Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 470

 

 

 

 

 

 

 

              

 

2020 оны 02 сарын 18 өдөр                   Дугаар 183/ШШ2020/00470                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Цы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХУД ИТХ Ажлын албанд холбогдох, 

Хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, Хууль эрх зүйн хэлтсийн 5 хороо хариуцсан Иргэний танхимын ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөлсөөр ажиллах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Уртнасан, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2014.02.24-ний өдрийн Б/09 дугаар тушаалаар тус албанд 5 хороо хариуцсан Иргэний танхимын ажилтнаар анх ажилд томилогдон, ТҮ-4 ангиллаар 40%-ийн ур чадварын нэмэгдэлтэйгээр ажиллаж байсан. 2017.11.15-ны өдрийн Б/147 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авч үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө авсан. Хувийн байдлаас шалгаалан ажилдаа эргэн орох хүсэлтийг удаа дараа өгч 2018.10.05-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар ажилдаа орсон. Ажилд томилох тушаалд албан тушаалын зэрэглэлийн шатлалыг ТҮ-4-2, ур чадварын нэмэгдлийг шалгуур үзүүлэлтийн дагуу болгон бууруулж томилсон. Намайг хүүхэд асрах чөлөөг авахад миний орон тоон дээр түр тушаалаар Д.Баасанбадам гэдэг хүнийг ажилд авсан. Гэтэл 2019.01.11-ний өдрийн бүтэц орон тооны Б/02 дугаар /ажилд томилох тухай/ тушаал гарахад гэрээт ажилтнаар тушаал гарсан. Би хөлсөөр ажиллах гэрээг зөвшөөрөхгүй байхад Б.Цэрэн дарга бүтэц орон тооны өөрчлөлтөөр 3 ажилтанг гэрээт болгосноо танилцуулж, “гэрээт гэхээр эмзэглээд байх шиг байна, эрх зүйн байдлыг огтхон ч дордуулахгүй, цаасан дээрх гэрээ гэдгээс ялгарах зүйлгүй, гэрээ дуусгавар болно гэж санаа зовох хэрэггүй гэдгийг би батлан хэлнэ” гэсэн. Гэрээг 1 жилээр хийнэ гэчихээд 3 сараар хийх болсон. Тус гэрээг хийхгүй гэтэл албаны дарга Ж.Ичинноров “чи Ажлын албаны даргадаа итгэхгүй өөр яах гэсэн юм, бид нар нөөц бололцоогоо ашиглаад та нарыг үндсэн орон тоон дээр шилжүүлэхийг бодно” гэхэд би “та бичгээр надад хэлж амлалтаа бичээд өг” гэхэд Ажлын албаны даргадаа итгэ, гэрээний хугацаа дууслаа гээд халахгүй гэсэн дарга нарын үгэнд хууртаад гэрээний ажилтан болж, гэрээний хугацаанд цалин хөлс буурч 3 сард нэг удаа өгнө гэсэн урамшууллаа өгөхгүй байсан тул гэрээн дээр гарын үсэг зурахгүй байсан ч надтай өмнө хамт ажиллаж байсан шүүхдэж байгаад тооцооны нягтлан бодогчоор ажилдаа орсон Д.Цэцэгсүрэнг гарын үсэг зураагүй байхад нь цалин хөлс дур мэдэн олгосон гэж арга хэмжээ тооцно гэсэн яриа гараад 1 хүнийг ажил дээр нь арга хэмжээ авахуулаад яахав дээ гээд аргагүй эрхэнд гарын үсэг зурж ажилтан болж одоо гэрээ дуусч халагдаад байна. Намайг хуурч миний эрхийг зөрчиж ямар ч намын харьяалалгүй байхад өмнөх намын үед ажиллаж байсан гэж ялгаварлан гадуурхаж үндсэн орон тооны ажилтанг гэрээт болгосон нь ажлаас халах хэтийн зорилго байсныг мэдэлгүй дарга нарын амлалтад итгэснээс болж 2019.07.18-ны өдөр ажил дээрээ очиход гэрээ дууссан гэж албан ёсоор мэдэгдэлгүй цалинг зогсоож 8 сараас өөрөө нийгмийн даатгалаа төлөөрэй гэж ажилгүй болгоод байна. Иймд намайг хууль бусаар ажлаас халсанд гомдолтой байна. Миний оронд түр тушаалаар ажилд орсон Д.Баасанбадам нь МАН-ын идэвхтэн гишүүн, ХУД-ийн МАН-ын 4 үүрийн дарга хийж байсан хүнийг үндсэн орон тоон дээр ажилд авсан нь ашиг сонирхлын зөрчил, намаар төрийн албанд ялгаварлан гадуурхаж байна. Ажлын албаны 2019.01.11-ний орон тооны өөрчлөлтөөр Иргэний танхимын үндсэн орон тоон дээр 3 ажилтан, /1 нь жирэмсний амралттай/ гэрээт орон тоон дээр 10 ажилтан гэж баталсан. Гэтэл шинэ гэрээт ажилтан нэмж ажилд аваад байгаа атал үндсэн орон тоон дээр ажиллаж байсан ажилтнуудаа гэрээт болгоод халсанд гомдолтой байна. Гэрээний ажилтан нь үндсэн орон тооны ажилтнаас гүйцэтгэх ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөгүй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулж байсан. Хэдийгээр гэрээт ч гэсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах учиртай байсан ч ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн гэрээ хийгээгүйүй. Би ажиллах хугацаандаа ямар 1 зөрчил гаргаж байгаагүй, Улсын архивын үзлэг болж сүүлийн 2 сар хагас бүтэн сайнд амрахгүй зарим өдрүүдэд орой 22:00-23:30 хүртэл ажиллаж байснаас ажлаас хоцрох болон ажил тасалж байгаагүй. Тус Ажлын албаны 2019.01.11-ний Б/02 тушаал Төрийн албаны тухай хуулийн 49.1, 49.2-ыг зөрчсөн, хууль буруу тайлбарлаж үндсэн ажилтнуудыг гэрээт болгон ажлаас халах хууль бус ажиллагаа хийгдсэн тул хууль бусаар халсныг тогтоолгох, Хууль эрх зүйн хэлтсийн 5 хороо хариуцсан Иргэний танхимын ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлнэ. 2019.01.11-ны өдрийн Б/02 тоот тушаалаар гэрээт ажилтан болгож хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан, түр ажиллаж бай эргээд үндсэн ажилтан болгоно гэж тохиролцон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулаад 2019.07.19-ны өдөр гэрээний хугацаа дууссан гэж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Өмнөх ажлын байранд миний хийж гүйцэтгэж байсан ажилд өөр хүн томилон ажиллуулсаар байж, ажлын албаны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулж үүрэгт ажпаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь илт хуульд нийцээгүй, үндэслэлгүйгээр намайг ялгаварлан гадуурхаж, хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж гэрээ байгуулсан гэж үзэж байх тул Иргэний хуулийн 58.2.1-д зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцож зөрчигдсөн хэрийг сэргээн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн авах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу Ажлын албаны даргын 2018.10.05-ны 58 тоот тушаалаар иргэний танхим хариуцсан ажилтнаар томилсон. Тэргүүлэгчдийн Ажлын алба нь 2019.01.04-ний өдрийн Тэргүүлэгчдийн 03 тоот тогтоолоор бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн, иргэний танхим хариуцсан ажилтны орон тоо 3 болгож, 10 хүртэл гэрээт ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллахаар болсон. 2017 онд хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр 1-16 дугаар хороодыг хариуцдаг иргэний танхимын ажилтны орон тоог 4 болгон цөөрүүлсэн. Ажлын ачаалал, зохион байгуулагдаж буй арга хэмжээг харгалзан ажилтнуудыг хуваарилан ажиллуулдаг ба 5 дугаар хорооны иргэний танхим хариуцсан ажилтан гэж албан тушаал байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж зааснаар 2019.11.04-ний өдрийн бүтцийн өөрчлөлтөд иргэний танхим хариуцсан ажилтны орон тоо 3 болж байгаа, цалин бууруулахгүйгээр гэрээт ажилтнаар ажиллуулах талаар Ажлын албаны дарга Ж.Ичинноров нар Б.Цтай сонсох ажиллагаа хийж, тохиролцон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулсан. Энэ хугацаанд Б.Цы өргөдлийн дагуу эмчилгээ хийлгэхэд нь 500,000 төгрөгийн тусламж, 2019 оны хагас жилийн ажлын үр дүнг нь үнэлэн 627,928 төгрөгийн урамшууллыг олгосон. Хөлсөөр ажиллах гэрээг 2019.07.18-ны өдрийг хүртэл байгуулан, Ц нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай, ажлын ачаалал буурсан үед гэрээг сунгалгүй, ажлын ачаалал нэмэгдэх үед дуудан ажиллуулахаар тохиролцсон. Тухайн үед Ц өөрөө хөгжлийн бэрхшээлтэй учир нийгмийн даатгал тасрахгүй гэж байсан. Гэтэл харилцан тохиролцсон байтал нэхэмжлэгч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайх нэхэмжлэгчийг гэрээгээр үргэлжлүүлэн ажиллуулах байр суурь хэвээрээ. Бүтцийн өөрчлөлтийн чөлөөлөх болон томилох тушаал 2019 оны 01 сард гарахад Б.Ц уг тушаалуудтай холбогдуулан ямар 1 гомдол гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч шаардлагаа өөрчлөн ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны 2019 оны Б/01 “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалтай маргаж байна. Гэтэл хөлсөөр ажиллах гэрээтэй марган шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндсэн шаардлагатайгаа холбогдохгүй байх тул нэхэмжлэгч шаардлагаа зөв тодорхойлох шаардлагатай, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Ц нь Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанд холбогдуулан, хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, хууль эрх зүйн хэлтсийн 5 дугаар хороо хариуцсан иргэний танхимын ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагаа хөлсөөр ажиллах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулахаар нэмэгдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ бүтэц орон тооны Б/02 дугаар тушаалаар гэрээт ажилтан болгосон, ялгаварлан гадуурхаж үндсэн орон тооны ажилтанг гэрээт болгосон, Б/01 тушаал нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн, хууль буруу тайлбарлаж үндсэн ажилтнуудыг гэрээт болгон ажлаас халах хууль бус ажиллагаа хийгдсэн, Иргэний хуулийн 58хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж гэрээ байгуулсан гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн, иргэний танхим хариуцсан ажилтны орон тоо 3 болсон, нэхэмжлэгч хөлсөөр ажиллах гэрээг өөрөө хүлээн зөвшөөрч байгуулан ажиллаад гэрээний хугацаа дууссан, гэрээг үргэлжлүүлэн байгуулж ажиллуулна, бүтэц, зохион байгуулалт өөрчлөлт хийсэн тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргалаа.

 

Б.Ц нь 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 дугаар тушаалаар хороодын иргэний танхим хариуцсан ажилтнаар томилогдон, ТҮ-4 ангиллаар 40%-ийн ур чадварын нэмэгдэлтэйгээр ажиллаж, жирэмсний, амаржсаны, хүүхэд асрах чөлөө авсан, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар тус албаны Хууль тогтоомж, хурлын шийдвэрийн сурталчилгаа, хяналтын хэлтсийн Иргэний танхим хариуцсан ажилтнаар томилогджээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын алба нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот тушаалаар бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Б.Цыг Иргэний танхим хариуцсан ажилтны албан тушаалаас чөлөөлж, нэхэмжлэгчтэй 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 тоот Хөлсөөр ажиллах гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан бабйна.

 

Нэхэмжлэгчийн дээрх Б/01, Б/02 тоот тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Учир нь дээрх тушаалын талаар нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын алба нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс бүтэц, зохион байгуулалт өөрчлөлтөөр ажиллаж байгаа болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдлоо.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар тодорхойлжээ.

 

Б.Ц нь ажлаас халагдсанаа тушаал гарсан өдрөөр мэдсэн, үүнээс хойш гэрээний үндсэн дээр 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилласан, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш өөрөөс нь үл хамаарах буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах боломжгүй байсан нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ хууль мэддэгүй гэж тайлбарлаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй тул нэхэмжлэгчийн хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, хууль эрх зүйн хэлтсийн 5 дугаар хороо хариуцсан иргэний танхимын ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэхээр зохицуулжээ.

 

Тухайн тохиолдолд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 3 сарын хугацаатай байгуулагдсан 4 тоот Хөлсөөр ажиллах гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч ноцтой төөрөгдсөн гэж үзэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иргэний танхим хариуцсан ажилтны ажлын байрны үндсэн зорилтыг орон нутгийн хэмжээний бодлого шийдвэрт иргэдийн байр суурь, санал санаачлагыг тусгах, шийдвэр гаргагчдад иргэдийн санал, санаачлагыг хүргэх, тулгамдсан асуудлаар шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг, сургалт, семинар зохин байгуулах, хороодын иргэний танхимын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахаар тодорхойлсон нь    талуудын байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 2.1-д тусгагдсан байх тул хэлцлийн агуулгын хувьд ноцтой төөрөлдсөн гэж үзэхгүй юм.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХУД ИТХ Ажлын албанд холбогдох, хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, хууль эрх зүйн хэлтсийн 5 хороо хариуцсан Иргэний танхимын ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөлсөөр ажиллах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах тухай Цы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ