Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01654

 

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01654

 

А.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2021/01618 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Л-гийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02013 дугаар захирамжаар хариуцагч А.Л-гээс 114 487 635 төгрөгийг гаргуулж, Рилайнс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч НШШГГ- дээрх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч А.Л- миний өмчлөлд өмнө нь бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг миний төлбөрт холбогдуулан үнэлүүлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заажээ. Гэтэл хариуцагч НШШГГ- нь төлбөр авагч байгууллагын өмчлөлд бүртгэлтэй байгаа эрхийн улсын бүртгэлийн Э-2203006906 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг 2 гудамжид байрлах нэгж талбарын 1462906285 дугаартай, 2,882 м.кв талбайтай амралтын зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021979, Ү-2203021980, Ү-2203021981, Ү-2203021984, Ү-2203021987, Ү-2203021988 дугааруудад бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулаг 2 гудамж, 68/1, 68/2, 68/3, 68/6, 68/9, 68/10 хаягт байршилтай тус бүр 83.9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөндлөнгийн шинжээч томилон 286 938 000 төгрөгөөр үнэлүүлснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч байгууллагын томилсон шинжээч болох Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Э-2203006906 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг 2 гудамжинд байрлах нэгж талбарын 1462906285 дугаартай, 2.882 м.кв талбайтай амралтын зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021979, Ү-2203021980, Ү-2203021981, Ү-2203021984, Ү-2203021987, Ү-2203021988 дугааруудад бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулаг 2 гудамж 68/1, 68/2, 68/3, 68/6, 68/9, 68/10 хаягт байршилтай тус бүр 83.9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөндлөнгийн шинжээч томилон 286 938 000 төгрөгөөр үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2013 дугаар захирамжаар А.Л-гээс 113 783 660 төгрөгийг гаргуулж, Рилайнс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч А.Л-гийн барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Э-2203006906 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг 2 гудамжид байрлах нэгж талбарын 1462906285 дугаартай, 2.882 м.кв талбайтай амралтын зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021979, Ү-2203021980, Ү-2203021981, Ү-2203021984, Ү-2203021987, Ү-2203021988 дугааруудад бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулаг 2 гудамж 68/1, 68/2, 68/3, 68/6, 68/9, 68/10 хаягт байршилтай тус бүр 83.9 м.кв талбайтай амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 19280389/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 19280389/03 дугаар тогтоолоор хураасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан эд хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг талуудад 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 4-190/29779 дүгээр албан бичгээр мэдэгдсэн боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн саналаа ирүүлээгүй тул 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 8/391 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг томилоход хөрөнгийг 286 938 000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоож, үнэлгээний тайланг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн. Талуудад хөрөнгийг үнэлгээг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2-190/31969 дүгээр албан бичгээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар тогтоож, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4-190/34152 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Хэрэв төлбөр авагч Рилайнс ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгийг хурааж, үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бол төлбөр төлөгчийн ямар эрх ашиг хөндөгдөж байгааг тодорхойлох нь хууль зүйн үндэслэлтэй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг ижил байрлалтай үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулан жиших аргаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гаргаагүй байна. Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хугацаанд нь танилцуулж мэдэгдээд, тэмдэглэл үйлдсэн байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр танилцуулсан бөгөөд үүнээс хойш 7 хоног тоологдох ёстой. Нэхэмжлэгч нь хуулийн хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэл гаргах эрхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Л-гийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч А.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт " Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл болон мөн зүйлийн 44.2.8 зааснаар хариуцагч нь төлбөр төлөгчийн эсхүл барьцааны хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулна, хариуцагч нь төлбөр авагчийн өмчлөлд бүртгэлтэй, түүний эзэмших эрхэд шилжүүлсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн тус заалтад нийцэхгүй байна. Гэвч нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 115 дугаар зүйлд зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "өмнө нь миний өмчлөлд бүртгэлтэй байсан буюу одоо төлбөр авагчийн өмчлөлд шилжигдчихсэн байгаа хөрөнгүүдийг миний төлбөрт холбогдуулан үнэлүүлж байгаа нь үндэслэлгүй байна" гэж тодорхойлсон болно. Өөрөөр хэлбэл, Шүүх хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж хураан авсан гэж дүгнэсэн тул нэгэнт хууль зөрчсөн ажиллагааны үндсэн дээр хийгдсэн үнэлгээ хүчинтэй байх үндэслэлгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.Л- хариуцагч НШШГГ-т холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

 

Хариуцагч байгууллага нь Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг А.Л-д 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гардуулж, тэмдэглэл үйлдсэн, нэхэмжлэгч А.Л- 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр С.Өнөрзаяад итгэмжлэл олгосон байна.

А.Л- нь 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргахаас өмнө Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/Ш32021/03315 тоот захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байх боловч тухайн нэхэмжлэлийг шүүхэд хэзээ гаргасан нь тодорхой бус, шүүгчийн захирамжид энэ талаар заагаагүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг шүүх зөв хэрэглэсэн эсэхийг дүгнэх боломжгүй байхаас гадна Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тухай дүгнэлтэд ...нэгж талбарын 18641330449078 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай, амралт сувиллын зориулалттай 2880 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрын үнэлгээнд багтсан эсэхийг шүүх дүгнээгүй орхисон байна. / хх-ийн 48, 52-61 /

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02013 дугаар захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад А.Л-гийн өмчлөлийн амралт сувиллын зориулалттай Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Баянбулаг /14111/, 2 дугаар хэсэгт байрлах Ү-2203021979 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү-2203021980 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү-2203021981 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү-2203021987 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү-2203021988 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү-2203021984 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг, мөн нэгж талбарын 18641330449078 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай, амралт сувиллын зориулалттай 2.882 м.кв газрын эзэмших эрхийг тус тус төлбөр авагч Рилайнс ББСБ ХХК-д шилжүүлсэн байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох эсэхийг тодруулсны үндсэн нэхэмжлэл үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх учиртай болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах үндэслэл бүрдсэн эсэх, хариуцагч байгууллага нь албадан дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон эсэх зэргийг эрх зүйн үүднээс дүгнэх шаардлагатай.

 

Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүйгээс гадна давж заалдах шатны шүүхээс хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2021/01618 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Н.БАТЗОРИГ