Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2021/01328

 

 

 

 

 

 

 

   2021        07         06                                          181/ШШ2021/01328         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

1. Нэхэмжлэгч: Н.Г,

2. Нэхэмжлэгч: Д.Э,

3. Нэхэмжлэгч: Ч.А нарын нэхэмжлэлтэй,

1. Хариуцагч: АТ ХХК /РД:5070856/,

2. Хариуцагч: НЗД нарт холбогдох

Орон сууц солилцооны 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, АТ ХХК-ийн нэр дээр олгогдсон 3590 мкв газрыг БА СӨХ-ийн ашиглалтад буцаан олгуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнх, нэхэмжлэгч Н.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, нэхэмжлэгч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал, хариуцагч АТ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь, хариуцагч НЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.                                                                                                                       

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Н.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, Ч.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнх, Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал нар шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууц солилцооны гэрээг АТ ХХК-тай байгуулсан. Энэ гэрээгээр нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Мебелийн 12 дугаар байрны орон сууцнуудаа тухайн газарт АТ ХХК-ийн шинээр барих барилга дахь орон сууцаар солихоор тохирсон.

            НЗДын 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/471 тоот захирамжаар оршин суугчид бидний орон сууцны орчны 3590 м.кв газрыг бидний байгуулсан БА СӨХ-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн учир энэхүү газраа АТ ХХК-ийн санал болгосон нэр бүхий оршин суугчид Атта ЧР констракшн ХХК-ийг байгуулан нэр дээр нь шилжүүлж, улмаар газар ашиглах эрх бүхий тус компаниараа хариуцагч компанитай хамтран ажиллах гэрээ байгуулахаар ярилцаж тохирсон.

            Энэ дагуу оршин суугчид 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, Атта ЧР констракшн ХХК-ийг байгуулахаар шийдвэрлэж, захирлаар нь Б.Отгонгэрэл гэх С.Пүрэвдоржийн эхнэрийг томилж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг АТ ХХК-ийн төслийн менежерт итгэмжлэл олгосон.

            Ингээд БА СӨХ-оос 12 оршин суугч хувьцааг нь эзэмшдэг Атта ЧР констракшн ХХК-ийн нэр дээр БА СӨХ-ны ашиглах эрх бүхий 3590 м.кв газрыг шилжүүлж өгөхийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн.

            Гэтэл НЗДын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн захирамжаар 3590 м.кв газрыг АТ ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан байсан. Угтаа бол Атта ЧР констракшн ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийг олгох ёстой байсан. Гэтэл АТ ХХК-ийн захирал С.Пүрэвдорж нь БА СӨХ-ны оршин суугчдын 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хурлын протоколын гарын үсгийг ашиглаж, СӨХ-ны хурлын протокол баримтыг хуурамчаар үйлдсэн, БА СӨХ-ны 2015 оны 11 дүгээр сарын 17-ны 10/13 албан бичгийг сольж, гарын үсгийг нь ашиглаж АТ ХХК-д газрыг шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт явуулсан, ингэхдээ оршин суугчдын гарын үсгийг хавсаргасан, түүнчлэн 12 оршин суугчдын байгуулсан Атта ЧР констракшн ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигчийг сольж С.Пүрэвдоржийн эхнэрийн нэрийг оруулсан байсныг сүүлд мэдэж засуулсан. Энэ мэтчилэн хууран мэхлэх, худлаа баримт бүрдүүлэх зэрэг хууль бус үйлдэл хийж ирсэн байх тул орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй.

            Нийслэлийн газрын албанаас өгсөн хариундаа Орон сууц солилцооны гэрээг үндэслэн газрыг шилжүүлсэн тул орон сууц солилцооны гэрээг цуцалсан баримтыг нотариатаар батлуулж авч ирвэл буцааж болно гэсэн хариу өгсөн байсан.

            Иймд эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүсэж шүүхэд хандсан юм.

            Бид олон удаа АТ ХХК-ийн нэр дээр албан бичиг хүсэлт хүргүүлсэн, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хамтарсан хурлаар газрыг буцаан шилжүүлнэ, харин манай компаниар газар дээрээ барилга бариулах баталгаа өг гээд тохирсон боловч С.Пүрэвдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу явж ирээд санаагаа өөрчилсөн байсан.

            Бид Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж, газраа буцаан авах талаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, БА СӨХ-оор Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч иргэдийг СӨХ төлөөлөхгүй гээд мөн хэрэгсэхгүй болгосон.

            Хариуцагч АТ ХХК-ийн захирал С.Пүрэвдорж нь оршин суугчидтай харилцан тохиролцож, орон сууц солилцооны гэрээ байгуулсан ба гэрээний нөхцөлд хариуцагч тал шинээр барих орон сууцыг 2 жилийн хугацаанд ашиглалтанд оруулж, оршин суугчдад шилжүүлэн өгөх, энэ хүртэлх хугацааны түр амьдрах орон сууцны хөлсөнд сар бүр 500.000 төгрөгийг өрх бүрт өгөхөөр үүрэг хүлээсэн боловч АТ ХХК-ийн захирал С.Пүрэвдорж нь гэрээний үүргээ биелүүлэхгүй хууран мэхэлж, дүр үзүүлж байх тул Баянгол дүүргийн 3 дугаар хороо Мебелийн 12 дугаар байрны оршин суугчтай байгуулсан Орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү

            Хариуцагч тал АТ ХХК-ийн захирал С.Пүрэвдорж нь БА СӨХ-ны ашиглалтад байсан нийтийн эзэмшлийн орчны 3590 м.кв газрыг хууран мэхлэх замаар баримт бичиг бүрдүүлж, өөрийн компанийн эзэмшилд шилжүүлэн авсан шинжээчийн дүгнэлтээр хөдөлшгүй баримтаар нотлогдож байгаа учир иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т хуульчлан заасныг баритлан газар эзэмших эрхийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, БА СӨХ-ны ашиглалтад буцаан олгуулахыг Улаанбаатар хотын захирагч бөгөөд НЗДад даалгах шаардлагыг гаргаж байна.

            Нэхэмжлэгч Ч.А, Н.Г, Д.Э бид АТ ХХК-ийн захирал С.Пүрэвдоржтой 2015  оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Орон сууц солилцооны гэрээ”-ээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэлээр татгалзаж байна.

Хариуцагч АТ ХХК-ийн захирал С.Пүрэвдорж нь “Орон сууц солилцооны гэрээ” байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаа өнгөрч байхад ямарч хөрөнгө оруулалт оруулаагүй, барилга байгууламж, бүтээн байгуулалт хийгээгүй, гэрээний 2.8, 4.2-дох хэсэгт заасан гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй байдал нь гэрээнээс татгалзах үндэслэл болж байна.

2. Хариуцагч АТ ХХК-ийн захирал С.Пүрэвдорж нь бусдыг хууран мэхлэх замаар хуурамч баримтын үндсэн дээр эзэмших эрхийг шилжүүлэн авсан ба шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн нь Иргэний хуулийн 59-р зүйлийн 59.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-дэх заалтуудыг ноцтой зөрчсөн ба газар шилжүүлэн авсан хэлцэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул шилжүүлэн авсан газрыг буцаан олгохыг НЗДад даалгаж өгнө үү

Хариуцагч ё-ийн захирал С.Пүрэвдорж нь “Баясгалант-амьдрал” СӨХ-ийн ашиглалтанд байсан 3590 м2 газрыг оршин суугчдын зөвшөөрөлгүй шилжүүлэн авахын тулд атгаг санаа өвөрлөн хууран мэхэлж хуурамч баримт бичиг бүрдүүлэн газрын эзэмших эрхийг гаргуулан авсан болох нь Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд хөдлөшгүй баримтаар нотлогдон тогтоогдсон тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх бүрэн үндэслэлтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч АТ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь оршин суугчидтай орон сууц солилцооны гэрээг байгуулсан. Оршин суугчид газрын асуудлаас болж маргаан үүсгэж, өнөөдөр гэрээний хугацаанд бид үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаа.

БА СӨХ нь газар ашиглах эрхтэй байсан. Бид ашиглах эрхтэй газар дээр барилга барих боломжгүй учир эзэмших эрхийг өөрийн компанийн нэр дээр гаргуулахыг хүссэн ба үүний дагуу АТ ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжсэн. Гэтэл хуурамч нотлох баримт үйлдсэн мэт ярьж ирсэн. Манай компани зохих дүрэм журмын дагуу газар эзэмших эрхийг олж авсан.

Нэхэмжлэгч нарын ихэнх нь гэрээг зөвшөөрч байгаа өнөөдрийн байдлаар А, Э, Г нар л шүүхэд гомдол гаргаж байна.

Газар булаацалдсан маргаан үүсээгүй байсан бол өдийд барилгын ажил эхлээд явж байх байсан. Гэтэл шүүх, цагдаа гэж явсаар өнөөдрийг хүрч манай компанийг ч тэр, бусад оршин суугчдаа ч тэр хохироож байна.

Газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олж авах боломж үүсвэл дуудлага худалдаанд Атта ЧР констракшн ХХК-иар орох зорилгоор байгуулсан.

Хавраас барилгаа барина, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ. Өнөөдөр барилга барих газрын хэмжээ багассан байгаа. Ч.А гэдэг хүний хүсэл биелэхгүйгээс бусад оршин суугчдаа чирэгдүүлж байгаа. Яг үнэндээ зарим нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах сонирхол байхгүй. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаж байгаа ч хуульд заасан үндэслэл үүсээгүй. Хуурагдсан, мэхлэгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Арилгуулахыг хүсэж байгаа үр дагавар нь гэрээний заалттай нийцээгүй байгаа.

Дээд шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй байна гээд байхад нэхэмжлэгч А удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэж бичин ирж байгаа ч, яг үнэндээ адилхан л бичиж ирээд байна. Гэрээ хуульд нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч 7 иргэн нэхэмжлэл гаргаж байсан боловч Г, А, Э 3-аас бусад нь нэхэмжлэлээсээ татгалзсан. А нэхэмжлэлийн тодруулга гэгчийг шүүхэд ирүүлэхдээ Баясгалант-Амьдрал СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.А гэж гарын үсэг зурж, тамга дарж, албан бланк хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч Алтантолийг гаргасан гэж үзэхэд үндэсгүй.

С.Пүрэвдорж миний бие хэнийг ч хууран мэхэлсэн асуудал байхгүй бөгөөд Баясгалант-Амьдрал СӨХ-ны нэрийн өмнөөс ямар ч хуурамч бичиг, протокол үйлдээгүй болно.

НЗДын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамжаар тус СӨХ-ны орчны газрыг эзэмших эрхийг АТ ХХК-д шилжүүлэхтэй холбоотой маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 727 тоот шийдвэрээр үйл баримтыг үнэлсэн гэдгийг тодруулахын хамт захирамж гаргахдаа тус СӨХ-ны 12 гишүүний гарын үсэгтэй АТ ХХК-д газрын эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг хүссэн, хүсэлт, орон сууц солилцооны гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн олгосон болохыг аль нэгэн хуурамч албан бичигт үндэслээд ч юм уу ижил төстэй компани байгууллагад төөрөгдөөд захирамж гаргасан, олгосон, төөрөгдсөн зүйл тогтоогдоогүй гэдгийг хэлэх байна.

НЗДын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамж хүчин төгөлдөр байгаа болно. Одоогийн байдлаар манай компани дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

- Голомт Өргөө ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 03-нд зураг төсөл боловсруулах №34 тоот гэрээг байгуулан эскиз зураг хийлгэн батлуулсан ба барилгын ажлын зураг хийлгэж дуусган холбогдох техникийн нөхцөлүүдийг бүрдүүлж байна.

- Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 6 дугаар сарын 24-нд Архитектур төлөвлөлтийн МЗХ 2018/14-29 дугаартай даалгавар батлуулсан.

- Барилгын инженер-геологийн судалгаа хийх гэрээг 2019 оны 02 дугаар сарын 11 -нд батлуулсан

- Улаанбаатар Дулааны станц ТӨХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 10-нд техникийн нөхцөлөө батлуулсан.

-2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдэд мебелийн 12 айлын оршин суугч болох 0.Загд-Очир, Ш.Нямсүрэн, Т.Ганбаатар, Д.Нямдаваа, Б.Оюунсайхан, Р.Наранхүү/Р.Энхтуяа, Б.Батболд, Д.Оюун, Б.Мөнхцоож нарын 9 иргэнтэй урьд байгуулсан орон сууц солилцооны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, анхны гэрээнд заасан орон сууцанд орох хүртэл сар бүр олгогдох 500.000 төгрөгийн нөхөн төлбөрүүдээ 6 сарын хугацааных буюу хүн тус бүрт 3.000.000 төгрөг өгсөн. Мөн тус газарт оршин суугч Д.Ууганбаатарын үл хөдлөх эд хөрөнгийг түүний хүсэлтээр худалдан авахаар болж үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан төлбөр мөнгийг төлсөн, 2020 оны 4 дүгээр сард барилгын сууриа тавихаар бэлтгэл ажил хийгдэж байна.

«Хариуцагч АТ ХХК-ийн захирал С.Пүрэвдорж нь “Орон сууц солилцооны гэрээ” байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаа өнгөрч байхад ямар ч хөрөнгө оруулалт оруулахгүй, барилга байгууламж, бүтээн байгуулалт хийгээгүй, гэрээний 2.8, 4.2 дахь хэсэгт заасан гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй байдал нь гэрээнээс татгалзах үндэслэл болж байна» гэжээ. Гэрээ байгуулснаас хойш 5 жил өнгөрсөн гэж бичсэнээс харахад гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа юм байна. Гэтэл үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4-т тодорхой заасан байх төдийгүй, “Орон сууц солилцооны гэрээ”-ний 4.2-т заасныг зөрчсөн гэсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Гэрээний 4.2-т заахдаа Барилга, байгууламж барих зөвшөөрөл олгогдсоноос хойш 2 жилийн хугацаанд барилгыг бүрэн барьж ашиглалтад оруулахаар улсын комиссыг ажиллуулна. 4.3-т улсын комисс хүлээн авч, барилга, байгууламжийг хүлээн авах акт гарснаас хойш ажлын 3 хоногт багтаан байрандаа орно. Ингэснээр гэрээний хугацаа дуусгавар болно. гэж заасныг хариуцагч тал зөрчөөгүй болно. Учир нь 2016 оны 08 сараас хойш Ч.А нар ямар ч үндэслэлгүй шүүхэд маргаан үүсгэн нэхэмжлэл гаргаснаар өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа нь иргэний хуулийн 222.2-т заасан “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Мөн гэрээний 4.2-т заасан хугацаа нь гэрээ байгуулснаас биш барилга, байгууламж барих зөвшөөрөл олгогдсоноос хойш 2 жилийн хугацаанд барилгыг бүрэн барьж ашиглалтад оруулна гэсэн заалт бөгөөд нэхэмжлэгч нарын шүүхэд өнөөдрийг хүртэл гаргаж буй нэхэмжлэлээс шалтгаалаад барилга барих зөвшөөрөл олгогдоогүй.

“Орон сууц солилцооны гэрээ”-ний 2.8 дахь заалтыг зөрчсөн гэжээ. Гэтэл 2.8 нь “Б тал газар, орон сууцыг бүрэн чөлөөлж өгсний дараагаар барилга ашиглалтад орох хүртэл хугацаанд А тал нь түр амьдрах орон сууцанд зориулж өрх бүрт cap бүр 500,000 төгрөгөөр тооцож төлбөр олгоно” гэсэн байгаа юм. Ч.А нар нь одоо болтол гэрээний 2.8-д зааснаар газар болон байраа чөлөөлж өгөөгүй маргаан үүсгэсээр байгаа бөгөөд харин ч Ч.А нь байрны нөхөн олговрыг хамгийн түрүүнд буюу 2015 оны 03 дугаар сарын 15- ны өдөр 5 000 000 төгрөг, үүнээс хойш дансаар 500,000 төгрөгийг нийт 5,500,000 төгрөгийг авснаас гадна удаа дараа нэмж мөнгө авахаар шаардаж байсан мөн тус газарт оршин суудаггүй С.Энхболд гэдэг хүний нэр дээр 44 м2 бүхий нэмэлт шинэ орон сууцны гэрээг Ч.Аийн “тухайн үед Ч.А нь өөрийн 11 тоотын байрыг иргэн С.Энхболд гэгчид зарсан байрны өртэй байгаа учир энэ хүний нэр дээр шинэ байрны гэрээ хийж өгөөч” гэж гуйсан гуйлтын үндсэн дээр байгуулсан болно. Мөн бид Ч.Ад байрыг нь зах зээлийн үнээр нь худалдан авахыг санал болгож байсан боловч нэмж шинээр хэд хэдэн орон сууцны гэрээг байгуулахыг хүсэж үгүй бол их хэмжээний бэлэн мөнгө өгөхийг шаардаж эдгээрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд хандана гэсний үндсэн дээр газрын маргаан үүсгэсээр байгаа болно. Харин Ч.А нараас болоод газар, байраа чөлөөлж өгсөн бусад оршин суугчид эрх ашиг нь хөндөгдөн, хохирч байгаа тул шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа ч гэсэн тэдэнтэй нэг бүрчлэн уулзаж ярилцаад цаашид манай компаниар орон сууцаа бариулах хүсэлтэй байгааг үндэслэн 2019.08.23-нд 2015 оны 04 дүгээр сарын 23-нд байгуулсан 15/05 тоот гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс cap бүр нөхөн олговрыг олгож эхэлсэн ба одоогоор нийт 9 оршин суугчийн 5 болон 6 тоотын оршин суугч иргэн Ш.Нямсүрэн, иргэн Д.Ууганбаатар нарын хүсэлтээр байрыг нь тус тус 50 сая төгрөгөөр худалдан авсан, мөн 8 тоотын оршин суугч Д.Оюуны хүсэлтээр байрыг нь худалдан авахаар урьдчилгаанд нь 59,166,000 төгрөгийг төлчихсөн байгаа ба үлдсэн 6 оршин суугч бүрт 6 сая төгрөг буюу 36 сая төгрөгийг ийнхүү нийт 195,166,000 төгрөгийг нөхөн олговорт өгөөд байна.

«Гэрээ байгуулагдсанаас хойш ямар ч хөрөнгө оруулалт оруулаагүй, барилга, байгууламж, бүтээн байгуулалт хийгээгүй» гэжээ.

Барилга, байгууламж баригдаагүй нь нэхэмжлэгч нар байр, газраа чөлөөлж өгөөгүй байгаатай холбоотой юм. Харин хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгийн тухайд шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа ч анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үед нь

-2017 онд барилгын зураг төсөл, төсөв боловсруулдаг “Голомт Өргөө” ХХК-тай “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ” буюу №34 тоот гэрээг байгуулан барилгын эскиз зураг гаргуулан 35 000 000 төгрөгийг төлсөн;

-Уг зураг төслөө барин Нийслэлийн хот төлөвлөлтийн газраас барилгын МЗХ2018/14-29 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавраа гаргуулж авсан;

-МЗХ2018/14-29 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын барилгын талбай өөрчлөгдснөөс “Голомт Өргөө” ХХК-тай байгуулсан “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ” буюу №34 тоот гэрээнд өерчлөлт оруулсан 241,770,566 төгрөгийн үнийн дүнтэй №АЗ/39 дугаартай гэрээг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулан 72 сая төгрөгийг 2018 оны 10 сарын 20-ны өдөр төлсөн ба үлдэгдэл 134,770,566 төгрөгийг 2019 оны 04 сарын 22-ны өдөр төлж барагдуулсан;

-2019 оны 02 сард тус газар дээр инженер-геологийн судалгааны ажлыг 3 сая төгрөгөөр "Барнаб” ХХК-аар хийлгүүлж дүгнэлтийг гаргуулсан;

-Тус барилгыг баригдахад шаардагдах дулааны техникийн нөхцөлийг зохих хураамжийг нь төлөн авчихсан ба цахилгаан, эрчим хүч болон холбооны техникийн нөхцөлүүдийг авахаар холбогдох газруудад хүсэлтээ өгчихсөн;

-Тус газрын геодезийн дэвсгэр зургийг Тан жим” ХХК-аар гаргуулан 1,200,000 төгрөгийг төлбөрийн толсон;

-Тус газрын төлбөрүүдэд нийт 5,807,380 төгрөгийн төлсөн зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн нийт 251,777,946 төгрөгийг зарцуулаад байгаа болно.

Ийнхүү оршин суугчдад олгосон нөхөн олговор болон хийж гүйцэтгэсэн ажилд зарцуулсан хөрөнгө мөн Ч.Ад өгсөн 5,500,000 төгрөг нийлээд нийтдээ 452 443 946 төгрөгийг зарцуулчхаад байна. Ийм учраас нэхэмжлэгч Ч.А, Н.Г, Д.Э нарын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны “Орон сууцны солилцооны гэрээ” -нээс татгалзаж байгаа гэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсч байна.

Нэхэмжлэлийн 2 дугаарт бичихдээ: Хариуцагч “ATTА ЧР” ХХК-ийн захирал С.Пүрэвдорж нь “бусдыг хууран мэхлэх замаар хуурамч баримтын үндсэн дээр эзэмших эрхийг шилжүүлэн авсан ба шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн нь ИХ-ийн 59 дүгээр зүйлийн 59.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн ба газар шилжүүлэн авсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул шилжүүлэн авсан газрыг буцаан олгохыг НЗДад даалгах” гэснээс харахад нэхэмжлэлийн 2 дахь шаардлага юм уу гэж харж байна. Гэтэл энэ 2 дахь шаардлага гэгч нь Улсын Дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 001/XT2019/01000 дугаартай тогтоолд дурдсан «,... зохигчдын хооронд 2015 онд байгуулагдсан орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, эсхүл иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үр дагаврыг шаардаж буй эсэхийг ялгах боломжгүй» гэсэн. Мөн Нийслэлийн шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1491 дугаартай магадлалд дурдсан «.... нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзаж байна уу эсхүл хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцаан шаардаж байгаагийн аль нь болохыг тодруулах нь зүйтэй» гэж дүгнэлт өгч хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр удаа дараа буцаасныг ойлгохгүй байгаа юм уу эсвэл зориуд хоёр өөр үндэслэл дахин бичиж шүүхийг төөрөгдүүлэх, хэрэг шийдвэрлэлтийг зориуд удаашруулах гэж байгаа эсэхийг ялгах боломжгүй байна.

Хариуцагч С.Пүрэвдорж миний бие бусдыг хууран мэхэлж, хуурамч бичиг баримтын үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлж аваагүй гэдгийг удаа дараагийн анхан болон давж заалдах шүүхийн тогтоолуудад үнэлэлт өгч шийдвэрлэж ирсэн болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.А, Н.Г, Д.Э нар нь хариуцагч АТ ХХК-д холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц солилцооны гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татгалзсан байна.

АТ ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мебелийн 12 дугаар байрны Баясгалант Өргөө СӨХ-ийн оршин суугчидтай орон сууц солилцооны гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг биелэгдээгүй.

Тухайн нэхэмжлэлтэй холбоотой иргэний хэрэг маргаан шийдвэрлэгдсэн тохиолдолд НЗДа бүрэн эрхийн хүрээнд газрын эрхийг Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, Хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын дагуу Мебелийн 12 дугаар байранд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, төсөл хэрэгжүүлэх боломжтой.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь ашиглах эрх олгох эрх зүйн субъект биш бөгөөд ашиглах эрхийг НЗДын захирамжаар олгодог байх тул тус албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А, Н.Г, Д.Э нар нь хариуцагч АТ ХХК, НЗДа нарт холбогдуулан Орон сууц солилцооны 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, АТ ХХК-ийн нэр дээр олгогдсон 3590 мкв газрыг БА СӨХ-ийн ашиглалтад буцаан олгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Батболд, Ц.Энхтуяа, Ш.Нямсүрэн, Р.Наранхүү нар нэхэмжлэлээсээ татгалзсан, нэхэмжлэгч Ч.А, Н.Г, Д.Э нар нь хамтран хариуцагч Нийслэлийн газрын албанаас татгалзсан болохыг дурдах үндэслэлтэй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч Ч.А, Н.Г, Д.Э нар нь хариуцагч АТ ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Орон сууц солилцооны гэрээ” байгуулж өөрсдийн өмчлөлийн орон сууцыг АТ ХХК-д шилжүүлэх, АТ ХХК нь тухайн барилгын газарт үйлчилгээний 16 давхар хос 280 айлын орон сууцны барилгыг барьж, тохиролцсон мкв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд нь үнэ төлбөргүйгээр шилжүүлэх, газар орон сууцыг бүрэн чөлөөлж өгсний дараагаар барилга ашиглалтад орох хүртэл түр амьдрах орон сууцанд зориулж өрх бүрт сар бүр 500 000 төгрөгөөр тооцож төлбөр олгохоор тохиролцжээ. /хх-65-67, 75-81х/

Энэхүү гэрээний зорилго, хугацааг тодорхойлохдоо Баянгол дүүргийн 3 хороо, Мебелийн 12-р байранд оршин суух хууль ёсын өмчлөгч болох 12 айл өрхийн хүсэлтээр тэдний орон сууцыг сольж бүхэлд нь өөрчилж шинэ барилга байгууламж болгох төсөлтэй холбоотойгоор талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино. Гэрээний нийт хугацаанд НЗДын тамгын газарт 12 айл өрхийн хүсэлт очиж шийдвэрлэгдээд барилга эхлэх зөвшөөрөл олгогдох хугацаа, барилгын техникийн нөхцөл гаргуулах хугацаа, барилгын ажил явагдах хугацаа, улсын комисс ажиллах хугацаа тус тус хамаарна. Барилга барих зөвшөөрөл олгогдсоноос хойш 2 жилийн хугацаанд барилгыг бүрэн барьж ашиглалтад оруулахаар улсын комиссыг ажиллуулна гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д заасны дагуу гэрээний талуудын хүсэл зоригийг тайлбарлахад Баянгол дүүргийн 3 хороо, 2-р хороолол, Мебелийн 12-р байрны оршин суугчид ашиглалтын шаардлага хангахгүй болсон өөрсдийн нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж, шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагчаар АТ ХХК-ийг сонгож, өмчлөгч тус бүр дээрхи гэрээг байгуулсан байна.

 

Гэрээ хүчин төгөлдөр байхын тулд агуулгын хувьд хууль тогтоомжийн хүрээнд, түүнд нийцсэн байх шаардлагатай. Мөн олон нийтийн ашиг сонирхолыг хамгаалах зарчмын дагуу хэлцэл хийгч талуудад хэлцлийн агуулгыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр тодорхойлохыг хориглодог бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан.

 

Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлд Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 151.2-д “Сууц өмчлөгчид нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн орон сууцыг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаархи шийдвэрийг хүлээн авмагц дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтийг сууц өмчлөгчдийн олонхийн саналаар гаргаж, тухайн аймаг, НЗДад хүргүүлнэ”, 151.3Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, НЗДа, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана” гэж заасан.

Баянгол дүүргийн 3 хороо, Мебелийн 12-р байрны оршин суугчид нь орон сууцаа дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтийг НЗДад хүргүүлээгүй, нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч АТ ХХК нь НЗДа, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож 3 талт гэрээ байгуулаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ч.А, Н.Г, Д.Э нарын хариуцагч АТ ХХК-тай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Орон сууц солилцооны гэрээ” нь дээрхи хуулийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байна.

Өөрөөр хэлбэл, олон нийтийн ашиг сонирхолыг хамгаалах зарчмын дагуу нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барихад хөрөнгө оруулагч, аймаг, НЗДа, сууц өмчлөгчид харилцан тохиролцож гэрээ байгуулахаар хуулиар шууд зохицуулсан байхад 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Орон сууц солилцооны гэрээ” нь дээрхи зохицуулалтыг зөрчсөн байна.

Тодруулбал, Хуулийн тодорхой нэг хэм хэмжээ нь өөртөө хориог агуулж буй эсэхээр хорио тогтоосон хуулийн зохицуулалтыг зөрчсөн эсэхийг тодорхойлох бөгөөд Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлд Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих асуудлыг олон нийтийн ашиг сонирхолыг хамгаалах зорилгоор төрийн байгууллага тодорхой чиг үүрэг хэрэгжүүлэхээр зохицуулж, мөн хуулийн 151.3-д гэрээ байгуулах субъектэд аймаг, НЗДа байхаас гадна гэрээнд тодорхой асуудлуудыг тусгахаар зохицуулсан тул талуудад хэлцлийн агуулгыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр тодорхойлохыг хориглосон байна.

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2015 оны 09 сарын 03-ны өдрийн 02-07-100/1367 дугаар дүгнэлтээр Баянгол дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, МЕБ-12 дугаар гудамжны 12 айлын нийтийн байрны барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн /хх-160-161х/ тул тухайн орон сууц ашиглалтын шаардлага хангахгүй болсон нөхцөл байдал гэрээ байгуулахаас өмнө байсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ч.А, Н.Г, Д.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагаа АТ ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Орон сууц солилцооны гэрээ”-нээс татгалзах гэж тодорхойлсон бөгөөд хүчин төгөлдөр бус гэрээнээс татгалзах хууль зүйн үр дагавар үүсдэггүй.

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байдаг бөгөөд уг хэлцлээр нэхэмжлэгч нараас хариуцагчид шилжүүлсэн зүйл байхгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

            2. БА СӨХ-ны 3590 мкв газрыг буцаан олгохыг НЗДад даалгах шаардлагын тухайд,

            Нэхэмжлэгч нар уг шаардлагын үндэслэлээ хариуцагч АТ ХХК-ийн захирал С.Пүрэвдорж нь хууран мэхлэх замаар хуурамч баримтын үндсэн дээр эзэмших эрхийг шилжүүлэн авсан, газар шилжүүлэн авсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тодорхойлсныг хариуцагч АТ ХХК-ийн захирал С.Пүрэвдорж үндэслэлгүй гэж маргаж байна.

Баянгол дүүргийн 3 хороо, Мебелийн 12-р байрны оршин суугчид нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасны дагуу БА СӨХ-г байгуулсан /хх-5-10х/, НЗДын 2013.05.13-ны өдрийн А/471 дугаар захирамжаар БА СӨХ-нд 3590 мкв газрыг ашиглуулахаар олгосон байна. /хх-11х/

 

БА СӨХ нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин 12 айлын нийтийн байранд оршин суугаа 12 өрхийг орчин үеийн шаардлага бүрэн хангасан орон сууцаар хангах, амьдрах тохилог орчныг бий болгох үүднээс 320 айлын 16 давхар орон сууцны шинэ барилга барих төслийг хэрэгжүүлэхээр АТ ХХК-тай 2015.03.16-ны өдөр Хамтран ажиллах гэрээ /хх-134-135х/-г байгуулсан байх бөгөөд уг гэрээ, оршин суугч өрх бүрийн “Орон сууц солилцооны гэрээ”, 2015.08.13-ны өдрийн “Газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ” /хх-130х/ зэргийг үндэслэн БА СӨХ-ны ашиглалтын 3590 мкв газрыг АТ ХХК-д шилжүүлж, НЗДын 2016 оны 04 сарын 14-ны өдрийн А/284 дугаар захирамж, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу АТ ХХК-д орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгосон байна. /хх-136-140х/

Ийнхүү Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барихаар БА СӨХ-ны АТ ХХК-тай байгуулсан дээрхи гэрээ хэлцлүүдийг Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийг зөрчсөн, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн БА СӨХ-ны ашиглалтын 3590 мкв газрыг АТ ХХК-д шилжүүлсэн 2015.08.13-ны өдрийн “Газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ” нь Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.7-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна” гэж заасны зөрчсөн байна.

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1, 148.1.3, 148.1.4-д зааснаар Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох, дундын өмчлөлийн зүйлд учирч болох гэм хорыг арилгах шаардлагатай арга хэмжээг бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр авах, гарсан зайлшгүй зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байхаар зохицуулсан тул нэхэмжлэгч Ч.А, Н.Г, Д.Э нар нь СӨХ-ны ашиглалтын 3590 мкв газрыг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

БА СӨХ-ны ашиглалтын 3590 мкв газар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийг үндсэн дээр АТ ХХК-д шилжсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар НЗДын 2016 оны 04 сарын 14-ны өдрийн А/284 дугаар захирамжаар АТ ХХК-д 3 590 мкв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлснийг хүчингүй болгож, уг газрыг БА СӨХ-ны ашиглалтад буцаан шилжүүлэхийг НЗДад даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.А, Н.Г, Д.Э нарын АТ ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Орон сууц солилцооны гэрээ”,  БА СӨХ-ны АТ ХХК-тай 2015.08.13-ны өдөр байгуулсан “Газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ” зэрэг нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул НЗДын 2016 оны 04 сарын 14-ны өдрийн А/284 дугаар захирамжаар АТ ХХК-д 3 590 мкв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлснийг хүчингүй болгож, уг газрыг БА СӨХ-ны ашиглалтад буцаан олгохыг НЗДад даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч АТ ХХК-иас 210 600 /хоёр зуун арван мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н. ОЮУНТУЯА