Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01683

 

 

 

 

 

 

 

 

 

“У” ХХК-иудын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/02061 дугаар шийдвэртэй, “У” ХХК “О” ХХК-ийн нэхэмжлэлтэйТ ХХК-аас гэрээний үүрэгт 398,043,288 төгрөг, ТК ХХК-аас 160,779,844 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ч.Отгонсод, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дашдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч талын төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Отгонсод би “О” ХХК, “У” ХХК-уудыг үүсгэн байгуулж, өөрөө гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.

Манай компаниуд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах Далангийн нүүрсний уурхай буюу “Фриендшип ресурсис” ХХК-ийн эзэмшлийн уурхайн үйл ажиллагааг инженерийн багаар удирдаж байсан.

“Т” ХХК-ийн захиралтай тохиролцож 2018 оны 10 дугаар сараас эхлэн тус компанид компанийнхаа нэрээр нүүрс худалдан борлуулсан. “У” ХХК нь аман тохиролцоогоор нүүрс нийлүүлж байгаад хожим нь “Т” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уурхайгаас 18,000 тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцсон.

“Т” ХХК нь ангилсан нүүрсийг худалдан авсаар байсан ба нийт нүүрсний 50 хувийг бартераар, үлдсэн 50 хувийг төгрөгөөр худалдан авах санал тавьж, түүнийг манай байгууллага зөвшөөрч нүүрс нийлүүлсэн. “У” ХХК нь “Т” ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 20,136.05 тонн буюу 658,751,688 төгрөгийн нүүрс нийлүүлсэн, манай компанид 145,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар төлсөн, бартераар 2 ш ковшийг 192,192,000 төгрөгөөр тооцон өгч, нийт 337,192,000 төгрөгийн төлбөрийг төлж 321,559,688 төгрөгийг төлөөгүй байна. Иймд үлдэгдэл 321,559,688 төгрөгийг “Т” ХХК-аас гаргуулж “У” ХХК-д олгож өгнө үү.

Мөн “О” ХХК нь “Пауэр ланд” ХХК-ийн уурхайгаас олборлосон нийт 4369,6 тонн нүүрсийг “Т” ХХК-д 218,483,600 төгрөгөөр худалдсан. Гэвч “Т” ХХК нь 142,000,000 төгрөгийг төлж, 76,483,600 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд “Т” ХХК-аас дээрх нүүрсний төлбөрийн үлдэгдэл 76,483,600 төгрөгийг гаргуулж “О” ХХК-д олгож өгнө үү.

“У” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Нүүрс худалдах, худалдан авах гэрээний 2.3-т “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Найрамдал хотхонд байрлах Твин хаусны 242-14 болон 242-15 тоот хаалга тус бүр 122 м.кв талбайтай, нийт 800 м.кв газартай байшинг бүрэн ашиглалтад орсон байдалтайгаар, газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хамтаар Ч.Отгонсодын нэр дээр шилжүүлэн өгнө” гэж тохиролцсон. Уг заалтын дагуу Ч.Отгонсод “ТК” ХХК-тай амины орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, “ТК” ХХК нь дээрх 2 орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор барьж, ашиглалтад оруулж, өмчлөлд шилжүүлнэ гэсэн атлаа янз бүрийн шалтгаан тоочиж, орон сууцыг банкны барьцаанд байгаа гэх болсон.

Иймд уг орон сууцууд Ч.Отгонсодын өмчлөлд шилжих боломжгүй болсон тул гэрээний 6.3-т зааснаар 0,1 хувийн алдангийг “У” ХХК нь “Т” ХХК-тай байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 321,559,688 төгрөгөөс тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэхь хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлаж, амины орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэг биелүүлээгүйтэй холбоотой алданги 160,779,844 төгрөгийг “ТК” ХХК-аас гаргуулж “У” ХХК “О” ХХК-иудад олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч тал 18,000 тонн нүүрс нийлүүлэх, уг нүүрсний төлбөрт хариуцагч тал бартераар орон сууц өгөхөөр тохиролцсон.

Гэрээнд нүүрсний илчлэг, калорийг заахдаа 4500 к.кал болон 3500 к.кал гэж 2 янзын нүүрсийг 18,000 тонныг нийлүүлэхээр гэрээний гол нөхцөлийг тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч тал 5000 к.кал-с дээш илчлэгтэй 1 тонн нь 43,750 төгрөгийн нүүрс, 5000к.кал-с бага илчлэгтэй 1 тонн нь 26,000 төгрөгийн нүүрс, 4500 к.кал илчлэгтэй 1 тонн нь 35,000 төгрөгийн үнэтэй нүүрс гэх мэтчилэнгээр гэрээнд заагаагүй үнэ төлбөрийн нэхэмжлэл гаргасан.

Иймд “Т” ХХК-иас нийт 482,339,532 төгрөгийг гаргуулна гэх шаардлага үндэслэлгүй.

Нүүрсний үнэ гэх 321,559,688 төгрөг болон алданги 160,779,844 төгрөг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй.

 “О” ХХК-тай “Т” ХХК болон “ТК” ХХК ямар нэгэн гэрээ байгуулаагүй. “О” ХХК-иас “Т” ХХК болон “ТК” ХХК-иудад нүүрс хүлээлгэж өгсөн баримт байхгүй тул “О” ХХК нь 76 483 600 төгрөгийг шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.

 “У” ХХК-аас 4369,6 тонн нүүрсийг 50,000 төгрөгөөр тооцон “Т” ХХК авсан. “Т” ХХК нь нийтдээ 41,332,350 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэгдэл шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

“ТК” ХХК-ийн хувьд нэхэмжлэгч талтай ямар нэгэн нүүрс худалдах, худалдан авах талаар гэрээ байгуулж байгаагүй тул “ТК” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Амины орон сууц захиалах, хөрөнгө оруулалтын гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Уг гэрээнд “ТК” ХХК-ийн захирал Г.Нандинцог гэж гарын үсэг зурсан боловч, Г.Нандинцог нь тус компанийг бүрэн төлөөлөх эрхтэй этгээд биш болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагддаг.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнд алданги тооцох талаар тохиролцоо байхгүй.

Хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэгч “У” ХХК-иас худалдаж авсан 20,136 тонн нүүрсийг нэгжийн үнийг 15,000 төгрөгөөр тооцож, 302,048,750 төгрөг, түүн дээр “Пауэр ланд” ХХК-ийн өндөр чанартай нүүрс гэх 4369,6 тонн нүүрсний нэгж үнийг 50,000 төгрөгөөр тооцож 218,483,600 төгрөг, нийт 520,324,350 төгрөг төлөхөөс 479,192,000 төгрөгийг төлсөн, одоо 41,524,600 төгрөгийн үлдэгдлийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 321,559,688 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д, 76,483,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч “У” ХХК болон “О” ХХК-ийн хариуцагч “ТК” ХХК-иас 160,779,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч “У” ХХК-аас төлсөн 1,765,748 төгрөгийг, нэхэмжлэгч “О” ХХК-аас төлсөн 412,418 төгрөгийг, мөн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 961,849 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 127,950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгон, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,765,748 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “У” ХХК-д, 540,368 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн. Учир нь анхан шатны шүүх “Т” ХХК-аас 321,559,688 төгрөгийг гаргуулан шийдвэрлэхдээ гагцхүү талуудын хооронд харилцаж байсан цахим захидалд үзлэг хийх явцад дээрх хэмжээний төлбөр тооцооны үлдэгдэлтэй болох тогтоогдож байна хэмээн үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэл болгосон. Гэтэл хоорондоо харилцсан гэх цахим захидал явуулсан баримт нь хүснэгт хэлбэртэй файл байх ба хэн нэгний гарын үсэг байхгүй, хэнд явуулаад байгаа нь тодорхойгүй, ямар нэгэн тамга, тэмдэг байхгүй баримт байдаг.  Өөрөөр хэлбэл, харилцсан гэх цахим захидал нь шууд нотлох баримтын ангилалд хамаарахгүй ба шууд бус нотлох баримт юм.

Бичгээр тооцоо нийлсэн акт үйлдэхдээ үнийн дүн буруу гэж акт үйлдэж байсан.  Байгууллагын төлөөлөгч нар гарын үсэг зураагүй, тамга, тэмдэг дараагүй баримтыг цахим захидлаар тооцоо нийлсэн, зөвшөөрсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай. Түүнчлэн хоорондоо харилцсан гэх зурвас /мессэж/-аар тогтоогдож байна хэмээн дүгнэлт хийсэн ба уг харилцсан зурвас /мессэж/-д ямар ч үлдэгдэл төлбөр, нүүрсний хэмжээний талаар дурдсан зүйлгүй байхад мөн л энэ баримтаар тогтоогдож байна гэх мэт хийсвэр дүгнэлт хийсэн.

Анхан шатны шүүх цахим захидалд үзлэг хийх явцыг шүүх хурлаас өмнө боломжит хугацаанд хийж, үзлэг хийсэнтэй холбоотойгоор талуудыг нотлох баримт гаргаж өгөх, тайлбар гаргах боломжоор хангах байсан боловч шүүх хурлын өмнө үзлэг хийж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс и-мэйлтэй холбоотой нөхцөл байдлыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өөрт ашигтай байдлаар өмнө нь яригдаж байгаагүй байдлаар тайлбарлаж оролцсон.

 “О” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан ямар нэгэн гэрээ хэлэлцээр байхгүй, бараа материал нийлүүлсэн баримт байхгүй байхад манай байгууллагаас 76,483,600 төгрөгийг гаргуулж “О” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ойлгомжгүй байна. Төлбөр гаргуулахаас өмнө хэн хэний хооронд хэзээ, ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг дүгнэх нь зүйтэй боловч анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 321,559,688 төгрөг, нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 76,483,600 төгрөг, нэхэмжлэгч компаниуд хариуцагч “ТК” ХХК-д холбогдуулан алданги 160,779,844 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилснийг хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэгч “У” ХХК-д 41,332,350 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг, “ТК” ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл, “У” ХХК нь “Т” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах тухай гэх нэртэй 18/12/01 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр худалдагчаас худалдан авагчид 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд шигшсэн 0-3 см хэмжээтэй, 3500 ккал-с доошгүй илчлэгтэй нүүрс 12000 тонн, шигшсэн 4-6 см хэмжээтэй, 4500 ккал-с доошгүй илчлэгтэй нүүрс 6000 тонн, нийт 18,000 тонн нүүрс нийлүүлэх, худалдан авагч нь дээрх нүүрсний үнэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Найрамдал хотхонд байрлах Твин хаусны 242-14 болон 242-15 тоот хаалга тус бүр 122 м.кв талбайтай, нийт 800 м.кв газартай байшинг бүрэн ашиглалтад орсон байдалтайгаар, газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хамтаар Ч.Отгонсодын нэр дээр шилжүүлэн өгөх агуулгатай тохиролцоо хийсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээний шинжийг агуулсан, харилцан эд зүйлс солилцохоор тохиролцсон байна.

 

Дээрх тохиролцооны дараа талууд нүүрсний үнэд орон сууцыг бүрэн ашиглалтад орсон байдлаар шилжүүлэх үүргийг сольж, мөнгөн хөрөнгө болон техник хэрэгслээр төлбөрийг төлөхөөр тохиролцсон нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Фриендшип ресурсис” ХХК-ийн Далангийн уурхайгаас “Т” ХХК-д ачуулсан нүүрс өглөг, авлагын тооцоо, зарлагын баримт, талуудын тайлбар, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогджээ.

 Талуудын гэрээгээр тохиролцсон 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлэх 2 төрлийн нүүрс буюу 2 өөр чанар, хэмжээ бүхий нүүрсний үнэ тодорхой бус, гэрээний нийт үнийг орон сууц гэж тодорхойлсноор гэрээний үнийг мөн тодорхойлох боломжгүй тохиолдолд талуудын тайлбар болон бусад баримтыг үнэлж шүүх маргааныг шийдвэрлэх учиртай юм.

Хэрэгт 2 байгууллагын нягтлан бодогч нарын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Фриендшип ресурсис” ХХК-ийн Далангийн уурхайгаас “Т” ХХК-д ачуулсан нүүрс өглөг, авлагын тооцоо, “Пауэр ланд” ХХК-н уурхайгаас “Т” ХХК-д борлуулсан нүүрсний орлого, үлдэгдлийн тооцоо гэх баримтууд нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг баримтад заасан үнийн дүнгээр нь тулгаж харьцуулан дүгнэвэл гэрээний төлбөрт авсан хоёр ковшийг тооцож, авснаас бусад нүүрсний үнийг 6 төрлөөр тодорхойлж, 6 төрлийн нүүрсийг тус бүрийн тонн тутмын үнийг тодорхойлох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, 2 компанийн нягтлан бодогч уг баримтад гарын үсэг зурсан боловч хариуцагч талын нягтлан бодогч үнийг тодорхойлж мэдэхгүй гэсэн тэмдэглэл үйлдсэн байгаа байдалд шүүх дүгнэлт өгөөгүй байна.

 

Далангийн нүүрсний уурхайн “Пүү”-ний мэдээ гэх баримт хэрэгт авагдсан боловч уг баримтаас хариуцагч байгууллагын хариуцвал зохих буюу хүлээн авсан нүүрсний тоо хэмжээг нэхэмжлэгч талын үйлдсэн баримтаар тодорхойлох нь учир дутагдалтай.

 

Талуудын гэрээний үүргээ биелүүлсэн, нийлүүлсэн нүүрсний үнийг хэдэн төгрөгөөр тооцсон, хариуцагчийн гэрээний үнэд шилжүүлэх орон сууцны оронд төлсөн мөнгөн төлбөр хэд болох, нүүрсний үнэд шилжүүлсэн ковшийг хэдэн төгрөгөөр тооцсон, гэрээний үнэд хэд төгрөг төлөхөөр үлдсэн байгаа гэдгийг хэрэгт цугларсан баримтууд, талуудын мэтгэлцсэн байгаа тайлбарын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх тодруулах шаардлагатай бөгөөд дээрх нөхцөл байдлыг тодруулснаар алдангийн зохицуулалтыг хэрхэн хэрэглэх гэдэг нь тодорхой болох юм.

 

Иймд хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх тогтоогоогүйтэй холбоотой хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, уг алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин анхан шатны шүүх и-мэйлд үзлэг хийх явцыг шүүх хурлаас өмнө боломжит хугацаанд хийж, үзлэг хийсэнтэй холбоотойгоор талуудыг нотлох баримт гаргаж өгөх, тайлбар гаргах боломжоор хангаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагад илгээсэн тооцоолол бүхий баримт, и-мэйлд үзлэг хийсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/02061 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,148,166 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА