| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 172/2019/0060/Э |
| Дугаар | 535 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 535
А.Г-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 62 дугаар цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21 дүгээр магадлалтай, А.Г-д холбогдох 1928000010038 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Б-ы гаргасан гомдол болон Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бичсэн 08 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлал-түүхийн багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А-ын Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 1.5 дугаар зүйлийн 1.1, 2, 4 дэх хэсэгт зааснаар прокуророос А.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б-ы гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Б гаргасан гомдолдоо “Цагаатгах тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэт нэг талыг барьсан, хууль эрх зүйн үндэслэлтэй болоогүй юм. Шүүх хууль буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч намайг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт А.Г нь хэл амаар доромжлон маргалдах явцдаа миний толгойн тус газарт гараараа цохиж хөнгөн зэргийн хохирол учруулснаас болж миний толгой тархи өвдөж эмнэлгийн тусламж авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Шүүх эхлээд шүүгдэгч А.Г нь хохирогч миний эрх чөлөөнд халдсан байна уу гэдэгт ямар нэгэн дүгнэлт хийхгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч миний эрх чөлөөнд А.Г халдаж нийгэмд аюултай үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэгт тооцогдох байтал шүүх анхаарч үзэхгүй байна. Хохирогч миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг 28, 331 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоосон байхад шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтээр 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр авахуулсан Гавал тархины компьютер томографийн зургийг шүүх эмнэлгийн дүрс оношлогооны эмч Б.О, С.Ч нарын дүгнэлтээр батлагдахгүй байна гэх нотолгоог шүүх бүрэлдэхүүн илүү авч үздэг. Эдгээр эмч нарын зургийг уншаад толгойн томографуудад гавал ясанд гэмтэлгүй, тархины эдэд голомтот өөрчлөлтгүй, тархины эдийн ялгарал жигд, зүүн хажуу ховдлын урд эвэр бага зэрэг нарийссан, тунгалаг таславчийн уйланхайтай, голын бүрдэл хазайлтгүй, ухархайн ханануудад гэмтэлгүй, хамар ясанд гэмтэлгүй, таславч мурийлтгүй, дайвар хөндийнүүдэд агууламжгүй гэх зэрэг зүйлийг дүгнэлтэд дурдсан байх хэдий ч тархи доргилт гэмтэл нь компьютер томографийн зургаар илрэхгүй байх боломжтой юм. Учир нь тархи доргилт гэмтэл нь бүтэц зүйн өөрчлөлт биш харин тухайн хүний үйл ажиллагааны бага зэргийн өөрчлөлт. Тэгэхээр үйл ажиллагааны бага зэргийн өөрчлөлт нь компьютер томографийн зургаар давхар нотлогдон гарахгүй байх боломжтой гэдгийг хэргийг шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүн нарийн мэргэжлийн эмч нар биш ч гэлээ хэргийн бодит үнэнийг тогтооход зайлшгүй судалсан байх ёстой. Судалж үзээгүйн улмаас хууль буруу хэрэглэж, буруу дүгнэлт хийж бусдыг ял завшуулахад хүрсэн. Харин тархи доргилт гэмтэл өөр бусад ямар байдлаар илэрсэн, уг илэрсэн өвчин зовиур шаналгааг өвчтөний түүхээс хараад дүгнэлт хийх бүрэн боломж байсан. Нөгөөтэйгүүр шүүгч нар өвчтөний түүхэн дээр байгаа тархины хаван гэх оношийг анхааран үзэхгүй байна. Тархины хаван бол тархи доргилтын үндсэн нэг шинж юм. Дээрх нөхцөл байдлаас үзвэл тархи доргилт гэмтэл нь компьютер томографийн зурганд илрэхгүй байх боломжтой ба харин өвчтөний биеийн эрүүл мэнд, зовиур шаналгаа, эмчлүүлсэн нөхцөл байдал, эмчлүүлэгчийн биеийн байдал хэрхэн сайжирсан зэрэг нөхцөл байдлыг анхааран үзэхэд тархи доргисныг нотлох боломжтой тул хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг харьцуулан дүн шинжилгээ хийж хохирогч надад хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дээрх 2 шинжээчийн дүгнэлтийг үнэлж хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Хэргийн хүрээнд авагдсан миний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг эргэлзээтэй гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгээс харахад эргэлзээтэй зүйл огт байхгүй, шүүх юунд эргэлзсэн нь тодорхойгүй юм. Би толгойныхоо аль хэсэгт хэдэн удаа юугаар цохиж зодсоныг мэдүүлсээр атал бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Миний 4 удаагийн мэдүүлгийг өөр хооронд нь харьцуулан шинжлэн үзвэл зөрүүтэй зүйл байхгүй. Г-гийн мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлж байгаад ямар нэгэн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хэрэгт ирүүлсэн 16 секундийн бичлэг бүхий СД-г би гарган өгсөн. Нотлох баримтаар гарган өгөхийн ач холбогдол нь өөрийн мэдүүлгийг нотлох нөгөөтэйгүүр Г- намайг би цохиогүй, хохирогч намайг гэмтээгээгүй гэх байдлаар хэрэг бүрдэж, бодит үнэнд нийцэхгүйгээр шийдвэрлэгдэх вий гэх байдлуудыг гаргахгүйн тулд цаг хугацаа алдалгүй бичлэгийг тухайн газраас хуулбарлан 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хуулийн хүрээнд хураалган нотлох баримтаар өгсөн. Шинжээчийн 0766 дугаартай дүгнэлтээр уг дүрс бичлэгийг шинжилгээнд тэнцэхгүй гэж дүгнэсэн боловч тухайн хэрэг учрал болж байгаа нөхцөл байдалд шүүгдэгч талаас ямар нэгэн маргах, мэтгэлцэх зүйл байдаггүй юм. Тэгэхээр дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй ч харин болсон бодит нөхцөл байдалд буюу Г-гийн хууль бус үйлдэлд дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой нотлох баримт болохыг мөн нягтлан үзэх шаардлагатай. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бичсэн 08 дугаартай эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүх мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд, хэргийн бодит байдал, шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдалд огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан үндэслэлд тулгуурлан шийдвэр гаргасан. Магадлалд “...хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд гэрч Г.У-ийн ...Г Б-ыг цохиж байхыг нь би хараагүй, гэрч М.Ш-ийн ...би тухайн үед зураг дараад яваад байсан болохоор намайг тэндээс явсны дараа яг юу болсныг мэдэхгүй байна. Миний хажууд бол тэр хоёр хоорондоо хэрэлдсэн зүйл байгаагүй гэсэн мэдүүлгүүд, шинжээчийн 164, 331 дугаартай дүгнэлтүүдээр тус тус няцаагдан үгүйсгэгдэж байна” гэсэн дүгнэлт хийжээ. Гэвч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан гэрч Г.Уугантуяагийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн “...Хоорондоо маргалдаад байсан. ...Тухайн үед Г дарга Б бид хоёрын дунд явж байсан. ...куртик шажигнаж дугарахаар нь тэр 2 руу харсан чинь Б нилээн ууртай өө за за чи хүний биед хүрдэг болсон уу гэж хэлсэн”, мөрдөн байцаалтын шатанд “...Бид “Говь сэндс” зочид буудлын өмнүүр явж байхад Г дарга миний баруун гар талд, түүний цаана Б явж байхад хажуудах хүний куртик хоорондоо шүргэлцэх чимээ гарсан. ...Бямбасайхан өө за за чи хүний биед хүрдэг гэнээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Гэрч М.Ш-ийн “...Г дарга ирээд танай дарга чинь юу хийгээд байгаа юм, шагнал гардуулаад байх юм... гэсэн. Би ёстой уучлаарай надаас боллоо гэж хэлчихээд зургаа гараад явсан. ... ажил руу очоод өрөөнд ороход Б ууртай, уйлчихсан байхаар нь яасан юу болсон гэж асуусан чинь Г намайг алгадчихлаа гэж байсан” гэсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 28 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 331 дугаартай дүгнэлтүүд болон хохирогч Б.Б-ы удаа дараагийн мэдүүлгээр А.Г нь Б.Б-ы бие махбодид халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байхад уг нотлох баримтуудыг бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй. Мөн магадлалд яллагдагч А.Г-г яллах үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу нотлох баримтаар гарган өгч, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хүлээн авч, хэрэгт хавсаргасан “Говь сэндс” зочид буудлын хяналтын камерийн бичлэг бүхий Ди ви ди-г прокурор, хохирогчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судлаад “...бичлэгт байгаа хүмүүсийн нүүрний хэлбэр дүрс нь тодорхой харагдахгүй, хэн, хаана ямар үйлдэл хийгээд байгаа нь тодорхойгүй, дээрх бичлэгийг мөрдөгч нь тэмдэглэл үйлдэж баталгаажуулаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б, шүүгдэгч А.Г, гэрч Г.У нарын өгсөн мэдүүлэгт гэмт хэрэг гарах үед хэн, хаана, ямар байрлалтай явж байсан талаар тодорхой мэдүүлсэн, мөн анхан шатны шүүх хуралдаанд дээрх бичлэгийг шинжлэн судлахад хохирогч, шүүгдэгч нарын зүгээс бичлэг болон бэхжигдсэн дүрс, үйл баримтын талаар маргадаггүй, харин ч прокурор, өмгөөлөгч нарын асуултад хэн, хэн нь харилцан зөрүүгүйгээр тодорхой мэдүүлсэн. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл, тайлбарыг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хохирогчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдож байхад хохирогчийн мэдүүлэг тайлбар нь эргэлзээ төрүүлсэн учир үнэн зөв гэж үзэх боломжгүй гэж дүгнэлт хийж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хэргийн хүрээнд 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Шинжээчийн 28, 164 тоот дүгнэлтүүд зөрүүтэй гарсан тул дахин шинжээч томилсон ба 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 331 дугаартай дүгнэлтэд “...Б.Б-ы биед тархи доргилт гэмтэл учирчээ. Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн №2641/395 тоот өвчний түүхэнд тархи доргилт оноштой 9 хоног хэвтэн эмчлүүлсэн, мөн урьд гаргасан Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн үзлэгт тархи доргилтын шинж тэмдэг илэрсэн байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 28 хүртэл хоног сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Б-ы биед учирсан тархи доргилт гэмтэл нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой. Энэ нь түүний 2010 оны тархины хоргүй хавдар авахуулахтай холбоо хамааралгүй гэмтлийн өөрчлөлт юм. Шинжээч эмч С.Ш-ийн гаргасан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, 164 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна’’ гэж тусгай мэдлэг бүхий шинжээч нар дүгнэлтээ гаргасан байна. Шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэлээ гэж дүгнэсэн атлаа мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэж хоёр өөр үндэслэлээр хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Дээр дурдсанчлан анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаагүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудад бодит үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр гуйвуулан, өөр хоорондоо зөрүүтэй мэт үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр сууринаас шүүх хуралдааныг явуулж, энэ байр сууриа шүүх хуралдааны явцад илэрхийлж, шүүхийн шийдвэрийг урьдчилан гаргасан зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг хэлсэн саналдаа “Хохирогчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар гомдол гаргасан гэж байгаа боловч үндэслэл нь тодорхой бус байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоосон 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан боловч дүгнэлтүүд янз бүр гарсан. Хохирогч Б.Б нь толгой руугаа, чихний дээд талд цохиулсан гэж мэдүүлсэн, хэрэг гарсны дараа эмнэлэгт хэвтсэн өвчтөний онош историд толгойны ар талд цохиулсан гэх тэмдэглэгээ зэргээр хохирогч тогтвортой бус мэдүүлэг өгсөн байна. Шүүх шинжээчийн дүгнэлт болон хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байх тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Б.Б-ы гаргасан гомдол болон Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.А-ын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бичсэн 08 дугаартай эсэргүүцлийг үндэслэн А.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч А.Г нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Б-тай маргалдаж толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж прокуророос ирүүлсэн хэргийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Г-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн прокуророос А.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Б-ы эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгохоор 3 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 331 дугаартай дүгнэлтээр “хохирогчийн биед тархи доргилт гэмтэл учирсан болохыг тогтоосон бол мөн хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 164 дүгээр дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл тогтоогдоогүй гэж үзжээ.
Эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг шинжлэн судалбал 28 дугаартай дүгнэлтийн тухайд үзлэгийн хэсэгт хохирогчид гэмтэл учирсан болохыг илэрхийлэх илт шинж тэмдэг дурдагдаагүй байхад баримтгүй дүгнэлт хийсэн, 331 дугаартай дүгнэлтэд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн КТГ зураг, өвчний түүхийг шинжлэн судалсан талаар дурдсан атлаа зөвхөн өвчний түүхийг үндэслэл болгосон бөгөөд 2641/395 дугаартай өвчний түүхэнд мөн л хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан талаар ач холбогдол баримт тэмдэглэгдээгүй байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас 28, 331 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээтэй гэж үзнэ.
Харин 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 164 дугаартай дүгнэлтийг гаргахдаа 2641/395 дугаартай өвчний түүхээс гадна хохирогчийн гавал тархины КТГ-ын зургийг шүүх эмнэлгийн оношилгооны мэргэжлийн эмч нараар давтан уншуулсны үндсэн дээр хохирогч Б.Б-ы биед гэмтэл учраагүй болохыг тогтоосон нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байх хуулийн шаардлага нийцсэн гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Иймд хохирогчийн гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 62 дугаар цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б-ы гаргасан гомдол болон Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бичсэн 08 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН