Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0011

 

2016 оны 12 сарын 26 өдөр Дугаар 221/МА2017/0011 Улаанбаатар хот

Ц.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 788 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор Ц.Д-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 788 дугаартай шийдвэрээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 0087929 дугаар бүхий шийтгэврийн хуудсаар ногдуулсан захиргааны шийтгэлийг өршөөлийн хуульд хамруулахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Ц.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 18-ны өдрийн 788 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдолыг гаргаж байна. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үргэлжилсэн үйлдэлтэй бөгөөд 2014-2016 оныг хүртэл үргэлжилсэн гэж үзсэн байна. Үргэлжилсэн үйлдэлтэй зөрчил /гэмт хэрэг/ гэдэг бол хэд хэдэн үйлдлээр нэг зөрчил гаргасан байхыг ойлгодог. Нэхэмжлэгчийн гаргасан Барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлээгүй гэх зөрчил бол нэг эс үйлдлээр 2014 онд болоод төгссөн үйлдэлтэй зөрчил юм. Өөрөөр хэлбэл БГД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай үйлчилгээтэй орон сууцны барилгын ажил нь 2014 онд эхэлсэн болох нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудаас харагдах бөгөөд тухайлбал 2014 онд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн баримт бичиг бүрдээгүй байсан. Энэхүү баримт бичгийг бүрдүүлээгүй нь нэг удаагийн үйлдэл юм. Барилгын ажил эхлүүлэхээс өмнө л барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах ёстой ба ажил эхлүүлсний дараа зөвшөөрөл авах нь ач холбогдолгүй юм. Мөн нэг зөвшөөрлийг хэд хэдэн удаа авах үүрэггүй, боломжгүй тул уг зөрчил хэд хэдэн үйлдлээр үргэлжилсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн хариуцагчийн шийтгэврийн хуудас болон зөрчлийн тэмдэглэлд 2014 оны зөрчил гэж бичигдсээр байхад шүүхээс 2016 онд үргэлжилсэн болгож өршөөлд хамаарах хугацаанаас гаргасан нь үндэслэлгүй байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д "Энэ хуулийн 3.1-д заасан "гэмт хэрэг үйлдсэн хүн" гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна" гэж заасны дагуу 2015 оны 7 сараас өмнө буюу 2014 онд гарсан захиргааны зөрчил байх тул өршөөлд хамрах үндэслэлтэй. Шүүхээс Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №02-07-86/438 дугаартай актаар дээрх зөрчлийг тогтоож захиргааны хариуцлага хүлээлгэснийг тогтоосон. Өөрөөр хэлбэл 2014 онд зөрчил үйлдэгдээд мөн ондоо тус зөрчил эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдож, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэсэн буюу зөрчил гарсан буюу тогтоосон үйлдэл нь 2014 онд дууссан байхад 2016 онд үргэлжилсэн гэж үзсэн нь буруу юм. Мөн давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлийг харгалзан үзэхийг хүсэж байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлд Захиргааны хариуцлагад татах хугацааг заасан байна 5.1-д "Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно" гэж заасан. Гэтэл 2014 онд гарсан зөрчил 2016 онд хариуцлагад татсан нь буруу. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 2 сарын 5-нд батлагдсан. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хууль мөн тус өдөр батлагдаж батлагдсан өдрөөс эхлэн мөрдөгдөхөөр заасан. Тэгвэл хариуцагчийн зүгээс Ц.Д-ийн 2014 оны үйлдэлд 2016 оны хуулиар хариуцлагын арга хэмжээ авсан нь Ц.Д-ийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн нь буруу юм. 2014 онд мөрдөгдөж байсан 2008 оны 1 сарын 5-нд батлагдсан Барилгын тухай хууль үйлчлэх ёстой. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 17-нь №02-07-86/438 дугаартай актаар дээрх зөрчлийг тогтоож захиргааны хариуцлага хүлээлгэсэн. Гэтэл хариуцагч 2016 онд 0087929 дугаартай шийтгэврийн хуудсаар хариуцлагыг давхардуулан ногдуулсан байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 788 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчээс ... 2014 оноос барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж норм нормативт заасан шаардлагын дагуу бүрдүүлээгүй нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10.1-т заасны дагуу зөрчил нь 2014 оны цаг хугацаанд хамаарч байгаа тул улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0087929 дүгээр шийтгэврээр ногдуулсан 4800,000 төгрөгийн торгууль өршөөлд хамруулахыг даалгаж өгнө үү гэж хариуцагчаас ...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж заасан. Улсын байцаагчийн захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр гарсан хугацаа нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байх тул өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарахгүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус маргажээ.

            Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна, гэж хууль үйлчлэх цаг хугацааг, 10.1-т Энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна гэж тус хуулийг хэрэглэх журмыг тогтоож хуульчилжээ.

            Нэхэмжлэгчээс 2014 онд барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж норм, нормативт заасан шаардлагын дагуу бүрдүүлээгүй гэх зөрчил гаргасан, эрх бүхий этгээдээс тухайн үед Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02-07-86/438 тоот актаар зөрчлийг бүрэн арилгах хүртэл хугацаагаар барилга угсралтын ажлыг зогсоосон-той буюу өөрөөр хэлбэл 2014 онд зөрчил гаргасантай маргаагүй байна.

Харин тэрээр 2014 онд гарсан зөрчилд 2016 онд хариуцлага ногдуулсан нь буруу гэх агуулгаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл, гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

            Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас нэхэмжлэгч Ц.Д-ийн барилга барих үйл ажиллагаанд 2016 онд хяналт шалгалт хийх үед 2014 онд гарч байсан зөрчил засагдаагүй буюу шалгалтын явцад тухайн зөрчил нь үргэлжилж байсан тохиолдолд тус зөрчлийг зөвхөн 2014 онд гарсан зөрчил гэж үзэх үндэслэлгүй.

            Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд мэргэжлийн хяналтын байцаагч нь зөвхөн 2014 онд гарсан зөрчилд нь холбогдуулан 2016 онд хариуцлага ногдуулаагүй, тухайн зөрчил үргэлжилсээр байсан буюу 2016 онд ч мөн адил зөрчил байсан гэх үндэслэлээр хариуцлага ногдуулсан байх тул зөрчилд холбогдогчийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө зөрчил гаргасан гэж үзэж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасан журмын дагуу өршөөлд хамруулах үндэслэлгүй байна.

Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2016 оны 0003829 тоот маргаан бүхий актаар торгууль ногдуулах үндэслэл болсон барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж норм, нормативын шаардлагын дагуу бүрдүүлээгүй гэх зөрчил нь хууль журмын дагуу бүрдүүлэх ёстой буюу үйлдэл хийгдсэнээр зөрчил арилах байтал хийгдээгүй буюу эс үйлдэгдсэн нөхцөл байдал нь өөрөө зөрчил байх тул цаг хугацааны хувьд тасралтгүй үргэлжлэн гарсан зөрчил гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...баримт бичиг бүрдүүлээгүй нь нэг удаагийн үйлдэл, ...зөвшөөрлийг хэд хэдэн удаа авах боломжгүй, уг зөрчил хэд хэдэн үйлдлээр үргэлжилсэн гэж үзэх үндэслэлгүй, ...Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг үндэслэн 2014 онд гарсан зөрчилд 2016 онд хариуцлагад татсан нь буруу ..., 2014 оны үйлдэлд 2016 оны Барилгын тухай хуулиар хариуцлагын арга хэмжээ авсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гарахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ