Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0021

 

2017 оны 01 сарын 02 өдөр                  Дугаар 221/МА2017/0021             Улаанбаатар хот

Иргэн Ж.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 971 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, иргэн Ж.А-ын нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбоонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28ы өдрийн 971 дүгээр шийдвэрээр: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.А-ын Ж.А-ыг хуульчдын холбоонд гишүүнээр бүртгэхгүй байгаа үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гишүүнээр бүртгэхийг Монголын Хуульчдын холбоонд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: 2004 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 003-008 тоот батламжид ... өмгөөллийн болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах гэж тодорхой зааж өгсөн байдаг. Энэ заалт дах эрх нь тэр даруй буюу түүнээс хойш хэдэн жил болсон ч хүчин төгөлдөр байна гэснээр тодорхойлогддог. Би өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах эрхээ хэрэгжүүлэх цаг нь болж Цагдаагийн албан тушаалаас тэтгэвэрт гарч өмгөөллийн тухай хуулийн дагуу 1 жил өнжиж 000000 тоот батламжийн олгосон эрхийн дагуу тусгай зөвшөөрөл буюу гэрчилгээ авах талаар нэхэмжилж байна. Энэ цаг үед тусгай зөвшөөрөл гэрчилгээ олгох асуудал нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарснаар Монголын Хуульчдын холбоонд гишүүнээр элссэнээр хуульч-ийн гэрчилгээ буюу хуучнаар тусгай зөвшөөрөл авах бэлэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т зааснаар хуульчдын холбоонд өргөдөл болон холбогдох материал хавсарган гаргаж байгаа юм. Мөн гишүүнээр элсүүлэн бүртгэж авснаар 19-ийн дөрөвт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шууд олгох үүрэгтэй юм. Гэтэл энэ ажиллагааг Монголын Хуульчдын холбоо гүйцэтгэхгүй байгаа тул шүүхэд дээрх нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хуульчийн шалгалтад орж тэнцсэн гэсэн батламжтай 000000 тоот батламж нь энэ тэнцэх баримт бичиг мөн. Энэ 000000 тоот батламжийг ямарч хууль тогтоомжоор хүчингүй гэж үзэх үндэслэлгүй юм. Нэгэнт тэтгэвэрт гарч, хуулийн дагуу нэг жил өнжсөн болохоор дээрх батламж дах олгогдсон эрхийн үйлчлэлээр өргөдөл гарахад гэрчилгээ эзэмшигч мэтээр ташаа ойлгон хариу өгснөөр шүүхийн шийдвэрийг залруулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Гомдлын нэгд бичсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг буруугаар ойлгон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг баримтлан гишүүнээр бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож гишүүнээр бүртгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-т хуульчийн гэрчилгээ авсан хуульч гэсэн нь хуулийн гэрчилгээтэй хүнийг хэлж байна. Гэтэл би хуульчийн гэрчилгээг одоо л авах гэж өргөдөл гаргасаар байгаа юм. Иймд тус хуулийн 1, 2, 3-р заалтын хуульчийн гэрчилгээтэй хүний үйл ажиллагааны заалт хамаарахгүй юм. Нэгэнт тус заалтуудыг баримтлан шийдвэр гаргах боломжгүй тул уг шийдвэрийг хүчингүй болгож 000000 тоот хуульчийн шалгалтад тэнцсэн батламжийг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасныг баримтлан гишүүнээр бүртгэж Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг Монголын Хуульчдын холбоонд даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгчээс ...Хууль зүйн яамнаас хуулийн байгууллагад ажиллаж буй нийт албан хаагчдын дунд явуулсан сонгон шалгаруулалтад оролцож хуульчийн гэрчилгээ авсан. ... Хууль сахиулахын их сургуулийн сургалтын албанд дадлага хариуцсан ажилтнаар ажиллаж байсан учраас 2013 онд бүртгэл хийгдэж байгаа талаар мэдээгүй... гэх үндэслэлээр гишүүнээр бүртгэхгүй байгаа Хуульчдын холбооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гишүүнээр бүртгэхийг Монголын Хуульчдын холбоонд даалгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдан гарч 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "хуульч" гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг, 3.1.2-т "хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг ойлгохоор заажээ.

Харин тус хуулийг хэрхэн дагаж мөрдөх буюу хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг журамлан зохицуулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ авсан хуульч /цаашид хуульчийн гэрчилгээ эзэмшигч гэх/ нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх бөгөөд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүртэлх хугацаанд хуульчийн гэрчилгээ нь хүчинтэй байна, 1.2-т Хуульчийн гэрчилгээ эзэмшигчийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хуульч-д тооцно, 2 дугаар зүйлийн 2.1-т Хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор гаргах бөгөөд хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зүйл, заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Хууль зүйн сайдын 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Хуульчийн нэгдсэн бүртгэл хөтлөх түр журмыг баталж, хуульчдын нэгдсэн бүртгэл хөтлөх үйл ажиллагааг Хууль зүйн яам хариуцан зохион байгуулсан байна.

Харин Монголын Хуульчдын холбооноос хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байсан иргэдийг бүртгэх ажиллагааг зохион байгуулж, бүртгэх хугацааг 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 30 хоногоор тогтоосон, улмаар тус шалтгаанаар бүртгэгдээгүй байсан 148 иргэдийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23, 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар тогтоол, түүний хавсралтаар тогтоогджээ.

Хавтаст хэрэгт хуульчдаас сонгон шалгаруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх орон тооны бус зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргын гарын үсэг бүхий 2004 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Ж.А-ыг 2004 оны хуульчдын сонгон шалгаруулалтад орж тэнцсэнийг нотлох 000000 дугаар хуульчийн Гэрчилгээ авагджээ.

Нэхэмжлэгч Ж.А, түүний өмгөөлөгчийн ...тухайн үед үйлчилж байсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу давхар ажил эрхлэх хориотой байсан учир Хууль зүйн яаманд бүртгүүлэхээр хандаагүй. 2014 онд Монголын Өмгөөлөгчдийн холбоонд хуульчийн сонгон шалгаруулалтад орж батламж, гэрчилгээг авсан ... өмгөөлөгчдийн холбоо нь хуульчийн гэрчилгээг 90 хоногийн дотор бүртгүүлээгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөөгүй, ... Монголын Хуульчдын холбоо хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй байгаа нь буруу. 2014 онд төрийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш өмгөөлөгчийн эрх авахад 1 жил өнждөг гэсэн хуулийн дагуу Төрийн албаны тухай хуульд багшлах болон эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхээс бусад албан тушаалын ажил давхар гүйцэтгэхийг хориглоно гэсэн заалтаас болоод 2015 оноос хүсэлт гаргасан. Энэ хугацаанд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргах хууль зүйн үндэслэлгүй байсан гэх гомдол тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...2.1 дэх хэсэгт заасан хугацаанд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй ... тохиолдолд хуульчийн гэрчилгээ эзэмшигчийн хуульчийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцно гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь хуульчийн гэрчилгээг эзэмшигч байсны хувьд тухайн үед буюу 2013 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу 90 хоногт багтаж хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, түүнчлэн Монголын Хуульчдын холбооноос 2013 оны 12 дугаар

сард хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүртгүүлээгүй иргэдэд бүртгүүлэх боломжийг олгож нэмэлт бүртгэл явагдах үед зохих журмаар хүсэлт гаргаж хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, улмаар шаардлагатай бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан журмын дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх зэрэг боломж нөхцөл нээлттэй байжээ.

Иймд нэхэмжлэл, гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 971 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ