Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 516

 

А.Б, А.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, Я.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, А.Б, А.Б нарт холбогдох 1812004040073 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Б, А.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам, М.Идэрхангай нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт А.Б,

2.Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт А.Б нар нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Быг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч А.Бийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч А.Бт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 40 хоногийн хугацаагаар, шүүгдэгч А.Бд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар тус тус тогтоож,

шүүгдэгч А.Б, А.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б гаргасан гомдолдоо: “Миний бие 2018 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Соёлын төвд үдэшлэгт ороод гарч ирэх үед хохирогч гэгдэх Б.Б, П.Б нар Соёлын төвийн зүүн хойд үзүүр рүү дагуулан явж учир үл ойлгогдох шалтгаанаар намайг өөрийн ангийн хүүхдүүд болох М.М, Б, Б нартай бүлэглэн согтуугаар тал талаас өшиглөж зодсон.

Би гомдлоо зохих журмын дагуу гаргасан боловч нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч гэгдэх П.Б, Б.Б нарыг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан хэрэгт яллагдагчаар татагдан анхан шатны шүүхийн шийдвэрээр хорих ял авч хэлмэгдэн дараагийн шийдвэрийг хүлээн цагдан хоригдож байна.

Би өөрт учирсан хохирол гомдлоо шалгуулах гэтэл Архангай аймгийн Цагдаагийн алба 5 мөрдөгч, 3 прокурорын гар дамжуулан шалгаж, миний гомдлыг ужигруулан дарагдуулж эцэст нь шүүгдэгч, ялтан болгож байгаад гүнээ харамсаж байна. Ингэж буруугүйг буруутан болгож, өөрсдийн гэмт үйлдлийг бусдынх болгох үйлдлийг гардан хийсэн этгээд бол хохирогч гэх Б.Бийн нагац ах, цагдаагийн дэслэгч Б.Дэлгэрмөрөн бөгөөд миний гомдлыг нуун дарагдуулж, өөрийн нагац дүү Б.Бат-Эрдэнэ болон түүний найзууд, нэг ангийн хүүхдүүдийг ял завшуулж хэргийг шалгалгүйгээр дарсан. Цагдаагийн дэслэгч Б.Дэлгэрмөрөн нь миний хүсэлтийг огт хүлээж авахгүйгээр зөвхөн намайг төдийгүй миний дүү Бийг хоморголон холбогдуулан шалгаж хилс хэрэг бий болгож “ял халдаасан” гэж үзэж байна.

Миний бие нь П.Б, Б.Б нараас болж энэ хэрэгт холбогдсон. П.Б, Б.Б нар нь байнга залуусыг өдөөн турхирч, муу үйлдэлдээ татан оруулж, хүний чөлөөтэй байх эрхэд халдсан үйлдлийг хийхдээ гаршсан болохыг нутгийн зон олон бүгд ярьдаг. Өөрөөр хэлбэл энэ 5 залуус олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан этгээдүүд юм. Мөн энэ хэргийг шалгах явцад Б.Б толгойтой бүлэг залуус А.Б миний биеийг хохироосон хэргийг шалгаж өгөхийг хүсэхэд 3 прокурор дамжуулан мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж ажиллахдаа прокурор Цогбаяр даалгавар өгч байснаас өөр хэн нь ч даалгавар өгөөгүй, харин ч нуун дарагдуулсан.

Яагаад миний гомдлыг шалгахгүй байгаа талаар цагдаагийн дэслэгч Дэлгэрмөрөнгөөс асуухад өрөөндөө намайг дуудан оруулж, нэг шил архи гаргаад “эд нар чинь миний нагац дүү Б.Б, түүний ангийн найзууд байгаа юм” гэж хэлээд “харин Баа чи энэ хэргийг хүлээчихээч дээ, миний ажлын үзүүлэлтэд маш их хамааралтай, чамд ямар ч ял шийтгэл гэж байхгүй, би аргалчихна” гэж гуйж байж намайг хууран мэхлэж хэрэг хүлээлгэсэн. Мөн миний ээжид дүү Бийг хэргээ хүлээхгүй бол ял чинь хүндэрнэ гэж хэлүүлж Бийг хэргээ хүлээчих гээд яллах дүгнэлт үйлдэж гарын үсэг зуруулсан байдаг.

Тухайн хэргийг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг байнга зөрчсөөр ирсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн хүний биед шинжилгээ хийх тухай Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/216/422 тоот тушаалыг зөрчиж шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа хохирогч Б.Бийг биеэр нь оролцуулаагүйгээс гадна 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Тариат сумын эмч Батбаатарын 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Улсын нэгдсэн төв эмнэлэгийн амбулаторийн үзлэг хийсэн картнаас хамар ясны хуучин хугарал гэсэн хоёр баримтыг үндэслэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр шинжээч эмч С.Хишигмаа нь 559 тоот дүгнэлтийг хэрэг болсноос хойш даруй 4 сарын дараа буюу Бийг хот явсан хойгуур Бат-Эрдэнийн нагац ах буюу Дэлгэрмөрөн, шинжээч эмч С.Хишигмаа нар хуйвалдаж хуурамч дүгнэлт гаргасан байдаг.

Хохирогч Бийн хамрын хянган ясны гэмтэл нь хуучин гэмтэл болохыг мэргэжлийн эмч баталснаас гадна Бийн ээж Тариат сумын 10-н жилийн сургуулийн захирал Б давхар баталж өгсөн. Бийн ээж “миний хүү чинь юманд их өртөмтгий хүн байгаа юм, ноднин зун найз охин Дээсээ салж байгаа гэж орой нь гэрээсээ гараад нуурын хойшоо явж хүмүүстэй пиво уугаад тэндээ 2-З хүнтэй маргалдаж зодуулж, чулуу руу мөргүүлээд хамраа цөмөлсөн байсан, сумын эмчид үзүүлтэл савхаар хөшихөөр хамрын цөмөрхий гарчихдаг” гэж ярьж байсан.

Шүүгч П.Гандолгор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой энэ том зөрчлийг анхаарч үзээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн... Анхан шатны шүүхийн хайнга байдал нь давж заалдах шатны шүүхээс магадлал гарахад шууд нөлөөлсөн. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүний илтгэгч шүүгч Цэцэнбилэг нь хохирогч Б.Бийн ээж Бтэй олон жил дотно найз нөхдийн харилцаатай ба Б сургуулийн захирал болохын тулд захиргааны хэргийн шүүхээр явж хууль бус үйлдэл хийхэд нь туслаж байсан гэж нутгийн бүх багш нар ярьдаг... Иймд үйлдээгүй хэргээ хяналтын шатны шүүхээр хянуулж, цагаатгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б гаргасан гомдолдоо: “… 2018 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймаг, Тариат сумын Соёлын төвийн хойд талын үзүүрт 2 метр орчмын зайд шөнийн 01 цаг 15 минутын үед төрсөн ах Быг зүс таних хэдэн залуус газар унаган өшиглөж байхаар нь очиж салгаад юу болцгоогоод байгаа юм бэ? гэтэл Мөнх-Эрдэнэ гэдэг залуу манай найз танай ахтай жаахан маргалдаад, одоо зүгээрээ гээд салцгаасан. Эргээд гуанзанд орж ундаа аваад буцаад ирэхэд нөгөө согтуу залуус бүр олуулаа болсон байсан.

Би П.Бийг хүмүүстэй нийлж, миний ахыг зодож газар унагаж өшиглөсөн байсан учир хоёулаа уулзъя гээд хойш нь дагуулж яваад газар суугаад “яагаад ах нартайгаа маргалдаад байгаа юм бэ? Юу болсон юм бэ?” гэж асуусан, дуугарахгүй болохоор нь цээж рүү нь гарынхаа араар ёвроход Б намайг өшиглөчихөөд зугтаад явсан. Би ахыгаа аваад гэр лүүгээ харьсан. П.Бийг өөрөөр цохиж, зодсон зүйл болоогүй, би хэнд ч ямар ч гэмтэл учруулаагүй. Ах Быг цохиж зодож байхыг хараагүй, мөн ах бид хоёр хамт байгаагүй, бүлэглэн цохиж зодсон зүйл болоогүй. Тухайн цагт сумын Соёлын төвд баяр наадмын бүжиг болоод тарж байсан. Ах бид хоёрыг Б, Б нартай холбоотой гэж буруутган ял халдааж байгаа байцаагчийн санаатайгаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна...

Миний 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх хянаж үзээгүй. Мөрдөн байцаагч Б.Дэлгэрмөрөн нь хохирогч Бтэй садан төрлийн холбоотой нагац ах нь юм. Иймд ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзэж байна. Хийсэн хэргээ хүлээ, тэгвэл ял чинь хөнгөрнө, тэнсэрнэ гэж тулгасан. Удаа дараа үндэслэлгүйгээр таван мөрдөн байцаагч сольсон, тиймээс мөрдөгч нар нь хэргээ сайн ойлгохгүй байсан, тэр ч бүү хэл Төмөрхуяг овогтой Тыг гэрчээр байцаахдаа андуурч Т, Т хоёрыг гэрчээр байцаах тухай прокурор Цогтбаярын албан даалгавар хүртэл хавтаст хэрэгт байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2-т заасны дагуу шүүх шинжилгээний шинжээч эмч нь хохирогчийн биед үзлэг хийх замаар дүгнэлт гаргадаг. Тэгвэл шинжээч эмч Хишигмаа нь П.Б, Б.Б нарын эзгүйд, өөрийг нь байхгүйд амбулаториор эмчлүүлэгсдийн картыг үндэслэн 352, 559 тоот дүгнэлтийг хуурамчаар гаргасан. Энэ байдлаас харахад мөрдөгч, шинжээч нар эрүүгийн хэрэг үйлдсэн, мөн цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил үйлдсэн, өргөсөн тангаргаасаа няцсан байна.

Б.Бийн нагац ах Цагдаагийн дэслэгч Б.Дэлгэрмөрөн нь Бийн сумын эмч Батбаатарт үзүүлсэн эмчийн бичиг, эмнэлгийн картыг шинжээч эмч Хишигмаад аваачиж өгч, хөнгөн хохирлын дүгнэлт гаргуулсан гэж хохирогч өөрөө хэлдэг. Мөн Б.Б З дугаар сарын 24-нд 08 цаг 40 минутад миний төрсөн ах Бтай 89111737 гэсэн дугаараас 8804131З гэсэн дугаар руу залгаж ярихад “би 2018 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод байсан, би өөрийн биеэр шинжээч эмчид үзүүлсэн явдал байхгүй, ээж Дэлгэрмөрөн, шинжээч эмч нарт Батбаатар эмчийн бичгийг аваачаад дүгнэлт гаргуулсан” гэж өөрөө хэлдэг. Энэ нь эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 21.4-т зааснаар шинжээч зориуд худал дүгнэлт гаргах гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн явдал болсон.

Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эсвэл эдгээр үйлдэлд өдөөн турхирч татан оруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн гэх үйлдлийг миний бие огт гаргаагүй, үйлдээгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээр хэсэгт “...гэм буруутны ял зэмийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл садан, ойр дотны хүнд халдаан хэрэглэхгүй” гэж заасан байдаг. Энэ өндөр хариуцлагыг огт тооцохгүйгээр Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял халдааж байгаад маш их харамсаж байна.

Иймд миний хэргийг бүхэлд нь хянаж, Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 29 тоот магадлал, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 113 тоот шийтгэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Чимэдбадам гаргасан гомдолдоо: “1.Шүүхийн дүгнэлт нь хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй талаар: Эмч Х.Ганчимэгийн “Зүүн чихний сувагт улайлттай, хэнгэргийн төвд 3 мм орчим босоо цууралттай, бага зэрэг цус тав тогтсон” гэж тавьсан оношийн дагуу мөрдөгч нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэж, энэ өдрөө бүх оролцогч, мөн шинжээч Хишигмаад танилцуулжээ. Мэс заслын эмч Г.Батбаатар гэдэг хаанахын эмч, хэзээ үзсэн нь тодорхойгүй, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн С.Ариунжаргал гэдэг эмчийн оношоор шатлалын эмнэлэгт явуулах картыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 559 тоот шинжээчийн  дүгнэлт гаргажээ. Б.Б 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэмтэл авсан болох нь баримтаар тогтоогдоогүй, хавтаст хэрэгт авагдсан шууд болон шууд бус нотлох баримтууд нь илт зөрөөтэй, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байх боломжтой байхад нотлогдсон мэтээр дүгнэсэн.

2.Дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан талаар: А.Б анхан шатны шүүх хурал дуустал өмгөөлөгч аваагүйг шүүх анхаарч үзээгүй. А.Б өмгөөлөгч авсан бол ядаж нотлох баримтуудыг шалгуулах байсан.

3.Дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад А.Бын мэдүүлэг зэргийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй.

4.Шүүхээс шүүгдэгч нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн гэж дүгнэсэн. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдэхдээ хэрэгжүүлсэн арга, бусдын эд хөрөнгөд учирсан хохирол зэргийг харгалзан танхайрах зөрчил болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс ялган зүйлчлэнэ. Энэ гэмт хэргийн субъектив шинжийг бүрэн тогтоож чадаагүй. Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй учир энэ гэмт хэргээр гэм буруутайд тооцсон, ял оногдуулсан нь хууль бус болно.           

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1,1.3, 1.9-т заасныг ноцтой зөрчсөн. Архангай аймгийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч Б.Дэлгэрмөрөнгийн аав Баярсайхан нь хохирогч Б.Бийн аав Бийн ээж Цийн төрсөн дүү бөгөөд энэ талаар прокурорт хэлж байсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.2, 10.9-д заасныг тус тус зөрчиж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т зааснаар Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 29 тоот магадлал, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 113 тоот шийтгэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Идэрхангай гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч А.Б, А.Б нар нь хохирогч П.Бийн нагац ах, цагдаагийн мөрдөгч дэслэгч Б.Дэлгэрмөрөнгийн садан, дүү Б.Бд халдан зодож хамрыг нь гэмтээж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг үзэхэд Соёлын төвөөс 170 орчим метр зайд хүн, аниргүй мухар гудамжинд хэрэг гарсан болох нь баримтаар нотлогдож байна. Хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй, хэргийг шалгах үүрэг хүлээсэн мөрдөгч нарыг санаатай гэж ойлгогдохоор байн байн сольж, хэргийг тал бүрээс нь үнэн бодитоор шалгах ажиллагааг орхигдуулсан байгааг анхаарна уу.

Тухайн хэргийг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг байнга зөрчиж байсан. Мөн Шүүх шинжилгээний тухай хууль, хүний биед шинжилгээ хийх тухай Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/216/422 тоот тушаалыг зөрчсөн. Хохирогчийн биед үзлэг хийгээгүй, хохирогчийн эзгүй байхад дүгнэлт гаргасан байдаг. Шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа хохирогч нарын үгийг баримталсан. Яллагдагч А.Быг хохирогч П.Б, Б.Б нар нэр заасан объектын үүдэнд үл ялих шалтгаанаар ангийнхаа хүүхдүүдтэй нийлж бүлэглэн зодож, газар унаган өшиглөж байсан үйлдлийг мөрдөгч Б.Дэлгэрмөрөн нь шалгаагүй, асууж тодруулаагүй. Энэ үйлдлээс болж гэмт хэрэг үүссэн гэдгийг санаатайгаар дарагдуулсан байдаг.

Хохирогч Б.Бийг биеэр оролцуулалгүй, түүнийг Улаанбаатар хотод байхад шинжээч хөнгөн хохирол учирсан гэх дүгнэлт гаргажээ. Тухайлбал 2018 оны 7-р сард авсан зөөлөн эдийн гэмтлийн дүгнэлтийг шинжээч 2018 оны 11-р сарын 5-ны өдөр буюу 4 сарын дараа нөхөж гаргасан нь шүүгдэгч нарт ял халдаах арга хэрэгсэл болсон. Хохирогч Б.Бийн хамрын хянган ясны гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд үүнийг хохирогчийн эх Болор-Эрдэнэ давхар баталж байхад шүүгч П.Гандолгор анхаарч үзээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн юм.

Анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны хайнга байдал нь давж заалдах шатны шүүхийн магадлал гарахад шууд нөлөөлсөн. Илтгэгч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтэд бичигдсэнээр яллаж байна гэсэн нь шүүгчийн бие даасан хараат бус байдлыг үл ойшоосон гэж үзэхээр байна.

Шүүгдэгч А.Б бусдад бүлэглэн халдаж гэмтэл учруулсан, нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах үйлдэл гаргаагүй байхад хэрэг халдаан ял шийтгэсэн нь хавтаст хэрэгт тодорхой байна. А.Б энэ хэрэгт хамааралгүйг шалга гэсэн прокурор Н.Цогтбаярын даалгаврыг биелүүлээгүй.

Прокурор Б.Буяндалай хэргийг хянаж яллах дүгнэлт үйлдэхдээ бодит байдлыг гуйвуулсныг шүүгч нар удирдлага болгон шийтгэх тогтоол, магадлал гаргасныг Улсын Дээд шүүхээр хянуулах хууль зүйн үндэслэл гэж үзэн гомдол гаргав” гэжээ.

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ хэлсэн саналдаа:  “Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Гомдлын гол үндэслэл нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн. Шүүгдэгч А.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл хохирол учруулах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Я.Баатар хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.  Хохирогч нар нь ах дүү бөгөөд мөрдөгч Дэлгэрмөрөн нь хохирогч Б.Бтэй садан төрлийн холбоотой байсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргаж, тухайн асуудлыг шалгуулсан. Цагдаагийн ерөнхий газраас Дэлгэрмөрөнд хариуцлага тооцсон албан бичиг хавтас хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх А.Б, А.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй. Мөрдөгч Д.Дэлгэрмөрөн нь хохирогч Б.Бтэй садан төрлийн холбоотой тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар татгалзан гарах байтал энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Б, А.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Чимэдбадам, М.Идэрхангай нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч А.Б, А.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Б, А.Б нарыг 2018 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Соёлын төвийн гадна нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч П.Бийг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, 

мөн 2018 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Соёлын төвийн гадна бүлэглэж хохирогч П.Бийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан, 

шүүгдэгч А.Быг 2018 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Соёлын төвийн гадна хохирогч Б.Бийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар болон зүүн нүдний доод зовхины зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Б, А.Б нарын үйлдсэн хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хохирогч Б.Бийн биед учирсан гэмтлийг тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнээс гадна энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй мөрдөгч Б.Дэлгэрмөрөнгийн цуглуулж бэхжүүлсэн баримтыг шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна.

Энэ хэрэгт  мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч Б.Дэлгэрмөрөнгөөс бусад мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад 2018 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Соёлын төвийн гадна А.Б, А.Б нар нь хохирогч П.Бийн эрх чөлөөнд халдан зодож биед нь тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон боловч шүүгдэгч А.Б, А.Б нар нь хэрэг үйлдэгдсэн Соёлын төвийн орчим тус тусдаа өөр өөр цаг хугацаа болон орон зайд хохирогч П.Бийн эрх чөлөөнд халдаж зодсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх А.Б, А.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, энэ гэмт хэргийг үйлдэхдээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэсэн үндэслэл муутай хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Б, А.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Бын хохирогч П.Бийн толгойн зүүн хэсэгт өшиглөж зодсон, мөн шүүгдэгч А.Бийн хохирогч П.Бийн зүүн талын шанаа руу гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хэдий ч шүүгдэгч нарын хувьд санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэж “энэ хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.Б, А.Б нар нь тус тусдаа хохирогч П.Бийн эрх чөлөөнд халдаж, өшиглөж цохисон үйлдлийн шинж чанараас харахад тэдний хэн аль нь хохирогчийн биед тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн гэмтэл учруулж болох гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлийг хийсэн болох нь шүүхийн шийдвэрт дурдагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Тухайлбал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар мөрдөгч О.Мөнхтулгын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хохирогч П.Бээс авсан “…Б намайг гудамж руу оруулаад шууд тонгорч унагаад миний толгойны зүүн хэсэгт хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд босоод зугтаасан чинь манай найз Бийн хамар луу Б бас цохичихсон байхаар нь буцаж очтол Б гарч ирээд … дагуулж яваад … миний гэдэс рүү цохиод энд суучих, хоёулаа юм яриадхая гээд суусан чинь миний зүүн талын шанаа руу гараа атгаад цохисон. Тэгээд би зугтаасан...” гэх /хх-20/ мэдүүлэг,

мөн мөрдөгч Н.Ганболдын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч П.Бээс авсан “... А.Б, Т.Т нар хамт зогсож байгаад намайг А.Б дуудсан… Б намайг шууд гэдэс рүү гараа атгаж байгаад цохихоор нь та яаж байгаа юм бэ гэчихээд салаад яваад өгсөн. Тэгээд би жаахан байж байгаад буцаад иртэл… Ч, Б нар барьцалдаж аваад ноцолдоод эхэлсэн чинь Бын дүү Б гарч ирээд намайг бариад авсан, тэгээд гэдэс рүү 2 удаа цохисон санаж байна. Тэгээд намайг хажуу тийш нь унагаад өөрөө миний дээрээс дараад унахад нь манай найзууд татаж босгосон… Тэгээд би ганцаараа яваад нэлээд хол очоод сууж байгаад …буцаад Соёлын төвийн гадаа очиход … Б ирснээ чамаас болж ангийнхаа хүүхдийг зодчихлоо гэж хэлээд намайг барьж аваад газар унагаад миний өмсөж явсан курткыг урсан, … миний бүснээс бариад явж байхдаа Б … газар унагаасан, тэгээд толгой руу өшиглөхөөр нь би гараараа нүүрээ хаатал миний гар луу 3-4 удаа өшиглөсөн… тэгсэн араас Т нь ирээд миний нуруу луу 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь босоод зугтааж байгаад эргээд хартал манай найз Бийг Б нүүр лүү нь цохисон… Тэгээд бид нар салаад явсан. Б Соёлын төв рүү явсан. Гэтэл Бын дүү Б гарч ирээд намайг уулзая гэж дагуулаад явсан... Б намайг дагуулаад явж байхдаа элэг рүү нэг удаа цохисон. Тэгээд жаахан зайтай газар очоод энд суучих, хоёулаа юм яръя гэхээр нь… би нэг хөлөө нугалаад суутал миний зүүн талын шанаа руу цохисон. Тэгэхээр нь би босоод зугтаасан…” /хх-22/ гэх мэдүүлгүүд болон мөрдөгч Д.Баттогтохын 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу /хх-60/ Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 352 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-61/ зэргээр шүүгдэгч А.Б, А.Б нарын хэн аль нь хохирогч П.Бийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч А.Б, А.Б нар нь хохирогч П.Бийн эрх чөлөөнд халдаж түүнийг зодох үйлдлийг тус тусдаа өөр өөр цаг хугацаанд үйлдсэн боловч  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад шүүгдэгч нарын хэн аль нь гэм буруутай гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсон байх тул прокуророос шүүгдэгч А.Б, А.Б нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Б, А.Б нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч А.Б, А.Б нарын хохирогч П.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч А.Б, А.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Харин прокуророос шүүгдэгч А.Быг 2018 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Соёлын төвийн гадна хохирогч Б.Бийг зодож, эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамар болон зүүн нүдний доод зовхины зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэн шүүхэд шилжүүлсэн хэргийг дараахь үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөрдөгч Б.Дэлгэрмөрөн нь хохирогч Б.Бтэй төрөл садангийн холбоотой гэдгээ мэдсээр байж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь албаны шалгалтаар тогтоогдсон тул түүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасны дагуу “Цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

Иймд мөрдөгч Б.Дэлгэрмөрөнгийн 2018 оны 10 дугаар сарын 1, 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Бийг хохирогчоор тогтоож авсан мэдүүлгүүд /хх-16, 17/ болон тухайн хэрэгт хамааралтайгаар мөрдөгч Б.Дэлгэрмөрөнгийн бэхжүүлсэн бусад баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэв.

Түүнээс гадна хохирогч Б.Б урьд нь хамартаа гэмтэл авч байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байх бөгөөд мөрдөгч П.Дэлгэрмөрөнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу /хх-48/ шинжээч эмч С.Хишигмаа нь “Б.Бийн биед хамар ясны хугарал, хамар болон зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан” болохыг тогтоосон 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 559 тоот шинжээчийн дүгнэлт /хх-49/ гаргахдаа хохирогч Б.Бийн биед биечлэн үзлэг хийгээгүй, харин түүний амбулаториор эмчлүүлэгчдийн картанд бичигдсэн эмчийн үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэн хохирогч Б.Бийн биед учирсан хамрын ясны гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн нь эргэлзээ бүхий болжээ.

Иймд энэ талаар шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч А.Бын хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр магадлалын тогтоох хэсэгт:

“Прокуророос шүүгдэгч А.Б, А.Б нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч А.Б, А.Б нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч А.Б, А.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг тус тус нэмсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч А.Б, А.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчилсүгэй.

3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг бүхэлд нь, 5 дахь заалтын “шүүгдэгч нарын эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс тоолсугай” гэсэн хэсгийг, мөн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН