Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2022/01971

 

 

 

 

 

                          2022      06         23

                                     182/ШШ2022/01971

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах, У ХХК /РД:00000/,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах, “О” ХХК /РД:000000/-иудын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоот хаягт байрлах, “Т” ХХК /РД:000000/,

 

Хариуцагч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 хаягт байрлах, “Т” ХХК /РД:000000/-д тус тус холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага:

У ХХК нь хариуцагч Т ХХК-иас гэрээний үүрэг 321,559,688 төгрөг гаргуулах,

О ХХК нь хариуцагч Т ХХК-иас гэрээний үүрэг 76,483,600 төгрөг гаргуулах,

Нэхэмжлэгч У ХХК нь Т К ХХК-иас алданги 160,779,844 төгрөг буюу нийт 558,823,132 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч У ХХК болон О ХХК-иудын захирал Ч.О,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Дашдорж,

Хариуцагч Т ХХК болон Т К ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс,

Хариуцагч нарын өмгөөлөгч Т.Баярцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч У ХХК болон О ХХК-иуд нь Т ХХК болон Т К ХХК-иудад холбогдуулан гэрээний үүрэгт нийт 558,823,132 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2017 оноос хойш манай О ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах Далангийн нүүрсний уурхай буюу “Фриендшип ресурсис” ХХК-ийн эзэмшлийн уурхайн үйл ажиллагааг нь инженерийн багаар удирдаж байсан. Нүүрс олборлолтын онцлогоос хамаараад нүүрсний чанарыг сайжруулах зорилгоор өөрийн эзэмшлийн У ХХК-иар нүүрсийг 2018 оноос нүүрсийг том, жижиг ширхэгээр нь ангилж ялгаад түүнээс экспортлох болон дотоодын хэрэглэгчид, үйлдвэрүүдэд нийлүүлж эхэлсэн. Энэ явцад Т ХХК-ийн захирал Г.О танаас нүүрс авъя, бусад уурхайнуудын нүүрсний чанар муу байна, таны нүүрс өдөр болгон лабораториор хянагддаг, чанар сайтай учраас бусад муу нүүрстэйгээ хольж борлуулъя гэдэг санал тавьсныг хүлээн авч 2018 оны 10 дугаар сараас эхлэн гэрээгүйгээр Т ХХК нь нүүрс авч эхэлсэн.

2018 оны 12 дугаар сарын 17-нд бид “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулж тодорхой хэмжээний нүүрсийг бартераар, тодорхой хэмжээний нүүрсийг бэлэн мөнгөөр авахаар тохиролцсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдал хотхонд байрлах, 242-14 болон 242-15 тоот твин хаусуудыг 800 м.кв талбайтай газрын хамтаар нэр дээр нь шилжүүлж өгөхөөр Ч.Отой орон сууц захиалах гэрээг байгуулсан.

Мөн манай О ХХК нь 2019 оны 6 дугаар сараас зэргэлдээх “Пауэр ланд” ХХК-ийн нүүрсний уурхайд мөн инженерийн удирдлагыг давхар хийж эхэлсэн ажлынхаа хөлсөнд “Пауэр ланд” ХХК-иас О ХХК нь нүүрс авахаар тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд уг авсан нүүрсээ мөн Т ХХК-д худалдсан бөгөөд хариуцагч нь нүүрсний хэрэгцээ их байна гээд түрүүлж нүүрс аваад тухайн нүүрснийхээ төлбөрийг нь дандаа дутуу, хагас байдлаар өгдөг байсан.

Сүүлдээ манай компаниудад өгч байгаа мөнгө нь багасгаад, авч байгаа нүүрс нь ихсээд л байсан. Бид авах төлбөртөө тооцон 20-30 хувийг нь бартер, элдэв янзын юмаар буюу хуучин машин, техник, ковшуудыг авч байсан. Нүүрсний хувьд олон янзын чанартай, ширхэгшилтэй нүүрснүүд гарч ирдэг бөгөөд бүхэл буюу өндөр чанартай нүүрсний хувьд бол аман тохиролцоогоор 35,000-55,000 төгрөгөөр тооцож байсан. Ер нь зах зээлийн үнэ бол 50,000-55,000 орчим төгрөг байсан.

Дулааны станцын гэж нэрлээд байгаа нүүрсийг бид нар 26,000 төгрөгөөр тооцсон, уг нүүрс нь Багануурын нүүрстэй ижил чанартай. Тухайн үед түүнээс ч чанар багатай нүүрс бол яг нүүрсний уурхайн аман дээрээ 34,000-35,000 төгрөг байдаг байсан. Шивээ-Овоогийнх мөн адилхан.

Н надад нүүрснийхээ үнийг нь хямруулаач, бид нар ашиг гаргамаар гэдэг хүсэлтийг гаргасан учраас хүсэлтийг нь хүлээн авч үнийн хувьд буулгаж 26,000 төгрөгөөр хамгийн бага үнийг тогтоосон ба энэ үнийг би байшингийн 1 м.кв-ын үнэ, гэрээн дээр байгаа үнэтэйгээ 26,000 төгрөгөөр тооцоход дүйцэж байгаа гэж үзсэн.

У ХХК-ийн хувьд 20,136.9 тонн нүүрсийг хариуцагч Т ХХК-д өгсөн. Уг өгсөн нүүрс нь дотроо чанарын ялгаатай. Нунтаг 9,186.08 тонн нүүрсийг 1 тонныг нь 26,000 төгрөгөөр уг нүүрс нь 3,500 к.кал нүүрс байдаг, шагай буюу нийт 2,293.07 тонн, 4,000 к.калоритой нүүрсийг мөн адилхан 1 тонныг нь 26,000 төгрөгөөр тооцож өгсөн.

Монцементийн нүүрс буюу 3,895 тонн нүүрс илчлэг нь  5,000 к.кал түүнээс дээш байсан, үүнийг 1 тонныг 40,000 төгрөгөөр, бүхэл К4, 2,101.3 тонн нүүрс илчлэг нь 5,000 к.кал түүнээс дээш байсан, 1 тонныг 43,750 төгрөгөөр, мөн К4 чулуутай гэх нүүрсийг нийт 497.7 тонн 4,500 к.кал, нүүрсний 1 тонныг нь 35,000 төгрөгөөр, бүхэл буюу К1 нийт 2,161.5 тонн 5,000 к.кал-той нүүрсийг 1 тонныг 44,000 төгрөгөөр гэх мэт нийт 6 ангиллын нүүрс 20,136.9 тонн болж байгаа.

Үүний мөнгөн дүн нь 658,751,688 төгрөгийг хариуцагчаас авах ёстой ба хариуцагч бэлэн мөнгөөр 145,000,000 төгрөгийг өгсөн, бартериар 192,192,000 төгрөгийн үнээр 2 ширхэг ковш өгсөн, нийт 337,192,000 төгрөгийг  хариуцагч төлсөн бөгөөд үлдэгдэл нь 321,559,688 төгрөгийг У ХХК-ийн хариуцагч Т ХХК-иас гаргуулахаар нэхсэн.

1.2.Мөн О ХХК-ийн хувьд “Пауэр ланд” ХХК-ийн уурхайгаас олборлосон нийт 4,369.6 тонн нүүрсийг Т ХХК-д борлуулсны төлбөрт 218,483,600 төгрөг болсноос О ХХК нь 2019 оны 7 сарын 07-ноос 2020 оны 8 сарын 20-ны өдрийн хооронд 142,000,000 төгрөгийг Т ХХК-иас хүлээж авсан.

Уг нүүрсний 1 тонныг нь 50,000 төгрөгөөр тооцсон. Уг нүүрс нь дунджаар 6,000 к.кал-тай сайн чанарын нүүрс бөгөөд анх 55,000 төгрөг байсан ч Т ХХК-ийн саналаар 50,000 төгрөгөөр тооцохоор буулгасан. Иймээс нийт үнэ болох 218,483,600 төгрөгөөс Т ХХК-ийн өгсөн 142,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл нь 76,483,600 төгрөгийг Т ХХК-иас О ХХК нэхэмжилж байна.

Гэрээний хугацаа дуусгавар болж олон жил үргэлжилж байгаа, шилжүүлнэ гэсэн 2 орон сууцаа өгөөгүй бөгөөд 2019 оны 9 сарын 06-нд сингл хаусыг 320,000,000 төгрөгт тооцож өгнө гэсэн албан бичгийг манайд хүргүүлсэн. Энэ саналыг манай компани хүлээн авсан боловч бас л худал хэлсэн.

Орон сууцны талаар 2 гэрээнд аль алинд нь заасан байгаа тул бид амины орон сууц захиалах гэрээний 6.3-т заасны дагуу болон хуульд заасны дагуу У ХХК-ийн нэхэмжилж буй төлөгдөөгүй нүүрсний үнэ болох 321,559,688 төгрөгийн 50 хувиар тооцон алдангид 160,779,844 төгрөгийг Т К ХХК-иас нэхэмжилж байна.

Ийм учраас Т ХХК-иас 321,559,688 төгрөгийг У ХХК-д, 76,483,600 төгрөгийг О ХХК-д Т К ХХК-иас алданги 160,779,844 төгрөг буюу нийт 558,823,132 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү...” гэв.

 

2. Хариуцагч Т ХХК болон Т К ХХК-иуд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХКнь Т ХХК болон Т К ХХК-ийн хооронд байгуулагдсан ямар нэгэн гэрээ байхгүй. О ХХКчанартай нүүрс өгсөн гэж байгаа ч Т ХХК болон Т К ХХК-д нүүрс өгсөн баримт байхгүй. “Оюусөүрвэй” ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд орсон асуудал байхгүй учир О ХХКшаардах эрхгүй гэж үзэж байна. 4,369.6 тонн чанартай нүүрс байсан учир 50,000 төгрөгөөр авсан талаар маргахгүй.

 Дараа нь 160,000,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн шаардлагаа тодруулсан байдаг бөгөөд энэ нь амины орон сууц өгөх гэрээг нэхэмжлэгч компанийн захирал Ч.О нь иргэний хувьд байгуулсан учраас түүнд гаргуулж өгнө үү гэж тайлбарласан байсан боловч У ХХК шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа нь одоо хүртэл ойлгомжгүй байгаа. Өмгөөлөгч нь У ХХК шаардаж байгаа гэж хэлсэн. Мөн хамтран нэхэмжлэгчээр Ч.Оыг татаж оролцуулах талаар хүсэлт гараагүй. Ч.Оыг шаардаж байна гэж үзэхээр шаардахгүй байх дараах үндэслэл байна.

Энэ гэрээ нь өөрөө Т К ХХК-ийн төлөөлөгч захирал Н гэж байгаа энэ хугацаанд Н нь Т К ХХК-ийн гүйцэтгэх захирал байгаагүй. Энийг улсын бүртгэлийн лавлагаанаас харж болно. Мөн энэ гэрээг нөхөн хийсэн гэдэг нь харагдана.

2018 оны 7 дугаар сарын 01-нд хийгээд байгаа гэрээнд 12 сард хийгдсэн гэрээний дугаарыг иш татаад бичээд байгаа. 12 сард хийгдэх гэж байгаа гэрээний дугаарыг 5 сарын өмнө хийгдсэн гэрээний 2 дугаар хэсэгт иш татаад бичээд байна. 7 дугаар сард гэрээ хийж байхдаа 12 дугаар сард хийгдсэн гэрээний он сарыг мэдэх боломжгүй. 12 сарын гэрээ хийгдсэн цаг хугацаанаас хойш ийм гэрээг нөхөж хийсэн талаар харагдана. Энэ гэрээнд алданги тооцохоор заасан.

Нүүрс худалдах худалдан авах гэрээний дагуу нүүрс нийлүүлээгүй учир энэ гэрээний дагуу алданги шаардаж байгаа гэх зүйл яриад байдаг. Нүүрс нийлүүлэх хэмжээг “Нүүрс худалдах худалдан авах гэрээ”-нд заасан. Алдангитай холбоотой зөвшөөрөхгүй байгаа.

У ХХК үлдэгдэл төлбөр 321,000,000 төгрөгийг шаардаж байгааг зөвшөөрөхгүй байгаа. Манайх бол 658,771,000 төгрөгийн үнэ бүхий нүүрс нийлүүлсэн. Үүнээс 337,000,000 төгрөг өгсөн. 658,000,000 төгрөгийг өөрсдөө тооцож гаргаж байгаа.

Худалдаж авсан тонн хэмжээнд маргахгүй. 5-н өөр төрлийн үнэлгээ гаргаж ирээд үнэлгээ нь өөр болоод байгаа. Нүүрс худалдах худалдан авах гэрээнд яриад байгаа өөр, өөр төрлийн үнэтэй байна гэсэн зүйл анхны гэрээнд байхгүй. 18,000 тонн нүүрс нийлүүлвэл 2 ширхэг твин хаусыг өгнө гэх тохироотой учраас талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан.

Хаусны зах зээлийн үнээр тохирч болох тохироотой байсан. Байрны үнийг тогтоовол нүүрсний үнэ нь гараад ирэх юм байна гээд үүний дагуу шинжээч томилж үнэлүүлсэн. 18,000 тонн нүүрс нь 209,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан гэж ойлгож болно. 2,136 тонн нүүрсийг 15,000 төгрөгөөр тооцож авсан. 18,000 тонн нүүрсийг 209,468,000 төгрөг гэж үзвэл нийт 241,524,468 төгрөгийн нүүрс авсан.  4,369.6 тонн 50,000 төгрөгийн нүүрс нь 218,480,000 төгрөг болж байгаа. Нийт 460,004,468 төгрөгийн нүүрс авсан. 135,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 192,192,000 төгрөгт тооцож 2 ширхэг ковшийг өгсөн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2020.12.23-ны өдөр 2,148,166 төгрөг төлсөн баримт, 2022.12.23-ны өдөр 991,849 төгрөг төлсөн баримт /1хх-ийн 6-7 х/,

-00000 улсын бүртгэлийн дугаартай У ХХК-ийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 8 х/,

-0000 улсын бүртгэлийн дугаартай У ХХК-ийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 9 х/,

-2018.07.01-ний өдрийн Амины орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ /1хх-ийн 10-15 х/,

-2018.12.17-ны өдрийн Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ /1хх-ийн 16-17 х/,

-2020.01.29-ний өдрийн Фриендшип ХХК-ийн Далангийн уурхайгаас Т ХХК-д ачуулсан нүүрс, өглөг авлагын тооцоо /1хх-ийн 18-20 х/,

-Илчлэг багатай нүүрсний овоолгоны маркшейдерийн зураг /1хх-ийн 30 х/,

-2018 оны 10 дугаар сарын Далангийн нүүрсний уурхайн “Пүү”-ний мэдээ болон хавсралтууд /1хх-ийн 31-47 х/,

-2018 оны 12 дугаар сарын Далангийн нүүрсний уурхайн “Пүү”-ний мэдээ болон хавсралтууд /1хх-ийн 48-54 х/,

-2019 оны 01 дүгээр сарын Далангийн нүүрсний уурхайн “Пүү”-ний мэдээ болон хавсралтууд /1хх-ийн 55-69 х/,

-2019 оны 02 дугаар сарын Далангийн нүүрсний уурхайн “Пүү”-ний мэдээ болон хавсралтууд /1хх-ийн 70-80 х/,

-2019 оны 03 дугаар сарын Далангийн нүүрсний уурхайн “Пүү”-ний мэдээ болон хавсралтууд /1хх-ийн 81-97 х/,

-2019 оны 05 дугаар сарын Далангийн нүүрсний уурхайн “Пүү”-ний мэдээ болон хавсралтууд /1хх-ийн 98-105 х/,

-2019 оны 06 дугаар сарын Далангийн нүүрсний уурхайн “Пүү”-ний мэдээ болон хавсралтууд /1хх-ийн 106-114 х/,

-2019.09.06-ны өдрийн 123 дугаартай Т ХХК-иас У ХХК-д хандсан албан бичиг /1хх-ийн 115х/,

-2020.12.23-ны өдрийн 20/013 дугаартай О ХХК-иас Ж.Дашдоржид олгосон итгэмжлэл /1хх-ийн 116 х/,

-2020.12.23-ны өдрийн 12/01 дугаартай У ХХК-иас Ж.Дашдоржид олгосон итгэмжлэл /1хх-ийн 117 х/,

-2021.03.05-ны өдрийн 01 дугаартай Ч.О, Ж.Дашдорж нарын хооронд байгуулагдсан Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /1хх-ийн 152-153 х/,

-Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн болон хавсралтууд /1хх-ийн 154-157 х/,

-2021.03.15-ны өдрийн 03/21 дугаартай О ХХК-ийн албан бичиг /1хх-ийн 184 х/,

-О ХХК-ийн дүрмийн хуулбар /1хх-ийн 185-189 х/,

-Гар утасны мессежээр бичсэн харилцан яриа /1хх-ийн 191-198 х/,

-VIBER-аар бичсэн харилцан яриа /1хх-ийн 199 х/,

-2015.04.04-ний өдрийн 2015/04/01 дугаартай У ХХК-ийн захирлын Ажилд авах тушаал /2хх-ийн 91 х/,

-2010.05.12-ны өдрийн 05/03 дугаартай О ХХК-ийн захирлын тушаал /2хх-ийн 92 х/,

 -О ХХК болон У ХХК-иудын ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 93-94 х/,

-Хөдөлмөрийн гэрээ /2хх-ийн 95-98 х/,

-Нүүрс ачуулсан падаанууд /3хх-ийн 30-164 х/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /3хх-ийн 177 х/,

-Нүүрс ачуулсан падаанууд /3хх-ийн 178 – 4хх-ийн 11 х/,

 

4.Хариуцагч нь тайлбар татгалзтайгаа холбогдуулан 2021.01.18-ны өдрийн 5/21/АБ дугаартай Т ХХК-иас М.Төртогтоход олгосон итгэмжлэл /1хх-ийн 122 х/,

-0000 улсын бүртгэлийн дугаартай Т ХХК-ийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 123 х/,

-2021.02.02-ны өдрийн 4/21 дугаартай Т ХХК-иас М.Төртогтоход олгосон итгэмжлэл /1хх-ийн 133 х/,

-00000 улсын бүртгэлийн дугаартай Т ХХК-ийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 141 х/,

-2018.10.15-ны өдрийн 18/64 дугаартай Хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 150-151 х/,

-Хаан банкны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 159-174 х/,

-Бэлэн мөнгөний зарлагын баримт /1хх-ийн 176 х/,

-2021.03.17-ны өдрийн 20 дугаар Т.Баярцэцэг болон М.Төртогтох нарын хороонд байгуулагдсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-ийн 200 х/,

-2021.03.31-ний өдрийн 55/21 дугаар Т ХХК-ийн төлөөлөгчөөсөө татгалзах тухай албан бичиг /1хх-ийн 217 х/,

-2021.03.31-ний өдрийн 12/21 дугаар Т ХХК-ийн төлөөлөгчөөсөө татгалзах тухай албан бичиг /1хх-ийн 218 х/,

-2021.03.31-ний өдрийн 54/21 дугаар Т ХХК-ийн Б.Түвшинтөгсөд олгосон итгэмжлэл /1хх-ийн 219 х/,

-2021.03.31-ний өдрийн 13/21 дугаар Т ХХК-ийн Б.Түвшинтөгсөд олгосон итгэмжлэл /1хх-ийн 220 х/,

-Т ХХК-ийн дүрмийн хуулбар /1хх-ийн 246-248 х/,

-Т ХХК-ийн дүрмийн хуулбар /1хх-ийн 249-2хх-ийн 1 х/,

-2019.01.23-ны өдрийн 03/2019 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ түүний хавсралт /2хх-ийн 2-6 х/,

-2019.11.18-ны өдрийн 104/2019 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ түүний хавсралт /2хх-ийн 7-11 х/

-0000 улсын бүртгэлийн дугаартай Э ХХК-ийн гэрчилгээний хуулбар /2хх-ийн 12 х/,

-Э ХХК-ийн дүрмийн хуулбар /2хх-ийн 13-15 х/,

-Төлбөрийн баримтууд /2хх-ийн 16-18 х/,

-2017.09.06-ны өдрийн 2 дугаартай Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд томилох тухай тушаал /2хх-ийн 213 х/,

-2019.09.06-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /2хх-ийн 214-218 х/,

-2022.03.3.21-ний өдрийн 22/160 дугаартай Т ХХК-иас Б.Түвшинтөгсөд олгосон итгэмжлэл /3хх-ийн 167 х/,

-2022.03.3.21-ний өдрийн 28/22 дугаартай Т ХХК-иас Б.Түвшинтөгсөд олгосон итгэмжлэл /3хх-ийн 167 х/,

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т К ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /2хх-ийн 128-209 х/,

-2022.06.15-ны өдрийн 4/3219 дугаартай Ашигт малтмал газрын тосны газрын албан бичиг /3хх-ийн 67-68 х/,

Хариуцагчийн хүсэлтээр 2022.05.11-ний өдрийн 03-05 дугаартай Шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 30-44 х/ зэрэг материалуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч У ХХК нь Т ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 321,559,688 төгрөг,

нэхэмжлэгч О ХХК нь Т ХХК-д холбогдуулан 76,483,600 төгрөг,

 У ХХК болон О ХХК-иудын Т К ХХК-д холбогдуулан алданги 160,779,844 төгрөг буюу нийт 558,823,132 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс 106,281,100 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 452,542,032 төгрөгийн нэхэмжлэлийг болон Т К ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч У ХХК болон О ХХК-иуд нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд:

2.1. Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Т ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18/12/01 тоот “Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ”-г байгуулж, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших, Далангийн уурхайгаас 0-3 см хэмжээтэй (фракцтай) 3,500 килокалориос доошгүй илчлэгтэй 12,000 тонн, 4-6 см хэмжээтэй (фракцтай) 4,500 килокалориос доошгүй илчлэгтэй 6,000 тонн буюу нийт 18,000 тонн нүүрс нийлүүлэхээр тохиролсон боловч 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 24,505.6 тонн 658,751,688 төгрөгийн үнэ бүхий нүүрсийг нийлүүлсэн гэжээ.

 

Үүнээс 18,000 тонн нүүрсний үнийг сингл хаус буюу 320,000,000 төгрөг,  өндөр илчлэг бүхий 4,369.6 тонн нүүрсний үнийг 1 тонн 50,000 төгрөгөөр тооцож 218,480,000, төгрөг, зөрүү 2,136 тонн нүүрсийг 1 тонныг нь 26,000 төгрөгөөр тооцож 55,536,000 төгрөгөөр тус тус тооцсон, мөн төлөгдөөгүй нүүрсний үнэ болох 321,559,688 төгрөгийн 50 хувиар алданги тооцоход 160,779,844 төгрөг болж байгаа гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч Т ХХК нь талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан,  бөгөөд 2 ширхэг ковшийг 192,192,000 төгрөгт тооцож шилжүүлж, үлдэх төлбөрт бэлнээр 142,000,000 төгрөг төлж гэрээний үүргээ биелүүлсэн, мөн О ХХКнь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тус тус маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Т ХХК-д Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших, Далангийн уурхайгаас нүүрс нийлүүлэх, худалдан авагч нь худалдагч талд нүүрсний төлбөрийг төлөх нөхцөл болон эдгээр үйл ажиллагаатай холбогдох бусад харилцааг зохицуулахаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18/12/01 тоот “Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ”-г байгуулжээ. /1 хх-ийн 16-17 х/

 

Нэхэмжлэгч У ХХК нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд нийт 18,000 тонн нүүрс нийлүүлэх,

2.2-т зааснаар “Шигшсэн 0-3 см хэмжээтэй (фракцтай) 3,500 килокалориос доошгүй илчлэг бүхий 12,000 тонн, мөн шигшсэн 4-6 см хэмжээтэй (фракцтай) 4,500 килокалориос доошгүй илчлэг бүхий 6,000 тонн нүүрсийг уурхайн талбайгаас нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн бол хариуцагч Т ХХК нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.-т зааснаар “...18,000 тонн нүүрсний үнэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Найрамдал хотхон”-д байрлах, Твин хаусны 242-14 болон 242-15 тоот тус бүр 122 м.кв талбайтай, нийт 800 м.кв газартай байшинг бүрэн ашиглалтанд орсон байдалтайгаар, газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хамт Ч.Оын нэр дээр шилжүүлж өгөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Нэхэмжлэгч У ХХК нь 2018 оны 10 дугаар сараас эхлэн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Т ХХК-д нийт 24,505.6 тонн нүүрс нийлүүлсэн, үүнээс өндөр чанар бүхий 4,369.6 тонн, 0-3 см (фракцтай) 3,500 килокалориос доошгүй илчлэг бүхий нунтаг нүүрс 9,186.85 тонн, 4-6 см хэмжээтэй (фракцтай) 4,500 килокалориос доошгүй илчлэг бүхий нүүрс 2,293.7 тонн, Монцементийн (бүхэл) нүүрс 3,895 тонн, бүхэл буюу К-4 нүүрс 2,101.25 тонн, чулуутай К-4 нүүрс 497.7 тонн, бүхэл К-1 нүүрс 2,161.55 тонн нүүрсийг тус тус Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах, “Фриендшип ресурсис” ХХК-ийн Далангийн уурхайгаас тус тус нийлүүлэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул хариуцагчаас үлдэгдэл төлбөрөө шаардах үндэслэлтэй байна.

 

5.Хариуцагч Т ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Найрамдал хотхон”-д байрлах, Твин хаусны 242-14 болон 242-15 тоот тус бүр 122 м.кв талбайтай, нийт 800 м.кв газартай байшинг бүрэн ашиглалтанд орсон байдалтайгаар, газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хамт Ч.Оын нэр дээр шилжүүлж өгөх гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас талуудын хооронд маргаан үүсэх үндэслэл болжээ.

 

6.Хариуцагч Т ХХК нь У ХХК-тай арилжааны гэрээ байгуулсан, нийт хүлээн авсан нүүрсний хэмжээ болон өндөр чанар бүхий 4,369.6 тонн нүүрсийг 1 тонныг нь 50,000 төгрөгөөр худалдаж авсан талаар маргаан байхгүй. Харин 20,136 тонн нүүрсний үнийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй, мөн Т ХХК нь “О” ХХК-тай гэрээ байгуулаагүй учраас “О” ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Энэ үндэслэлээ тухайн үед талууд нүүрсний үнэд гэрээний 2.3-т заасны дагуу 2 ширхэг твин хаусыг Ч.Оын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон болохоос нийт хүлээн авсан нүүрсний үнийг 658,751,688 төгрөг гэж тохиролцоогүй учраас тухайн үеийн үнийг, тогтоолгохоор шинжээч томилуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нийт 209,484,469.6 төгрөгөөр гэрээний үнийг тохиролцсон гэж үзнэ. Мөн манай зүгээс нийт худалдан авсан нүүрсний төлбөрт 2 ширхэг ковшийг 192,192,000 төгрөгт тооцож шилжүүлж өгснөөр дээрх 2 ширхэг твин хаусыг шилжүүлэх үүрэг дуусгавар болсон. Зарим нүүрс нь шаардлага хангахгүй байсан учраас манайх 1 тонныг нь 15,000 төгрөгөөр зарсан гэж тус тус тайлбарлан “Э” ХХК болон “Амгалан дулааны станц” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/2019 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 104/2019 дугаар 19/21 тоот “Нүүрс худалдан авах гэрээ”-нүүдийг хэрэгт баримтаар өгсөн. /2 хх-ийн 2-6, 7-11 х/

 

Хариуцагчийн нотлох баримтаар өгсөн “Э” ХХК болон “Амгалан дулааны станц” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/2019 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 104/2019 дугаар 19/21 тоот “Нүүрс худалдан авах гэрээ”-нүүд нь У ХХК-иас худалдан авсан Далангийн уурхайн 1 тонн нүүрсний үнийг нь 15,000 төгрөгөөр тооцно гэх тайлбарыг нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. /2 хх-ийн 2-6, 7-11 х/

 

7.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ”, 274.2-т “Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно” 274.3-т “Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж заасан.

 

Арилжааны гэрээ нь аливаа эд хөрөнгө, эрхийг харилцан солилцох үүрэг хүлээдэг хоёр талт гэрээ байх ба гэрээний оролцогч бүр арилжиж, солилцож буй хөрөнгийн хувьд худалдагч, худалдан авагч болдог.

 

  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний хувьд тодорхой хөрөнгийг шилжүүлэх нөгөө талын үүргийн хариу төлбөр болгож, тухайн гэрээний зүйлийн үнийг төлдөг бол “Арилжааны гэрээ”-нд үнэ төлөхгүй, харин нөгөө талын шилжүүлэн өгсөн хөрөнгийн хариуд өөрийн хөрөнгийг шилжүүлснээр гэрээний үүрэг биелэгддэг онцгой төрлийн гэрээ юм.

 

8.Т ХХК нь У ХХК-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18/12/01 тоот “Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.3-т заасан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Найрамдал хотхон”-д байрлах, Твин хаусны 242-14 болон 242-15 тоот тус бүр 122 м.кв талбайтай, нийт 800 м.кв газартай байшинг бүрэн ашиглалтанд орсон байдалтайгаар, газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хамт Ч.Оын нэр дээр шилжүүлж өгөх үүргийг хэрэгжүүлээгүй, төлбөрийг бэлэн мөнгөөр болон хөдлөх эд хөрөнгийг үнэлж шилжүүлсэн болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан, нүүрсний нийт үнийг 209,484,469.6 төгрөгөөр гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. 

 

9.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Шүүхээс талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 18/12/01 тоот “Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ”-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 

9.1.Учир нь нэхэмжлэгч У ХХК нь 2018 оны 10 дугаар сараас эхлэн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Т ХХК-д нийт 24,505.6 тонн нүүрс нийлүүлсэн, үүнээс өндөр чанар бүхий 4,369.6 тонн, 0-3 см (фракцтай) 3,500 килокалориос доошгүй илчлэг бүхий нунтаг нүүрс 9,186.85 тонн, 4-6 см хэмжээтэй (фракцтай) 4,500 килокалориос доошгүй илчлэг бүхий нүүрс 2,293.7 тонн, Монцементийн (бүхэл) нүүрс 3,895 тонн, бүхэл буюу К-4 нүүрс 2,101.25 тонн, чулуутай К-4 нүүрс 497.7 тонн, бүхэл К-1 нүүрс 2,161.55 тонн нүүрсийг тус тус нийлүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны “Далангийн нүүрсний уурхайн пүүний мэдээ” /1 хх-ийн 30-113 х/, “Фриендшип ресурсис” ХХК болон У ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ” /1 хх-ийн 150-151 х/, “ХанЛаб” ХХК-ийн “Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн” /1 хх-ийн 154-157 х, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны Ч.Оын эзэмшлийн 99116682 дугаараас Г.Оийн эзэмшлийн 99110871 дугаарын утсаар харилцсан цахим захидалд шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэл, [email protected] хаягаас [email protected], [email protected], [email protected] хаягт 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цахим шууданд шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэл /1 хх-ийн 223-234 х, 2 хх-ийн 48-53 х/  зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Нэхэмжлэгч У ХХК-ийн захирал нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн актын дагуу нийт нүүрсний үнийг 658,751,688 төгрөгөөр тохиролцсон бөгөөд үүнээс 337,192,000 төгрөгийг авсан, 321,559,688 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь тогтоогдсон гэж тайлбарласан.

 

Гэвч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Ф” ХХК-ийн Далангийн уурхайгаас Т ХХК-д ачуулсан нүүрс, өглөг авлагын тооцоо гэсэн баримтад 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нягтлан бодогч Д, А нар гарын үсэг зурахдаа “...Т ХХК-ийн нягтлан Ц.Д нийт жин тонн нь таарсан ба (20,136.05) тонноор нийлсэн гэвч нэгж үнийг нягтлан Дүүрэнжаргал нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шилжүүлсэн мөнгө нь таарсан гэхдээ 6-30-нд 30,000,000 хааш оруулж тооцох вэ? Нийт үнийг Д, А нар мэдэхгүй, захирлууд тохиролцоно” гэсэн байх тул талуудыг нийт нүүрсний үнийг 658,751,688 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. /1 хх-ийн 18 х/

 

10. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д “Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно” гэжээ.

 

Хариуцагч Т ХХК-ийн захирал Т.Нт нь 18,000 тонн нүүрсний үнэд 320,000,000 төгрөгийн үнэ бүхий Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах “Friendship town”-ий 19 тоот сингл хаусыг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны дотор шилжүүлж өгөхөө мэдэгдэж 123 тоот албан бичгийг У ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн байна. /1хх-ийн 115 х/

 

Нэхэмжлэгч У ХХК нь энэхүү хүсэлтийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан Т ХХК-ийн захирал Т.Нт болон У ХХК-ийн захирал Ч.О нарын хоорондоо харилцсан цахим захиа болон цахим шууданд хийсэн үзлэгээр тогтоогдсон тул шүүх талуудын байгуулсан гэрээний нийт үнийг 18,000 тонн нүүрсний үнэд 320,000,000 төгрөг, өндөр илчлэг бүхий 4,369.6 тонн нүүрсийг 237,000,000 төгрөг, зөрүү 2,136.5 тонн нүүрснийг 46,993,100 төгрөг нийт 585,473,100 төгрөгөөр тооцохоор хэлэлцэн тохиролцжээ гэж үзлээ.

 

Хариуцагч Т ХХК нь худалдан авсан нүүрсний үнээс 222,000,000 төгрөгийг нэхэмжлэгч У ХХК болон О ХХК-иудын захирал Ч.Оын хувийн 5063173906 тоот дансанд “Н нүүрсний төлбөр”, “нүүрсний төлбөр Т ХХК”, “Д” гэсэн утгаар, 65,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр “Нүүрсний төлбөр” гэж, 192,192,000 төгрөгөнд тооцож 2 ширхэг (дугуйт ачигч) ковшийг тус тус шилжүүлж, нийт 479,192,000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Бэлэн мөнгөний орлогын баримт, Кассын зарлагын баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /1 хх-ийн 159-174, 175-176 х/

 

Иймээс нэхэмжлэгч нарын хариуцагчтай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18/12/01 тоот “Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний үнэ 585,473,100 төгрөгөөр хэлэлцэн тохиролцсон гэж үзсэн учраас хариуцагчийн төлсөн нийт 479,192,000 төгрөгийг хасч, хариуцагч Т ХХК-иас 106,281,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

11.Алдангийн тухайд:

11.1.Нэхэмжлэгч У ХХК болон О ХХК нь хариуцагч Т К ХХК-иас 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Т К ХХК ба Ч.О нарын хооронд байгуулсан “Амины орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 6.3.-т “Гүйцэтгэгч нь ашиглалтанд оруулахаар гэрээнд заасан хугацаанаас хойш 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 31 дэх хоногоос эхлэн хоногийн 0,1 хувийн алдангийг захиалагч талд төлнө” гэж заасны дагуу орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой байсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны  өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн гэж үзэж У ХХК-иас Т ХХК-д худалдсан нүүрсний үлдэгдэл төлбөр болох 321,559, 688 төгрөгийн 50 хувиар алданги тооцож 160,779,844 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч У ХХК-ийн захирал Ч.О нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Нэхэмжлэлийн зарим шаардлагаа өөрчлөх тухай” гэх тодруулсан шаардлагадаа “...2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Амины орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г Т К ХХК болон Ч.О нар байгуулсан учраас алданги 160,779,844 төгрөгийг Ч.Оод олгуулахаар өөрчлөлт оруулж байна гэжээ. /3 хх-ийн 165-166 х/

 

11.2. Хариуцагч Т К ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ч.Отой байгуулсан “Амины орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” нь У ХХК болон Т ХХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 18/12/01 тоот “Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ”-г үндэслэсэн байгаа нь 5 сарын сарын дараа тухайн гэрээг нөхөж хийсэн, 18/12/01 тоот “Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ”-нд алданги тооцох талаар талууд тохиролцоогүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд талуудын байгуулсан 18/12/01 тоот “Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ”-нд алдангийн талаар тохиролцоогүй байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Т К ХХК-иас алданги 160,779,844 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэж тайлбарласан боловч Ч.О иргэний хувьд шүүхэд хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлтээ нь гаргаагүй.

 

Мөн “Амины орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу хариуцагч Т К ХХК нь нэхэмжлэгч У ХХК болон О ХХК-иудын өмнө ямар нэгэн гэрээний үүрэг хүлээгээгүй, иргэн Ч.Оын Т К ХХК-тай байгуулсан “Амины орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-нээс нэхэмжлэгч нар нь татгалзах, алдангийг шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Ийм учраас Т К ХХК-иас алданги 160,779,844 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

 

12.Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх татгалзлын тухайд

12.1. Хариуцагч Т ХХК нь 2019.07.07-ны өдрөөс эхлэн “П” ХХК-ийн нүүрсний уурхайгаас авсан өндөр чанар бүхий 4369,7 тонн нүүрсийг 1 тонныг 50,000 төгрөгөөр тооцож нийт 218,483,600 төгрөгөөр У ХХК-иас худалдан авсан. Уг нүүрсийг нэхэмжлэгч О ХХК-иас аваагүй, тус компанитай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж маргасан бөгөөд шүүхээс энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д “Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ” гэж заасан.

 

 Хэрэгт авагдсан У ХХК, О ХХК-иудын улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дүрмээр  Ч.О нь тус 2 компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажилладаг болох нь тогтоогдож байх тул бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй.

 

Учир нь өндөр чанар бүхий 4,369.7 тонн нүүрсийг 218,483,600 төгрөгөөр худалдаж авсан талаар хариуцагч маргаагүй, нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид мөн тул  нэхэмжлэгч О ХХК болон Т ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Т ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 18/12/01 тоот “Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний үлдэгдэл төлбөрт 106,281,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги болон үлдэгдэл төлбөрийн зөрүү 452,542,032  төгрөг, Т К ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

13.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,140,015 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 689,355.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                          

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 244 дүгээр зүйлийн 244.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Т ХХК-иас 106,281,100 /нэг зуун зургаан сая хоёр зуун наян нэгэн мянга нэг зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч У ХХК болон О ХХК-иудад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 452,542,032 /дөрвөн зуун тавин хоёр сая таван зуун дөчин хоёр мянга гучин хоёр/ төгрөгт болон Т К ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,140,015 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 689,355.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар авсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2021/01414 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж нь шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Х.ДАШДЭЧМАА