тухай эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэр гараагүй, мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй талаар шийдвэр гараагүй байсан. Өөрөөр хэлбэл, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заагдсан нөхцөл үүсээгүй тул Засаг даргад хандах хууль зүйн үндэслэл үүсээгүй байсан. Харин өөрийн өмчлөлийн зүйлийг захиран зарцуулах, ашиглах, эзэмших талаар сууц өмчлөгчид олонхийн шийдвэрийг гарган СӨХ-оор дамжуулан гэрээ байгуулах эрхээ хэрэгжүүлснийг шүүх хянаж үзээгүй . Талууд нь орон сууц солилцооны гэрээг Иргэний хуулийн гэрээний эрх чөлөөний зарчим болох өөрийн сонирхлын дагуу, хэн нэгний шахалтгүйгээр гэрээний нөхцлийг тохирон байгуулсан. Хэрэв орон сууц өмчлөгч бүр нь үүний адил гуравдагч этгээд буюу Засаг даргын оролцоогүйгээр гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэж тооцвол өмчийн халдашгүй байдал, өмчлөгч нь өөрийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан нөхцөл байдлыг бий болгож байгаа юм. Гэрээний агуулга нь Сууц өмчлөгчдийн холбооны протоколд заагдсан "хүүхдүүдийн ирээдүйг бодолцон, шинэ орон сууц өөрийн өмчлөлийн газар дээр барих нь зүйтэй" гэж үзсэнтэй холбоотойгоор талуудын төлөөлөгчдийн хооронд байгуулсан Иргэний эрх зүйн гэрээ /хэлцэл/ тул хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрийн 9 дүгээр талд шүүхээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 02-07-100/1367 тоот дүгнэлтэд заагдсан нөхцөл байдлыг гэрээ байгуулахаас өмнө буюу 2015 оны 4 дүгээр сарын 23-наас өмнө байсан гэж үзэж байгаа нь хэргийн бодит байдлыг таамаглаж хэрэгт авагдаагүй нотлох баримтыг бодит гэж тооцон шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтад тулгуурлах нөхцлийг зөрчиж байгаа явдал юм. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын өмчлөгч мөн эсэхийг тогтоосон зохих баримтыг аваагүй буюу шаардлага гаргах эрх бүхий этгээд эсэх нь тодорхойгүй байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэг талыг барьсан буюу нэхэмжлэгч талын байр суурьнаас хандаж шийдвэрлэсэн. Үүнийг тодорхой заавал шийдвэрийн 9 дүгээр хуудасны дээрээсээ 4 дүгээр догол мөрөнд "...нэхэмжлэгч нараас хариуцагчид шилжүүлсэн зүйл байхгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна" гэж шийдвэрлэсэн байна. Гэтэл хэдийгээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа гэрээний нөгөө тал болох хариуцагчийн нэхэмжлэгч талд шилжүүлсэн эд хөрөнгийг дурдахгүй өнгөрөөсөн байна. “А” ХХК нь гэрээ байгуулагдсанаас хойш тодорхой тооны мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгсөн бөгөөд тухайн 12 айлын орон сууцны 2 орон сууцны өмчлөгч нь “А” ХХК-ийн захирал С.П юм. Нийт 12 айлын 9 орон сууцны өмчлөгчид нь орон сууц солилцооны гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба 12 айлын бүх иргэд гэрээний дагуу нөхөн олговрыг зохих ёсоор хүртээд байгаа болно. Гэтэл энэ нөхцөлийг хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзээгүй. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдсэн нь хууль бус юм. Нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэхэд иргэний эрх зүйн хүрээнд гарсан иргэдийн маргааныг шийдвэрлэх эрх хэмжээнд хамаарсан асуудалд гэрээтэй холбоотой нөхцлийг хянан үзэх ёстой. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу "Баясгалант амьдрал" СӨХ нь иргэний хуулийн этгээдийн хувьд өөрийн нэрийн өмнөөс 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр "Газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ" байгуулан өөрийн эзэмшлийн газрыг “А” ХХК-д шилжүүлсэн. Энэ нь СӨХ-ны протокол, гэрээг байгуулсан талуудын гарын үсгээр нотлогдож байгаа. Гэтэл шүүхээс 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь газар ашиглах эрх шилжүүлэх гэрээтэй тусдаа гэрээ байхад нэхэмжлэл гаргагч этгээдүүдийн “А” ХХК-тай байгуулсан орон сууц солилцооны гэрээний дагуу газар эзэмших эрхийг цуцлах нь иргэний шүүхийн эрх хэмжээнд хамаарах асуудал бус байхад төрийн эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэртэй холбоотой асуудлыг өөрт хамаатуулан шийдсэн нь Захиргааны хэргийн шүүхийн эрх хэмжээний хүрээний асуудлыг шийдвэрлэсэн, түүнчлэн Нийслэлийн Засаг даргын гаргасан газар эзэмшүүлэх шийдвэрийг хянасан хууль бус шийдвэр гэж үзэж байгаа. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан захиргааны хэргийн харьяаллын асуудлыг шийдвэрлэсэн нь буруу юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтын орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар СӨХ-ны ашиглалтын газар нь дундын өмчид хамаарахгүй, нэхэмжлэгч нар нь СӨХ-г төлөөлөх эрхгүй юм. Дээрх хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.А, Н.Г, Д.Э , Б.Б, Ц.Э, Ш.Н, Р.Н нар нь “А” ХХК, НЗД, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц солилцооны гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзаж, гэрээний үр дагаврыг шаардсан, мөн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц солилцооны гэрээг хуурч мэхлэгдэн байгуулсан тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг арилгуулахдаа “А” ХХК-ийн нэр дээр олгогдсон 3590 м.кв газрыг “Б” СӨХ-ны ашиглалтад буцаан олгохыг даалгах тухай шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б, Ц.Э, Р.Н нар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, нэхэмжлэгч Ш.Н нэхэмжлэлээ татан авсныг, нэхэмжлэгч Ч.А, Н.Г, Д.Э нар хамтран хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг анхан шатны шүүх тус тус дурдаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар орон сууц солилцооны гэрээнээс татгалзаж үр дагавар арилгуулах тухай шаардлагыг дэмжихгүй, харин дээрх гэрээг байгуулахдаа хуурч мэхлэгдсэн тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулж, “А” ХХК-ийн нэр дээр олгогдсон 3590 м.кв газрыг “Б” СӨХ-ны ашиглалтад буцаан олгохыг даалгах тухай шаардлагаа дэмжиж байна гэж тодруулсан.

 

Талууд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц солилцооны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэг талаас Ч.А, Н.Г, Д.Э нар нь Мебелийн 12 дугаар байрны өөрсдийн өмчлөлийн орон сууцыг “А” ХХК-ийн барихаар төлөвлөж буй 16 давхар хос 280 айлын орон сууцны барилгаас тодорхой хэмжээний орон сууцаар солих, нөгөө талаас “А” ХХК нь уг барих орон сууцны барилгаас Н.Гт 44.75 м.кв талбайтай талбайтай 2 өрөө орон сууцыг, Д.Э т 44.75 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, Ч.Ад 73 м.кв талбайтай  2 өрөө орон сууцыг ашиглалтад оруулж, өмчлөлд нь үнэ төлбөргүй шилжүүлэх, шинээр баригдсан орон сууцыг шилжүүлэн өгөх хүртэлх хугацааны түр амьдрах орон сууцны хөлсөнд сар бүр 500 000 төгрөгийг өгөхөөр харилцан үүрэг хүлээжээ.

 

Зохигчдын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөөр харилцан сольж өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсаныг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

 Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ оршин суугчдын байгуулсан “Б” СӨХ-д Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/471 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон орон сууцны орчны 3590 м.кв газрыг “А” ХХК нь хууль бусаар хуурамч бичиг баримт үйлдэн шилжүүлж авсан, “А” ХХК-ийн нэр дээр эзэмших эрх авна гэж төөрөгдүүлсэн тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Үүнд, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мебелийн үйлдвэрийн ажилчдын 12 айлын сууц өмчлөгчдийн хурлаас “Б” СӨХ-г байгуулан Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгүүлж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/471 дүгээр захирамжаар “Б” Сууц өмчлөгчдийн холбоонд 3590 м.кв орон сууцны орчны газрыг эзэмшүүлсэн, мөн нэхэмжлэгч Н.Гт Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 тоот захирамжийг үндэслэн 23 м.кв газрыг, Д.Э т 22 м.кв газрыг, Ч.Ад 38 м.кв газрыг тус бүр 5 жилийн хугацаатайгаар нийтийн байрны зориулалтаар эзэмшүүлсэн байна.                            /хэргийн 1 дүгээр хавтасны 7, 11, 67, 81, 160-161  тал/

 

“Б” СӨХ-ны нийт гишүүд 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хурал хийж, уг нийтийн зориулалттай байрны газар дээр “А” ХХК-иар орон сууцны барилга бариулахыг зөвшөөрсөн болох нь тус хурлын тэмдэглэлээр тогтоогджээ.                                              

                                                             /хэргийн 1 дүгээр хавтасны 132-133 дугаар тал/

 

Үүний дараа “Б” СӨХ нь 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 15/01 тоот “А” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр талууд нийтийн байранд оршин сууж буй 12 айлыг орон сууцаар хангаж, 320 айлын 16 давхар орон сууц барих төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, нэг талаас “А” ХХК нь барилга барих бичиг баримт бүрдүүлэх, оршин суугч өрх бүртэй орон сууц солилцооны гэрээ байгуулах, нөгөө талаас тус СӨХ барилга баригдах талбайн газар эзэмших эрх шилжүүлснээс хойш барилгын ажилд хяналт тавих, газрыг чөлөөлөхөөр тохиролцсон байна.                                                                /хэргийн 1 дүгээр хавтасны 134-135 дугаар тал/

 

Ийнхүү  “Б” СӨХ нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “А” ХХК-тай газар шилжүүлэх гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Мебелийн 12 дугаар байрны хаягт байрлах 3590 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээгээр тохиролцжээ.                      /хэргийн 1 дүгээр хавтасны 130 тал/

 

“Б” СӨХ-ны орон сууцны орчны зориулалттай 3590 м.кв газрыг  Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 тоот захирамжаар, Нийслэлийн өмч харилцааны газартай байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн иргэн хуулийн этгээдэд газрыг эзэмшүүлэх гэрээгээр “А” ХХК-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3002 тоот шинжээчийн дүгнэлт авагдсан байх бөгөөд уг дүгнэлтэд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичгийн тэргүүг скайнердаж, албан бичгийн утга санааг өөрчилж, хуурамчаар үйлдсэн, харин гарын үсэг тамгыг зөөвөрлөөгүй гарын үсгийг зурж тэмдгийг дарсан гэсэн байна.                                          /хэргийн 1 дүгээр хавтасны 37-38 тал/

 

Дээрх баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нарын хариуцагч “А” ХХК нь хуурамч бичиг баримт үйлдэн хуурч мэхэлж олж авсан гэх 3590 м.кв газар нь нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газарт хамаарахгүй, арилжааны гэрээгээр “Б” СӨХ-ны орон сууцны орчны зориулалттай 3590 м.кв газар эзэмших эрх хариуцагчид шилжээгүй, харин уг гэрээ байгуулагдсан цаг хугацаанаас хойш газар эзэмших эрх шилжсэн байх тул төөрөгдөлд орсон, хууран мэхэлж хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Талууд арилжааны гэрээгээр маргаж буй газрыг солилцоогүй бөгөөд Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.7 дах хэсэгт “ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна” гэж заасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж үр дагаврыг арилгаж Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 тоот захирамжаар “А” ХХК-д 3590 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлснийг хүчингүй болгож уг газрыг “Б” СӨХ-ны ашиглалтад буцаан шилжүүлэхийг НЗДд даалгаж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

 

Учир нь зохигчдын маргаж буй газар эзэмших эрхийг НЗДас “А” ХХК-д олгосон нь уг маргаанд хамааралгүйгээс гадна Иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй болно.

 

Иймд, нэхэмжлэгч Ч.А, Н.Г, Д.Э нар нь “А” ХХК, НЗДд холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц солилцооны гэрээг хуурч мэхлэгдэж гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг арилгуулахдаа “А” ХХК-ийн нэр дээр олгогдсон 3590 м.кв газрыг “Б” СӨХ-ны ашиглалтад буцаан олгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр “А” ХХК-ийн “хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц солилцооны гэрээний дагуу газар эзэмших эрх цуцалсан нь буруу, Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргааныг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “А” ХХК, НЗД нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Н.Г, Д.Э , Ч.А нарын орон сууц солилцооны 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “А” ХХК-ийн нэр дээр олгогдсон 3590 м.кв газрыг Б Сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтад буцаан олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                         ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ