Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              А.Б, А.Б нарт холбогдох эрүүгийн

            хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Б.Буяндалай

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч             М.Идэрхангай

            Шүүгдэгч                                           А.Б, А.Б

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Идэрхангайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, А.Б, А.Б нарт холбогдох 1812004040073 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын             31-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмар эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Аын Б

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, статистикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Аын Б

 

А.Б, А.Б нар нь 2018 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Соёлын төвийн гадна нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч П.Бийг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдыг алдагдуулсан,

2018 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Соёлын төвийн гадна бүлэглэж, хохирогч П.Бийн эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан,

А.Б нь 2018 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Соёлын төвийн гадна хохирогч Б.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар болон зүүн нүдний доод зовхины зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас А.Б, А.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор “Шүүгдэгч Х овогт Аын Быг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б овогт Аын Бийг  нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 40 /дөч/ хоногийн хорих ялыг нэмж эдлэх ялыг 1 /нэг/ жил 40 /дөч/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж эдлэх ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 1 /нэг/ жил 40 /дөч/ хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Шүүгдэгч А.Б, А.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2019 оны 05 сарын 03-ны өдрөөс тоолж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Б, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ”

 

Шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч М.Идэрхангайгийн гаргасан давж заалдах гомдолд: “А.Б нь 2018 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Соёлын төвийн гадна нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч П.Бийг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. 2018 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Соёлын төвийн гацна бүлэглэж, хохирогч П.Бийн эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16-р зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт заасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 113 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Тус шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 1 дэх зааптанд А.Б нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бүлэглэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж гэм буруутайд тооцсоныг зөвшөөрөхгүй байна.

Хохирогч П.Б хх-ийн 20-21-р талд өгсөн мэдүүлэгтээ: Бид нар Соёлын төвөөс холдсон чинь А.Б гээд А.Бын дүү гарч ирээд миний цээжрүү 2-3 удаа цохисон гэх мэдүүлэг.

Хохирогч Б.Б хх-ийн 17-18-р талд: А.Б П.Бийн шанаан тус газар нэг удаа цохисон.

Гэрч А.Баярсайханы өгсөн мэдүүлэг хх-ийн 30-р талд: А.Б гэдэг ах ирчихсэн П.Бийг унагаагаад доороо хэвтүүлчихсэн байхаар нь би Б.Б ахтай очиж салгасан гэх мэдүүлэг

Гэрч М.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг хх-ийн 35-р талд: А.Бын дүү А.Б гэдэг залуу Соёлын төвөөс гарч ирсэн. П.Бт томроод хэн яагаад байгаа юм гэхээр нь манай найз танай ахтай жаахан маргачихлаа одоо зүгээр ээ ямар ч асуудалгуй, салцгаая гэж хэлсэн. Намайг харж байхад А.Б бол зүүн шанааны орчимд нэг цохисон.

 А.Б ах П.Бийг юм яръя гээд дагуулж явахаар нь Б.Б бид 2 дагаад явсан. Тэгэхэд А.Б ах П.Бийг сууя гээд газар суулгаад П.Бийн шанаа руу нэг удаа цохисон.

Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээс харахад 2019.05.03-ны өдрийн Архангай аймгийн Сум дунд Эрүүгийн хэргийн анхан шатны №2Ш9/шцт/113 тоот шийтгэх тогтоол нь:

1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

А.Б нь олон нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдэл оролцож, хийгээгүй. Нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх, мөн аж ахуй нэгж байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулсан гэх, эд хөрөнгө устгаж гэмтээсэн гэх гомдлууд хэнээс ч ирээгүй байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн 20.16-р зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуусан гэх эрүүгийн хуулийн заалттай огт тохирохгүй байна. Иймд А.Бд ял халдсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 20.16-ийн 1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч М.Идэрхангайгийн гаргасан давж заалдах гомдолд:Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.03-ны өдрийн №2019/шцт/113 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Тус шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 1 дэх заалтанд А.Б нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрниж бусдад хүч хэрэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бүлэглэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж гэм буруутайд тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Үүнд: Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, эдгээр үйлдэлд өдөөн турхираж татан оруулж хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрх, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх тодорхой өвөрмөц заалттай байдгыг прокурор, шүүхийн шатанд анхаарч үзээгүй байна. Энэ хэргийн объектив тал нь нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байдгаараа онцлогтой байдаг.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16-р зүйлийн 1дэхь хэсэгт заасан заалт практик амьдрал дээр нэгдсэн ойлголтод орж төлөвшөөгүй, Улсын дээд шүүхээс зарчмын хувьд үнэлэлт дүгнэлт гараагүй байдал нь А.Бт ял халдаж, эрх зүйн байдал нь илт доройтсон байна. Гэмт хэргийн зүйлчлэл илт буруу, давхар ял халдаасан нь илхэн харагдаж байна. Эрүүгийн хуулийн 20.16-р зүйлд нийтийн хэв журымг зөвхөн бүлэглэн зөрчсөн үйлдэл хийсэн тохилдолд гэмт хэрэг болохоор заасан байдаг.

Гэмт хэргийн бүрэлдэхүүн болох бүлэглэн зөрчих гэсэн үйлдэлд Б.Бын хувьд бусадтай нийлж бүлэглэн зөрчсөн гэх ямар ч үйлдэл хийгээгүй. Энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч П.Б хх-ийн 20-21-р талд өгсөн мэдүүлэгтээ; Архангай аймгийн Тариат сумын Суман багын Соёлын төвийн гадаа 00 цаг өнгөрч байхад би ангийнхаа хүүхдийн машинд суугаад явах гэтэл А.Б нь машинаас гараад ир гэсэн. Тэгээд би буугаад Соёлын төвийн араар тойроод мухар гудамж руү орсон. Б.Б бид хоёрын араас Т.Төмөрбат гэдэг залуу дагаж явсан. А.Б намайг харанхүй гудамжинд оруулаад тонгорч унагаагаад толгойн зүүн хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би босоод зугтаасан өшиглөсний улмаас чихний хэнгэрэг хагарсан. Намайг унагаад өшиглөж байхад Т.Төмөрбат бид 3 байсан. Өөр хүн тэр харанхуй гудамжинд байгаагүй. Хэн ч хараагүй. Би сүүлд нь болсон явдалыг ерөнхийд нь            Б.Б, А.Баярсайхан нарт хэлсэн. Тэд мэдэж байгаа гэх мэдүүлэг.

Энэ үйлдлээс харахад олон нийтийг хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдэл огт байхгүй. Мөн соёлын төвийн эрхлэгч болон удирдах албан тушаалтан нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх, мөн аж ахуй нэгж байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулсан гэх, эд хөрөнгө устгаж гэмтээсэн гэх гомдлууд хэнээс ч ирээгүй байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн 20.16-р зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуусан гэх эрүүгийн хуулийн заалттай огт тохирохгүй байна. Иймд А.Бт ял халдсан гэж үзэж байна.

Хохирогч Б.Б хх-ийн 17-18-р талд: А.Б миний элэг рүү нэг удаа гараараа цохиход нь та яаж байгаа юм бэ гэхэд юм ярихгүй зүгээр л яасан том болцон юм бэ гээл миний хамар руу гараараа цохисон. Тэгээд тарцгаасан. Би А.Бтай маргалдсан зүйл огт байхгүй. Зүгээр зогсож байхад П.Бтэй андуурсан юм уу гэж би бодсон. Бид хоёрын хооронд ямар нэгэн өр, өш хонзонгийн зүйл байхгүй. А.Баас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг.             Б.Б хохирогчийн өгсөн мэдүүлгээс харахад Эрүүгийн хуулийн 20.16-р зүйл заалттай огт таарахгүй байгаа нь илхэн байна.

Гэрч Т.Төмөрбатын өгсөн мэдүүлэг хх-ийн 27-29-р талд: А.Б П.Б гэх залуутай маргалдаж муудалцаад байсан. А.Б П.Б нь Соёлын төвийн хойно байдаг харанхуй гудамжинд хашааны цаад талд барьцалдаж байгаад П.Бийн дээрээс А.Б газар унахад нь би босгосон. Тэгээд П.Б гүйгээд яваад өгсөн. П.Бийг хэн зодсонг би хараагүй. Маргааш нь П.Бийн гэрт ороход П.Бийн нэг гар нь хөхөрсөн байсан, чих өвдөөд байна гэж хэлж байсан. Өөр бэртэл гэмтэл байгаагүй гэх мэдүүлэг. Энэ гэрчийн мэдүүлгийг харахад болсон үйл явдлыг шууд анзаарч харсан өөр хүн байхгүй. Бид 3 явж байсан гэх хохирогч П.Бийн мэдүүлэгтэй таарч байдаг.

Гэрч А.Баярсайханы өгсөн мэдүүлэг хх-ийн 30-р талд: А.Б ах П.Б дээр очоод машинаас буулгаад Т.Төмөрбаттайгаа цуг соёлын төвийн арын гэр хороолол руу дагуулаад явсан. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй, бид нар яваад өгсөн. Дараа нь эмнэлэгт П.Б үзүүлсэн чинь чихний хэнгэрэг хагарсан байна гэж ярьж байсан. А.Б л гэмтэл учруулсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг.

Гэрч М.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг хх-ийн 35-р талд: П.Бийн өөрийнх нь яриагаар бол соёлын төвийн арын харанхуй гудамжинд оруулаад Т.Төмөрбаттайгаа нийлээд зодсон. Толгой руу нь өшиглөөд л байсан гэж ярьсан. Тухайн үед ил харагдах бэртэл, гэмтэл байгаагүй, харагдаагүй. Маргааш нь П.Б надад миний чих өвдөөд байна. Хэнгэрэг цоорчихсон юм шиг байна гэж ярьж байсан. Би тухайн зодсон эсэхийг нүдээр хараагүй гэх мэдүүлэг.

Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээс харахад 2019.05.03 ны өдрийн Архангай аймгийн Сум дунд Эрүүгийн хэргийн анхан шатны №2019/шцт/113 тоот шийтгэх тогтоол нь:

1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 20.16-ийн 1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Буяндалай би давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Эрх зүйт ёс, хууль ёс төлөвшсөн энэ нийгэмд амьдарч байгаа хүн өөрийнхөө үйлдлийг хуульд нийцүүлэн амьдрах ёстой. Гэтэл шүүгдэгч нар нь гудамж, талбайд ямар нэгэн шалтаг, шалтгаангүй хэрүүл, маргаан үүсгэж, 2 хүний биед халдаж гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч А.Б, А.Б нарын нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Идэрхангай шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Давж заалдах гомдлоо бүрэн дэмжиж  байна. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тайлбарласан. Сая прокурор ярихдаа А.Бын хувьд гээд яриад байна. А.Б өөрөө н.Бат-Эрдэнэ, н.Батдэлгэр нарын 5 хүнд зодуулаад газар хэвтэж байсан. Осоод ирэхэд н.Батдэлгэр урд нь зогсож байсан, тэгээд н.Батдэлгэрийн хамар руу цохисон. Харин А.Б нь миний ахыг яагаад зодоод байгаа юм бэ гээд Бат-Эрднийг доош нь суулгаж байгаад элэг рүү нь 2-3 удаа цохисон ийм л үйлдэл болсон. Олон нийтийн амгалан тайван байдлыг шөнийн 01 цагт алдагдуулж, хүн, амьтныг өдөөн турхирсан үйлдэл болоогүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг бол өөрөөр хэлбэл ялыг бусдад халдааж хэрэглэхгүй байх үндсэн зарчимтай. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болоогүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Бусдад зодуулж байгаа ахыгаа өмөөрсөн хүнд яагаад ял халдааж, 45 хоног цагдан хорьж байгаа юм бэ. Би энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллах хугацаандаа Архангай аймагт 3-4 удаа ирлээ. А.Бын 2 сартай жаахан охин байна, аав, ээж нь хөдөөнөөс гэрээ аваад аймагт ороод ирчихсэн, байнга надтай холбоотой байгаа. Үндсэндээ гэр бүлээрээ хохирчихсон. Мөрдөн байцаагчид нь хэлэхээр миний ажлын үзүүлэлт болохоо байчих гээд байхаар нь би ингэчихсэн юм гээд байдаг.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.Б нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч А.Б нь  нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан А.Бын нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, А.Бийн  нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  үйлдлүүдэд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс А.Б, А.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт тус тус заасан хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан “хорих” ял оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Иймээс Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Б, А.Б нар нь олон нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдэл оролцож хийгээгүй. Нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх, мөн аж ахуй нэгж байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулсан гэх, эд хөрөнгө устгаж гэмтээсэн гэх гомдлууд хэнээс ч ирээгүй байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн 20.16-р зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуусан гэх эрүүгийн хуулийн заалттай огт тохирохгүй байна гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлавал шүүгдэгч нарын үйлдэл нь нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ, зан заншил, ёс суртахууны шаардлага болох нийгмийн нэг хэсгийн амрах, нөгөө хэсгийн чөлөөт цагаа бүжиглэх замаар өнгөрүүлж буй үйлдлийг үл ойшоон, нийгмийн нэг хэсэг болох хэд хэдэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж улмаар гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон, дээрх гэмт хэргүүдэд хэн нэгэн гомдол гаргасан эсэх, хэн нэгэн гомдол гаргаагүй бол шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нар нь хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад тус бүр 46 хоног цагдан хоригдсон болно.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч А.Б, А.Б нар нь хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад тус бүр 46 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

                              ШҮҮГЧИД                                     Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ