Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 182/2021/01228/И |
Дугаар | 210/МА2021/01646 |
Огноо | 2021-11-15 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2021/01646
2021 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 210/МА2021/01646 |
хххххх-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/01966 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч хххххх-ыннэхэмжлэлтэй хариуцагч хххххххХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч хххххшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би хххххххХХК-д 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Баянзүрх дүүрэг салбарын хххххххх төвийн захирлаар ажилласан. Ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдаж, сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл хххххххХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/267 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хххххххХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5 16.1, 5.28.1 дэх заалтуудыг үндэслэн ажлаас халсныг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.
1.Мөн сарын 21-ний өдөр хххххххХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын газраас 1 сарын хугацаатай ажлын удирдамжтай ирсэн боловч 1 өдөр шалгаад тайланг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Ажил олгогчийн ажлаас халсан тушаалын үндэслэлд намайг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн талаар ажлаас халсан тушаалд тодорхой дурдаагүй. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 12.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үздэг ч ямар байдлаар зөрчсөн талаар шалгалтын тайланд тусгаагүй болно.
2. Ковид 19 цар тахал гарсантай холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, ирцээ хүний нөөцийн программаар дамжуулан бүртгүүлж байсан. Миний компьютер их гацдаг, өглөө асахдаа хугацаа авдаг байсан учраас би өглөө орж ирэхдээ асаалттай байгаа компьютероор орж ирцээ бүртгүүлдэг байсан. Өөрийн эрхээ бусдад дамжуулан бүртгүүлсэн болон ажил тасалсан зүйл байхгүй. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.26, 9.27 дугаар зүйлд зааснаар бол ажил олгогч нь ирц бүртгэлтэй холбоотой асуудал гарвал ажилтнаас тодруулж, анхааруулах хуудас өгөхөөр заасан. Гэтэл 34 удаа эрхээ бусдаар дамжуулсан гэж буруутгасан боловч ямар шалтгааны улмаас яагаад ингэж дамжуулах болсон, үнэхээр дамжуулсан эсэх талаар тодруулалгүйгээр ажлаас халсныг зөвшөөрөхгүй байна.
3.Гадуур ажлын ирц бүртгэлийн дэвтрийг 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш бүртгүүлээгүй гэх боловч би гадуур явах бүрт бүртгүүлж байсан. Тодруулбал, мөн оны 3 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлсэн болох нь бүртгэлийн дэвтрээс харагдана.
4.Таван зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээн дээр зээл олгосон, тамга тэмдэг дараагүй, гарын үсэг зураагүй гэх боловч хэрэгт авагдсан баримтаар тэтгэврийн зээлд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч хххххххХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: хххххнь хххххххХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.28.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан. Мөн ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан нь нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон, 2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн эсвэл өөр этгээдийн хурууны хээг ирц бүртгүүлэх программд бүртгүүлсэн бол ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах гэсэн заалтыг зөрчиж, хүний нөөцийн ирц бүртгэлийн программаар өөр хүнээр ирцээ бүртгүүлсэн гэдэг нь баталгаажсан.
Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Эндээс харвал тасалсан өдөр нь 9, хоцорсон минут нь 432 гэдэг нь харагдана. Айпи /IP/ хаягийн хувьд 6 өөр компьютероор орж, ирцээ бүртгүүлсэн нь дотоод хяналт, шалгалтаар тогтоогдсон. Нэхэмжлэгчийн ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Ганболдыг хариуцагч хххххххХХК‑ийн Баянзүрх дүүрэг салбарын харьяа, хххххххх захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хххххххХХК-аас 6 877 259 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ганболдод олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч хххххх-ындээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч хххххххХХК-нд үүрэг болгож, .Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хххххнь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хххххххХХК-аас 124 986 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч хххххххХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай байгууллагаас хэрэгт ач холбогдол бүхий камерийн бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг шийдвэрлэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж, хууль тогтоомжийг зөрчсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн гэж дүгнэсэн хэрнээ нотлох баримтад бус, нэхэмжлэгчийн амаар хэлсэн тайлбарыг үндэслэн дүгнэлт хийсэн. Хэдийгээр шүүгчийн захирамжаар манай байгууллагаас тус камерийн бичлэгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ч бичлэгийн хэмжээ 8 терабайт буюу флаш, диск дээр хуулан өгөх боломжгүй их багтаамжтай байсан. Тус камерийн бичлэгт үзлэг хийсэн бол нэхэмжлэгчийн дээрх зөрчил тодорхой нотлогдох байсан.
Мөн хххххххХХК-ийн "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 5 дугаар зүйлийн 5.28.1-д дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болдог. Үүнд, хххххххХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.1 дэх заалт болон хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1-д тус тус хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсхүл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан нь нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон, 2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн эсхүл өөр этгээдийн хурууны хээг ирц бүртгүүлэх программд бүртгүүлсэн нь ноцтой зөрчилд хамаарах тул дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч хххххнь хариуцагч хххххххХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /хх-1-2, 180/
Талууд хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д заасан ... 2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн ... гэх ноцтой зөрчил тогтоогдсон эсэх талаар маргасан байна.
Хариуцагч тал дээрх үйл баримтыг буюу нэхэмжлэгчийг ажилдаа ирээгүй атлаа хүний нөөцийн программын эрхээ бусдад шилжүүлэн ирцээ бүртгүүлсэн гэх зөрчлийг нотлох зорилгоор Төрийн банкны Нарантуул тооцооны төвийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны камерийн бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон нотлох баримт байж болохгүй гэсэн зарчимд нийцэхгүй байна.
Шүүх талуудын маргааны гол зүйл болох ажлын цаг ашиглалттай холбоотой зөрчил гарсан эсэх үйл баримтыг тогтоож, хэргийг хянан шийдвэрлэхэд өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ирцээ бусдаар бүртгүүлсэн эсэх, ажилдаа цагтаа ирдэг эсэх, түүний цаг ашиглалтын байдлыг тодруулахад тус камерийн бичлэг нь нотолгооны ач холбогдолтой байх боломжтой байна.
Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх үүргийг хуулиар олгоогүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан тохиолдолд нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/01966 дугаар дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч хххххххХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 986 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ч.ЦЭНД