| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0291/Э |
| Дугаар | 500 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 17.2.2., 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 500
Б.Г холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 580 дугаар магадлалтай, Б.Г холбогдох 1809052890014 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2015 оны 3 дугаар сарын 20-нд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 2018 оны 5 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Б овогт Б. Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн, бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг завшсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд оногдуулсан ялуудыг нэгтгэж, түүний нийт эдлэх ялыг 2 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Г гаргасан гомдолдоо: “Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан бүх хохирлыг нөхөн төлсөн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж хэлсэн саналдаа: “Миний үйлчлүүлэгч бүх шатанд гэм буруугаа хүлээсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд орохоос өмнө хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Б.Г нь Эрүүгийн хуулийн 17.2 дүгээр зүйлийн 2, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаагаар нотолвол зохих асуудлыг бүрэн шалгасан байна.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан 2 жил 30 хоногийн хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял нь гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж дүгнээд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Гийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд прокуророос шүүгдэгч Б.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийг зүйлчилсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны салбар АТМ-аар үйлчлүүлж байсан хохирогч А.Бы Самсунг Эс-6 маркийн гар утас, бэлэн 710.000 төгрөг зэргийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн,
мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ай лофт баарны гадна хохирогч Г.Аийн хүзүүндээ зүүсэн байсан алтан гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
мөн 2018 оны 12 дугаар сарын 4-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ай Лофт бааранд хохирогч Г.Сийн өмчлөлийн гээгдүүлсэн Сумсунг Галакси Эс-8 маркийн гар утсыг завшиж, 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн, бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, түүнд оногдуулсан ялуудыг нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Гийн хохирогч Г.Аийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авсан үйлдлийг хохирогч А.Бы эд зүйлийг хүч хэрэглэж дээрэмдсэн авсан нэг төрлийн хүнд хэрэгт нь нэгтгэн зүйлчилж, түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулахаар заасан 2 жилээс 8 жил хүртэл хорих ялаас доод хэмжээ болох 2 жил хорих ялыг сонгож оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Гийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 580 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН