Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/01285

 

“У” ХХК, “О” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/01971 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2022/01702 дугаар магадлалтай,

“У” ХХК, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Т...” ХХК, “Т... к” ХХК-д тус тус холбогдох,

 “У” ХХК нь хариуцагч “Т...” ХХК-аас гэрээний үүрэгт 321,559,688 төгрөг, “О” ХХК нь хариуцагч “Т...” ХХК-аас гэрээний үүрэгт 76,483,600 төгрөг, “У” ХХК болон “О” ХХК нь “Т... к” ХХК-аас алданги 160,779,844 төгрөг, нийт 558,823,132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Дашдорж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Баярцэцэг, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “У” ХХК нь “Т...” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 321,559,688 төгрөг, нэхэмжлэгч “О” ХХК нь “Т...” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 76,483,600 төгрөг, “У” ХХК болон “О” ХХК нь “Т... к” ХХК-д холбогдуулан алданги 160,779,844 төгрөг, нийт 558,823,132 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/01971 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1, 244 дүгээр  зүйлийн  244.1, 232  дугаар  зүйлийн  232.6-д тус  тус зааснаар хариуцагч “Т...” ХХК-аас 106,281,100 /нэг зуун зургаан сая хоёр зуун наян нэгэн мянга нэг  зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК болон “О” ХХК-иудад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 452,542,032 /дөрвөн зуун тавин хоёр сая таван зуун дөчин хоёр мянга гучин хоёр/ төгрөгт болон “Т... к” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,140,015 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т...” ХХК-аас 689,355.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2022/01702 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/01971 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 244 дүгээр зүйлийн 244.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т...” ХХК-аас 272,021,129 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК-д, 76,483,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 210,318,503 төгрөгт болон хариуцагч “Т...” констракшн” ХХК-д  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “...689,355.5” гэснийг “...1,518,056 төгрөгийг гаргуулж “У” ХХК-д, 540,367 төгрөгийг гаргуулж “О” ХХК-д тус тус олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,420,660 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс 2022.10.27-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.11.18-ны өдрийн 001/ШХТ2022/01310 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.1, 172.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.12-ны өдрийн 1702 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүх “О” ХХК-ийг сайн чанарын 4,369.67 тонн нүүрсийг 50,000 төгрөгөөр тооцон нийлүүлж, нийт 218,483,500 төгрөгийн нүүрс нийлүүлснээс 76,483,500 төгрөгийг аваагүй буюу уг төлбөрийг “Т...” ХХК-аас шаардах эрхтэй хэмээн процессын хувьд буруу дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр буруу гарах үндэслэл болжээ. “Т...” ХХК-аас 76,483,500 төгрөг гаргуулж “О” ХХК-д олгохын тулд тус компанийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл болоод нэхэмжлэлийн шаардлага байх ёстой. Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримт дунд “О” ХХК-ийн нэхэмжлэл байхгүй. Хавтаст хэргийн 1-5 дахь талд авагдсан нэхэмжлэлийг “О” ХХК гаргасан гэж үзэх үндэслэлгүй буюу уг нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65 дахь хэсэгт нийцэх юм.

5.2. “О” ХХК болоод “Т...” ХХК нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн, үүсээгүй тухайд: Хавтас хэрэгт талуудын хооронд байгуулагдсан ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй, түүнчлэн нэхэмжлэгч “О” ХХК-аас “Т...” ХХК-д нэг тонн ч нүүрс өгсөн баримт байхгүй ба “Т...” ХХК-аас “О” ХХК-д хандан нүүрсний төлбөр төлсөн нэг ч баримт байхгүй атал давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах гол шалтгаан болсон.

5.3. Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Худалдах-худалдан авах гэрээний үндсэн гол шинж нь гэрээний зүйл болох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн үнийг тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл, нэгж бүрийн буюу тонн тутмын үнийг тохиролцсон байх явдал. Нөгөө талаасаа худалдагчийн хүсэл зориг нь нүүрсээ худалдах тухай байх бол худалдан авагч нүүрсийг худалдан авах хүсэл зоригтой байхыг шаардана. Гэвч талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа бус арилжааны гэрээний харилцаа үүссэн байдаг. Энэ гэрээний онцлог нь гэрээний харилцаанд оролцогч талууд эд хөрөнгө, эрхийг харилцан солилцож байдгаараа бусад гэрээнээс ялгаатай, тийм ч учраас талууд байгуулсан гэрээндээ 18,000 тонн нүүрс нийлүүлэх талаар тусгасан боловч тонн тутмын үнийг заагаагүй. Харин гэрээгээр нийлүүлэх 18,000 тонн нүүрсэнд дүйцүүлж хаус буюу орон сууц өгөхөөр гэрээний гол тохиролцоог хийсэн нь талуудын хооронд арилжааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болохыг илэрхийлж буй хэрэг юм. Маш товчхондоо 18,000 тонн нүүрсийг хэдэн төгрөг болох, хэдэн төгрөгт тооцож авах талаар талууд тохиролцоогүй, тэдний хүсэл зориг, гол тохиролцоо ердөө л хаусыг 18,000 тонн нүүрсээр солих явдал байсан. Гэвч нэхэмжлэгч хууль шүүхийн өмнө тонн тутмын үнийг тохиролцсон байсан мэт худал тайлбар мэдүүлэг гаргаж, үүнийгээ мэйл болон нягтлан нарын хооронд үйлдсэн гэх баримтыг иш татаж тайлбарласан байх атал давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхгүй орхигдуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас төлбөр гаргуулах шийдвэр /магадлал/-ийн үндэслэлээ дээрх мэйл болоод нягтлан нарын хооронд үйлдсэн баримтыг болгосон. Гэвч нягтлан нарын хооронд үйлдсэн гэх уг бичиг талуудын өглөг, авлага үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан баримт байж чадахгүй. Учир нь нягтлан нар нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш бөгөөд компанийн өглөг, авлага үлдэгдэл төлбөр болоод нийлүүлсэн нүүрсний тонн тутмын үнийг тогтоох эрх бүхий этгээд биш. Түүнчлэн хариуцагч байгууллагын нягтлан тооцоо нийлэх боломжгүй шалтгаанаа нэхэмжлэгч нарын боловсруулж ирсэн акт гэх цаасан дээр бичиж тооцоо нийлэхээс татгалзсан атал, хоёр талаас тооцоо нийлсэн байна хэмээн илт бодит байдлыг гуйвуулж буй шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

5.4. Харилцсан мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүхийн шийдвэр /магадлал/-ийн үндэслэл болгож ийм зүйлд тулгуурлаж их хэмжээний буюу 242,223,529 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэр дээр нэмж, нийт 348,504,629 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Онолын хувьд нотлох баримтыг шууд болон шууд бус гэж 2 ангилж авч үздэг. Мэйл нь нотлох баримт боловч шууд бус нотлох баримт буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй. Өөрөөр хэлбэл, мэйлд тулгуурлаж төлбөр гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй. Яагаад гэвэл мэйлийг хэн явуулсан, уг явуулж буй баримт нь эх хувь байсан уу, түүнчлэн мэйлээр явуулсан гэх баримтад захирал гарын үсэг зурсан, тамга тэмдэгтэй нотлох баримтын шаардлага хангасан баримт байсан уу гэдэг нь туйлын чухал юм. Канондсон файлыг мэйлээр явуулсан нь нотлох баримтын шаардлага хангаж буй хэлбэр биш, үүнтэй мөн ялгаагүй мэйлээр харилцсан гэж буй баримт нь гарын үсэггүй, хэн явуулсан, ямар шалтгааны улмаас явуулж буй эсэх нь тодорхойгүй байтал нотлох баримт гэж дүгнээд, үүнд тулгуурлаж 242,223,529 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн 106,281,100 төгрөг дээр нэмж, нийт 348,504,629 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж 242,223,529 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч “Т...” ХХК-аас гэрээний үүрэгт 321,559,688 төгрөг, нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Т...” ХХК-аас гэрээний үүрэгт 76,483,600 төгрөг, нэхэмжлэгч нар “Т... к” ХХК-аас алданги 160,779,844 төгрөг, нийт 558,823,132 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагч “Т...” ХХК-аас 106,281,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 452,542,032 төгрөгт болон хариуцагч “Т... к” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосон,

давж заалдах шатны шүүх хариуцагч “Т...” ХХК-аас 272,021,129 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК-д, 76,483,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д тус тус олгож, үлдэх 210,318,503 төгрөгт болон хариуцагч “Т... к” ХХК-д  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

8. Нэхэмжлэгч нараас “... 2018.12.17-нд бид нүүрс худалдах-худалдан авах гэрээ байгуулж тодорхой хэмжээний нүүрсийг бартераар, тодорхой хэмжээний нүүрсийг бэлэн мөнгөөр авахаар тохиролцсон бөгөөд ... твин хаусыг 800 м.кв талбайтай газрын хамтаар нэр дээр нь шилжүүлж өгөхөөр Ч.О-той орон сууц захиалах гэрээг байгуулсан. Бид авах төлбөрийн 20-30 хувьд тооцож хуучин машин, техник, ковшуудыг бартераар авсан... “У” ХХК нь 20,136.9 тонн нүүрсийг “Т...” ХХК-д өгсөн нь дотроо чанарын ялгаанаас хамаарч тонныг нь 26,000, 40,000, 35,000, 44,000 төгрөгөөр гэх мэт 6 ангиллын нийт 20,136.9 тонн нүүрс нийлүүлсэн. Нийт нүүрсний үнэд 658,751,688 төгрөгийг хариуцагчаас авах ёстой ба хариуцагч бэлнээр 145,000,000 төгрөг, бартераар 192,192,000 төгрөгт 2 ширхэг ковш, нийт 337,192,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 321,559,688 төгрөгийг “Т...” ХХК-аас гаргуулж “У” ХХК-д олгуулж өгнө үү. “О” ХХК нь 2019 оны 6 дугаар сараас “Пауэр ланд” ХХК-ийн нүүрсний уурхайд инженерийн удирдлагыг давхар хийж, ажлын хөлсөнд тус компаниас нүүрс авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Уг нүүрсээ “Т...” ХХК-д худалдсан бөгөөд хариуцагч нүүрсээ түрүүлж аваад төлбөрийг нь дутуу төлдөг байсан. “О” ХХК нь “Пауэр ланд” ХХК-ийн уурхайгаас олборлосон нийт 4,369.6 тонн нүүрсийг “Т...” ХХК-д борлуулсны төлбөрт 218,483,600 төгрөг болсноос “Т...” ХХК-ийн өгсөн 142,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл нь 76,483,600 төгрөгийг гаргуулж “О” ХХК-д олгуулна уу. Гэрээний хугацаа дуусгавар болж олон жил үргэлжилж байгаа, шилжүүлнэ гэсэн 2 орон сууцаа өгөөгүй бөгөөд 2019.09.06-нд сингл хаусыг 320,000,000 төгрөгт тооцож өгнө гэсэн санал ирүүлснийг манай компани хүлээн авсан боловч мөн өгөөгүй. Орон сууцны талаар 2 гэрээнд аль алинд нь заасан байгаа тул бид амины орон сууц захиалах гэрээний 6.3, хуульд заасны дагуу “У” ХХК-д төлөгдөөгүй нүүрсний үнэ 321,559,688 төгрөгийн 50 хувиар тооцон алдангид 160,779,844 төгрөгийг “Т... к” ХХК-аас гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч нар эс зөвшөөрч “... “О” ХХК нь хариуцагч нартай гэрээ байгуулагдаагүй тул шаардах эрхгүй. Амины орон сууц өгөх гэрээг нэхэмжлэгч компанийн захирал Ч.О иргэний хувьд байгуулсан учраас “У” ХХК шаардаж байгаа нь ойлгомжгүй. Энэ гэрээнд “Т... к” ХХК-ийн төлөөлөгч захирал Г.Н гэсэн боловч тэрээр энэ хугацаанд тухайн компанийн гүйцэтгэх захирал байгаагүй. Мөн энэ гэрээг нөхөн хийсэн гэдэг нь харагдана. Нүүрс худалдах-худалдан авах гэрээнд өөр, өөр төрлийн үнэтэй байна гэсэн зүйл байхгүй. 18,000 тонн нүүрс нийлүүлбэл 2 ширхэг твин хаусыг өгнө гэх тохиролцоотой учраас талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан. Хаусны зах зээлийн үнээр тохирох тохиролцоотой байсан. Иймд 18,000 тонн нүүрс нь 209,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан гэж ойлгож болно. 2,136 тонн нүүрсийг 15,000 төгрөгөөр тооцож авсан. 4,369.6 тонн, 50,000 төгрөгийн нүүрс нь 218,480,000 төгрөг болно. Нийт 460,004,468 төгрөгийн нүүрс авснаас 135,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 192,192,000 төгрөгт тооцож 2 ширхэг ковшийг өгсөн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... талуудын хооронд 2018.12.17-ны өдрийн 18/12/01 тоот нүүрс худалдах-худалдан авах тухай хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, хэрэгт авагдсан баримтаар нийт нүүрсний үнийг 658,751,688 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй, хариуцагч “Т...” ХХК-ийн захирал Т.Н нь 18,000 тонн нүүрсний үнэд 320,000,000 төгрөгийн үнэ бүхий сингл хаусыг 2019.09.20-ны дотор шилжүүлж өгөхөө мэдэгдэж, албан бичиг хүргүүлснийг “У” ХХК хүлээн авсан тул шүүх талуудын байгуулсан гэрээний нийт үнийг 18,000 тонн нүүрсний үнэд 320,000,000 төгрөг, өндөр илчлэг бүхий 4,369.6 тонн нүүрсийг 237,000,000 төгрөг, зөрүү 2,136.5 тонн нүүрсний 46,993,100 төгрөг, нийт 585,473,100 төгрөгөөр тооцохоор хэлэлцэн тохиролцсон гэж үзнэ.

Хариуцагч “Т...” ХХК нь нүүрсний үнээс 222,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компаниудын захирал Ч.О-ын хувийн дансанд шилжүүлсэн, 65,000,000 төгрөгийг бэлнээр, 192,192,000 төгрөгт тооцож 2 ширхэг ковшийг тус тус шилжүүлж, нийт 479,192,000 төгрөгийг хариуцагч “Т...” ХХК-аас төлсөн болох нь тогтоогдсон тул үлдэгдэл 106,281,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Уг гэрээнд алдангийн талаар тохиролцоогүй, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч “Т... к” ХХК-аас алданги гаргуулах шаардлагаасаа татгалзсан боловч Ч.О-д иргэний хувьд шүүхэд хамтран нэхэмжлэгчээр оролцоогүй, мөн “Амины орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу хариуцагч “Т... к” ХХК нь нэхэмжлэгч нарын өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, иргэн Ч.О-ын “Т... к” ХХК-тай байгуулсан гэрээнээс нэхэмжлэгч нар нь татгалзах, алданги шаардах хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтаар Ч.О нь нэхэмжлэгч 2 компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажилладаг болох нь тогтоогдсон, бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид учраас нэхэмжлэл гаргах эрхтэй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй...” гэх зэрэг дүгнэлтийг хийсэн.

10. Давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...анхан шатны шүүх “Т...” ХХК-ийн захирал Т.Н, “У” ХХК-ийн захирал Ч.О нарын цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэлийг үнэлж 18,000 тонн нүүрсний үнийг 320,000,000 төгрөг, ... нийт 585,473,100 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, хэргийн баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч “У” ХХК нь нийт 609,221,129 төгрөгийн үнэ бүхий 20,136,05 тонн нүүрсийг хариуцагч “Т...” ХХК-д нийлүүлсэн гэж үзнэ. Хариуцагч “Т...” ХХК нь худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх үүргийг нэхэмжлэгч “У” ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн ба 609,221,129 төгрөгөөс тус компанийн бэлэн болон бэлэн бусаар төлсөн 337,200,000 төгрөгийг хасаж, үлдэх 272,021,129 төгрөгийг нэхэмжлэгч “У” ХХК-д олгох үндэслэлтэй. Мөн хариуцагч “Т...” ХХК нь нэхэмжлэгч “О” ХХК-д 4,369.67 тонн сайн чанарын нүүрсний үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул 76,483,500 төгрөг гаргуулж тус компанид олгох нь зүйтэй...” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийжээ.

11. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзлээ.

12. Учир нь, анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл болох 18,000 тонн нүүрсний үнийг тогтоохдоо хариуцагч “Т...” ХХК-ийн захирал Т.Н-ийн 2019 оны 123 тоот албан бичгийг үнэлж, 320,000,000 төгрөг (үнэ бүхий сингл хаус) гэж дүгнэсэн нь буруу. Учир нь хэрэгт авагдсан баримт болох 2020.08.12-ны өдөр талууд хоорондоо харилцсан цахим захидалд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч “Т...” ХХК-аас нэхэмжлэгч “У” ХХК-д худалдан авсан нүүрсний төлбөрийн тооцооны баримтыг явуулсан байх ба үүнд “У” ХХК-аас нийт 20,136.05 тонн нүүрсийг “Т...” ХХК-д шилжүүлснээс 13,090.45 тонн нүүрсний үнэд 320,000,000 төгрөгт /сингл хаус/, үлдэх 7,045.6 тонн нүүрсийг бэлэн мөнгөөр болон 2 ширхэг ковшийн 192,200,000 төгрөгийн хамт 289,221,129.80 төгрөгт тус тус тооцсон байна. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд хариуцагч дээрх албан бичгийг явуулсны дараа (хаусыг шилжүүлээгүй) нэхэмжлэгчид дахин санал илгээхдээ 320,000,000 төгрөгийн үнэ бүхий сингл хаусыг 13,090.45 тонн нүүрсний үнэд тооцохоор болжээ. Иймд давж заалдах шатны шүүх уг баримтыг үнэлж, нэхэмжлэгч “У” ХХК-аас хариуцагч “Т...” ХХК-д нийлүүлсэн нийт 20,136.05 тонн нүүрсний үнийг 609,221,129 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэгч нарын шаардлага тус бүрээр нь шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

13. Иймд, “... давж заалдах шатны шүүх мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэлийг шийдвэрийн үндэслэл болгож их хэмжээний мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Онолын хувьд нотлох баримтыг шууд болон шууд бус гэж ангилдаг. Мэйл нь нотлох баримт боловч шууд бус нотлох баримт буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй. Мэйлийг хэн явуулсан, явуулж буй баримт нь эх хувь байсан уу, түүнчлэн мэйлээр явуулсан гэх баримтад захирал гарын үсэг зурсан, тамга тэмдэгтэй нотлох баримтын шаардлага хангасан уу гэдэг нь туйлын чухал юм. Мэйлээр харилцсан гэж буй баримт нь гарын үсэггүй, хэн явуулсан, ямар шалтгааны улмаас явуулж буй эсэх нь тодорхойгүй байтал нотлох баримт гэж дүгнэсэнд гомдолтой...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.4-т заасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Шүүх уг баримтыг хуульд заасан журмын дагуу бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан байх ба хариуцагч нарын зүгээс анхан шатны шүүхэд тухайн баримтыг хуурамч, эх хувь биш гэх зэргээр үгүйсгэж маргаагүй байна.

14. Мөн “... талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа бус арилжааны гэрээний харилцаа үүссэн байхад шүүх буруу дүгнэсэн. Талууд гэрээндээ тонн тутмын үнийг заагаагүй, харин гэрээгээр нийлүүлэх 18,000 тонн нүүрсэнд дүйцүүлж хаус өгөхөөр гэрээний гол тохиролцоог хийсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхгүй орхигдуулж үндэслэлгүй шийдвэр гаргасан...” гэх (Тодорхойлох хэсгийн 5.3) тухайд, шүүх гэрээний үнийг нүүрсний тонн тутмаар тооцоогүй, харин дээр дурдсанчлан хариуцагчийн гаргасан саналын дагуу 13,090.45 тонн нүүрсний үнэд 320,000,000 төгрөгийн үнэ бүхий хаусыг тооцсон болно. Иймд тухайн тохиолдолд шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй, хэргийн шийдэлд нөлөөлөхгүй юм.

15. Түүнчлэн, нэхэмжлэгч “О” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй талаарх хариуцагч нарын гомдлын үндэслэлд (Тодорхойлох хэсгийн 5.1-5.2) анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.

16. Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2022/01702 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,370,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ЭРДЭНЭСУВД

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                  ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ